ОЛОН УЛСЫН ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЙЛАН – МОНГОЛ УЛС 2022

Нэгдсэн хураангуй

Монгол улсын Үндсэн хуулинд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд, хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглож, төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал.

2018 онд засгийн газраас Төр, сүм хийдийн харилцааны тухай тухай хуулийг шинэчлэн найруулна гэж байсан боловч оны эцсийн байдлаар хуулийн төслийн явц, агуулгын талаар олон нийтэд хандсан мэдээлэл байхгүй байсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг таван жилийн өмнө танилцуулснаас хойш НИТХ шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээр олгоогүй бөгөөд оны эцсийн байдлаар НИТХ дээр нийт 59 өргөдөл хүлээгдэж байв. Тэдэн дунд хэдэн жил хүлээгдэж буй өргөдөл ч бий. Шашны зургаан бүлэг нэгдэн одоогийн хуулийг хэрэгжүүлж, шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгийг НИТХ-д дөрөв болон зургаадугаар сард явуулсан байна.

Буддын шашин нь Монгол улсын хамгийн түгээмэл шашин агаад олон нийт буддын болон бөөгийн шашнаас бусад шашныг “гадны” хэмээн үзэж, сөргөөр хандах байдал ажиглагддаг талаар янз бүрийн шашны удирдлагууд хэлж байв.

АНУ-ын Элчин сайдын яам болон Төрийн департаментаас ирсэн албаны хүмүүс шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг бүртгэл, визний сунгалттай холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, НИТХ зэрэг өндөр түвшний албан тушаалтнуудтай ярилцсан. Элчин сайд болон Төрийн департаментын ажилтнууд Улаанбаатар хот дахь шашны тэргүүнүүдтэй тогтмол уулзалтууд зохион байгуулж, шашин шүтэх эрх чөлөө, түүнд хүндэтгэлтэй хандах байдлын талаар ярилцсан. Элчин сайдын яамны ажилтнууд Дундговь, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн шашны тэргүүнүүдтэй 2, 9, 10-р саруудад уулзалт зохион байгуулж шашин шүтэх эрх чөлөө, түүнд хүндэтгэлтэй хандах байдлын талаар мөн санал солилцсон. Элчин сайдын яам нь шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр тогтмол дэмжсээр ирсэн.

I хэсэг. Шашны хүн ам зүй

АНУ-ын засгийн газраас Монгол улсын нийт хүн амыг 3.4 сая гэж тооцоолсон (2022 оны дунд хагаст).        2020 онд хийгдсэн хамгийн сүүлийн хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын 59.4 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэг гэж тодорхойлсон бол 40.6 хувь нь ямар нэг шашин шүтдэггүй гэжээ. Шашин шүтдэг хүмүүсийн 87.1 хувь нь буддын, 5.4 хувь нь муслим, 4.2 хувь нь бөөгийн, 2.2 хувь нь христийн, 1.1 хувь нь бусад шашин шүтдэг гэсэн байна. Буддистуудын ихэнх нь Махаяана урсгалыг шүтдэг. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр бусад шашинтай, тухайлбал, буддын шашинтай хослуулдаг. Христийн шашинтнуудын дийлэнх нь протестант урсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Ромын католик сүм, Ёховагийн гэрчүүд, Оросын үнэн алдартны сүм, Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо (Эв нэгдлийн сүм) зэрэг урсгалууд бий. Бахайн итгэл зэрэг бусад шашны бүлгүүд ч бий. Монгол Улсын баруун хойно амьдардаг казахуудын дийлэнх нь мусульман шашинтан болно.

II хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах засгийн газрын байр суурь 

Хууль, эрх зүйн хүрээ

Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэдгийг тодотгосон байдаг. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүй. Мөн Үндсэн хуулинд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан.

Эрүүгийн хуулинд зааснаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол хувь хүнийг 450,000 – 2,700,000 ($130-$780) төгрөгөөр торгох, эсхүл 240- 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хэрвээ шашны байгууллага, номлогч, лам, имам, бөө зэрэг шашны төлөөлөгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл шашны харгис номлолыг сурталчилсан бол 450,000-5,400,000 төгрөгөөр ($130-$1,600) торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. “Шашны харгис номлол” гэж юу болохыг хуулинд тодорхойлоогүй болно.

