2015 оны 3 сарын 24-27-нд үргэлжлэх олон улсын дасгал сургуулилт “Говийн Чоно 2015” нээлтээ хийлээ

Говийн Чоно 2015 арга хэмжээний нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Көрк Макбрайд оролцож үг хэллээ.
Говийн Чоно 2015 арга хэмжээний нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Көрк Макбрайд оролцож үг хэллээ.

Байгалийн болон бусад гамшигтай тэмцэхэд Монголын засгийн газрын бэлэн байдал хангах бэлтгэл сайжруулах зорилготой, хоёр талын хамтарсан олон улсын дасгал сургуулилт “Говийн чоно-2015” өнөөдөр Чингис зочид буудал дээр эхэллээ. 2015 оны 3 сарын 24-27-ны хооронд үргэлжлэх тус дадлага сургуулилтын нээлтэд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын дэд дарга, хошууч генерал Григори Билтон, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Көрк Макбрайд, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

Говийн Чоно дасгал сургуулилтыг Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэрэг Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа ба Улаанбаатар хот орчимд болж болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн нөхцөл байдалд бэлтгэх чиглэлээр явагдах тус сургуулилт нь Монгол Улсын Засгийн газрын агентлагууд болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудыг хамран өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна.

НД дахь АНУ-ын ХЗЦК-ын дэд дарга, хошууч генерал Григори Билтон, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, НД дахь ЭМК-ын дарга бригадын генерал П. Саржент болон ОБЕГ-ын ГУСГ-ын дарга Б.Ууганбаяр нар хэвлэлийн бага хурлын үеэр.
НД дахь АНУ-ын ХЗЦК-ын дэд дарга, хошууч генерал Григори Билтон, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, НД дахь ЭМК-ын дарга бригадын генерал П. Саржент болон ОБЕГ-ын ГУСГ-ын дарга Б.Ууганбаяр нар хэвлэлийн бага хурлын үеэр.

Тус дасгал, сургуулилт гурван үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний шат нь хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй хор хохиролтой тэмцэх үүргээ биелүүлэх явцад гарч болзошгүй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх танхимын сургалт байна. Хоёр дахь шат нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах дадлага сургууль болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх аврах ажиллагааны дадлага сургуулилт хэлбэрээр явагдана. Гурав дахь буюу сүүлийн шат нь дээрх хоёр шатны сургалт, сургуулилтуудыг дүгнэх, агентлагууд хамтын ажиллагааг сайжруулахад чиглэнэ.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Говийн Чоно сургуулилтад энэ жил Онцгой байдлын ерөнхий газар, Холбооны онцгой байдлын агентлаг, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын зэвсэгт хүчний цэргийн инженерийн корпус зэрэг холбооны агентлагуудаас гадна Дэлхийн хүнсний хөтөлбөр, Иргэний нисэхийн олон улсын байгууллага, НҮБ-ын Олон улсын хүүхдийн онцгой байдлын сан зэрэг хүмүүнлэгийн тусламжийн олон улсын байгууллагууд оролцож байна.