МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН

НЭГДСЭН ХУРААНГУЙ

ТЭМДЭГЛЭЛ: Төрийн департаментаас 2021 оны дундуур тухайн тайланд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг нийтлэх ба үүгээр зургаадугаар хэсгийн Эмэгтэйчүүд гэсэн дэд хэсэгт нөхөн үржихүйтэй холбоотой илүү өргөн хүрээний асуудлуудыг тусгах болно.

Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 6 дугаар сарын 24-ний өдрийн УИХ-ын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн боловч зарим нэгэн нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд баривчлагдан саатуулагдаж, шалгагдсан. Сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах явдал гарсан гэх мэдэгдлүүдэд ажиглагчид сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байв.

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд холбогдсон.

Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад цагдан хорих байгууллагуудын хүнд нөхцөл; шүүхийн хараат бус байдалд заналхийлэх; нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалт эрүүгийн хуульд хэвээр байгаа; албан тушаалтнуудын авлигатай холбоотой ноцтой үйлдлүүд; лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс иргэдийн эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүд багтаж байна.

Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.

Нэгдүгээр хэсэг. Хүний эрх чөлөө халдашгүй дархан эрхийг хүндэтгэн доорх зөрчлөөс ангид байх:

А. ХҮНИЙ АМИЙГ БҮРЭЛГЭХ БОЛОН ХУУЛЬ БУС УЛС ТӨРИЙН ШИНЖТЭЙ АЛЛАГА 

Өнгөрсөн онд төрийн байгууллага болон албан тушаалтнаас хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг бүртгэгдээгүй. Аюулгүйн албадаас хүний амийг бүрэлгэсэн асуудлыг орон нутгийн цагдаагийн байгууллага эсвэл Авлигатай тэмцэх газар (АТГ) мөрдөн шалгадаг болно. АТГ нь ажил үүргээ гүйцэтгэж байх үед үйлдсэн гэмт хэргийг шалган мөрддөг.

Б.СУРАГГҮЙ АЛБА БОЛОХ

Хүн сураггүй алга болсон талаар төрийн эрх бүхий байгууллагууудаас болон тэдний өмнөөс мэдээлсэн тохиолдол бүртгэгдээгүй.

В. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ БОЛОН ХЭРЦГИЙ, ХҮМҮҮНЛЭГ БУСААР ХАНДАЖ ХАРЬЦАХ, НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААН ДОРОМЖЛОХ, ШИЙТГЭХ

Хуулиар эдгээр үйлдлийг хориглосон. Гэсэн хэдий ч Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон бусад төрийн бус байгууллагуудын (ТББ) мэдээлснээр ял эдэлж буй зарим хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсийг ялангуяа хэрэг хүлээлгэх үүднээс шаардлагагүй хүч хэрэглэх, хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь гутаан доромжлох, шийтгэх явдал гарч байна.

Эрүүдэн шүүсэн, хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүдийг орон нутгийн цагдаагийн байгууллага буюу Авлигатай тэмцэх газар (АТГ) хариуцдаг бөгөөд АТГ нь ерөнхийдөө албан үүргээ гүйцэтгэж байх үедээ холбогдсон гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаануудад хяналт тавина.

Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийг 1998 онд хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Ерөнхий прокурорын орлогч асан болон бусад долоон албан тушаалтанд 2017 онд уг хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх хэргийг Төв аймгийн шүүхээр долоодугаар сард хянан шийдвэрлэж тэдэнд нэгээс гурван жилийн хорих ял оноосон.

ХЭҮК, ТББ-ууд болон хүний эрхийн өмгөөлөгчдийн мэдээлснээр баривчлагдаж хоригдсон хүмүүсийг дарамтлах, айлган сүрдүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, хүмүүс зарим үед хоригдогсдын гэр бүлийг заналхийлэх, хоригдогсдыг удаа дараа шилжүүлэх, эсвэл тэднийг орон байр, гэр бүлээс нь хол хорих ангид байрлуулах зэргээр хууль эрх зүйн зөвлөгөө авах, гэр бүлийнхэнтэйгээ уулзахад хэцүү төвөгтэй болгож байжээ. Хүний эрхийн ТББ-ууд, өмгөөлөгчид эрүүдэн шүүх, хүчирхийлэлтэй холбоотой нотлох баримт цуглуулахад хүндрэл бэрхшээлтэй байдгийг мэдээлсэн. Жишээлбэл, ихэнх хорих анги, цагдан хорих байранд хоригдогсдын байцаалтыг хянах камерууд байдаг ч хүчирхийлэл үйлдэгдэх үеэр тэдгээр тоног төхөөрөмж нь ажиллагаагүй болсон гэж эрх бүхий байгууллагууд ихэвчлэн тайлагнаж байжээ.

Эрүүгийн хуульд зааснаар төрийн бүх албан тушаалтан бусдыг бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хүчирхийлэх зэргээр эрүү шүүлт тулгах, тарчилган зовоосон нь тогтоогдсон бол ял шийтгүүлдэг. Эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн ялын дээд хэмжээ нь таван жил хүртэл хугацаагаар хорих, хэрэв хохирогч эрүү шүүлтийн улмаас нас барсан бол бүх насаар нь хорих ял байдаг. Хэдийгээр албан тушаалтнууд санаатайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан тохиолдолд хариуцлага хүлээдэг боловч тухайн гэмт хэргээр яллах нь ховор. Хориглосон үйлдлүүд нь албан үүргээ гүйцэтгэх явцад дээд албан тушаалын ажилтны өгсөн тушаалын дагуу буюу энэ үйлдэл нь хуулиар хориотой гэдгийг мэдэхгүйгээр үйлдэгдсэн бол гэмт хэрэгт тооцогдохгүй гэж дээрх хуульд заасан байдаг. Өгсөн тушаал нь хууль бус гэдгийг мэдсээр байж гүйцэтгэсэн бол гэмт хэргийн хамсаатан хэмээн үзнэ. Хууль бус тушаал өгсөн этгээд нь учруулсан гэм хохиролдоо эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж хуульд заасан боловч ийнхүү яллах нь мөн ховор байна. ХЭҮК, прокурор, шүүгчдийн үзэж буйгаар Эрүүгийн хууль нь хүчээр гэм буруутай гэх мэдүүлэг өгөхийг албадсан гэж буруутгагдаж буй мөрдөн байцаагч, прокурор зэрэг эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлагаас мултрах боломжийг олгож байна. Түүнчлэн ХЭҮК-ын мэдээлснээр сэтгэл санаагаар тарчлаан зовоосон гэх гомдлуудыг зарим тохиолдолд нотлох баримт байхгүй, эсвэл гэмтлийн зэргийг тодорхойлох боломжгүй гэх шалтгаанаар эрх бүхий байгууллага, хүмүүс хэрэгсэхгүй болгожээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэгдүгээр сарын 10-ны өөрчлөлтөөр эрүүдэн шүүсэн тохиолдолд хохирогчид нөхөн олговор олгох заалтыг оруулж өгсөн бөгөөд сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдолд Иргэний хуулиар гомдлоо гаргах боломжийг нээсэн. Гэхдээ шүүх зөвхөн бие махбодид учруулсан хохиролд нөхөн олговор олгох талыг илүүтэй баримталдаг.

Есдүгээр сарын 1-ний байдлаар ЦЕГ-ын мэдээлснээр хууль сахиулах байгууллагын алба хаагчдаас үйлдэгдсэн найман хүчингийн хэргийг мөрдсөн ба түүний дотор цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч  байна.

Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн цагдаагийн хоёр албан хаагчдад 2019 оны арванхоёрдугаар сард шүүхээс гурван жилийн хорих ял оноосон талаар нэгдүгээр сард олон нийт их шуугисан. Оноосон ял нь холбогдох хуульд нийцээгүй буюу хүндрүүлэх нөхцөл байгаа тохиолдолд 9-15 жилийн хорих ял онооно гэж заасан байдаг.  Эдгээр үндэслэлүүдээс хоёр хүчин зүйл нь уг хэрэг дээр бүрдсэн буюу насанд хүрээгүй хохирогчдод хүч хэрэглэн хүчирхийлсэн ба үүний улмаас хохирогч жирэмсэн болсон.

Ял шийтгэлээс чөлөөлөгдөх явдал аюулгүй албадын хувьд ноцтой асуудал биш байв. ХЭҮК, өмгөөлөгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид болон ТББ-ынхан хууль сахиулах байгууллагынхны хариуцлагаас мултрах асуудалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсээр ирсэн ба 2014 онд татан буугдсан  Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин сэргээн байгуулахыг шаардсан. Тэдний мэдэгдэж байгаагаар аюулгүйн албад болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дотооддоо өөрсдөө явуулдаг бөгөөд шүүхээр эрүүгийн шийтгэл хүлээлгэхийн оронд хамгийн дээд шийтгэл нь ажлаас чөлөөлөх байдаг. Нэгдүгээр сарын 23-нд УИХ-аас хууль баталж хорих болон мөрдөн байцаах ажиллагаа явагдаж буй газруудад урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн шалгалт хийх эрх бүхий эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан комиссарыг бий болгосон. Гэвч санхүүжилт хомс байгаагаас шалтгаалан шинэ комиссарыг бүрэн утгаар нь дэмжиж чадаагүй хэмээн ХЭҮК мэдэгдсэн.

