МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН

НЭГДСЭН ХУРААНГУЙ

Монгол Улс нь олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай ардчилсан улс юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2016 оны УИХ-ын сонгууль нь ерөнхийдөө чөлөөтэй, шударга явагдсан гэж үзэж байгаа ч, зарим ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авсан төдийгүй нэр дэвшигчид авлигад гар бие оролцсон байж болзошгүй гэж үзсэн.

Эрх бүхий төрийн байгууллагуудын зүгээс аюулгүй байдлыг хангах хүчнүүдийг үр дүнтэй хянадаг.

Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тулгамдсан асуудлууд нь авлига, хүний наймаа, лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс (ЛГБТИ) иргэдийн эсрэг хүчирхийлэл болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) зэрэг гэрээгээр ажиллаж буй зарим ажилчдыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд байлгасан асуудлууд юм.

Төр засгийн зүгээс хүний эрх зөрчсөн албан тушаалтнуудад шийтгэл оногдуулах, ялгаварлан гадуурхагдсан тохиолдлуудыг засч залруулах тал дээр арга хэмжээ хангалтгүй авсан.

1 дүгээр хэсэг. Хүний халдашгүй дархан байх эрхийг хүндэтгэх:

а. Хүний амийг хууль бусаар дур мэдэн бусниулах болон улс төрийн шинжтэй аллага

Өнгөрсөн онд төрийн байгууллага болон албан тушаалтнаас хүний амь насыг хууль бусаар дур мэдэн бусниулсан хэрэг бүртгэгдээгүй.

б. Сураггүй алга болох

Улс төрийн шинжтэй сураггүй алга болсон тохиолдол бүртгэгдээгүй.

в. Эрүү шүүлт тулгах болон хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх

Хуулиар эдгээр үйлдлийг хориглосон. Гэсэн хэдий ч Хүний эрхийн үндэсний комисс  (ХЭҮК) болон бусад төрийн бус байгууллагуудын (ТББ) мэдээлснээр ял эдэлж буй хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсийг ялангуяа хэрэг хүлээлгэх үүднээс шаардлагагүй хүч хэрэглэх, хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх болон эрүүдэн шүүх явдал гарч байгаа нь ноцтой асуудал гэж үзэж байна.

Орон нутгийн цагдаагийн алба хаагчид эрүү шүүлт тулгасан, хүчирхийлсэн гэх гомдлын мөрөөр мөрдөн шалгах үүрэгтэй. Авлигатай тэмцэх газар (АТГ) нь эрүүдэн шүүхтэй холбогдсон төрийн алба хаагчдыг шалгадаг. АТГ-ын мэдээлснээр эхний есөн сарын байдлаар тус газарт эрүүдэн шүүсэн гэх 43 гомдол бүртгэгдсэнээс 24 хэрэг үүсгэн шалгаж, 18 хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байв. Мөн АТГ төрийн алба хаагч, цагдаагийн ажилтан, эсвэл мөрдөн байцаагчийн зүгээс хүний эрүүл мэнд, бие махбодид халдан хүч хэрэглэсэн гэх 54 гомдол хүлээн авсан байна. Есдүгээр сарын байдлаар эдгээр хэргийн 30 нь хэрэг үүсгэгдэж, 21 нь хэрэгсэхгүй болж, хоёр нь мөрдөн байцаалтын шатанд шилжсэн байв. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлснээр есдүгээр сарын байдлаар ял эдэлж буй хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсээс дээрхтэй адил 5 гомдол ирүүлсэн байна.

ХЭҮК, ТББ, хариуцагчдын өмгөөлөгчдийн мэдээлснээр албадан саатуулагдагсдыг хүчээр хэрэг хүлээлгэх, сүрдүүлэх үүднээс зарим тохиолдолд ар гэрийнхнийг айлган сүрдүүлэх, сэжигтнүүдийг ар гэр, гэрийнхнээс нь зайдуу урьдчилан хорих төвүүдэд удаа дараа шилжүүлэх буюу хорьж, өмгөөлөгч, хуулийн зөвлөгөө авах, ар гэрийнхнээсээ эргэлт авахад нь хүндрэл учруулжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгч ТББ-уудын мэдээлснээр эрүүдэн шүүсэн, хүч хэрэглэсэн гэх хэргүүдийн нотлох баримт цуглуулахад хүндрэлтэй байдаг ажээ. Жишээлбэл ихэнх хорих анги,урьдчилан хорих төвүүд байцаалтын үйл явцыг хянах камертай хэдий ч хүч хэрэглэсэн гэх тохиолдлуудын үеэр тэдгээр камер гол төлөв эвдэрсэн, засвартай байсан байна.

2017 оны 7-р сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар хүч хэрэглэсэн, эсвэл эрүү шүүлт тулгасан нь тогтоогдсон бүх төрлийн төрийн албан хаагчдыг яллахаар заасан. Уг хуулиар бие махбодийн болон сэтгэл санааны гэмтэл, хохирлыг тооцохоор заасан боловч, эрүү шүүлт тулгасан албан хаагчид оноох хорих ял шийтгэлийн дээд хэмжээг 5 жил хүртэл байхаар тогтоосон байна. Төрийн албан тушаалтнаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар яллаж болох хэдий ч энэ зүйл заалтаар ялласан тохиолдол ховор. Хуульд зааснаар дээд шатны албан тушаалтнаас өгсөн тушаал, захирамжийг биелүүлэх үүрэг гүйцэтгэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй ажээ. Хуульд зааснаар тушаал, захирамж өгсөн этгээдэд бусдад гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан хэдий ч энэ зүйл ангиар ялласан хэрэг ховор. ХЭҮК, прокурор, шүүгчдийн үзэж байгаагаар уг заалт нь мөрдөн байцаагч, эсвэл прокурорын заавраар хүчээр мэдүүлэг өгөхийг албадсан гэм буруутай хууль хяналтын  алба хаагчдад хариуцлагаас мултрах боломж олгожээ. ХЭҮК-ын мэдээлснээр сэтгэл санааны эрүү шүүлт тулгасан гэх гомдлуудыг зарим тохиолдолд нотлох баримтгүй, эсвэл хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Хүч хэрэглэсэн гэх тохиолдлуудын гэрч нь гол төлөв өөрсдөө цагдан хоригдогсод, хоригдлууд байдаг ба ар гэрийнхнийг нь сүрдүүлэх буюу урт хугацаагаар ял эдлэх гэмт хэрэгт нэмж яллахаар сүрдүүлэх зэргээр тэднийг энэ талаар мэдүүлэг өгүүлэхгүйн тулд асар их дарамтад байлгадаг байна.

Есдүгээр сарын байдлаар АТГ цагдаагийн болон хорих байгууллагын ажилтнууд хүчингийн хэрэг үйлдсэн гэх дөрвөн гомдлыг хүлээж авсан. Жилийн эцэс гэхэд эдгээр хэргүүд бүгд мөрдөн байцаалтын шатанд явж байсан байна.

Хорих анги ба урьдчилан хорих төвийн нөхцөл

ХЭҮК-ын даргын мэдээлснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 23 хорих ангийн дийлэнх нь шинэ байртай болсноор нөхцөл байдал нь сайжирсан. Гэсэн хэдий ч хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж буй шүүхийн өмнөх шатанд урьдчилан хорих төвийн (нийт 26 байгаагаас) таван байрны нөхцөл байдал тааруу, зарим тохиолдолд хүнд хэцүү хэвээр байна.

Эрүүл мэндийн нөхцөл байдал: Эрэгтэй хоригдлуудыг үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд хөнгөнийг харгалзсаны үндсэн дээр тогтсон дэглэмд хамааруулж, зөвхөн тухайн дэглэмтэй хорих ангид хорьдог. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорих анги нэг байх бөгөөд дэглэм тус бүрээр болон нярай хүүхэдтэй ялтнууд байрлах тусдаа байртай. Урьдчилан хорих төвд саатуулагдаж буй хүмүүс болон ял эдэлж буй хоригдлуудад зориулсан байгууламжууд тусдаа байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) харъяа 23 хорих анги, 26 шүүхийн өмнөх шатанд урьдчилан хорих төв нь ерөнхийдөө ачаалал хэтрээгүй байсан ч, ТББ-ууд, албаныхны мэдээлснээс харахад орон нутагт хуучин байранд үйл ажиллагаа явуулж буй 5 урьдчилан хорих төвд гол төлөв эмнэлгийн үйлчилгээ, хувцасны хангамж, ор дэр, хөнжил дэвсгэр, хоол хүнс, ундны усны чанар, халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, эрүүл ахуйн байгууламж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байр байгууламжтай холбоотой асуудлууд бэрхшээлтэй байсан. Цагдаагийн харъяа зарим эрүүлжүүлэх төвүүд дэх нөхцөл байдал тааруу үзүүлэлттэй байна.

ШШГЕГ-ын мэдээлснээр есдүгээр сарын байдлаар хорих ангид нас барсан тохиолдол гараагүй бол, урьдчилан хорих төвд нэг хүн нас барсан байна. ШШГЕГ-ын мэдээлснээр мөн хугацаанд хорих газарт сүрьеэгийн халдварын 39 тохиолдол илэрсэн бөгөөд халдвартай хоригдлуудыг эмчлэх шинэ байгууламж барихад зориулж уг газраас санхүүжилт олгосон байна. ТББ-уудын үзэж байгаагаар хорих байгууллагын ажилтнууд эмчилгээгүй болсон өвчтөнүүдийг нас барахынх нь өмнө сулладаг нь зарим талаар хорих анги болон урьдчилан хорих төвд нас барж байгаа хүмүүсийн тоог илт дарагдуулдаг гэжээ.

Захиргаа: Улсын ерөнхий прокурорын газар  (УЕПГ) хорих анги,урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдалд хяналт тавьдаг. УЕПГ болон ХЭҮК-оос хорих анги, шүүхийн өмнөх шатанд урьдчилан хорих төвүүд, цагдаагийн харъяа саатуулах байруудад төлөвлөгөөт, гэнэтийн болон санал гомдлын мөрөөр удаа дараа шалгалт явуулсан.