Зөрчлийн тухай хуулинд зааснаар, хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан хувь хүнийг 100,000 төгрөгөөр ($29), хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр ($290) торгоно. Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг 100,000 төгрөгөөр ($29), хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр ($290) торгоно. Шашны байгууллага төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн, улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг 150,000 төгрөгөөр ($44), хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр ($440) торгоно. Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг 300,000 төгрөгөөр ($87), хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр ($870) торгоно.

Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны үзэл номлолыг “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэх замаар” дэлгэрүүлэхийг хориглодог. Мөн шашинд татан оруулахын тулд бэлэг сэлт ашиглахыг хориглодог. Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулинд, шашны байгууллага нь Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглодог хэдий ч тэдгээр үйл ажиллагааг тодорхойлсон стандарт эсвэл хууль эрхзүйн томьёолол байдаггүй.

Эрүүгийн хуулиар үзэн ядах үг хэллэг, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдэхийг хориглосон байдаг. Хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан бол 450,000-5,400,000 төгрөгөөр ($130-$1,600) торгох, 240-270 цаг олон нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлана.

Хууль ёсны үйл ажиллагаа эрхлэхийн тулд шашны бүлгүүд нь аймаг, орон нутгийн эрх бүхий байгууллага болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт (УБЕГ) бүртгүүлнэ. Дотоодын хууль тогтоомжид шашны байгууллагын бүртгэлийн журмын талаар нарийвчилсан заалт хязгаарлагдмал, бүртгэлийн хугацааг тодорхой заагаагүй байдаг нь орон нутгийн эрх баригчдыг өөрсдөө журам боловсруулах эрх мэдэлтэй болгодог. Бүртгэлээ сунгуулахын тулд шашны байгууллагууд нь (ихэнх тохиолдолд жил бүр) орон нутаг, аймаг, улсын түвшний хэд хэдэн шатны эрх бүхий байгууллагаар дамжих шаардлагатай болдог. Шашны байгууллагын салбар (эсвэл мөргөлийн газар) нь толгой байгууллага нь бүртгүүлсэн эсэхээс үл хамааран тусдаа хуулийн этгээдийн хувиар бүртгэл болон сунгалт хийлгэх ёстой. Зарим орон нутгийн удирдлагын зүгээс 16-аас доош насны хүүхдийг эцэг эхийн бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу сүмийн үйл ажиллагаанд оролцуулахыг шаарддаг.

Шашны байгууллага бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг харьяа аймаг, НИТХ-д бүрдүүлж өгнө.  Үүнд: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, доод түвшний иргэдийн төлөөлөгчдийн хурлаас (ИТХ) шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон албан бичиг, шашны байгууллагын товч танилцуулга, дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, тэргүүлэгчдийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, өмч хөрөнгийн мэдүүлэг (үүнд үл хөдлөх хөрөнгө мөн орно), лизинг эсвэл түрээсийн гэрээ (хамааралтай тохиолдолд), шашны үйл ажиллагаа явуулах хүсэлтэй хувь хүний товч намтар, мөн сүсэгтнүүдийн тоо зэрэг болно. Эцэст нь, албан ёсоор бүртгэсэн ИТХ-ын тогтоолыг УБЕГ-т өгснөөр шашны бүлгийн үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээ авдаг.

Шашны байгууллага бүртгэлээ сунгуулахын тулд орон нутгийн (дүүрэг/сумын) засаг захиргаанаас тодорхойлолт авч, бусад шаардлагатай бичиг баримтын (шаардлагатай бол шинэчилсэн) хамт харьяа аймаг, НИТХ-д өгдөг. Сунгалт хийхийн өмнө ИТХ тухайн шашны байгууллагын албан байр, цуглааны байр зэрэгт шалгалт хийж, дутагдалтай зүйл байвал залруулах шаардлага тавьдаг. Зөвшөөрөл өгсний дараа холбогдох ИТХ-аас тухайн шашны байгууллагыг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тогтоол батлах гаргаж, тухайн байгууллага уг тогтоолын хуулбарыг УБЕГ руу илгээх бөгөөд үүний дараа УБЕГ тухайн шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийн арын нүүрэнд шинэ хүчинтэй хугацааг оруулдаг.