Засгийн газар эрүүдэн шүүлт болон бусад зүй бус харьцааны хохирогсдын эрхийг хамгаалж үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадаагүй хэмээн Эмнести Интернэшнл байгууллага өөрийн есдүгээр сарын тайландаа дурджээ.

ХОРИХ АНГИ БА УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВИЙН НӨХЦӨЛ

Хорих анги (шүүхээр шйитгэгдээд ялаа эдлэгсэд байрладаг), баривчлан саатуулах төв (хөнгөн гэмт хэрэг үйлдэгсэд байрладаг), урьдчилан хорих төвүүдийн (шүүх хурлаа хүлээгсэд байрладаг) нөхцөл байдал хорих ангийн тогтолцоонд хийгдэх хөрөнгө оруулалт хомс байгаагийн улмаас хүнд хэцүү хэвээр байна. Тодруулбал, эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл ахуй, ариун цэвэр, хоол хүнс хангалтгүй, дэд бүтэц муутай, аюулгүй байдал, хяналт дутмаг.

Биет нөхцөл байдал: Эрэгтэй хоригдлуудыг үйлдсэн гэмт хэргийн хүнд хөнгөнийг нь харгалзан тодорхой дэглэмд хамааруулж, зөвхөн тухайн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлдэг. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн нэг л хорих анги байдаг бөгөөд уг анги нь дэглэм тус бүрээр байрлуулах болон нялх хүүхэдтэй хоригдлууд тусдаа байртай. Урьдчилан хорих төвд саатуулагдаж буй этгээдүүдийг ял шийтгүүлсэн хоригдлуудаас тусад нь өөр байгууламжид байрлуулдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) харьяа 21 хорих анги, урьдчилан хорих 29 төвийн ачаалал ерөнхийдөө хэтрээгүй. Гэсэн хэдий ч ТББ-ууд, албаны хүмүүсийн мэдээлснээр хөдөө орон нутагт хуучин байранд үйл ажиллагаа явуулж буй урьдчилан хорих таван төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ, хувцас, ор дэрний хэрэгсэл, хоол хүнс, ундны усны хангамж дутмаг, халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, ариун цэврийн байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан орон байр хангалтгүй зэрэг асуудлууд байсаар байна. Цагдаагийн байгууллагын харьяа эрүүлжүүлэх төвүүдийн нөхцөл байдал ч тааруу байв.

ШШГЕГ-ын мэдээлснээр есдүгээр сарын 28-ны байдлаар хорих ангиудад гурван хүн, урьдчилан хорих төвд нэг хүн нас баржээ. ШШГЕГ-аас мэдээлснээр мөн хугацаанд сүрьеэ өвчний халдварын 13 тохиолдол илэрсэн байна. ТББ-уудын үзэж буйгаар засан хүмүүжүүлэх газрын албан хаагчид эмчилгээгүй болсон өвчтөнүүдийг нас барахаас нь өмнөхөн сулладаг нь хорих ангиудад нас барж буй хүмүүсийн тоог зарим талаар илт дарагдуулдаг гэжээ.

Захиргаа: Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ) хорих анги, баривчлан саатуулах төв, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдалд хяналт тавьдаг. УЕПГ болон ХЭҮК нь хорих анги, урьдчилан хорих төв, баривчлан саатуулах төв ба цагдаагийн харьяа эрүүлжүүлэх төвүүдэд төлөвлөгөөт, гэнэтийн болон санал гомдлын дагуу удаа дараа хяналт шалгалт хийсэн.

Бие даасан мониторинг: Эрх бүхий байгууллагаас хараат бус төрийн бус байгууллагуудын ажиглагчид болон ХЭҮК-ийг мониторинг хийх боломж олгосон ч ажиглагчдын очиж үзэх газруудад нэвтрэх боломжийг заримдаа хязгаарладаг.

Сайжралт: Багтаамжийг сааруулан ачааллыг багасгах зорилгоор ШШЕГ хоёрдугаар сард нэг шинэ урьдчилан хорих төвийг нээсэн. Ингэснээр насанд хүрээгүйчүүдийн хуучин хорихыг хэрэгт холбогдсон насанд хүрээгүйчүүдийг эргэн нийгэмшүүлэх байгууламж болгон өөрчилсөн.

Г.ДУР МЭДЭН БАРИВЧЛАН СААТУУЛАХ 

Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох ба баривчлах, саатуулах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шүүхээр шийдүүлэх эрхтэй гэж хуульд заасан. Төрийн ихэнх байгууллагууд дээрх шаардлагуудыг ерөнхийдөө дагаж мөрдсөн. Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) зарим үед сэжигтнээс мэдүүлэг авахаар тогтоолгүйгээр баривчлан саатуулсан тохиолдол гарсан боловч Эрүүгийн хуульд прокурор баривчлан саатуулах бүх ажиллагаанд хяналт тавина гэж заасан байна.

Зургаадугаар сарын 24-нд болсон УИХ-ын сонгуулийн өмнөх ба дараах долоо хоногуудад Засгийн газарт ажиллаж байсан буюу Засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий бизнес эрхлэгчид, түүний дотор УИХ-д нэр дэвшигч болон нэр дэвшихээр горилогч зургаан хүн, мөн нэг УИХ-ын гишүүн баривчлагдан саатуулагдаж, шүүгдэн, шүүхээр ял сонссон ба ихэнх нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан эсвэл авлигын хэрэг, эсвэл хоёуланд нь хэрэгт холбогдсон. Эдгээр яллагдагчдын зарим нь баривчлан саатуулсан, мөрдөн шалгасан цаг хугацааг сонгуультай холбоотой байсан гэж, зарим нь АТГ хэргийг мөрдөн шалгаж дууссан ч өөрсдийгөө улс төрийн бай болсон учир нэр дэвшигчээр бүртгүүлж сонгуулийн сурталчилгаа эхлүүлж чадаагүй, сонгогдсон бол УИХ-д суух байсан хэмээн үзсэн. Их хуралд нэр дэвшигчид болон нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан хүмүүс хуулиар хамгаалалтанд орж, халдашгүй эрх эдлэх хуулийн заалт байдгийг ч тэд дурдсан.

БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА, ЦАГДАН ХОРИГДОГСОДТОЙ ХАРЬЦАХ

Сэжигтнийг эрүүгийн хэргийн үндэслэлээр баривчлахын тулд нотлох баримтад суурилсан, прокурорын гарын үсэг бүхий тогтоол байх ёстой. Баривчилснаас хойш 24 цагийн дотор прокурор сэжигтнийг баривчлах үндэслэл, шалтгааныг дурдсан тогтоол үйлдэж шүүгчид танилцуулах ёстой бөгөөд шүүгч 48 цагийн дотор цагдан хорих хугацааг сунгах, эсвэл сэжигтнийг суллах эсэхийг шийдэх ёстой. Баривчлах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь сэжигтнийг баривчлагдсанаас хойш зургаан цагийн дотор ар гэрийнхэнд нь мэдэгдэх ёстой. Хуульд заасан дээрхэд үл хамаарах “хойшлуулшгүй нөхцөл байдал”-д цагдаа сэжигтнийг шууд баривчлахыг зөвшөөрдөг. Ийм үл хамаарах нөхцөл байдлын жишээнд хүн амины хэрэг, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулах, сэжигтэн оргон зугтахыг завдсан, нотлох баримтыг устгах магадлал үүсэх зэрэг нөхцөлүүд орно. Ийм тохиолдолд прокурор баривчлах тогтоолыг 24 цагийн дотор баталж, шүүгч баривчлах захирамжийг 48 цагийн дотор батлах ёстой. Баривчлагдсанаас хойш 72 цаг өнгөрч, шүүгч шийдвэр гаргаагүй бол цагдаа сэжигтнийг суллах ёстой. Суллагдах үед эрх бүхий албан тушаалтан сэжигтэнд баривчлан, цагдан хорьсон шалтгаанаа мэдэгдэх ёстой.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэгдүгээр сарын 10-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр батлан даалтаар гаргах боломжийг нээж өгсөн ба барьцааны мөнгөний хэмжээг үйлдсэн гэмт хэргийн ноцтой байдал болон яллагдагчийн хувийн нөхцөл байдлаас хамааран тогтоохоор зааж өгсөн. Барьцааны мөнгө тогтоон хураах журам хараахан батлагдан гараагүй боловч батлан даалтаар гаргах барьцааны мөнгийг олны анхаарлыг татсан дуулиант хэд хэдэн хэрэг дээр түүний дотор УИХ-д нэр дэвшигчидтэй холбоотой асуудал дээр УИХ-ын сонгуулийн өмнө ба сонгуулийн үед ашигласан. Зарим нэгэн сэжигтнүүдийн өмгөөлөгчид холбогдох журам нь гараагүй байхад батлан даалтаар гаргах барьцааны мөнгөний хэмжээг шүүх дур мэдэн тогтоож, зарим тохиолдолд хэтэрхий өндөр тогтоож байна хэмээн шүүмжилж байв.