Бие даасан мониторинг: Хараат бус ТББ-уудын ажиглагчид болон ХЭҮК-т мониторинг хийх боломж олгодог ч хорих ангиудын зарим байгууламжуудад ажиглагчид нэвтрэхийг хязгаарласан.

г. Дур мэдэн баривчлах, саатуулах

Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно, мөн баривчлах, саатуулах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шүүхээр шийдүүлэх эрхтэй гэж хуульд заасан бөгөөд төрийн ихэнх байгууллагууд дээрх хязгаарлалтыг ерөнхийдөө даган биелүүлсэн. Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) зарим үед сэжигтнээс мэдүүлэг авахаар эрх мэдлээ хэтрүүлэн саатуулсан тохиолдол гарсан боловч, Эрүүгийн хуульд прокурор саатуулах бүх ажиллагааг хянах ёстой гэж заасан байна.

Цагдаа, Зэвсэгт Хүчний бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг

Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. ТЕГ-ын дарга нь ажлаа Ерөнхий сайдад тайлагнадаг бөгөөд дотоодын аюулгүй байдлыг хангахад дээрх албадуудад дэмжлэг үзүүлэхээс гадна, гадаад тагнуулын үйл ажиллагаа, гүйцэтгэх ажиллагааг хариуцдаг.

Батлан хамгаалах яаманд (БХЯ) шууд харъяалагддаг зэвсэгт хүчин нь үндэсний батлан хамгаалах чиг үүргийг хариуцдаг бөгөөд дотоодын аюулгүй байдлыг хангах албадад дэмжлэг үзүүлж, дотоод дахь онцгой байдал, гамшгийн үед тусламж үзүүлэх ажиллагаанд оролцдог.

Төрийн холбогдох байгууллагууд гадаад болон дотоодын аюулгүй байдлыг хангах албадын үйл ажиллагааг ерөнхийдөө хянадаг боловч цагдаагийн алба хаагчдын зүй бус харьцааг мөрдөн шалгах механизм хангалтгүй. Өнгөрсөн онд цагдаагийн албаныхан сэжигтнүүдтэй зүй бус харьцсан гэх тохиолдлууд гарсан.

Баривчлах ажиллагаа, цагдан хоригдогсдын нөхцөл байдал

Эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнийг баривчлахад нотлох баримтад үндэслэсэн, прокурорын гарын үсэг бүхий тогтоол гарсан байх ёстой. Баривчилсны дараа 24 цагийн дотор прокурор сэжигтнийг баривчлах үндэслэл, шалтгаанаа дурдсан тогтоол үйлдэж шүүгчид танилцуулна. Шүүгч 48 цагийн дотор баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих зөвшөөрлийг сунгах, эс бол суллах захирамж гаргана. Сэжигтнийг баривчилсан талаар холбогдох албан тушаалтан 6 цагийн дотор гэр бүлд нь мэдэгдэнэ. “Хойшлуулшгүй тохиолдолд” цагдаагийн албан хаагч сэжигтнийг шууд баривчлахыг зөвшөөрдөг. Хойшлуулшгүй тохиолдол гэдэгт хүн амины хэрэг, хүний бие махбодид ноцтой гэмтэл учруулсан, өмч хөрөнгийг ноцтой эвдэн сүйтгэсэн, сэжигтэн оргон зугтахыг завдсан, нотлох баримтыг устгах сэжиг бүхий тохиолдол зэрэг нөхцөл байдал орно. Дээрх тохиолдолд прокурор баривчлах тогтоолыг 24 цагийн дотор, шүүгч 48 цагийн дотор уг сэжигтнийг баривчлах захирамжийг гаргах ёстой. Баривчилснаас хойш 72 цагийн дотор шүүгч захирамж гаргахгүй бол сэжигтнийг суллана. Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр баривчлан саатуулснаа мэдэгдэх ёстой.

ХЭҮК эхний арван сарын байдлаар хууль бус баривчилгаа, дур зоргоор албадан саатуулсан болон хугацаа хэтрүүлэн хорьсон гэх 54 гомдлыг хүлээж авсан байна. Комиссын мэдээлснээр мөрдөн байцаалт явуулах эрх бүхий газраас сэжигтнүүдийг мөрдөн байцаахдаа шүүгчийн захирамжгүйгээр саатуулсан болон цагдаа сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа батлан даалтад өгөх (прокурорын зөвшөөрөлтэйгөөр), (оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах), цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх зэрэг өөр арга хэрэгслийг ашиглахаасаа илүүтэй баривчлан саатуулахыг урьтал болгодог. Хувийн батлан даалтад авснаар ар гэрийнхэн нь сэжигтнээр тооцогдсон хүнээ батлан дааж авч болдог. Уламжлалт батлан даалтаас ялгаатай нь суллаж явуулсны хариуд барьцаа тавихыг шаарддаггүй. Энэхүү тогтолцоо бүх төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч үүнийг голдуу хүнд ноцтой биш гэмт хэрэгт холбогдсон сэжигтнүүдэд хэрэглэдэг.

Хэдийгээр дээр дурдсан зөрчлүүд байсан ч цагдан хоригдсон хүмүүст ерөнхийдөө холбогдсон зүйл ангийнх нь талаар болон өмгөөлөгч авах эрхийнх нь талаар даруй мэдэгдэж байжээ. Сэжигтнийг шүүгчийн захирамжаар саатуулж мөрдөх нийт хугацаа 18 сар байдаг. Цагдан хоригдогсод ерөнхийдөө гэр бүлийн гишүүдтэйгээ шуурхай холбоо барих боломжтой байсан ч зарим тохиолдолд алслагдмал хөдөө орон нутаг дахь урьдчилан хорих төвүүдэд удаа дараа шилжүүлэх буюу саатуулах замаар дээрх эрх зөрчигдөж байна.

Цагдан хоригдсон этгээд шүүхийн өмнө болон ял шийтгэл ногдуулсны дараах үе зэрэг шүүн таслах ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Шүүгдэгч өөрийгөө хамгаалах чадваргүй бие махбодийн эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, Монгол хэлээр ойлголцдоггүй, эсвэл одоогийн өмгөөлөгч эсвэл бусад шүүгдэгч, яллагдагчтай сонирхлын зөрчилтэй тохиолдолд төрөөс өмгөөлөгч томилох ёстой. Төлбөрийн чадваргүй, эсвэл ядуу байх тохиолдолд зохицуулах хуулийн заалт байхгүй. Цагдан хоригдогсод өмгөөлөгч авах эрхээ ерөнхийдөө мэддэг болсон гэж мэдээлж байгаа ч буруу ташаа ойлголтын улмаас тэр эрхээ хязгаарлагдмал байдлаар ашигласан. Тухайлбал, албадан саатуулагдсан этгээд хэрэг хянан шийтгэх процесс эхэлмэгц өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ тэр болгон мэддэггүйн улмаас шүүхийн шатанд хэрэг хэлэлцэх хүртэл эрхээ эдлээгүй байдаг.

д. Нээлттэй, шударгаар шүүлгэх эрхийг зөрчих

Шүүх эрх мэдэл хараат бус байна хэмээн Үндсэн хууль болон бусад хуульд заасан хэдий ч шүүхийн авлига болон гуравдагч талын нөлөө байсаар байна гэж ТББ-ууд, бизнесийн салбарынхан үзсэн. Хэргийг шүүн хэлэлцэх шатанд гэм бурууг нотлох баттай нотлох баримт тогтоогдохгүй байхад шүүх прокуроруудын эсэргүүцлийг сөрж, ялыг цагаатгах болон хэргийг хэрэгсэхгүй болгох тал дээр учир дутагдалтай хандсан. Хэрэгсэхгүй болговол зохих эрүүгийн хэргүүдийг прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан. Үүний уршгаар эрүүгийн зарим ноцтой хэргүүд шийдвэрлэгдэхгүйгээр прокурор, шүүхийн хооронд явсаар хэдэн жилээр сунжирдаг.

Шүүн таслах ажиллагаа

Хуульд зааснаар хүн бүр шударга, нээлттэй шүүхээр хэргээ хуулиар заасан хугацаанд шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд хараат бус шүүх энэ эрхийг ерөнхийдөө хэрэгжүүлсэн. Шүүгдэгчийн гэм буруутайг шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүй бөгөөд шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Гэм буруутай нь тогтоогдсон бол шүүгдэгчээс төлбөрийг гаргуулахаар шүүх шийдээгүй л бол, шүүх үнэ төлбөргүйгээр, дохионы хэл зэрэг хэлмэрчийн тайлбартайгаар үйлчилнэ. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралд биечлэн оролцох (гэвч энэ нь давж заалдах шүүхэд хамаарахгүй); өөрийн сонгосон (эсвэл улсаас гаргаж өгсөн) өмгөөлөгчтэйгөө харьцах; өмгөөллөө бэлдэх хангалттай хугацаатай байх; гэрчтэй нүүрэлдэх; өөрийн гэрчийг дуудаж оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх; хүчээр мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхээр албадуулахгүй байх болон давж заалдах эрхтэй. ТББ-ууд, ажиглагчдын мэдээлснээр зарим тохиолдолд эрх бүхий байгууллагууд эдгээр эрхүүдийг хангалттай хэрэгжүүлээгүй бөгөөд шүүгч, прокурор болон шинжээч гэрчүүдэд авлига өгөх замаар үндэслэлгүй ял өгөх, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн ялын хэмжээг бууруулсан тохиолдол гарсан.

Процессын алдаа, хуулийн уялдаа холбоогүйгээс шүүн таслах ажиллагаанд саад учирдаг. Улсаас гаргаж өгдөг өмгөөлөгчийн тоо хангалттай хэдий ч эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд бус байдаг тул олон шүүгдэгч хууль зүйн тусламж авах эрхээ хангалттай эдэлж чадаагүй. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримт гэхээсээ хэрэг хүлээсэн байдалд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн алба хаагч, эрх мэдэлтнүүд, хууль сахиулах байгууллагынхан гэрчийг сүрдүүлдэг, шүүх хуралд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал (ердөө байр савны багтаамж хүрэлцэхгүй гэх шалтгаанаар), ерөнхийдөө шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус, улмаар шинэ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үйлчлэлийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт дутмаг байгаад ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байна.