Улсын болон хувийн боловсролын байгууллагууд нь стандарт хөтөлбөр заахад зориулж улсаас санхүүжилт авах эрхтэй боловч шашны хөтөлбөрийг төрөөс санхүүжүүлэхийг хориглодог. Боловсролын тухай хуулиар бүх боловсролын байгууллагыг нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий шашны чиглэлийн сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагааг улсын санхүүжилтээр зохион байгуулахыг хориглоно. Дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд дүүрэг болон орон нутгийн ИТХ уг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй.

Монгол улсын иргэний цэргийн үүрэг болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын хуульд зааснаар 18-25 насны Монгол Улсын эрэгтэй иргэд нэг жилийн хугацаатай цэргийн жинхэнэ алба хаах ёстой. Шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой заалт байдаг. Үүнд гамшгаас хамгаалах, хил хамгаалалт ажилд туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, эсхүл нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр хэлбэрээр дүйцүүлэн хаах зэрэг орно.

Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар, бүх хуулийн этгээд (шашны байгууллага мөн орно) нь гадаад ажилтан бүрт ноогдох тооны монгол иргэнийг ажиллуулах ёстой. Засгийн газар жил бүр энэ харьцааны квотыг тогтоож тогтоол гаргадаг ба энэ квот нь хөдөлмөрийн зах зээлийн салбар бүрээр жил бүр өөрчлөгддөг. Тухайн жилийн квотын жагсаалтад заагаагүй бүлгүүд нь нийт ажилчдын 95 хувь нь тус улсын иргэн байх ёстой бөгөөд зөвхөн 95 хувийн квотыг хангаж, хадгалсан тохиолдолд нэмэлтээр гадаад ажилчдыг авч болно. Гэхдээ жил бүр гаргадаг энэ тогтоолд шашны байгууллагыг гадаадын нэг иргэн тутамд доод тал нь таван монгол иргэн ажиллуулахыг зөвшөөрдөг агаад энэ 5:1 харьцааг бууруулахгүй байх ёстой.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулахуйц “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шүтэхийг хориглодог. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд мөн дотоод, гадаадын аль ч шашны байгууллагыг “хүмүүнлэг бус” буюу үндэсний соёл заншилд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон төстэй заалт байдаг.

Шашны үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаадын иргэд шашны виз хүсэх ёстой агаад тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахыг хориглодог. Гагцхүү бүртгэлтэй шашны байгууллага гадаад иргэнийг шашны визээр урих эрхтэй. Бусад төрлийн визээр ирсэн гадаадын иргэд шашныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хориотой (хувь хүний шашин шүтэхийг зөвшөөрнө). Хуульд зааснаар, “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол тус улсаас албадан гаргах үндэслэл болно.

Монгол улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний гишүүн орон юм.

Засгийн газрын үйл ажиллагаа

Засгийн газраас шашны тухай хуулийг шинэчлэн батлахаар зорьж буйгаа мэдэгдсэн ч 2018 онд хуулийн төслийг боловсруулж эхэлснээс хойш энэ ажил ахиц дэвшил гараагүй зогссон байна. Үүнээс үүдэн НИТХ шинээр зөвшөөрөл олгохыг зогсоож, УИХ шашны тухай шинэ хууль батлах хүртэл хойшлуулах чиглэл авсан байна. Оны эцсийн байдлаар, төрөл бүрийн шашны урсгалын байгууллагаас ийм зөвшөөрөл хүссэн 59 өргөдөл хүлээгдэж байгаа бөгөөд эдний зарим нь олон жил хүлээгдэж байгаа аж.