Эрх бүхий байгууллагууд цагдан хоригдсон хүмүүст холбогдсон зүйл анги болон өмгөөлөгч авах эрхийнх нь талаар ерөнхийдөө даруй мэдэгдэж байв. Сэжигтнийг шүүгчийн захирамжаар урьдчилан саатуулж байцаах нийт хугацаа 18 сар байдаг. Цагдан хоригдогсод ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ шуурхай холбоо барих боломжтой байсан ч сэжигтнүүдийг байн байн шилжүүлэх, алс хөдөө орон нутагт буй урьдчилан хорих төвүүдэд саатуулах байдлаар дээрх эрхийг зөрчиж байв.

Цагдан хоригдсон этгээд урьдчилан хоригдох үедээ, ял шийтгүүлсний дараах үе зэрэг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Шүүгдэгч өөрийгөө хамгаалах чадваргүй бие махбодийн эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, монгол хэлээр ойлголцдоггүй, эсвэл бусад өмгөөлөгчид болон яллагдагчтай ашиг сонирхлын зөрчилтэй бол шүүхээс уг этгээдэд өмгөөлөгч томилж өгөх ёстой. Хуулиар төлбөрийн чадваргүй яллагдагчид түүний хүсэлтээр төрөөс өмгөөлөгч гаргаж өгнө. Цагдан хоригдогсод өмгөөлөгч авах эрхээ ерөнхийдөө мэддэг ч буруу ташаа ойлголтын улмаас уг эрхээ тэр бүр эдэлж чаддаггүй. Тухайлбал, албадан саатуулагдсан этгээд хэрэг хянан шалгагдах ажиллагаа эхлэнгүүт өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ тэр болгон мэддэггүйн улмаас шүүхийн шатанд хэрэг хэлэлцэх хүртэл эрхээ эдэлдэггүй.

Хууль бус баривчилгаа: ХЭҮК нь аравдугаар сарын 7-ны байдлаар хууль бусаар баривчилсан, дур мэдэн албадан саатуулсан, хугацаа хэтрүүлэн хорьсон гэх 70 гомдол хүлээн авсан бөгөөд хууль бусаар баривчилсан гэх 6 гомдол, дур мэдэн албадан саатуулсан 14 гомдлыг прокурорын газарт гаргасан байна. Тэдний мэдээлснээр мөрдөн байцаалт явуулах эрх бүхий газраас сэжигтнүүдийг мөрдөн шалгахдаа заримдаа шүүгчийн захирамжгүйгээр, зарим тохиолдолд нууцаар саатуулсан төдийгүй цагдаа сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа батлан даалтад өгөх, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад харгалзан хянуулах зэрэг өөр бусад боломжууд байсаар атал юун түрүүнд баривчлан саатуулахыг урьтал болгодог байна. Хувийн батлан даалтаар ар гэр, хамаатан садан нь сэжигтнээр тооцогдож буй хүнээ батлан даалтаар авч болдог.

Баривчлан саатуулалт хууль бус эсэхийг шүүхээр шийдүүлэх боломж: УИХ-ын сонгуульд нэр дэвшигч болон нэр дэвших магадлалтай наад зах нь хоёр хүн баривчлан саатуулагдсанаа хууль ёсны байсан эсэхийг даваж заалдах гэсэн боловч татгалзсан хариу авсан хэмээн гомдол гаргасан.

Д. НЭЭЛТТЭЙ, ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХ ЗӨРЧИГДӨХ 

Үндсэн хууль болон холбогдох хуулиар шүүх эрх мэдэл хараат бус байна гэж заасан боловч шүүхийн авлига, гуравдагч этгээдийн нөлөөлөл хэвээр байна гэж ТББ-ууд, хувийн хэвшлийнхэн мэдээлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд гэм буруутайг нотлох баттай баримт тогтоогдохгүй байсаар байтал шүүх прокурорын эсэргүүцлийг сөрөн, гэм буруугүйд үзэх, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах нь ховор байна. Хэрэгсэхгүй болговол зохих эрүүгийн хэргүүдийг шүүхээс прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан. Үүний уршгаар эрүүгийн зарим ноцтой хэргүүд шийдвэрлэгдэхгүй прокурор, шүүхийн хооронд явсаар хэдэн жилээр сунжирдаг.

Шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулсан 2019 оны гуравдугаар сард баталсан хуулиудын дараа шүүх эрх мэдлийн хараат бус байдалд ноцтой асуудал үүссэн. Эдгээр өөрчлөлтөөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нараас бүрдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн  шүүгчдийг түтгэлзүүлэх, ерөнхий прокурор болон ерөнхий прокурорын орлогчийг чөлөөлөх, УИХ-аар хэлэлцүүлэн АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг албанаас нь чөлөөлөх эрх мэдлийг олгосон. Дээрх өөрчлөлтүүдээр 2019 онд түтгэлзүүлсэн 17 шүүгчийн зургааг нь албан тушаалд нь эргүүлэн ажиллуулж үлдсэн нь шалгагдсаар байна. Албан тушаалаас нь түтгэлзүүлсэн хоёр шүүгчийг Дээд шүүхээс гэм буруугүй хэмээн үзсэн боловч арванхоёрдугаар сарын байдлаар албан тушаалд нь эргэн томилоогүй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн захиргааныхны мэдэгдсэнээр шүүх хурлын танхимууд өнөөгийн шаардлагад нийцэхгүй, хуучирсан ба санхүүжилт хангалтгүй байгаа тул шүүхийн ажиллагаанд нөлөөлж байна. Санхүүжилтгүйн улмаас ойролцоогоор 200 шүүгчийн орон тоо дутуу байна.

Хуулиар төрийн нууц, насанд хүрээгүй яллагдагч, насанд хүрээгүй хохирочтой хэргүүдээс бусад хэргүүдийг шүүхээр хэлэлцэхдээ олон нийт болон хэвлэл мэдээлэлд нээлттэй явуулна гэж заасан. Гэвч хэд хэдэн тохиолдолд шүүх ажиллагааг олон нийт болон хэвлэл мэдээлэлд нээлттэй явуулах яллагдагчдын хүсэлтэд шүүх хурлын байрны багтаамж бага эсвэл Ковид-19-тэй холбоотойгоор хүн хоорондын зай барих шаардлагыг хангах гэсэн хоёр шалтгаанаар хамтад нь татгалзсан хариу өгсөн. Ийм тохиолдолд шүүхүүд тухайн хэргийн шүүн хэлэлцэх ажиллагааны нээлт болон хаалтын ажиллагаанд тодорхой тооны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцохыг ерөнхийдөө зөвшөөрч байсан.

ШҮҮХЭЭР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА 

Хуульд зааснаар хүн бүр шударга, нээлттэй шүүхээр хуульд заасан хугацаанд хэргээ шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд шүүх энэ эрхийг ерөнхийд нь хэрэгжүүлсэн.

Шүүгдэгч гэм буруутайг нь шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүйд тооцогдох бөгөөд ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, шударга, нээлттэй шүүхээр хуульд заасан хугацаанд шүүлгэх эрхтэй. Шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдож, шүүгдэгчээс төлбөрийг гаргуулахаар шүүх шийдээгүй л бол, дохионы хэлний хэлмэрч гаргаж өгөх зэргээр хэлмэрчлэх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Шүүгдэгч анхан шатны шүүхээр хэрэг нь хянан шийдвэрлэгдэх хуралд биечлэн оролцох (гэвч энэ нь давж заалдах шүүхэд хамаарахгүй); өөрийн сонгосон (эсвэл улсаас гаргаж өгсөн) өмгөөлөгчтэйгөө харьцах; өмгөөллөө хүлээн авах, бэлдэх хангалттай хугацаатай байх; гэрчтэй нүүрэлдэх; өөрийн гэрчийг дуудаж оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх; хүчээр мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруу хүлээхээр албадуулахгүй байх, давж заалдах зэрэг эрхтэй. ТББ-ууд, ажиглагчдын мэдээлснээр зарим тохиолдолд эрх бүхий байгууллагууд эдгээр эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд шүүгч, прокурор болон шинжээч, гэрчүүдэд авлига өгөх, танил талаа харах замаар үндэслэлгүй ял оноох, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн ялын хэмжээг бууруулах тохиолдлууд гарчээ.