Улс төрийн хоригдол ба цагдан хоригдогч

Улс төрийн хоригдол, цагдан хоригдогч албан ёсоор бүртгэгдээгүй.

Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба хохирол барагдуулалт

Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон иргэний шүүхийн арга замаар барагдуулдаг. Засгийн газар зарим тохиолдолд хүний эрхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй.

Нөхөн төлбөр

Эмнести Интернэшнл байгууллагын мэдээлснээр ашиг сонирхол бүхий зарим хувийн болон төрийн өмчит уул уурхайн компаниуд уламжлалт бэлчээрийн газар нутгийг ашиглахад саад болсон тухай нүүдлийн мал аж ахуй эрхлэгч малчид мэдээлж байсан. Бэлчээрийн газрыг нь зарж, малчдыг нүүлгэн шилжүүлэхийн хажуугаар уул уурхайн компаниуд худаг ашиглахыг нь хориглосон тухай малчид мэдээлсэн.

е. Хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууцад хөндлөнгөөс дур мэдэн оролцох

Хуулиар эдгээр үйлдлийг хориглодог, төр засгийн зүгээс эдгээр хориог зөрчсөн гэх мэдээ гараагүй.

2 дугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх:

а. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө

Хуульд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр засгийн зүгээс энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэсэн боловч төрөөс агуулгын зарим хязгаарлалт тавьж, гэрчилгээ зөвшөөрлийн асуудал гарч, сэтгүүлчдийг дарамталсан хэргүүд гарсан. Эдгээр асуудал нь зарим тохиолдолд сэтгүүлчид өөрөө өөртөө цензур тогтооход хүргэсэн.

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар дагнан ажилладаг дотоодын ТББ болох Глоб Интернэшнлийн мэдээлснээр цагдаа, улс төрчид болон томоохон бизнесийн байгууллагын зүгээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамталсаар байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил болон улс төрийн харъяаллыг нийтэд ил болгодоггүй бөгөөд Глоб Интернэшнлийн хийсэн судалгаагаар сэтгүүлчдийн 23.3 хувь нь тэдний ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрчид, бизнесийн элитүүдтэй санхүүгийн, эсвэл хувийн харилцаатай байдаг учраас зарим мэдээллийг цацалгүй өнгөрөөдөг гэжээ. Түүнчлэн Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төвийн мэдээлснээр дээрхтэй адил шалтгаанаар сэтгүүлчид зарим тохиолдолд өөрөө өөртөө цензур тогтоодог байна.

Хүчирхийлэл ба дарамт шахалт: Зарим сэтгүүлчид цагдаагийн алба хаагчдын хүчирхийлэл, доромжлол болон дарамт шахалтанд өртсөн. Тухайлбал, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн мэдээлснээр 7-р сард цагдаагийн алба хаагч телевизийн сурвалжлагчийг цохиж танхайрсан байна.

Цензур, нэвтрүүлгийн агуулгыг хязгаарлах: Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос дижитал агуулга болон телевиз, радиогийн үйлчилгээ зэрэг өргөн хүрээнд цацагдах нэвтрүүлгийн агуулга, тухайлбал, садар самуун болон хэрцгий жигшим хүчирхийллийн агуулгад хязгаарлалт тавьсан. Телевиз радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл өгөх чиг үүрэг бүхий ХХЗХ-ны гишүүдийг олон нийттэй зөвшилцөхгүйгээр төрөөс томилдог. Энэ нь сонгон шалгаруулах үйл явц ил тод бус явагдахад нөлөөлөхөөс гадна телевиз радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн төлөө явагдах шударга өрсөлдөөнийг боомилж, улс төрийн танил талтай хүмүүст давуу тал олгосон.

Гүжирдлэг/гүтгэлгийн эсрэг хууль: Хэвлэл мэдээллийнхний эсрэг төрийн алба хаагч, хувийн компаниуд болон хувь хүмүүсээс гүжирдэн гүтгэсэн гэсэн гомдол гарсан. Шүүхээс бусдыг гүтгэн доромжилсон хэргүүдийн дийлэнхийг  Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр саяас 20 сая хүртэлх төгрөгөөр ($770-$7,700) торгох шийтгэл оноосон байна.

Дээрх хуульд сонгуулийн кампанит ажлын үеэр хэрэгжих онцгой зохицуулалтыг заасан бөгөөд сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр төрийг гутаасан худал, буруу ташаа мэдээлэл тараасан нь тогтоогдвол 450,000-аас 5.4 сая хүртэлх төгрөгөөр ($175-$2,100) торгох, эсвэл нэг сараас нэг жилийн хугацаанд хорих ял оноох ажээ. Мөн буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, хүний нэр төрийг гутаан доромжилсон тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын гэрчилгээг 6 сараар түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоох зэргээр тус хуулиар сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг арга хэмжээ авахаар нэмэлт хязгаарлалт оруулсан байна.

Глоб Интернэшнл байгууллага нь зарим хууль тогтоогчид бусдыг гүтгэх, гутаан доромжлох үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг болгохыг илт дэмжиж байгаад эмзэглэж байна. 1-р сард УИХ-ын дарга М. Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр хэвлэгдсэн нийтлэлд өөрийнх нь талаар худал мэдээлэл цацаж, гүтгэсэн хэмээн сэтгүүлчийг шүүхэд өгчээ. Анхан шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан ч УИХ-ын дарга М. Энхболд давж заалдаагүй байна.

Хуулиар хувь хүнтэй холбоотой ноцтой баримт, мэдээллийг нуун дарагдуулах зорилгоор хүч хэрэглэхээр сүрдүүлсэн, , хээл хахууль өгөхийг завдсан эсвэл айлган сүрдүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллага (болон бусад аж ахуйн нэгж)-ийн эсрэг  хэвлэл мэдээллийн байгууллага нь гомдол гаргах эрхтэй гэж заасан. Ийм тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь сүрдүүлсэн этгээдийн эсрэг эрүүгийн, эсвэл иргэний гомдол мэдүүлж болно. Гэм буруутай нь тогтоогдвол, тухайн этгээдийг 450,000-аас 2.7 сая төгрөгөөр ($175-$1,050) торгох, эсвэл нэг сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэгээс 6 сар хүртэл хорих ял шийтгэнэ гэж заасан.

Интернетийн эрх чөлөө

Хуульд зааснаар хувь хүмүүс болон бүлэг, хамт олон интернетээр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болно. Гэсэн хэдий ч төрөөс садар самуун болон хэрцгий, жигшим хүчирхийлэл бүхий интернет агуулгыг хязгаарласан. Төрөөс хаагдсан вэбсайтуудын жагсаалтыг гаргаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн сайтуудыг уг жагсаалтад нэмж бүртгэсний дотор оюуны өмчийн зөрчилтэй холбоотой сайтууд мөн хамрагдсан. 9-р сарын эцсээр гэхэд хууль зөрчсөн гэх үндэслэлээр 596 сайтыг хаагаад байна.

ХХЗГ-аас баталсан журамд чухам ямар контент хориотой вэ гэдгийг нарийн тодорхойлохгүйгээр бүдүүлэг үг хэллэг, зохисгүй контентод өргөн хүрээнд хязгаарлалт тавьсан. Уг журамд заасны дагуу ачаалал ихтэй вэбсайтууд шүүлтүүрийн програм хангамж ашиглах үүрэг хүлээснээр сэтгэгдэл үлдээсэн, мэдээлэл тараасан хүмүүсийн интернет протокол хаягууд нийтэд ил болох юм.

Цагдаа нар зарим иргэд цахим сүлжээгээр гутаан доромжилсон өнгө аястай шүүмж, сэтгэгдлүүд бичсэн гэх гомдлын дагуу хувь хүмүүсээс ярилцлага авсан мэдээлэл байна. Эдгээр хэргүүдийг ихэвчлэн албан ёсны шүүх ажиллагаанаас гадуур шийдвэрлэсэн байна. Тухайлбал, талууд контентыг цахим сүлжээнээс устгах, албан ёсоор уучлалт гуйх, эсвэл торгууль төлөх тал дээр өөр хоорондоо зөвшилцөн шийдвэрлэжээ.

Тус улсын хот суурин газрын иргэд цахим сүлжээнд өргөнөөр холбогдсон, алслагдсан хөдөө орон нутагт улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын тооцоолсноор 2017 оны байдлаар хүн амын 24 гаруй хувь нь цахим сүлжээнд холбогдсон байна.

Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээ

Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээг төрөөс хязгаарладаггүй.

б. Тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө

Хуульд тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.

в. Шашны эрх чөлөө

Холбогдох мэдээллийг Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэлээс www.state.gov/religiousfreedomreport/ хаягаар орж үзнэ үү.

г. Шилжин суурьших эрх чөлөө

Хуульд иргэд улсынхаа нутаг дэвсгэр дээр чөлөөтэй зорчих, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Төр засгаас НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газар болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газраас хүлээн зөвшөөрсөн дүрвэгсэд, орогнол эрэгчид болон анхаарал халамж шаардлагатай бусад хүмүүсийг хамгаалалтад авах, тусламж үзүүлэх тал дээр хамтран ажилласан.

Дотоодын шилжилт хөдөлгөөн: Агаарын болон орчныг бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг арилгах зорилгоор 2020 оны 1-р сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих тушаалаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин нүүх хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Энэ нь эмнэлэгт үзүүлэх, эсвэл 6 сараас дээш хугацаагаар ажиллахаар Улаанбаатарт шилжиж ирэх хүмүүст хамаарахгүй.