Буддын, христ, муслим зэрэг зургаан шашны бүлгээс дээрх асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг НИТХ-д гаргажээ. Дөрөв болон зургаадугаар сард эдгээр бүлгүүд шашны үйл ажиллагааны шинэ зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхийг хүссэн захидлыг НИТХ-ын даргад хүргүүлсэн байна. Уг захидлуудад зарим шашны бүлгийн өргөдөл таваас илүү жил хүлээгдэж байгаа бөгөөд НИТХ ямар нэг үйлдэл хийхгүй байх нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байна хэмээн тайлбарлажээ. Тэд мөн Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь Хүний эрхийн дэд хороо, НҮБ, гадаадын элчин сайдын яамдад уг захидлын хуулбарыг илгээсэн.

Бүртгэл болон сунгалтын үйл ажиллагаа улсын хэмжээнд харилцан адилгүй байсан бөгөөд энэ нь ихэвчлэн орон нутгийн захиргааны ажилтнуудын ажлын арга барилаас хамаарч байсан. НИТХ-аас үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын сунгалтыг нэг жилээр сунгадаг ч зарим шашны бүлгийн хэлж буйгаар энэ явц их удаашралтай хэвээр байна. Бусад аймаг, ИТХ бүртгэлийг хоёр, гурван жилээр сунгах явдал байдаг. НИТХ-ын ажилтны хэлж буйгаар христийн шашны байгууллагууд шинээр бүртгүүлэх, бүртгэл сунгуулах өргөдлийн ихэнхийг эзэлдэг. Христийн шашны тэргүүнүүдийн хэлж буйгаар гадаад ажилтнууддаа шашны виз авахад тулгардаг гол хүндрэл нь тухайн шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийгдэхгүй, удаашралтай байдагтай холбоотой гэв. Байнгын шашны үйл ажиллагаа явуулах зориулалтын байр ажиллуулахтай холбоотой санхүү болон бусад хүндрэлүүд, мөн бүртгэл хариуцсан ажилтан солигдох зэрэг нь бүртгүүлэхэд саад болж буй бусад хүчин зүйлд орж байгааг христийн болон бусад шашны бүлгүүд хэлж байна. Дээр нь, нэг захиргаанд харьяалагддаг салбар сүмүүд толгой байгууллагаасаа тусдаа бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах шаардлагатай байдаг нь нэмэлт хүндрэл учруулж байгааг тэд хэлж байв.

Засгийн газар шашны байгууллагын бүртгэл болон сунгалтын үйл явцаар дамжуулж тэдний үйл ажиллагаа, сүм хийдийн болон гадаадаас ирсэн санваартны тоо, шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэн, монгол иргэний тоон харьцаа болон барилга байгууламж нь аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэх зэрэгт хяналт тавьдаг гэж төрийн албаны хүмүүс хэлж байв. Бүртгүүлэх болон сунгалт хийлгэх өргөдөлд “татгалзсан” хариу өгдөг нь угтаа татгалзсан биш харин шийдвэрийг хойшлуулсан гэсэн үг бөгөөд бичиг баримт дутуу, мөргөлийн газрын нөхцөл байдал муу, галын гарц байхгүй, байрны түрээсийн гэрээ байхгүй зэрэг шалтгаануудаас болдгийг НИТХ-ын ажилтнууд мэдэгдэв. Ийм тохиолдолд тэд шаардлага хангаагүй шашны байгууллагуудад тухайн зөрчлийг арилгаж, өргөдлөө дахин өгөх зааварчилгаа өгдөг. Зарим христийн шашны бүлгийн зүгээс, төрийн байгууллага нь холбогдох дүрэм журмыг өөр өөрөөр хэрэгжүүлж, тайлбарлахаас гадна журмаа урьдчилан мэдэгдэлгүйгээр ойр ойрхон өөрчилдөг тухай хэлжээ. Бүртгэлийн болон сунгалтын үйл ажиллагаанд албаныхан өөрийн үзэмжээр хандах тохиолдол байдаг ба татгалзсан хариу авсан тохиолдолд давж заалдах тогтолцоо байдаггүйг зарим бүлгийнхэн хэлж байна.