Процедурын явцад алдаа гарах, хуулийн уялдаа холбоо муу байгаа нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ихэвчлэн нөлөөлдөг. Улсын өмгөөлөгчдийн тоо хангалттай байдаг боловч улсаас өмгөөлөгч гаргаж өгөх нөхцөл байдал хязгаармагдмал. Гэхдээ эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд бус байдаг тул олон шүүгдэгч хууль зүйн туслалцаа авах эрхээ хангалттай эдэлж чадахгүй байв. Шүүгчид хэрэг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримт гэхээсээ хэргээ хүлээсэн эсэхэд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн алба хаагч, эрх мэдэлтнүүд, цагдаа, хууль сахиулах албаныхан гэрчийг сүрдүүлдэг, шүүх хуралд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал, шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус, улмаар шинэ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрхэн үйлчлэх талаарх мэдлэг ойлголт дутмаг байгаад ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байна.

УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БА ЦАГДАН ХОРИГДОГЧ

Улс төрийн хэргээр хоригдсон хоригдол, цагдан хоригдогч албан ёсоор бүртгэгдээгүй.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭЭР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА БА ХОХИРОЛ БАРАГДУУЛАЛТ

Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх арга замаар барагдуулдаг. Засгийн газраас хүний эрхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх тохиолдол заримдаа гардаг.

ӨМЧ ХӨРӨНГИЙН НӨХӨН ТӨЛБӨР 

ТББ-уудын мэдээлснээр хувийн болон төрийн өмчит уул уурхайн компаниуд уламжлалт бэлчээрийн газар нутгийг ашиглахад саад болж буйг малчид мэдэгдэж байжээ. Зарим малчид өөрсдийнх нь ашиглаж байсан бэлчээр нутгаас тэднийг хүчээр нүүлгэж, уул уурхайн компаниуд худаг ус ашиглахыг нь хүртэл хорьж байсныг хэлжээ.

Е. ХУВИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ, ОРОН БАЙРНЫ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, ЗАХИДАЛ ХАРИЛЦААНЫ НУУЦАД ХУУЛЬ БУСААР ХӨНДЛӨНГӨӨС ДУР МЭДЭН ОРОЛЦОХ

Хуулиар эдгээр үйлдлийг хориглодог бөгөөд төр засгийн зүгээс эдгээр хориог зөрчсөн гэх мэдээ гараагүй.

2 дугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх. Үүнд:

А. ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ 

Хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар заасан. Төр засгийн зүгээс энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэсэн боловч агуулгын хязгаарлалт тавих, тусгай зөвшөөрөл олгох зэргээр зарим асуудал үүссэний сацуу сэтгүүлчдийг дарамталсан хэргүүд гарсан.

Хэвлэл, мэдээлэл болон цахим мэдээллийн эрх чөлөө: Ковид-19 цар тахалтай тэмцэх арга хэмжээний талаарх дөрөвдүгээр сард баталсан хуульд цар тахлын талаарх худал мэдээлэл тараасан нь тогтоогдсон хувь хүн болон хууль зүйн этгээдэд торгууль ноогдуулахаар заасан.  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар дагнан ажилладаг дотоодын ТББ болох Глоб интернэшнл төвийн мэдээлснээр уг хууль нь тухайн редакцийн нийтлэл ташаа буюу худал мэдээлэл агуулж буй эсэхийг эхлээд цагдаагийн байгууллага тогтоохоор зохицуулжээ.

Глоб интернэшнл төвийн (ГИТ) мэдээлснээр цагдаа, улс төрчид, томоохон бизнесийн байгууллагуудын зүгээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамталсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, улс төрийн харьяалал олон нийтэд ил тод биш бөгөөд ГИТ-ийн 2018-2019 онд явуулсан судалгаагаар 10 сэтгүүлчийн долоо нь ажиллах хугацаандаа дор хаяж нэг удаа төрийн албан хаагчид хуулиар олон нийтэд нээлттэй байх ёстой асуудлаар мэдээлэл авах хүсэлтэд нь хариу өгөөгүй гэж мэдээлсэн байна. ГИТ-өөс 2019 онд 300 сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаагаар 51 хувь нь ажиллах хугацаандаа дор хаяж нэг удаа нууц мэдээллийн эх сурвалжтай холбоотой ямар нэг хэлбэрийн аюул заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэжээ.

Хуулиар тухайн хувь хүнтэй холбоотой ноцтой баримт, мэдээллийг нуун дарагдуулах зорилгоор хүч хэрэглэхээр сүрдүүлсэн, хээл хахууль өгөхийг завдсан, өөр бусад аргаар айлган сүрдүүлсэн бол хэвлэл мэдээллийн байгууллага гомдол гаргах эрхтэй гэж заасан. Ийм тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь сүрдүүлсэн этгээдийн эсрэг эрүүгийн, эсвэл иргэний гомдол мэдүүлж болно. Гэм буруутай нь тогтоогдвол, тухайн этгээдийг торгох, нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэгээс зургаан сар хүртэл хорих ялаар шийтгэнэ.

Хүчирхийлэл, дарамт шахалт: Зарим сэтгүүлчид цагдаагийн албан хаагчдын хүчирхийлэл, дарамт шахалт, сүрдүүлэгт өртсөн гэж мэдээлжээ. Жишээлбэл, ГИТ ТТБ-ын хийсэн нэг судалгаанд сэтгүүлчдийн 67 хувь нь ажиллах хугацаандаа дор хаяж нэг удаа мэдээлэх, сурвалжлахтай холбоотойгоор ямар нэг хэлбэрийн аюул заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэжээ. Хөвсгөл аймгийн цагдаа өөр нэгэн сэтгүүлч эмэгтэйгээс телевизээр гуравдугаар сард бэлтгэн гаргасан эрэн сурвалжлах нэвтрүүлгийн эх сурвалжаа ил гаргахыг шаардаж шахалт үзүүлсэн талаар ГИТ мөн тэмдэглэн хэлсэн байна.

Цензур, нэвтрүүлгийн агуулгыг хязгаарлах: Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос гаргаж буй журам зохицуулалтуудаар дижитал болон телевиз, радиогийн нэвтрүүлгийн агуулгад, тухайлбал илт хүчирхийллийг хориглох зэрэг ерөнхий нөхцөлөөр хориг хязгаарлалт тавьдаг. Телевиз, радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл өгөх чиг үүрэг бүхий ХХЗХ-ны дарга болон гишүүдийг олон нийттэй зөвшилцөхгүйгээр засгийн газраас томилдог. Энэ томилгоо, дээрээс нь тусгай зөвшөөрөл олгох, тендер сонгон шалгаруулах үйл явц ил тод бус байдгаас радио давтамжийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг шударгаар үзүүлэх боломжийг хязгаарлаж, улс төрд танил талтай хүмүүст давуу тал олгож байна. Энэ байдал нь сэтгүүлчид өөртөө цензур тогтооход хүргэж байна.

Нэгдүгээр сард Эрүүгийн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр зөрчлийн хуулиар зохицуулагдаж байсан “илт хуурамч мэдээлэл тарааж хүний нэр хүнд, нэр төр, хуулийн этгээдийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах” (гүтгэх доромжлох гэсэн хэргээс ялгаатай) гэсэн заалтыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болж торгууль ноогдуулах, 240-270 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг нэгээс гурван сараар хасах буюу дээрх шийтгэлийг хослуулан хэрэглэхээр заасан байна.

Зарим нэгэн засгийн газрын эрх бүхий байгуулагууд гүтгэх, доромжлох бүхий л тохиолдлуудыг гэмт хэрэг болгохоор эрмэлзэж байгаад ГИТ байгууллага сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн. Улаанбаатараас гадна ажилладаг хэд хэдэн сурвалжлагчдын мэдээллийг хаахыг оролдон хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж улс төрчдийн зүгээс тогтмол айлган сүрдүүлжээ.

ИНТЕРНЕТИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

Хуульд зааснаар хувь хүмүүс болон бүлэг, хамт олон интернетээр үзэл бодлоо тайван илэрхийлж болно. Төрийн эрх бүхий байгууллагаас хаагдсан вэбсайтуудын жагсаалтыг гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх сайтуудыг уг жагсаалтад нэмж бүртгэсний дотор оюуны өмчтэй холбоотой сайтуудыг ч оруулсан. Шинээр хаагдсан вэб хуудаснуудын тоон мэдээлэл алга байна.

Ямар агуулга буюу контентыг зохисгүй гэж үзэж хориглох талаар журамд нарийвчлан тодорхойлоогүйгээс зохисгүй контентын хязгаарлалтыг өргөн хүрээнд тавьсан байна. Уг журамд заасны дагуу ачаалал ихтэй вэбсайтуудыг шүүлтүүрийн програм хангамж ашиглахыг шаардаж байгаа нь сэтгэгдэл үлдээсэн, мэдээллийг хуваалцсан хүмүүсийн интернет протокол хаягийг нийтэд дэлгэж байна.