Гадаадад зорчих: Эрүүгийн хуульд Улсын ерөнхий прокурорын газрын хүсэлтээр гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсон этгээдийг оргон зугтахаас сэргийлж шүүх хилээр гарахад хориг тавих эрхтэй гэж заасан. Уг хуулийн дагуу тухайн этгээдэд хориг тавьсан тухай мэдэгдлийг цаг тухайд нь хүргэх ёстой. Хилийн хориг тавигдсан иргэдийг тухайн хориг тавихад хүргэсэн хэрэг маргааныг захиргааны журмаар, эсвэл шүүхийн шийдвэрээр шийдвэрлэхээс нааш  гарч явахыг зөвшөөрдөггүй бөгөөд уг хорио хэдэн жилээр үйлчилж байв. Одоогийн байдлаар Монгол улсад оршин суугаа гадаадын иргэд зэрэг 500 хүнд хилээр гарах хориг тавьсан хэвээр байна.

Дүрвэгсдийг хамгаалах талаар

Орогнол олгох: Үндсэн хуульд орогнол олгохоор заасан ч, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газраас дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх хугацаанд төрөөс тус улсад оршин суух тухайн гадаадын иргэдэд хязгаарлагдмал хамгаалалт үзүүлсэн. Хуулиар тус улсаас албадан гаргах үндэслэлийг тодорхой заасан бөгөөд тус шаардлагыг хангаагүй орогнол эрэгсдийг албадан гаргах эрх мэдлийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт (тус улсын цагаачлалын алба) хэрэгжүүлнэ.

Ажил эрхлэлт: Хуулиар дүрвэгсэд болон орогнол эрэгсдэд тухайлсан хууль зүйн статус олгодоггүй, тэднийг хууль бус цагаач гэж үздэг болохоор ажил хийхийг зөвшөөрдөггүй.

Үндсэн үйлчилгээ авах эрх: Хуулиар дүрвэгсдийн статус олгодоггүй тул, орогнол эрэгсэд ерөнхийдөө төрөөс үзүүлдэг эрүүл мэндийн болон боловсролын зэрэг суурь үйлчилгээг авах боломжгүй. Дүрвэгсэд болон орогнол эрэгсэд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын дэмжлэгтэйгээр хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.

3 дугаар хэсэг. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх

Хуулиар иргэд засгийн газраа сонгох тогтмол хугацаанд зохион байгуулагддаг чөлөөт, шударга сонгуульд оролцож тэгш бөгөөд түгээмэл саналын эрхээ нууц санал хураалтаар хэрэгжүүлдэг.

Сонгууль ба улс төрийн оролцоо

Хамгийн сүүлд болж өнгөрсөн сонгууль: Улс орон даяар болж өнгөрсөн хамгийн сүүлийн сонгуулиуд нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ба 2016 оны УИХ-ын сонгууль юм. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны 2017 оны тайланд Ерөнхийлөгчийн сонгуулийг эмх замбараатай бөгөөд үр дүнтэй болсон гэж дүгнэсэн. Гэсэн хэдий ч, сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авсан, нэр дэвшигчид авлигад гар бие оролцсон гэх мэдэгдлүүд гарч байсныг ажиглагчид онцолсон. Түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт 7-р сард явагдах үйл явц нь хууль зүйн хувьд тодорхой бус байсан нь сонгуулийн хуульд нэмэлт санал хураалттай холбоотой зүйл заалтууд цөөн байснаас болсон гэж ЕАБХАБ онцлон тэмдэглэсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос үл ойлголцлыг тодруулсан зохицуулалтыг цаг тухайд нь боловсруулсан боловч, олон нийт сонгуулийн эхний болон хоёр дахь санал хураалтын хооронд намууд эрх барих болон сонгуулийн сурталчилгаа хийх хоёрын хоорондын зааг ялгааг бүрхэгдүүлсэн гэж үзсэн.

Эмэгтэйчүүд болон цөөнхийн оролцоо: Эмэгтэйчүүд, цөөнхийн зүгээс төр засаг, улс төрд оролцох оролцоог хязгаарласан хууль тогтоомж байхгүй бөгөөд тэд улс төрийн үйл ажиллагаанд оролцсон.

4 дүгээр хэсэг. Авлига ба төрийн үйл ажиллагааны ил тод байдал дахь хязгаарлалт

Албан тушаалтан авлига авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан ч төр уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэггүй, авлига төр засгийн бүх түвшинд бугшсаар байна. Авлигын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон албан тушаалтнууд зарим үед ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Засгийн газар 2016 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн арга хэмжээний төлөвлөгөөг хоёр дахь жилдээ хэрэгжүүлсэн. Эрүүгийн хуульд нийтийн алба хаагчид, төрийн эрх бүхий албан тушаалтнуудын авлига болон хээл хахуультай холбоотой хэргүүдэд хатуу чанга эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Тухайлбал, тус хуулиар авлигын хэргээр шийтгүүлсэн этгээд цаашид нийтийн албанд ажиллаж болохгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуульд төрийн алба хаагчийн хүссэний дагуу хахууль өгснөө эрх бүхий байгууллагад мэдээлсэн аливаа этгээдийг ял шийтгэлээс чөлөөлнө гэж заасан. Түүнчлэн нэмэлт өөрчлөлтөөр гэрээ хэлэлцээр байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ойр тойрныхон болон гэр бүлийн гишүүддээ давуу тал олгосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заажээ. Гэсэн хэдий ч хувийн хэвшлийнхний мэдээлснээр төрийн алба хаагчдын зүгээс өргөдөл шийдвэрлүүлэх, зөвшөөрөл авах, бүртгэл хийлгэхэд хахууль өгөхийг шаардсан тохиолдлууд гарсан байна.

Нотлох эд мөрийн баримттайгаар хэргийн газарт шууд баригдаагүй л бол, УИХ-ын гишүүд парламентын гишүүн байх хугацаандаа цаг ямагт халдашгүй эрх эдэлдэг.

Авлигад нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байгаагийн дотор ашиг сонирхлын зөрчил, ил тод байдлыг хангахгүй байх, мэдээлэл авах боломж хомс, төрийн үйлчилгээний тогтолцоо сул, гол институцүүдэд тавих төрийн хяналт сул байх зэрэг багтана.

АТГ нь авлигын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан агентлаг бөгөөд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь АТГ-аас мөрдөн шалгаж буй хэргүүд дээр дэмжлэг үзүүлж ажилладаг. АТГ-ын улс төрийн хараат бус байдлын тухайд асуудал гардаг хэдий ч олон нийт тус байгууллагыг үр дүнтэй ажилладаг хэмээн үздэг. АТГ нь авлигын хэргүүдийг зүй ёсоор мөрдөн шалгахад удирдлага болгох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны стандартыг ашигладаг. Цаашилбал, зөвхөн цахим хэлбэрээр тендэрийн материал хүлээн авдаг болсноор Засгийн Газрын тендэр шалгаруулах процессийг шинэчилж, улмаар худалдан авалтын журмыг зөрчсөн компаниудын хар жагсаалтыг гаргажээ. АТГ 6,000 төрийн албан хаагчдад зориулж сургалт зохион байгуулсан. Мөн үйл ажиллагаагаа сурталчлан таниулахын тулд телевиз, нийгмийн сүлжээ болон хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх хэд хэдэн кампанит ажлыг зохион байгуулсан.

АТГ нь цагдаагийн болон цэргийн алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах давхар үүрэгтэй болсон. Ингэснээр тус газрын ажлын ачаалал 2017 онтой харьцуулбал 4 дахин нэмэгдсэн боловч, үүнтэй уялдуулан АТГ-ын хүний нөөцийг нэмэгдүүлэх ямар нэгэн төлөвлөлт хийгдээгүй. Түүнчлэн АТГ нь орон нутгийн ард иргэдийн төлөөлөл болсон 153 гишүүнээс бүрдэх иргэний хяналтын хороог байгуулсан бөгөөд уг хороо нь сонгуульт албан тушаалтнууд авлигын эсрэг хуулийг чандлан мөрдөж буй эсэхэд хяналт тавьдаг.

Авлига: Авлига төр засгийн бүх түвшинд өргөн хүрээг хамарсан хэвээр байна. Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг улс төржүүлж байгаа нь авлигатай  үр дүнтэй тэмцэхэд саад тотгор учруулсаар байна. Монгол Ардын Хувьсгалт Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С. Ганбаатар сонгуулийн хууль зөрчин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр 50 сая воны ($44,500) хандив авсны улмаас 1.44 сая төгрөгөөр ($550) торгуулсан.

Шүүхээс Барилга хот байгуулалтын сайд асан З. Баянсэлэнгийг эрх мэдлээ урвуулан ашигласныг тогтоож, 19.2 сая төгрөгийн ($7,400) торгууль ногдуулж, гурван жилийн хугацаанд төрийн алба хашихыг нь хориглосон.

Хөрөнгө орлогын мэдүүлэг: Нийтийн албанд томилогдогчдоос мэдүүлэг гаргагч болон түүний эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхэд, цуг амьдардаг ах, эгч, дүү нараас хөрөнгө орлогын мэдүүлэг авахыг хуульчилсан. Уг хууль нь төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар төрийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулах зорилготой. Уг хуулиар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхийг хуульчилсан.

Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын цахим мэдүүлгээ АТГ-т тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүр шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй. Уг хуульд зааснаар дээрх мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байх ба зөрчсөн тохиолдолд захиргааны болон сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Хууль зөрчсөн тохиолдолд албан хаагчид сануулга өгөх, цалинг нь бууруулах, эсвэл албан тушаалаас нь халах арга хэмжээ авч болно. АТГ нь төрийн алба хаагчид, тэдгээрийн дотор цагдаагийн алба хаагч, цэргийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах үүрэгтэй. АТГ-ын мэдээлснээр бүх төрийн алба хаагч цаг тухайд нь шаардсан баримт бичгүүдийг бүрдүүлж ирүүлсэн байна. АТГ улсын хэмжээнд нийт 170,000 төрийн алба хаагч дундаас 40,000 гаруй хүний хөрөнгө оруулгын мэдүүлгийн хураангуйг анх удаа нийтэд ил зарласан. АТГ-ын хүлээж авсан ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол 2.5 хувиар өсчээ.

Төсвийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтнууд яамд, тамгын газрын албан ёсны цахим хуудаснаа төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнаж, аудитын үр дүнг мэдээлэх ёстой. Нэг сая төгрөгөөс дээш дүнтэй ($385) бүх гүйлгээг тайлarнана. Төсөв, зээл болон бондтой холбоотой төлөвлөлт, тодотголыг хянан шалгуулахаар Сангийн яаманд бүртгүүлэх бөгөөд энэ нь тухайн албан хаагч ажил үүргээ хүлээлгэж өгсний дараа ч хамааралтай.

5 дугаар хэсэг. Хүний эрхийн зөрчлийг шалгадаг олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагуудад хандах төрийн хандлага

Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон байгууллагууд ерөнхийдөө төрийн ямар нэг саад хязгаарлалтгүйгээр хүний эрхтэй холбоотой хэргүүдийг шалгах, үр дүнг нь мэдээлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулсан. Эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнууд ихэнх тохиолдолд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хамтарч, үзэл санааг нь дэмжиж байсан.

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд: Хүний эрхийн үндэсний комисс  (ХЭҮК) нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогод өөрчлөлт оруулахаар санал гаргах, хянах, хүний эрхийн ТББ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулах үүрэгтэй. ХЭҮК нь Ерөнхийлөгч, Улсын Дээд Шүүх, Улсын Их Хурал тус бүрээс зургаан жилийн хугацаатай томилогдсон төрийн өндөр албан тушаалын гурван комиссын гишүүнээс бүрдэх бөгөөд үйл ажиллагааг парламентаас санхүүжүүлнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр төрөөс ХЭҮК-т хуваарилсан төсөв дутагдалтай байсан хэвээр бөгөөд хяналт шалгалт явуулах, сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа нь бүхэлдээ гадаад санхүүжилтын эх үүсвэрээс хамааралтай. ХЭҮК-оос ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнхийн эрх гэх мэт улс төрийн маргаантай хүний эрхийн асуудлуудыг тогтмол дэмжсээр ирсэн.

Хүний эрхийн асуудлуудыг харилцан хэлэлцэх талаар төр болон иргэний нийгэм зарим тохиолдолд хамтран ажилласан. Гэсэн хэдий ч төрийн албаны хүмүүс хууль боловсруулах, нийгэм, хүний эрхийн асуудлаар албан ёсны тайлан илтгэл бэлдэх, нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд төртэй гэрээлэн хамтран ажиллах үйл явцад ТББ-уудыг татан оролцуулах тал дээр нээлттэй байхаа больж байгааг ТББ-ууд болон олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэж байна.

6 дугаар хэсэг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус харьцаа, хүний наймаа

Эмэгтэйчүүд

Хүчин болон гэр бүлийн хүчирхийлэл: Эрүүгийн хуульд зааснаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хурьцал үйлдсэн бол нөхцөл байдлыг харгалзан нэгээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулиар эхнэр/нөхрөө хүчирхийлэх хэргийг гэмт хэрэгт тооцдог. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд хүчирхийлэл үйлдэгчдийг захиргааны болон эрүүгийн хуулийн аль алиных нь дагуу шийтгэж, эрүүгийн хэрэгт хоёр жил хүртэлх хугацаагаар хорьдог болсон. Төрөөс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээллийн нэгдсэн санг үндэсний хэмжээнд дахин боловсруулж, хоёр дахь удаагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хуулиар автоматаар хариуцлага тооцдог болж байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) болон ЦЕГ-ын мэдээлснээр өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын гомдлыг авч хэлэлцэх цагдаагийн байгууллагын арга хэмжээ сайжирсан байна. Цаашилбал, хууль зүйн салбарынхныг үр дүнтэй сургаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар холбогдох 31 журмыг шинээр баталсан нь илүү олон хүчирхийлэгчдэд ял шийтгэл онооход хувь нэмэр оруулжээ. Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргах боломж байдаг хэдий ч процессын болон бусад саад бэрхшээл их байдгаас энэ заалтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд төвөгтэй.

Ахиц дэвшил гарч байгаа хэдий боловч гэр бүлийн хүчирхийлэл нь ноцтой бөгөөд өргөн хүрээтэй тархсан нийгмийн асуудал хэвээр байна. ЦЕГ-ын мэдээлснээр гуравдагч талууд гэр бүлийн хүчирхийллийг цагдаад мэдээлэх нь нэмэгдэж байна.  Цагдаагийн нийт алба хаагчдын ажил үүргийн хуваарьт болон Хууль сахиулахын их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг тусгаж өгсөн болно.

ХЭҮТ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаагаа өргөжүүлж, сонсголын бэрхшээлтэй хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн ажилтнуудыг сургаж бэлтгэсэн байна.

ЦЕГ-ын мэдээлснээр ТББ, орон нутгийн захиргаа, эмнэлгүүдийн ажиллуулдаг гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдад зориулсан хамгаалах байр 9, нэг цэгийн үйлчилгээний төв 10 ажиллаж байна. Голдуу эмнэлгийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогчдыг 72 цаг хүртэл хугацаагаар байрлуулдаг. Хөдөө орон нутагт хамгаалах байрны тоо харьцангуй цөөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүсийн хувьд бэрхшээлтэй хэвээр байна. Орон нутагт хоёр байр, нийтдээ улсын хэмжээнд гурван хамгаалах байр ажиллуулдаг ХЭҮТ-д хуулиар зохих санхүүжилт олгох ёстой гэж заасан боловч оны эхний 9 сар санхүүжилт олгогдоогүй байна.

Бэлгийн дарамт: Эрүүгийн хуульд бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдоггүй. Зүй бусаар биеэ авч явах гэж чухам юуг хэлэх талаар нийгэмд нэгдсэн ойлголт байхгүй учраас уг асуудлын бодит цар хүрээг тогтооход бэрхшээл үүсч байна гэж ТББ-ууд үзэж байна.

Хүн амын өсөлтийг албадан хянах: Үр хөндөлт, үргүйдлийг албадсан тохиолдол гараагүй.

Ялгаварлан гадуурхалт: Адил хөдөлмөр эрхэлж буй тохиолдолд адил цалин авах, боловсрол эзэмших тэгш эрхтэй байх зэрэг хуульд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж заасан байдаг. Хууль тогтоомж байгаа хэдий ч эмэгтэйчүүд ажил эрхлэхэд ялгаварлан гадуурхалттай тулгардаг.

Хуулиар төрийн байгууллага, улс төрийн намуудын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийг оролцуулах албан ёсны квот тогтоож өгсөн. Мөн хуулиар нас, гадаад төрх, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон ч эрх бүхий төрийн байгууллагууд энэхүү заалтыг хэрэгжүүлдэггүй тухай зарим ТББ-ууд онцолсон.

Гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ асрамжиндаа авдаг бол, гэрлэлтээ цуцлуулсан нөхрүүд хүүхдийн тэтгэмж өгөхгүй байх явдал элбэг бөгөөд үүнийхээ хариуд торгууль төлдөггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр гэр бүлийн дундын хөрөнгө, бизнес голдуу өрхийн тэргүүний нэр дээр бүртгэлтэй байдаг тул гэр бүл салах үед өмчлөх эрх нь нөхөрт шууд хадгалагдаж үлдэх явдал байсаар байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хянах төрийн агентлаг гэж тусдаа байхгүй ч Ерөнхий сайдын ахалснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Жендэрийн үндэсний хороо нь яамд, ТББ болон аймаг, орон нутгийн жендэрийн хорооны түвшинд эмэгтэйчүүдтэй холбоотой бодлогыг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд эрхмэдэлжүүлж, улс төр, нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцохыг хангахын тулд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021) болон холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.

Хүүхдүүд

Төрөлтийн бүртгэл: Иргэний харъяаллыг эцэг эхийн харъяаллаар тогтоох ба 10-р сарын байдлаар төрөлтийг тэр даруйд нь бүртгэж, бүртгэлийн дугаарыг Эрүүл мэндийн яам, Үндэсний Статистикийн Хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтран боловсруулсан цахим системээр дамжуулан олгосон байна. Өмнө нь төрөлтийг төрснөөс хойш 1-3 долоо хоногийн дотор бүртгэдэг байсан бол хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс зарим тохиолдолд төрснөөс хойш үүнээс ч удаан хугацааны дараа бүртгүүлдэг байжээ. Хүүхдийнхээ төрөлтийг бүртгүүлэхгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болох эрсдэлтэй.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах: Эрүүгийн хуульд хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхдийг хаяж, төөрүүлэх, тэнүүчлэлд өртүүлэх, донтох байдалд татан оруулах, хүүхдийг эрүүгийн хэрэгт уруу татах, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах, хүүхэд худалдах, хүүхэдтэй хэрцгий харьцах зэрэг хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг бүлэглэн хуульчилсан байна.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийлэх явдал ноцтой асуудал байсан бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны хэлбэрээр илэрдэг. Засгийн Газрын хэрэгжүүлэх агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон ХЭҮТ-ийн мэдээлснээр хуулиар иргэдийг эдгээр тохиолдлуудыг тэр дор нь холбогдох газар, агентлагуудад мэдэгдэх үүрэгтэй хэмээн заасан нь хүүхэдтэй зүй бус харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцаанд өртсөн талаарх мэдээллийг улам бүр нэмэгдүүлсэн гэжээ. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар дуудлага авдаг хүүхдийн шууд утсыг тогтвортой ажиллуулж байгаа болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан түр хамгаалах байр зэрэг хүүхдийн тусламжийн төвийг шинээр нээж ажиллуулж байгаагаа ГБХЗХГ онцолсон.

Хүүхдээ хараа хяналтгүй орхих явдал бас байна. Түүнчлэн ядуурлаас үүдэлтэй хүүхдийг үл тоомсорлох  болон эцэг эхийн зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд өнчирч, гэр орноосоо дайжих явдал гарч байна. Эцэг эх нь зүй бус харьцсан хүүхдүүдийг түр хамгаалах байр луу явуулдаг гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн ч олон хүүхдийг нөгөө л хүчирхийлэгч эцэг эхэд нь буцаасан тухай хөндлөнгийн ажиглагчид хэлж байна. ГБХЗХГ-ын мэдээлснээр оны 11-р сарын байдлаар 1,045 хүүхэд өнчин хүүхдийн асрамжийн газар зэрэг асран хамгаалах төвүүдэд амьдарч байсан байна.