Түр хугацаанд бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй байдал нь байгууллагыг нь санхүүгийн шалгалтанд өртөх, улмаар хууль зөрчсөн асуудалд оруулах эрсдэлтэй байгааг зарим христийн шашны тэргүүнүүд илэрхийлсэн. байгааг зарим христийн шашны тэргүүнүүд илэрхийлсэн. Бүртгэлээ сунгуулах өргөдөл нь хүлээгдээд олон жил болж байгаа ч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байсан гэж нэлээн хэдэн шашны байгууллага мэдээлсэн.

Бүртгэлгүй сүмүүд хуулийн этгээд гэдгээ баталгаажуулсан албан ёсны бичиг баримтгүйн улмаас газар эзэмших, түрээслэх, татварын тайлан гаргах, эсвэл албан ёсоор төрийн байгууллагатай харилцах боломжгүй юм. Бүртгэлгүй сүмийн гишүүд сүмийнхээ хэрэгцээнд зориулж хувиараа хөрөнгө эзэмших юм уу, түрээслэн үйл ажиллагаа явуулах байдал хэвээр байна. Орон нутгийн татварын байцаагчид, цагдаагийнхан болон бусад эрх бүхий байгууллагаас байнга шалгалт хийдэг ч бодит байдал дээр бүртгэлгүй шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг талаар хэлсэн.

Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэг тэдний Налайх дүүрэг дэх хуулийн этгээд “Ариун Библийн сайн мэдээг тунхаглагчид” (АБСМТ) байгууллагын сунгалт НИТХ дээр хүлээгдсэн хэвээр байгаа талаар мэдэгдсэн. 2017 онд Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүх НИТХ-ын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй байна гэсэн шалтгаанаар уг байгууллагын бүртгэлийг цуцалсныг хүчингүй болгосон юм. Шүүхийн шийдвэрийн үр дүнд НИТХ уг байгууллагын бүртгэлийг цуцалсан шийдвэрийг буцаасан ч сунгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тус байгууллага 2021 оны 10-р сард дүүргийн ИТХ-д бүртгэл сунгуулах өргөдөл шинээр өгсөн бөгөөд оны эцсийн байдлаар НИТХ-ын шийдвэрийг хүлээж байв.

Шашны бүлгүүд татвар, харьяатын алба, орон нутгийн захиргаа, тагнуул болон бусад агентлагаас үе үе шалгалт ирдэг хэвээр гэж мэдэгдсэн. Шашны тэргүүнүүд хэлэхдээ иймэрхүү шалгалтууд 1-2 жилийн давтамжтай хийгддэг бөгөөд зарим нь бүртгэлийн сунгалттай холбоотой байдаг.

Харин хүнд суртлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолын дагуу бүртгэл сунгуулах өргөдөл ирэх бүрт хяналт шалгалтын баг илгээхээ больсон бөгөөд зөвхөн гомдол ирсэн тохиолдолд шалгалт хийдэг болж буй тухай НИТХ-ын удирдлагууд онцоллоо.

Зарим газарт 16-аас доош насны хүүхдүүд сүмийн үйл ажиллагаанд оролцохын тулд эцэг эхээсээ бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай. Энэ зөвшөөрлийг сүмийн бичиг хэрэгт хадгалж, шаардсан үед үзүүлэхийг засгийн газраас шаарддаг. Дээрх шаардлага нь бусад шашныхныг бодвол христийн шашныханд илүү чанга мөрдөгддөг гэдгийг христийн бүлгүүд хэлж байна.

Гадаадын зарим иргэд шашны виз авахад бэрхшээлтэй тулгарсаар байна. Хуулинд зааснаар шашны бүлгүүд урьж байгаа гадаад ажилчин бүрт таваас доошгүй монгол иргэн авах ёстой, мөн гадаад хүн ажиллуулсны төлбөр нь маш өндөр байдаг тул зарим шашны бүлэг гадаад шашны ажилтан ажиллуулах боломжгүй гэж үзэж байна. Монгол улсад ирж буй гадны номлогчид ихэвчлэн шашны бус визээр (оюутны, багшийн, бизнесийн гэх мэт) ирдэг бөгөөд ингэснээр тэдний оролцож болох шашны үйл ажиллагааны хүрээ ихээхэн хязгаарлагддаг талаар христийн шашны бүлгүүд мэдээлдэг. Хуулийн хүрээнд ямар үйл ажилагаа хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан буцаагдах магадлал өндөр болдог. Гэхдээ тайлангийн хугацаанд ийм тохиолдол бүртгэгдээгүй байна.