Есдүгээр сард ЦЕГ үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй хуурамч мэдээлэлтэй тэмцэх, олон нийтийг буруу ташаа мэдээллээс хамгаалах зорилгоор тусгай нэгж байгуулсан. Энэ нэгж нь гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл түгээх, бусдыг садар самуунд уруу татсан контент, мөрийтөй тоглоомыг зохион байгуулсан контент зэрэг бусад “эрүүгийн шинжтэй” аливаа нэгэн мэдээллийг мөрдөн шалгаж, нийгмийн сүлжээнээс усгах эрхтэй. Олон нийтийн зарим төлөөлөл, иргэний нийгмийнхэн үүнийг засгийн газар хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нухчин дарахаар оролдож байна хэмээн шүүмжилсэн.

Хөвсгөл аймгийн нэг иргэн хоёрдугаар сард эрүүгийн чанартай хуурамч мэдээлэл тараасан хэргээр 550,000 төгрөгөөр (193 ам.доллар) төргуулжээ. Тэрээр цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн орон нутгийн цагдааг өөрийн нүүр хуудсандаа шүүмжилсэн байна.

БОЛОВСРОЛЫН ЭРХ ЧӨЛӨӨ БА СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ 

Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас авсан арга хэмжээнээс өөр боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээнд төрөөс хязгаарлалт хийгээгүй.

Б. ТАЙВАН ЗАМААР ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ, ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ ЧӨЛӨӨ 

Хуульд тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүн хоорондын зай барих журамыг баримтлах зорилгоор шаардлагатай зохицуулалтыг хийснээс болж зарим бүлэг хүмүүс эдгээр хязгаарлалтуудын талаар гомдлоо илэрхийлж байсан.

В.ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨ

Холбогдох мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэлээс https://www.state.gov/religiousfreedomreport/ хаягаар орж үзнэ үү.

Г. ШИЛЖИН СУУРЬШИХ ЭРХ ЧӨЛӨӨ

Хуульд иргэд улсынхаа нутаг дэвсгэр дээр чөлөөтэй зорчих, гадаад улсад явах, цагаачлах, эх орондоо буцаж ирэх эрхтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.

Гадаадад зорчих: Шүүх УЕПГ-ын хүсэлтээр гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсон этгээдийг оргон зугтахаас сэргийлж хилээр гарахад нь хориг тавих эрхтэй. Уг хуулийн дагуу тухайн этгээдэд хориг тавьсан тухай мэдэгдлийг цаг тухайд нь хүргэх ёстой. Хилийн хориг тавигдсан иргэдийг хориг тавихад хүргэсэн хэрэг маргааныг захиргааны журмаар, эсвэл шүүхээр шийдвэрлэхээс нааш гадаадад зорчихыг зөвшөөрдөггүй бөгөөд уг хориг хэдэн жилээр ч үргэлжилж болно. Ковид-19 цар тахлаас улбаалан улсаас явах, ирэх арилжааны нислэгүүдийг төрөөс зогсоож, газраар хил нэвтрэх зорчигчдын хөдөлгөөнийг хаасан. Монгол Улсын иргэдийг гадаадаас эх оронд нь авчрах засгийн газраас зохион байгуулсан тусгай үүргийн нислэгүүдэд Монгол Улсаас явахыг хүссэн иргэдэд суудал олдож байсан.

Д. ДОТООДДОО ШИЛЖИН СУУРЬШИХЫГ ХОРИГЛОСОН ИРГЭДИЙН СТАТУС БА ТЭДЭНТЭЙ ХАРЬЦАХ НЬ

Хамаарахгүй.

Е. ДҮРВЭГСДИЙГ ХАМГААЛАХ

Орогнол олгох: Хуулиар орогнол олгохыг зөвшөөрдөг бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх хугацаанд Засгийн газар Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдэд хязгаарлагдмал хүрээнд хамгаалалт үзүүлсэн. Хуулиар тус улсаас албадан гаргах үндэслэлийг тодорхой заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй орогнол хүсэгчдийг албадан гаргах эрх мэдлийг Гадаадын иргэн, харьяатын газар (тус улсын цагаачлалын алба) хэрэгжүүлдэг.

Хөдөлмөр эрхлэлт: Хуулиар дүрвэгсэд болон орогнол хүсэгчдэд тухайлсан эрх зүйн статус олгодоггүй, тэднийг хууль бус цагаач гэж үздэг тул хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодоггүй.

Үндсэн үйлчилгээ авах эрх: Хуулиар дүрвэгсдийн статус олгодоггүй тул орогнол хүсэгчид ерөнхийдөө төрөөс үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол зэрэг суурь үйлчилгээг авах боломжгүй. Дүрвэгсэд, орогнол хүсэгчид нь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссариатын дэмжлэгтэйгээр хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.

Гуравдугаар хэсэг. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх

Хуулиар иргэд засгийн газраа сонгох ээлжит чөлөөт, шударга сонгуульд бүх нийтийн, тэгш эрхийн үндсэн дээр нууц санал хураалтаар оролцох эрхээ эдэлдэг.

СОНГУУЛЬ БА УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО 

Хамгийн сүүлд болж өнгөрсөн сонгууль: УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 24-нд болсон. Ковид-19 цар тахалтай холбоотой хилийн хорио болон хорио цээрийн дэглэмээс үүдэн олон улсын ажиглагчид сонгуулийн мониторинг хийж чадаагүй. Гэсэн хэдий ч сонгууль журмын дагуу үр дүнтэй зохион байгуулагдаж, хүн хоорондын зайг баримтлан явагдсан гэдэгт ТББ-ууд, хэвлэл мэдээллийнхан болон бусад ажиглагчид санал нэгтэй байв. Гурван долоон хоногт багтаасан сонгуулийн сурталчилгаа нь нэр дэвшигчдийн нэр, мөрийн хөтөлбөрийн самбаруудыг тойрогтоо байрлуулах хангалттай цаг хугацаа өгөөгүй тул тэгш боломж олгоогүй хэмээн зарим сөрөг намынхан, эвсэл, бие даагчид гомдол гаргасан.

Гадаадад оршин суугаа иргэд зургаадугаар сарын сонгуульд санал өгөх боломжгүй болсон. Гадаадаас ирсэн хоёр мянга гаруй иргэд улсаас гаргасан тусгаарлах байр болон гэртээ тусгаарлагдсанаас гадна үүн дээр мөн тэдэнд үйлчлэн харгалзаж байсан эмнэлгийн ажилтнууд болон аюулгүй байдлын алба хаагчид нэмэгдсэн. Сонгуулийн ерөнхий хорооны мэдэгдсэнээр сонгуулийн ажилтнуудыг хамгаалах шаардлагаас гадна карантин буюу тусгаарлалтанд байгаа иргэдээс санал авахад тохирохуйц байр байгууламж байхгүй байв.

Эмэгтэйчүүд болон цөөнхийн оролцоо: Улс төрийн үйл явцад эмэгтэйчүүд, цөөнхийн төлөөлөл оролцох оролцоог хязгаарласан хууль тогтоомж байхгүй бөгөөд эдгээр хүмүүс улс төрийн үйл ажиллагаанд оролцсон. Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслээс орон нутгийн болон үндэсний хэмжээний улс төрийн албанд томилогдох нэр дэвшигчдийн дор хаяж 20 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Улс төрийн намууд ерөнхийдөө энэ шаардлагыг биелүүлсэн. Жишээлбэл, УИХ-ын зургаадугаар сарын сонгуулийн үед төрөл бүрийн улс төрийн намууд болон эвслүүдээс нэр дэмшигчдийн ойролцоогоор 25 хувь нь эмэгтэйчүүд байсан. Сонгуулийн тойрогт очиж саналаа өгсөн эмэгтэйчүүдийн тоо эрэгтэй сонгогчдоос 11 хувиар илүү байсан байна.

Дөрөвдүгээр хэсэг. Авлига ба төрийн үйл ажиллагаанд ил тод байдал дутагдах

Авлига төр засгийн бүх түвшинд өргөн хүрээг хамарсан хэвээр байна. Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг улс төржүүлж байгаа нь авлигатай үр дүнтэй тэмцэхэд саад тотгор учруулсаар байна. Албан тушаалтан авлига авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан ч төр засгаас уг хуулийг тэр бүр үр дүнтэй хэрэгжүүлдэггүй тул авлига бүх түвшинд байсаар байна. Авлигын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон зарим албан тушаалтан ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Засгийн газар 2016 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зургаан жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлсэн. Эрүүгийн хуульд нийтийн алба хаагчид, төрийн эрх бүхий албан тушаалтнуудын авлига болон хээл хахуультай холбоотой хэргүүдэд хариуцлага хүлээлгэхээр заасан. Тухайлбал, тус хуулиар авлигын хэргээр шийтгүүлсэн этгээд цаашид нийтийн албанд ажиллахгүй гэж заажээ.

Авлига: Тухайн жилд УИХ-ын таван гишүүн асан үүний дотор засгийн газрын гишүүн, сайд асан болон хоёр ерөнхий сайд асан нарыг эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын хэргүүдэд холбогдсон хэргээр АТГ-аас мөрдөн шалгасан. Тэдэнд хоёроос арван жилийн хорих ял оноож, нийтийн алба хаших эрхийг нь хасчээ.