Аймаг бүрт болон нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн хэлтэст насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийг мөрдөн байцаах нэг албан хаагч тус тус ажиллаж байна. ГБХЗХГ болон Хууль зүй, дотоод хэргийн яам нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 609 хамтарсан багийг бүрдүүлсэн байна.

Хүүхэд насандаа болон хүчээр гэр бүл болох: Хуульд заасан гэр бүл болох хамгийн доод нас 18 бөгөөд шүүхээр зөвшөөрөгдсөн тусгай нөхцөл байдал болон эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр 16-18 нас гэж заасан байна. 18-аас доош настай иргэд гэр бүл болсон болон хүчээр гэрлүүлсэн тохиолдол гараагүй.

Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах: 18-аас доош насны хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглахыг хуулиар хориглосон хэдий ч ийм асуудал гарсан. ТББ-уудын мэдээлснээр тус улсад өсвөр насны охидыг хулгайлж, хүч хэрэглэх буюу хууран мэхлэх замаар хүчээр биеийг нь үнэлүүлсэн тохиолдлууд гарчээ. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орох насны доод хязгаар 16 байна. Насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэхгүй байх заалтыг зөрчсөн этгээдийг (16 хүрээгүй этгээдтэй хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүйгээр хурьцал үйлдсэн байхыг хэлнэ) таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн, эсвэл бэлгийн мөлжлөгт ашигласан этгээдэд 20 хүртэлх жилээр, эсвэл хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл бүх насаар нь шоронд хорих ял шийтгэл онооно.

ТББ-уудын мэдээлснээр хүүхдийг садар самуунд уруу татсан цахим бичлэг цөөнгүй байсан. Цагдаа нар эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах ур чадвараа дээшлүүлж, цахим орчин дахь хүүхэд хамгааллыг дээшлүүлэхийн тулд “Unfriend хөдөлгөөн” өрнүүлж ажилласан ч, энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллах техник, мэргэжлийн чадавхи хязгаарлагдмал хэвээр байна. Хүүхдийн эсрэг бэлгийн зүй бус харьцааны нийт 192 тохиолдол бүртгэгдсэнээс ердөө 22 хэрэг дээр л мөрдөн байцаалт явуулжээ. Эрүүгийн хуулиар хүүхдийг садар самуунд уруу татсан этгээдийн ялын дээд хэмжээ нь 8 жил шоронд хорих шийтгэлтэй.

Олон улсын хэмжээнд хүүхэд хулгайлах: Монгол улс 1980 онд батлагдсан Олон улсын хэмжээнд хулгайлагдсан хүүхдийг орон гэрт нь буцаах иргэний талуудын тухай Гаагийн конвенцод нэгдэн ороогүй. Төрийн департаментын жил тутам гаргадаг Олон улсын хүүхэд хулгайлах гэмт хэргийн тухай тайланг дараах хаягаар орж үзнэ үү: http://travel.state.gov/content/travel/en/International-Parental-Child-Abduction/for-providers/legal-reports-and-data.html.

Анти семитизм

Еврей хүн амын тоо маш цөөн, анти семитик үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Тус улсад идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлдэг нео-нацист гэгдэх үндсэрхэг үзэлтэй бүлгэмийнхэн Еврейчүүд бус Азийн бусад орны иргэд рүү дайрдаг.

Хүний наймаа

Хүний наймааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн департаментын Хүний наймааны илтгэл-ээс www.state.gov/j/tip/rls/tiprpt/ хаягаар орж үзэж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахыг хориглохын хажуугаар хөгжлийн бэрхшээл гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогоос болж нийгмийн амьдралд оролцох хязгаарлагдмал байдал гэж тодорхойлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахаас татгалзах, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох хуулийн заалтууд хязгаарлагдмал байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөхтэй бол, Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх тэгш оролцоогоор хангах, тэдэнд зориулсан нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн ба хөдөлмөрийн үйлчилгээг сайжруулах зорилготой Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах  үндэсний зөвлөлийг ахалдаг.

8-р сард засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг байгуулсан.  Энэ газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дэд бүтэц, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм.

Хуулиар төр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд нь ээлтэй орчноор хангах үүрэгтэй ч, тэдний боловсрол эзэмшихэд ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой заалт байхгүй. Хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчид ердийн сургуульд суралцах боломжтой. Гэсэн хэдий ч бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо (ХБХЭЭХ) ТББ-ын үзэж байгаагаар, төр засгийн тогтворгүй байдал болон мэргэшсэн боловсон хүчний хомсдолын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны боловсролд тэгш хамруулах чиглэлээр хийж буй төр засгийн хүчин чармайлт хангалтгүй байна. ХБХЭЭХ болон ГБХЗХГ-ын мэдээлснээр, ерөнхий боловсролын сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэхүйц сайтар бэлтгэгдсэн ажилтнууд, дэд бүтцээр гачигдаж байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дийлэнх нь сургуульд явж эхэлсэн боловч, тэд анги дэвших тусам сургууль завсардалт нь нэмэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдын тусгай сургуулиуд ихэвчлэн нийслэл хотод байдаг тул хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сургууль завсардалт тулгамдсан асуудал болсон.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны онцлон тэмдэглэснээр, өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоо хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хязгаарлаж байна. Тус ТББ-ын мэдээлснээр, хоёр хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй ээж эмчийн шаардлагаар үрийн сувгаа боолгоход хүрсэн тохиолдол гарчээ.

Шинээр баригдах нийтийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангасан стандарттай байх хууль батлагдсан бөгөөд шинэ барилга байгууламжуудын стандарт чанарыг хянан шалгах улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс төлөөлөгч томилж ажиллуулж байгаа ч, ихэнх шинэ барилгууд уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн хэрэгслүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй хэвээр байна. Тусгайлан мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай технологи дутмаг байдгаас түргэн тусламжийн үйлчилгээ харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байна. Цаашилбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байрууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй байна.

Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэлд суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт болон бусад зүй бус харьцаа

Эрүүгийн хуулиар хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, боловсрол болон эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосон. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг дээд хэмжээ нь таван жил хорих ялаар шийтгэнэ. 9-р сарын байдлаар энэ хуулиар шийтгүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй.

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж ЛГБТИ хүмүүс олон нийтийн дунд ч, ар гэртээ ч хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртдөг тухай ТББ-ууд мэдээлсээр байна. Хөдөө орон нутагт ЛГБТИ хүмүүсийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл хомс, цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах хүртээмж хязгаарлагдмал байдаг тул тэд нийслэл Улаанбаатарыг бодвол хөдөө орон нутагт ялгаварлан гадуурхалтанд өртөх нь элбэг, айдас түгшүүртэй амьдардаг тухай бидэнд мэдээлж байна. ЛГБТ Төв нь ЛГБТИ хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх хэд хэдэн мэдээлэл хүлээж авсан бөгөөд эдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэндээ өөрийгөө илчилсэн, эсвэл гэр бүлийнхэн нь ЛГБТИ болохыг нь мэдсэн ЛГБТИ хүүхэд, залуус байжээ.

ЛГБТ Төв ТББ-ын тэмдэглэснээр, ЛГБТИ олон нийтийн биеэр туулдаг хүчирхийлэл, зүй бус харьцааны талаарх цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ойлголт дээшилж, ЛГБТИ хүмүүст тулгамдаж буй асуудалд хариу арга хэмжээ авах цагдаагийн хүчин чадал, чадавхи сайжирч байгаа хэдий ч цагдаа нар гэмт хэргийн хохирогч ЛГБТИ хүмүүсийг гомдол гаргах үед хэл амаар доромжилсон хэвээр байна. Эрх мэдэл бүхий албан хаагчид ЛГБТИ хүмүүс хохирогч болсон гэмт хэргүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон.

Ажил хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхах асуудлууд бүртгэгдсэн.

ХДХВ болон ДОХ – Нийгмийн жигшил

ХДХВ-ын халдвар, ДОХ-той хүмүүсийг илт ялгаварлан гадуурхдаггүй ч, нийгэмд тодорхой хэмжээний алагчлал оршсоор байна. Олон нийт ерөнхийдөө ХДХВ-ын халдвар болон ДОХ-ыг ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд орох явдалтай холбож ойлгодог нь тэднийг нийгмийн жигшил, гутаан доромжлол болон хөдөлмөр эрхлэлтийн ялгаварлан гадуурхалтанд өртөхөд хүргэдэг.

7 дугаар хэсэг Ажилчдын эрх

а. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээ хийх эрх

Хуульд зааснаар ажилчид урьдчилсан зөвшөөрөл, хэт өндөр шаардлагагүйгээр өөрсдийн саналаар бие даасан үйлдвэрчний эвлэл, эсвэл мэргэжлийн байгууллага байгуулах, элсэн нэгдэх эрхтэй. Хуулиар төрийн тусгай үйлчилгээ, онцгой албанд ажиллагсдаас бусад бүх ажилчдын хувьд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ялгаварлан гадуурхалтгүйгээр оролцох, ажил хаях, хамтын хэлэлцээ хийх эрхийг нь хамгаалсан байдаг. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчныг ажлын байранд нь буцааж авахыг хуульчилсан.

Улс орныг батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллага, тэр дундаа цагдаагийн алба хаагчид, цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, нийтийн тээвэр зэргийн ажилтан албан хаагчид ажил хаях эрхгүй. Хамтын гэрээгээр зохицуулагдсан үйл хэрэгтэй холбогдолгүй асуудлаар ажил хаялт зохион байгуулахыг хуулиар хориглоно.

Хууль тогтоомжид хамтын хэлэлцээ хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалдаг ба эдгээр эрх ихэнхдээ хангагддаг. Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах замаар шийтгэх нь зөрчлийг арилгахад хангалттай бус байна. Ажилтнууд болон удирдлагын хооронд гарсан дийлэнх маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт комиссоор шийдвэрлэдэг. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны (МҮЭХ) мэдээлснээр шүүхийн шийдвэр гаргах үйл явц маш их цаг хугацаа шаарддаг тул цаг, зардлаа хэмнэх үүднээс олон ажилчин маргаанаа зогсоодог.