Шашны визийн хүчинтэй хугацаа нь шашны байгууллагынх нь бүртгэлийн хугацаатай адил байдаг тул энэ нь бас нэгэн хүндрэл болдгийг зарим христийн шашны бүлэг хэлж байв. Шашны байгууллагын бүртгэл зөвшөөрөгдөх, эсхүл бүртгэл сунгагдахаас нааш гадаадын иргэд шашны визээ авах болон сунгуулах боломжгүй юм. Визийн хүчинтэй хугацаа нь уригч байгууллагын бүртгэлийн хугацаатай ижил байх бөгөөд тэр хугацаанаас хэтэрч болдоггүй.

Иргэнийг шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзахыг хуулиар зөвшөөрдөг хэдий ч Ёховагийн гэрчүүдийн төлөөллийн хэлснээр цэргийн албыг дүйцүүлэн хаахын тулд орон нутгийн цэргийн байгууллагын удирдлага дор 2 долоо хоногийн цэргийн сургалтад заавал хамрагдах ёстой байдаг. Цэргийн албыг дүйцүүлэн хаах өөр нэг хувилбар бол жилийн хугацаанд нэг цэрэгт оногдох зардалтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 6,350,895 төгрөг (1,800 доллар) төлөх явдал бөгөөд энэ нь тэдний ихэнх гишүүдэд санхүүгийн дарамт болох хэмжээний мөнгө байдаг гэжээ. Аравдугаар сард нэг Ёховагийн гэрч цэргийн албанд дуудагдсан бөгөөд итгэл үнэмшлийн шалтгаанаар түр чөлөөлөгдсөн байна.

III хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах нийгмийн хандлага

Буддын болон бөөгийн шашнаас бусад шашны бүлгийг “гадны” гэж нэрлэх тохиолдол байдаг бөгөөд тэдний эсрэг нийгмийн сөрөг хандлага байдгийг өөр өөр шашны тэргүүнүүд хэлж байна. Нэгэн христийн шашны сүм баригдсаны дараа уг барилгын газрыг христийн шашин дэлгэрүүлэхийн оронд цэцэрлэг, сургууль барихад ашиглах ёстой байсан гэдэг сэтгэгдлүүдийг олон нийтийн сүлжээгээр хувь хүмүүс бичсэн тохиолдол гарсан.

Өмнөх ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх байсан хүн Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун Хан Д. Чойжамцад хандан нээлттэй захидал нийтэлж, түүнийг буддын бус шашныг энэ улсад дэлгэрэх боломж гаргасанд хариуцлага хүлээх ёстой талаар дурдсан. Монгол Улсын шашны бодлогод барууны улс төр нөлөөлж байхад Монголын Бурхан шашинтны төвөөс үүнийг зогсоох арга хэмжээ авахгүй байна гэж тэрээр хэлжээ.

2021 оны 12-р сард Монголын Эвангелийн эвсэл (МЭЭ)-ээс улсын төсвөөс санхүүждэг олон нийтийн телевиз болох МҮОНТ-тэй Зул сарын баярын өдөрт зориулсан төлбөртэй нэвтрүүлгийг орон даяар цацах гэрээ байгуулсан хэдий ч уг нэвтрүүлгийг дамжуулахаас татгалзсан тухай мэдээлсэн. МҮОНТ-ийн бодлогын зөвлөлөөс уг нэвтрүүлэг нь Есүс Христийг магтан дуулж, христийн шашны зан үйлийг харуулах замаар христийн шашныг сурталчилж байгаа тул зохисгүй хэмээн үзээд цуцалж байгаадаа харамссан захидлыг цагийг нь тулгаж МЭЭ-д ирүүлсэн байдаг. Ингэхдээ ямар нэгэн шашны зан үйл, буддын шашны ч тэр, харуулсан нэвтрүүлэг цацаж болохгүй талаарх хуулийн үндэслэл дурдаагүй байна. МЭЭ энэхүү үйлдлийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж буйгаа мэдэгдэж, тайлбар хүссэн албан бичиг илгээсэн боловч МҮОНТ хариу өгөөгүй байна. Улмаар тэд нэвтрүүлгээ МҮОНТ-ийг бодвол арай бага үзэгчтэй хувийн телевизүүдээр гаргажээ.