Хөрөнгө орлогын мэдүүлэг: Нийтийн албанд томилогдогчид болон сонгогдсон албан тушаалтнууд, тэдгээрийн эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхэд, цуг амьдардаг ах, эгч, дүү нараас хөрөнгө орлогын мэдүүлэг авахыг хуульчилсан. Уг хууль нь төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар төрийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулах зорилготой. Уг хуулиар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгнө гэж заасан.

Нийтийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн албан тушаалд томилогдсон, эсвэл сонгогдсоноос хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүр шинэчлэн АТГ-т гаргаж өгөх үүрэгтэй. Уг хуульд зааснаар дээрх мэдүүлэг нь олон нийт үзэхэд нээлттэй байх ба зөрчил гаргасан тохиолдолд захиргааны болон сахилгын шийтгэл оногдуулахаар заажээ. Зөрчил гаргасан албан хаагчид сануулга өгөх, цалинг нь бууруулах, эсвэл албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авч болно. АТГ нь төрийн алба хаагчид, тэдгээрийн дотор цагдаагийн алба хаагч, цэргийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах үүрэгтэй. Есдүгээр сарын байдлаар АТГ-аас одоогоор ажил үүргээ гүйцэтгэж байгаа 35,832 төрийн алба хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгосон.

Улсын төсвийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтнууд нь яам, агентлагийн албан ёсны цахим хуудаснаа төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнаж, аудитын үр дүнг мэдээлэх ёстой. Нэг сая төгрөгөөс дээш дүнтэй ($350) бүх гүйлгээг тайлarнах үүрэгтэй. Төсөв, зээл болон бондтой холбоотой төлөвлөлт, тодотголыг хянан шалгуулахаар Сангийн яаманд бүртгүүлэх бөгөөд энэ нь тухайн албан тушаалтан ажил үүргээ хүлээлгэж өгсний дараа ч хамааралтай.

Тавдугаар хэсэг. Хүний эрхийн зөрчлийг шалгадаг олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагуудад хандах төрийн хандлага 

Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон байгууллага ерөнхийдөө төр засгийн ямар нэг саад хязгаарлалтгүйгээр хүний эрхтэй холбоотой хэргүүдийг судлан, үр дүнг нь мэдээлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулсан. Эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнууд зарим тохиолдолд эдгээр байгууллагатай хамтран, үзэл санааг нь дэмжин ажиллажээ.

Эмнести интернэшнл байгууллагад хүний эрхийн байгууллагуудыг ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, дарамтлах, цагдаагийн ажилтнуудын зүгээс айлган сүрдүүлж, гутаан доромжилсон тухай мэдээллүүд иржээ. Засгийн газрыг дэмжигчдийн зүгээс заримдаа тэдгээр ТББ-ыг “зохисгүй этгээдүүд”, “будлиан таригчид”, “гадаадын тагнуул”, эсвэл “төрийг эсэргүүцэгчид” гэх мэтээр тодорхойлдог ажээ.

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд: ХЭҮК нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогод өөрчлөлт оруулахаар санал гаргах, хянах, хүний эрхийн ТББ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулах үүрэгтэй. ХЭҮК-ын таван гишүүн нь сонгон шалгаруулалтаар сонгогдож, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилогдоно. Албаны хүмүүсийн мэдээлснээр төрөөс ХЭҮК-т хуваарилсан төсөв хангалтгүй хэвээр байгаа бөгөөд хяналт шалгалт явуулах, сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа нь бүхэлдээ гадаад санхүүжилтийн эх үүсвэрээс хамааралтай. ХЭҮК-оос ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнхийн эрх гэх мэт улс төрийн маргаантай хүний эрхийн асуудлуудыг байнга дэмжсээр иржээ.

Хүний эрхийн асуудлуудыг харилцан хэлэлцэх талаар төр засаг, иргэний нийгмийнхан зарим талаар хамтран ажилласан.

Зургаадугаар хэсэг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус харьцаа, хүний наймаа 

 

ЭМЭГТЭЙЧҮҮД

 

Хүчин болон гэр бүлийн хүчирхийлэл: Эрүүгийн хуульд зааснаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эрх мэдлийн байр сууриа ашиглах (санхүүгийн болон албаны), хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг ашиглах, эсвэл сэтгэцийн өвчний улмаас гэмт үйлдлийн хохирогч болсон, түр хугацаагаар сэтгэх чадваргүй болсон, мансууруулах бодис, согтууруулах ундааны нөлөөнд байхад хурьцал үйлдсэн бол нөхцөл байдлыг харгалзан нэгээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулиар эхнэр/нөхрөө хүчирхийлэх хэргийг гэмт хэрэгт тооцдог. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд хүчирхийлэл үйлдэгчдийг захиргааны болон эрүүгийн хуулийн аль алиных нь дагуу шийтгэж, эрүүгийн хэрэгт хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял өгдөг болсон. Төр засгаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээллийн нэгдсэн санг үндэсний хэмжээнд хөтөлж, хоёр дахь удаагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд автоматаар эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) ТББ-ын мэдээлснээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын гомдлыг хүлээн авах цагдаагийн байгууллагын хариу арга хэмжээ сайжирсан байна. Хуульд хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах бусад хувилбарт арга хэмжээнүүдийг зааж өгсөн боловч сургалт, техник хэрэгсэл болон бусад нөөц бололцоо дутмаг байгаагаас хараахан авч хэрэгжүүлээгүй байна.

Анхаарал хандуулсаар байгаа хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл нь ноцтой бөгөөд өргөн хүрээтэй тархсан асуудал хэвээр байна. ХЭҮТ-ийн мэдээлснээр гуравдагч этгээдээс гэр бүлийн хүчирхийллийг цагдаад мэдээлэх явдал нэмэгдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг Хууль сахиулахын их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын төлөвлөгөөнд болон цагдаагийн нийт алба хаагчдын ажил үүргийн хуваарьт тусгаж өгчээ.

ЦЕГ-ын мэдээлснээр аравдугаар сарын 1-ний байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 31,043 гомдол бүртгэгдсэн байна. ХЭҮТ-ийн мэдээгээр эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн ноцтой хэргүүдийн тоо 1,4 хувиар, хөнгөн гэмт хэрэг 36,8 хувиар тус тус өссөн байна. Энэ өсөлтийг тэд Ковид-19 цар тахлын улмаас сургуулиуд хаагдаж, хөдөлгөөнд хязгаарлалт тавьсантай холбон үзэж байна. 2019 оны мөн үеийнхтэй харьцуулбал ХЭҮТ-ийн хамгаалах байраар үйлчлүүлэх хүсэлт 20 хувиар, шуурхай утасны дуудлага 36,8 хувиар тус тус өсчээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээгээр Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хөдөлгөөний хязгаарлалтын үед гэр бүлийн хүчирхийллийн хөнгөн хэрэг зөрчил 99 хувиар өссөн байна.

ХЭҮТ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, дохионы хэлний орчуулагчдыг татан оролцуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж, барилга байгууламжид засвар хийн тэргэнцэртэй иргэд болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байна.

ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгжийг нэгдүгээр сард байгуулжээ. ЦЕГ-ын мэдээлснээр цагдаа, төрөл бүрийн ТББ, орон нутгийн захиргаа, эмнэлгүүдийн ажиллуулдаг гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдад зориулсан 18 хамгаалах байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Эдгээр хамгаалах байрууд нь ХЭҮТ-өөс боловсруулсан үйл ажиллагааны стандарт журмыг мөрддөг байна. Гол төлөв эмнэлгүүдийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогчдыг 72 цаг хүртэл хугацаагаар байлгадаг. Хөдөө орон нутагт хамгаалах байрны тоо харьцангуй цөөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүсийн хувьд хүндрэл бэрхшээл болж байна.

Ковид-19 цар тахал жендерт суурилсан хүчирхийлэлд хэрхэн нөлөөлсөн талаарх Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гол шалтгаан нь цар тахлын улмаас учирсан нийгэм, эдийн засгийн стресс, бухимдал гэж тогтоожээ.

Бэлгийн дарамт: Эрүүгийн хуульд бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдоггүй. ТББ-уудын хэлснээр зүй бусаар биеэ авч явах гэж юуг хэлэх талаар мэдлэг, нэгдсэн ойлголт байхгүй учраас уг асуудлын зааг хязгаарыг тогтооход бэрхшээл үүсэж байна. Есдүгээр сарын 1-ний байдлаар ХЭҮК-т бэлгийн дарамт шахалттай холбоотой нэг гомдол ирснийг прокурорт шилжүүлсэн нь хэрэгсэхгүй болжээ. Гомдол хүлээн авсны дараа ХЭҮК нь шалгалт явуулж, улмаар ажил олгогч руу нь тухайн хэрэгт буруутгагдаж буй этгээдэд захиргааны шийтгэл ноогдуулахыг санал болгосон захидал илгээж болдог.