МҮЭХ-ны мэдэгдсэнээр зарим ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулах, нэгдэн элсэх, эсвэл үйл ажиллагаанд оролцвол цалинг нь бууруулна гэсэн сүрдүүлэгт өртөх зэрэг саад бэрхшээлтэй тулгарсан байна. Зарим ажил олгогч ажилчдаа ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Мөн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчдыг тэр болгон буцааж ажилд нь авдаггүй. МҮЭХ-ны мэдээлснээр зарим ажил олгогчид одоо байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг сулруулах зорилготой үйлдлүүд хийсэн. Тухайлбал, зарим компани ажилчдын цалингаас үйлдвэрчний эвлэлийн татварт суутгадаг мөнгийг өөр бусад зорилгоор ашиглаж, уг мөнгийг үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлдэггүй. Зарим ажил олгогчид хамтын хэлэлцээний гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан талаар МҮЭХ мөн мэдээлсэн байна.

Төрийн алба хаагчдын цалинтай холбоотой асуудлаар өнгөрсөн жил хэд хэдэн ажил хаялт зарласан. Тухайлбал, багш нарын ажил хаялт 9 өдөр үргэлжилсний эцэст засгийн газар шүүгч, прокуророос бусад бүх төрийн алба хаагчдын цалинг цалингийн шатлалаас хамааран 8-30 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

б. Хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох

Хуулийн дагуу оноосон ял шийтгэлээс бусад тохиолдолд хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэхийг Үндсэн хуулиар тусгайлан хориглосон. Эрүүгийн хуульд албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд торгууль ногдуулах болон хорих ялаар шийтгэхээр заасан ч, энэ нь зөрчлийг арилгахад хангалттай бус юм. ТББ-ууд болон төрийн албан тушаалтнуудын мэдэгдсэнээр байцаагчдын тоо хүрэлцээ муу, санхүүжилт хангалтгүй, олон нийтийн мэдлэг тааруу байдаг нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.

Хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг албадан хөдөлмөр эрхлүүлсэн тухай хэд хэдэн тайлангууд байсан. БНАСАУ, Хятад ажилчид барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ойн аж ахуй, загасчлал, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, авто засвар болон уул уурхайн салбарт албадан хөдөлмөр эрхлэлтэнд өртөх эрсдэлтэй байсан тухай тайлангууд бий. БНАСАУ ажилчдад төлөх ёстой цалин хөлсийн дийлэнх хувь БНАСАУ-ын Засгийн газарт шууд төлөгддөг, түүнчлэн ажилчдын чөлөөтэй зорчих эрхийг БНАСАУ-ын иргэн харгалзагчгүйгээр хаашаа ч явж болохгүй хэмээн хязгаарлах асуудал байгааг хэвлэлүүд мэдээлж, төр засгийн албаны хүмүүс баталгаажуулсан (7.д хэсгээс үзнэ үү).

Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланг www.state.gov/j/tip/rls/tiprpt/ хаягаар орж үзэж болно.

в. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох ба хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар

Хуульд зааснаар 14 нас хүрээгүй хүн хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Харин 14 нас хүрсэн хүн гагцхүү мэргэжлийн баримжаа, ажлын дадлага хийх зорилгоор эцэг эх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр долоо хоногт 30 хүртэлх цаг хөдөлмөр эрхэлж болно. 15 нас хүрсэн хүн эцэг эх буюу асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тушаалаар 18 насанд хүрээгүй хүүхдийг уул уурхай, барилга байгууламж зэрэг аюултай нөхцөлд ажиллуулах, хүнд хүчир ажил хийлгүүлэх, өвлийн улиралд хурдан морины уралдаанд унаач хүүхдээр (бусад улиралд 7 нас хүрсэн хүүхэд хурдан морины уралдаанд орж болно) ажиллуулах, шөнийн цагаар соёлын, циркийн болон уламжлалт урлаг соёлын арга хэмжээнд оролцуулах, согтууруулах ундаа зарах үйл ажиллагаанд ажиллах болон гудамжинд гар дээрээс наймаа эрхлэхийг тус тус хориглодог.

Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар ажил олгогчид ихэнхдээ хууль тогтоомжийг зөрчиж, насанд хүрээгүй ажилтныг долоо хоногт 40-өөс дээш цаг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс өгдөг ажээ.

Эрүүгийн хуулийн хүүхэд хамгааллын тухай заалтанд хүүхдийг аюултай нөхцөлд ажиллуулах талаар хуульчилсан бөгөөд хүүхдээр аюултай ажил хийлгэсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин насанд хүрээгүй хүүхдийг “тэнүүчлэл, гуйланчлалд” татан оруулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Төрөөс хуулийг үр дүнтэй хэрэгжүүлээгүй бөгөөд өнгөрсөн жилд хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлсэн хэргийг ялласан тохиолдол байгаагүй.

Төрөөс хүүхдийг хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийг нь хөдөлмөр эрхлэхэд дэмжих хөтөлбөрт зориулсан төрийн санхүүжилт өнгөрсөн жилд тусгагдаагүй.

Хүүхдүүд хүчээр хөдөлмөр эрхэлсэн тохиолдлуудаас гадна олон салбарт, тэр дундаа зочид буудал, зоогийн газар, аж үйлдвэр, гар дээрээс наймаа эрхлэх, хог ухах, хүчээр гуйлга гуйлгах, гудамжны үзүүлбэр буюу уран нугаралт (урлагийн нэг төрөл), хууль бусаар биеэ үнэлэх зэргээр хөдөлмөр эрхэлж байна (“Хүүхэд” гэсэн 6 дугаар хэсгээс үзнэ үү). 11-р сард ГБХЗХГ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) хамтран гар аргаар олборлох бичил уурхай, зах, үйлчилгээний төв, хогийн цэг, барилга, тээврийн талбай болон газар тариалан дээрх хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд, ГБХЗХГ болон МХЕГ-ын тайлагнаснаар, 495 хүүхэд албан бус салбарт (бичил уурхайд 20, зах дээр 82, хогийн цэг дээр 12, барилга, тээврийн талбайд 14, газар тариалан дээр 367) хөдөлмөр эрхэлсэн байна. Эдгээр 495 хүүхдээс 83 нь охид, 236 нь сургууль завсардсан, 27 нь хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байсан ба тэдний 15 нь хайлуур жонш ялгаж, савлаж байжээ.

Хурдан морины уралдаанд хүүхдүүд морь унаж байгаад санаа зовж байгаагаа олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна. Хүүхдүүд ихэвчлэн дөрвөөс таван насандаа морь унаж сурдаг ба үндэсний баяр наадмын үеэр хоёроос 20 орчим милийн зайд болдог морины уралдаанд бага насны хүүхдүүд хурдны морь унадаг уламжлалтай. МХЕГ-ын мэдээлснээр наадмаар 28,889 унаач хүүхэд (эдгээрээс 20 нь насны доод хязгаар буюу 7 нас хүрээгүй хүүхдүүд) уралдсан. Төр засгийн зүгээс 2016 онд ид хүйтний үе буюу 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-нийг хүртэл хүүхдээр морь унуулж уралдуулахыг хориглосон ч, 2017 онд хориог зөвхөн “өвлийн улирал” болгож нэмэлт өөрчлөлт оруулсан. ХЭҮК, ТББ-ууд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид тус заалт нь бүрхэг бөгөөд 1-р сар гарангуут унаач хүүхдүүд уралдаанд оролцуулах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн энэ өөрчлөлтийг шүүмжилжээ. “Өвөл” морь уралдуулахыг хориглосныг үл харгалзан жилийн эхэнд болсон уралдааны үеэр 24 хүүхэд мориноос унаж, 5 нь ухаан алдсан байна. 1-р сард Засгийн газрын тогтоолоор “хаврын улиралд” болох хурдан морины уралдаанд (жил бүр Цагаан Сараас эхлүүлээд 6-р сарын 1-нийг хүртэл зохиогдох хурдан морины уралдаанууд) оролцох унаач хүүхдийн насны доод хязгаарыг 12 болгосон. Мөн 1-р сард нийт 21 аймгаас 8 аймгийн Засаг дарга нар 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-нийг хүртэл унаач хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглосон байна.

Унаач хүүхдүүдийг даатгалд хамруулж, толгой, цээжний хамгаалалт заавал хэрэглүүлэх талаар хууль тогтоомж баталж, төр засаг, олон нийтийн зүгээс оролцоогоо нэмэгдүүлж, тэдний аюулгүй байдлыг илүүтэй анхаарах болсон ч хэрэгжилт нь тууштай бус байна. Тухайлбал, МХЕГ-ын мэдээлснээр 28,889 унаач хүүхдээс 336 нь толгойн хамгаалалтгүй, 513 нь хамгаалалтын шаардлага хангасан хэрэгсэлгүй, 1,174 нь даатгалд хамрагдаагүй байв. Ажиглагчдын үзэж байгаагаар үндэсний хэмжээний уралдаанд аюулгүй байдлыг хангах дүрэм журмын биелэлт хангалттай байдаг (гэвч орон нутаг, бүсийн уралдаануудын үеэр хэрэгжилт хангалттай бус). ГБХЗХГ ба МХЕГ нь үндэсний мэдээллийн сан бүрдүүлж, албан ёсоор  улсын хэмжээний болон орон нутгийн хурдан морины уралдаанд оролцсон бүх хүүхдийг бүртгэлд хамруулжээ. ГБХЗХГ унаач хүүхдийн бүртгэлийг үр дүнтэй болгож, 7-оос доош насны хүүхдийг унаачаар ажиллахаас сэргийлэхийн тулд анх удаа биометрийн мэдээлэл цуглуулсан.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаар АНУ-ын Хөдөлмөрийн яамны тайланг www.dol.gov/ilab/reports/child-labor/findings хаягаар орж үзнэ үү.