“Иргэний эрх, хөгжил” ТББ-аас 9-10-р саруудад шашны тэргүүнүүдийг чадавхжуулах, тэдэнд шашны эрх чөлөөг хамгаалахад хэрэгтэй хууль эрх зүйн орчны мэдлэг олгох зорилгоор гурван удаагийн сургалт зохион байгууллаа. Улаанбаатар хот болон Хэнтий аймгаас христ, муслим зэрэг өөр өөр шашны 130 гаруй тэргүүн уг сургалтад хамрагджээ.

IV хэсэг. АНУ-ын засгийн газрын бодлого, үйл ажиллагаа

Элчин сайд болон Төрийн департаментын бусад ажилтнууд шашны эрх чөлөөний асуудал, мөн шашны байгууллагуудын бүртгэл, визтэй холбоотой хүндрэл зэрэг АНУ-ын засгийн газрын санаа зовниж буй асуудын талаар засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд уулзаж ярилцав. Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга жил бүр болдог АНУ-Монгол Улсын хоёр талын зөвлөлдөх уулзалтад Улаанбаатар хотод оролцох үеэрээ шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цаг тухайд нь олгож байхын чухлыг дурдав. Арваннэгдүгээр сард Төрийн департаментын Олон улсын шашны эрх чөлөөний газрын ажилтнууд Улаанбаатар хотод ажиллаж, зөвшөөрөл олгох асуудлыг төрийн албан тушаалтнуудтай, шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөний байдлын асуудлаар шашны бүлгүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан.

Элчин сайд болон бусад засгийн газрын ажилтнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, НИТХ болон аймаг орон нутгийн захиргааны албан тушаалтнуудтай хийсэн уулзалтын үеэр шашны эрх чөлөөг хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалж, Засгийн газар болон шашны нийгэмлэг хоорондын яриа хэлэлцээрийн ач холбогдлыг онцолсон байна.

Элчин сайд шашны түүхийн дурсгалт газар, сүм хийдүүдэд тогтмол зочилж, Улаанбаатар хотоос гадагш хөдөө орон нутагт ажиллахдаа тухайн орон нутгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж ярилцсан. Арваннэгдүгээр сард элчин сайд буддын, христ, муслим болон бусад шашны тэргүүнүүдтэй дугуй ширээний уулзалт хийсэн. Тайлангийн жилд хийсэн айлчлалын үеэр ЭСЯ-ны ажилтнууд Дундговь, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн буддын, христ, муслим шашны тэргүүнүүдтэй уулзаж, шашин шүтэх эрх чөлөө, түүнд хүндэтгэлтэй хандах байдлын ач холбогдлын талаар аймгийн удирдлагуудтай ярилцав.

Есдүгээр сард элчин сайдын яамнаас дотоодын нэгэн төрийн бус байгууллагад жижиг төслийн санхүүжилт олгож, шашны тэргүүнүүдэд Монгол Улсын хуулийн дагуу шашны эрх чөлөөг хамгаалах эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий цуврал сургалт зохион явуулах үйл ажиллагааг дэмжсэн. Мөн элчин сайдын яам нь шашны эрх чөлөөг сурталчлах, тэр дундаа Элчин сайдын шашны дурсгалт газруудаар зочилсон, өөр өөр шашны тэргүүнүүдтэй хийсэн уулзалтын талаарх нийтлэл зэргийг олон нийтийн сүлжээгээр монгол, англи хэл дээр тогтмол гаргаж байв.