г. Ажил эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхах

Хүнийг хөдөлмөр эрхлэлт болон албан тушаалын хүрээнд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, бэлгийн ба хүйсийн баримжаа, хүйс, гэрлэлтийн байдал, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглоно. Мөн “тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохоор эсхүл ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл эрүүл мэндэд нь харшлахаар” биш л бол ажил олгогч өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаас татгалзахыг хориглосон. Хуульд зааснаар эрүүл мэндийн байдал нь хүндэрч ажил үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй болсноос бусад тохиолдолд ажил олгогч ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг ажилд авахаас татгалзах, эс бол ажлаас халахыг хориглодог. Эмэгтэйчүүдийг хүнд хүчир хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болох химийн бодистой харьцдаг зарим ажлын байранд ажиллуулахыг хуулиар хориглосон.

Төрөөс дээрх хуулиудыг хангалтгүй хэрэгжүүлсэн бөгөөд хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, ХДХВ-ын халдвартай гэх үндэслэлээр ажил эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхсан явдал гарсан.

Хуулиар бэлгийн дарамтыг дотоод дүрэм журамдаа тусгаж, гомдол барагдуулах зэргээр ажил олгогчдыг ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авахаар заасан ч, ял шийтгэл оноох тухай дурдаагүй. ХЭҮК-ын мэдээлснээр ажил олгогчид болон ажилтнуудын аль аль нь хууль дахь бэлгийн дарамтын тухай заалтын талаар хангалттай мэдлэггүй байна.

ХЭҮК-ын олж тогтоосноор эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол ажилд орох, албан тушаал дэвших, мэргэжлийн хувьд өсч дэвжих боломжоор бага хангагдаж байсан. Түүнчлэн зарим ажил олгогчид илүүдэл жинтэй хүнийг үндсэн ажил үүргээ биелүүлэхэд биеийн жин нь саад бэрхшээл учруулж болзошгүй гэсэн шалтаг тоочиж ажилд авахаас татгалзсан тохиолдлууд гарсан.

Хуулиар 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт орон тооныхоо дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулахыг шаардаж, хэрвээ авч ажиллуулаагүй бол торгууль төлөхөөр хуульчилсан ч, бодит байдал дээр компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллуулахаас төвөгшөөдөг, ихэнх нь төлбөр төлөхийг илүүд үздэг тухай ТББ-ууд мэдээлсэн. Тэдний мэдэгдэж байгаагаар төрийн байгууллагууд өөрсдөө дээрх квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орлоо ч тэр бүр нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжгүй байдаг тул зарим үед ажлын байраа хадгалж чаддаггүй (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн 6 дугаар хэсгийг үзнэ үү).

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бодлого, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Төрийн болон ТББ-уудын мэдээлснээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах тухайд ажил олгогчдын хандлага сайжраагүй ба ихэнх ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахгүйгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд торгууль төлөхийг илүүд үздэг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй цээвэрлэгчийг тэтгэвэрт гарах нас нь болоогүй байхад сургуулийн захирал түүнийг халагдах өргөдлөө өгөхийг шаардсан тохиолдол гарсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхалт хэмээн ажиглагчид үзэж байна.

ТББ-ууд, ХЭҮК, ЛГБТИ олон нийтийн гишүүдийн мэдээлснээр компаниуд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа нээлттэй илэрхийлсэн  ЛГБТИ хүмүүсийг ажилд ихэнхдээ аваагүй, ажил дээрээ өөрийн  байдлаа мэдэгдсэн ЛГБТИ иргэдийг байнга ялгаварлан гадуурхаж байсны дотор ажлаас халах магадлал өндөр байжээ. Үүнээс гадна ЛГБТИ хүмүүс хууль бусаар ажлаас халагдахад хүрвэл ажил олгогч нь өөрийнх нь талаар цааш олон хүнд нууцыг нь задлах вий гэдгээс болгоомжилж тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлдэггүй нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлсэн.

Гадаадын цагаач ажилчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчил дээр ерөнхий хүн амын хөдөлмөр эрхлэлттэй ижил түвшний хамгаалалт авч чадаагүй.

д. Хөдөлмөрийн таатай нөхцөл

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 240,000 төгрөг ($92) бөгөөд төрийн болон хувийн хэвшлийнхэнд адил хамаардаг. МҮЭХ-ны мэдээлж байгаагаар уг хэмжээ нь боломжийн амьжиргаа залгуулахад хангалтгүй.

Хөдөлмөр, хоршоо, компанийн тухай хуулиуд нь гадаад дотоодын ажилчдад эрх тэгш үйлчлэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг хуульчилсан. МХЕГ-ын үзэж байгаагаар ихэнх стандартууд үеэ өнгөрөөсөн байв.

МХЕГ-ын бүсийн болон орон нутгийн хөдөлмөрийн байцаагч нар хөдөлмөрийн нөхцлийн асуудалтай холбоотой бүх зохицуулалтын хэрэгжилтийг хангах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомжийг чандлан дагаж мөрдөхийг шаардах эрхтэй. Гэвч байцаагчдын тоо цөөн учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажлын цаг, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудлыг зохицуулах хуулиудын хэрэгжилт хязгаарлагдмал байна. МХЕГ-ын мэдээлснээр ял шийтгэлийг чангалаад ч, байцаагчдын тоог нэмээд ч хуулийг дагаж мөрддөг болгоход хангалтгүй юм. МХЕГ-ийн мэдэгдэж байгаагаар хяналт шалгалтын ажлын ачаалал их байгаагийн хажуугаар байцаагч нар хяналт шалгалтын арга техник, баримт нотолгоо цуглуулах талаар үр дүнтэй суралцаж бэлтгэгдэх шаардлагатай. Байцаагч нар ерөнхийдөө албан бус секторт хяналт шалгалт явуулдаггүй.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн болон үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан компаниудад авч буй торгуулийн хэмжээ уг асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болж чадахгүй байгааг МХЕГ онцлон тэмдэглэсэн. Мөн төрийн агентлагууд, компаниуд ажлын байрны аюулгүй байдалд зориулж төсөв хөрөнгө хуваарилахыг шаардсан  дүрэм журмаа дагаж мөрддөггүй гэдгийг МХЕГ мэдээлсэн. Цаашилбал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан аюулгүй ажиллагааны шинжээчид нь ихэнх тохиолдолд туршлагагүй, эсвэл зохих сургалтанд хамрагдаагүй байна.

Тэтгэврийн хуулиар гэр бүлийн бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсдад (малчид зэрэг) өндөр насны тэтгэвэр болон нийгмийн хамгааллын бусад хөтөлбөрт хамрагдах боломж олгодог. Эдгээр ажилчид эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн халамжид хамрагдах болон нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой байсан.

Олон ажилчид, нэн ялангуяа орон нутгийн жижиг компанийн ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авдаг байна. Барилгын салбарт ажиллаж буй ажилчид өвлийн хахир хүйтний улирлын нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа хэдхэн сард дуусгахын тулд зарим үед урт цагаар ажиллах шаардлагатай тулгардаг нь үйлдвэрлэлийн осол гаргах, гэмтэл бэртэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгаад МҮЭХ санаа зовниж байв.

Уул уурхай, барилга дээр ажилладаг Хятад ажилчид давамгайлсан гадаадын ажилчид төрөөс тогтоосон дүрэм журамд тавигдсан шаардлагыг хангахгүй нөхцөлд ажилладаг гэсэн мэдээлэл байна. МХЕГ-ын мэдээлснээр тус байгууллага гадаад ажилчдын ажлын байр, эрүүл мэнд, эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт шалгалт явуулсан хэдий ч тэдгээр ажилчдын авч буй цалин хөлс, амьдарч буй орчинд шалгалт явуулах эрхгүй байв.

БНАСАУ-аас ирсэн 600 гаруй ажилчны нөхцөл байдал ил тод бус, гэрээгээр тохиролцсон нөхцөл, ажиллах эрх, эдгээр ажилчдын нөхөн төлбөрийн асуудал нууцлагдмал байсан. БНАСАУ-ын ажилчдын хөдөлмөрийн гэрээнд хяналт тавих тал дээр  Монгол Улсын эрх бүхий байгууллагуудын оролцоо бага, БНАСАУ-ын засгийн газар болон зуучлагч компаниудын үйл ажиллагаанд үндсэндээ найддаг гэж ТББ-ууд мэдээлсэн. Эдгээр ажилчид олон салбарт, ялангуяа зуны цагт хүнд хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг гэсэн мэдээ байна. Ажиглагчид болон төрийн албаныхны үзэж байгаагаар БНАСАУ-ын ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс авдаг байх магадлал өндөр, гол төлөв хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, мөн тэдгээр ажилчдын ихэнх цалин БНАСАУ-ын Засгийн газарт шууд очдог.

Хоцрогдсон машин техникээс бүрэн хараат шахуу байдалтай, засвар үйлчилгээ хийгддэггүй болон менежментийн буруу бодлого нь үйлдвэрийн осол байнга гарах, тэр дундаа барилга байгууламж, уул уурхай, эрчим хүчний салбарт үйлдвэрийн осол удаа дараа гарахад хүргэж байна. ХЭҮК-ын мэдээлснээр барилгын салбарт хөдөлмөр хамгааллын асуудал, аюулгүй байдлыг хангах асуудал дутмаг байгаагаас тус салбар осол аваарт өртөмтгий байна. МҮЭХ-ны мэдээлснээр ажилчид аюулгүй байдлыг хангаагүй орчин нөхцөлд ажиллахаас татгалзах эрхтэй хэдий ч энэ эрхийнхээ талаар мэдлэг хязгаарлагдмал байв.

МХЕГ-аас компани, хувийн хэвшлийнхнийг ажлын байрны аюулгүй байдлын сургалтад хамруулжээ. МХЕГ-ын мэдээлснээр тус сургалтын үр дүнд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, боловсрол зэрэг урьд өмнө нь осол их гардаг байсан салбарууд дахь үйлдвэрлэлийн ослын тоон үзүүлэлт буурчээ.