Хүн амын өсөлтийг албадан хянах: Үр хөндөлт, үргүйдлийг төрийн байгууллагуудаас албадсан тохиолдол гараагүй.

Ялгаварлан гадуурхах: Хуулиар эмэгтэй, эрэгтэй хүмүүс хууль эрх зүйн хувьд ижил статус, ижил эрхтэй байхын зэрэгцээ ижил хөдөлмөрт адил цалин хөлс авах, боловсрол эзэмшихэд ч тэгш эрхтэй байна гэж заасан. Эдгээр эрх нь ерөнхийдөө хангагддаг ч эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх дээр ялгаварлан гадуурхалд өртдөг. Есдүгээр сарын 7-ны байдлаар ХЭҮК-т ялгаварлан гадуурхагдсан гэх есөн гомдол ирсэн ба эдгээрийн тав нь нийгмийн байдал, гурав нь хөгжлийн бэрхшээл, нэг нь бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхсан гэжээ.

Хуульд төрийн байгууллага, улс төрийн намуудад эмэгтэйчүүдийг оролцуулах албан ёсны квот тогтоож өгсөн. Мөн хуулиар нас, хүйс, гадаад төрхөөр ялгаварлан гадуурхахыг хориглодог боловч төрийн байгууллагууд энэ заалтыг хэрэгжүүлээгүй гэж зарим ТББ-ууд тэмдэглэжээ. Хуульд төрийн албаны улс төрийн албан тушаалд томилогдогсдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь засгийн газар, аймаг, нийслэлд 15-аас доошгүй хувь, дүүрэгт 20 хувь, хороо, суманд 30 хувь байхаар тус тус заасан. Түүнчлэн улс төрийн намын удирдах албан тушаалтны 25 хувиас доошгүй хувийг эмэгтэйчүүд төлөөлөх ёстой гэж хуулинд заасан байдаг. Зургаадугаар сарын УИХ-ын сонгуулийн дараа эмэгтэйчүүдийн төлөөлөл ялимгүй  өссөн боловч Засгийн газрын хэмжээнд өндөр албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байна. Өмнөх Засгийн газрын 16 сайдаас нэг нь л эмэгтэй хүн байсан бол дараагийн засгийн газарт гурван эмэгтэй сайд орсон байна. Шинээр сонгогдсон УИХ-ын 75 гишүүнээс 13 нь эмэгтэй гишүүд байна. Өмнөх УИХ-д 11 эмэгтэй гишүүд байсан. УИХ-ын дэд дарга нарын нэг нь эмэгтэй хүн бөгөөд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга нь мөн эмэгтэй байжээ. Гэвч УИХ-ын 11 байнгын хороодоос зөвхөн нэгийг нь эмэгтэй гишүүн даргалж байв. Ихэнх газруудад эмэгтэйчүүдийн эзлэх тогтоосон хувийг баримталсан боловч Баян-Өлгий аймагт болоод сумдын түвшинд дээрх тогтоосон хувьд хүргэж чадаагүй.

Гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ асрамжиндаа авдаг бол, гэрлэлтээ цуцлуулсан нөхрүүд хүүхдийн тэтгэмж өгөхгүй байх явдал элбэг бөгөөд үүнийхээ төлөө торгууль төлдөггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр гэр бүлийн дундын хөрөнгө, бизнес голдуу өрхийн тэргүүний нэр дээр бүртгэлтэй байдаг тул гэр бүл салах үед өмчлөх эрх нь нөхөрт шууд хадгалагдан үлдэх явдал байсаар байна.

Ерөнхий сайдаар ахлуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (ХНХЯ) дэргэдэх Жендэрийн үндэсний хороо нь яамд, ТББ болон аймаг, орон нутгийн жендэрийн хорооны түвшинд эмэгтэйчүүдтэй холбоотой бодлогыг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017- 2021) болон холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөө нь эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлж, улс төр, нийгмийн амьдрал дахь эрх тэгш оролцоог хангах зорилготой.

 

ХҮҮХЭД

 

Төрсний бүртгэл: Иргэний харьяаллыг эцэг эхийн харьяаллаар тогтоох ба төрөлтийг тэр даруйд нь бүртгэж, бүртгэлийн дугаарыг Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтран боловсруулсан цахим системээр дамжуулан олгодог. Хүүхдийнхээ төрөлтийг бүртгүүлэхгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болох эрсдэлтэй.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах: Эрүүгийн хуульд хүүхдийг хараа хяналтгүй орхих, донтох байдалд татан оруулах, хүүхдийг эрүүгийн хэрэгт уруу татах, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхэд ашиглан садар самууныг сурталчлах зэрэг хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг бүлэглэн хуульчилсан байна.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийлэх явдал ноцтой асуудал байсан бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны хэлбэрээр илэрч байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар дуудлага хүлээн авдаг хүүхдийн шууд утсыг тогтмол ажиллуулж, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан түр хамгаалах байр зэрэг хүүхдийн шуурхай тусламжийн төвийг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажээ. Төрөөс ажиллуулж буй хамгаалах байрууд нь гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцаа, үл тоомсорлох, хараа хяналтгүй орхигдсон хохирогч хүүхдүүдэд үйлчилж ирсэн бөгөөд онцгой эмзэг хүүхдүүдэд зориулсан тусгай байр гаргаж өгөх бололцоогүй байсан.  ГБХЗХГ-аас хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нэмэлт хамгаалах байр ажиллуулах зорилгоор Улаанбаатар хотын нэгэн ТББ-д санхүүжилт өгсөн байна. ТББ-ын мэдээлснээр хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг урт хугацаагаар халамж асаргаанд байлгах орон байр хангалтгүй байна.

ГБХЗХГ-ийн мэдээлснээр иргэд хүүхэдтэй зүй бус харьцсан тохиолдлуудыг тэр дор нь холбогдох газар, агентлагуудад мэдэгдэх үүрэгтэй хэмээн хуулинд заасны дагуу өнгөрсөн онуудад дээрх мэдээллийн тоо нэмэгдсэн гэх боловч тайлангийн жилд өмнөх 2019 онтой харьцуулбал хүүхэдтэй зүй бус харьсан мэдээллийн тоо 30 хувиар буурсан нь нэн тэргүүний мэдээлэгч болох сургууль, цэцэрлэг болон бусад боловсролын байгуулагууд нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Ковид-19 цар тахалтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд хаагдсантай холбоотой гэжээ.

Хүүхдээ хараа хяналтгүй орхих явдал бас байна. Үл тоомсорлох болон эцэг эхийн зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд өнчирч, гэр орноосоо дайжих явдал гарч байна. Эцэг эх нь зүй бус харьцсан хүүхдүүдийг түр хамгаалах байр луу явуулдаг гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн ч олон хүүхдийг нөгөө л хүчирхийлэгч эцэг эхэд нь буцаасан тухай хөндлөнгийн ажиглагчид хэлж байна. ГБХЗХГ-ын мэдээлснээр улсын хэмжээнд наймдугаар сарын байдлаар 1069 хүүхэд 31 асрамжийн газар амьдарч байв. Орон байрны зориулалтын хэмжээнээс хол давсан олон хүүхэд удаан хугацаанд асрамжийн төвүүдэд байрлаж байна. Есдүгээр сарын 25-ны байдлаар 1248 хүүхдэд 17 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд туслалцаа үзүүлсэн байна.

Аймаг бүрт болон Улаанбаатар хотын бүх дүүргийн цагдаагийн нэгжүүдэд насанд хүрээгүйчүүдийн эсрэг буюу тэдний үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий мэргэшсэн цагдаагийн алба хаагч байдаг. Олон улсын ТББ болох Хүүхдийг ивээх сангаас орон нутгийн засаг захиргааны нэгжүүд дээр хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд туслах зорилгоор агентлаг хоорондын уулзалтыг зохион байгуулах хөтөлбөрийг улсын хэмжээнд жил бүр, зарим тохиолдолд бүр тогтмол хэрэгжүүлж иржээ. Цагдаагийн байгууллага хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулах, тэдний эрхийг илүү өргөнөөр таниулан мэдүүлэх, олон нийт-төрийн үйлчилгээг сурталчилсан төрөл бүрийн мэдээллийг радио телевиз болон бусад арилжааны сувгууд, нийгмийн сүлжээгээр сурталчлах кампанит ажилд идэвхтэй оролцож байв.

Хүүхэд насандаа болон хүчээр гэр бүл болох: Хуульд заасан гэр бүл болох хамгийн доод нас 18 бөгөөд шүүхээр зөвшөөрөгдсөн тусгай нөхцөл байдалд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр 16-18 нас байна гэж заажээ.

Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах: 18-аас доош насны хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглахыг хуулиар хориглосон хэдий ч ийм асуудал илэрсэн. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орох насны доод хязгаар 16 нас юм.

Насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэхгүй байх заалтыг зөрчсөн этгээдийг (16 хүрээгүй этгээдтэй хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүйгээр хурьцал үйлдсэн байхыг хэлнэ) таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн, эсвэл бэлгийн мөлжлөгт ашигласан этгээдэд 20 хүртэлх жилээр, эсвэл хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл бүх насаар нь шоронд хорих ял шийтгэл онооно. Эрүүгийн хуулиар хүүхдийг садар самуунд уруу татсан тохиолдолд оноох ялын дээд хэмжээ нь найман жилийн хорих ял байна. ЦЕГ-ын мэдээлснээр бэлгийн зүй бус харьцааны хохирогч болсон хүүхдүүдийн 58 хувь нь, бэлгийн зүй бус харьцааны хохирогч хүүхэдтэй холбоотой бүртгэгдсэн хүчингийн хэргийн 63 хувь нь гэр бүлийн гишүүд буюу ойрын хамаатнуудтай холбоотой байна.

Олон улсын хэмжээнд хүүхэд хулгайлах: Монгол Улс 1980 онд батлагдсан улс дамнан хулгайлагдсан хүүхдийг орон гэрт нь буцаах иргэний талуудын тухай Гаагийн конвенцод нэгдэн ороогүй. АНУ-ын Төрийн департаментаас жил тутам гаргадаг Эцэг, эхийн зүгээс хүүхдээ хулгайлах олон улсын гэмт хэргийн тухай тайланг дараах хаягаар орж үзнэ үү. https://travel.state.gov/content/travel/en/International-Parental-Child-Abduction/for- providers/legal-reports-and-data/reported-cases.html.

АНТИ СЕМИТИЗМ 

 

Еврей хүн амын тоо маш цөөн, анти семитик үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Тус улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нео-нацист гэгдэх үндсэрхэг үзэлтэй бүлгэмийнхэн еврейчүүд бус, харин Азийн бусад орны иргэд рүү дайрах хандлагатай.

ХҮНИЙ НАЙМАА

 

АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны талаарх илтгэл–ийг https://www.state.gov/trafficking-in-persons-report/ хаягаар орж үзнэ үү.

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглодог ба хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүн гэж тодорхойлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгэн төлөөллийн хэлснээр ажлын байрны нөхцөлийн талаарх ойлголт дутмаг байдаг тул хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байдаг. Тэрээр үүнийг төр болон хувийн хэвшлийнхний ойлголт, туршлага хомс байгаатай холбоотой гэжээ.

Төр, засгийн газрын ихэнх барилга байгууламж тэргэнцэртэй хүн явах боломжгүй, Улаанбаатар хотын цөөхөн уулзварууд л харааны бэрхшээлтэй явган зорчигчдод туслах дуут гарцаар тоноглогдсон байна.

Боловсрол эзэмшихэд ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой заалт байдаггүй ч, хуулиар хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдыг боловсрол эзэмших орчин нөхцөлөөр хангаж өгөхийг төрөөс шаарддаг. Хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцах боломжтой хэдий ч бодит байдал дээр ийнхүү боловсрол эзэмшихэд ихээхэн саад бэрхшээл тулгарч байна. Ихэнх сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэхүйц дэд бүтэц, сайтар бэлтгэгдсэн ажилтан, алба хаагчаар гачигдаж байна.

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилдэг Аутизм Монгол-Анд ТББ-ын мэдээлснээр ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай багш нарыг бэлтгээгүй, туслах багш нарыг ажиллуулах тогтолцоо байхгүйн улмаас тэгш хамруулан сургах сургалтын орчинг бий болгоно гэсэн 2019 оны Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал хараахан бүрэн хэрэгжээгүй байна. Нээлттэй нийгэм хүрээлэн ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх нарын холбооноос хамтран хийсэн Ковид-19 ба хөгжлийн бэрхшээл гэсэн судалгаагаар цар тахлын улмаас танхимын сургалтыг зайны болон цахим сургалтанд шилжүүлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын явцыг бүр дордуулснаас гадна телевизийн сувгаар явуулж буй хичээл сурагчдын тусгай хэрэгцээг хангахгүй байгааг эцэг эх нар онцлон тэмдэглэсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дийлэнх нь зохих насандаа улсын сургуульд элсэн ордог боловч анги дэвших тусам сургууль завсардах нь нэмэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиуд ихэвчлэн нийслэл Улаанбаатар хотод байдаг тул хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль завсардах нь их байна.

Шинээр баригдах нийтийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангасан стандарттай байх хууль батлагдсан бөгөөд шинэ барилга байгууламжуудын стандарт чанарыг хянан шалгах улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ажиллаж байгаа ч, ихэнх шинэ барилгууд уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн хэрэгслүүдээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй хэвээр байна. Тусгайлан мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай технологи дутмаг байдгаас түргэн тусламжийн үйлчилгээ харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байна. Цахим банкны аппликешн ашиглах болон төрийн болон бизнесийн вэб хуудаснуудаас мэдээлэл авах нь тэр болгон боломжгүй хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл мэдэгдэв. Цаашилбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байрууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй байна.

Ковид-19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр нөлөөг багасгах үүднээс засгийн газраас нэмэлт 100,000 төгрөгийг (35 ам доллар) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сар тутам нэмэлтээр олгосон байна.

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА БА ХҮЙСИЙН БАРИМЖАА ИЛЭРХИЙЛЭЛД СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ БОЛОН БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА 

ЛГБТИ хүмүүс болон олон нийтийн арга хэмжээнүүдийг цагдаагаас далдаар хянах, дур мэдэн саатуулах, доромжлох, айлган сүрдүүлэх, бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх тохиолдлууд гарсан талаарх мэдээлэл байсан. Шоронгийн бусад хоригдлууд ЛГБТИ хоригдлуудад бие махбодийн болон бэлгийн дарамт үзүүлдэг гэжээ.

Нэгэн ТББ-ын мэдэгдсэнээр ЛГБТИ хүмүүст тулгамдаж буй асуудлыг илүүтэй ойлгож, хариу арга хэмжээ авах цагдаагийн хүчин чадал, чадавх сайжирч байгаа хэдий ч цагдаа нар гэмт хэргийн хохирогч ЛГБТИ хүмүүсийг дарамталсан тохиолдлууд байсаар байна. Эрх мэдэл бүхий албан хаагчид ЛГБТИ хүн хохирогч болсон гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгох явдал гарсаар байна.

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж ЛГБТИ хүмүүс олон нийтийн дунд ч, ар гэртээ ч хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртдөг. Хөдөө орон нутагт ЛГБТИ хүмүүсийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл хомс, цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах хүртээмж хязгаарлагдмал байдаг тул тэд нийслэл Улаанбаатар хотыг бодвол хөдөө орон нутагт ялгаварлан гадуурхалтанд өртөх нь элбэг, айдас түгшүүртэй байдаг тухай мэдээлжээ. ЛГБТ Төв нь ЛГБТИ хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл хүлээж авсан бөгөөд эдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэндээ өөрийгөө илчилсэн, эсвэл гэр бүлийнхэн нь ЛГБТИ болохыг нь мэдсэн гэх хүүхэд, залуус байжээ.

ЛГБТИ хүмүүсийн цуглуулсан баримтуудаас харахад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг албаныхны бэлгийн цөөнхийн талаарх ойлголт сул байгаагаас гадна дагалдан гарч болзошгүй ЛГБТИ хүмүүсийн бие махбодь, сэтгэл зүйн асуудлыг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй хүмүүст өөрсдийн бэлгийн чиг баримжааг мэдүүлэх нь тэднийг тохуурхах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, төрийн бусад байгууллагуудад  тэдний чиг баримжааны талаар мэдээлэх вий гэсэн айдас дагуулдаг хэмээн ЛГБТИ хүмүүс хэлж байв. Ерөнхий хүн амтай харьцуулвал ЛГБТИ иргэд, тэр дундаа залуучуудын дунд амиа хорлох явдал өндөр байдаг нь нотлогджээ.

ЛГБТИ иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.

ХДХВ БОЛОН ДОХ – НИЙГМИЙН ЖИГШИЛ 

ХДХВ-ын халдвар, ДОХ-той хүмүүсийг илт ялгаварлан гадуурхдаггүй ч, нийгэмд тодорхой хэмжээний алагчлал оршсоор байна. Олон нийт ерөнхийдөө ХДХВ-ын халдвар болон ДОХ-ыг ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд орох явдалтай холбож ойлгодог нь тэднийг нийгмийн жигшил болон хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхалтанд өртөхөд хүргэдэг.

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЙЛДЛИЙГ СУРТАЛЧЛАХ

Зургаадугаар сарын УИХ-ын сонгуулийн үеэр нэгэн трансжендер нэр дэвшигч нийгмийн сүлжээгээр ялгаварлан гадуурхалтын бай болсон бөгөөд өрсөлдөгч нэр дэвшигчид нь хүртэл энэ тухай нийгмийн сүлжээнд тавьсан. Ийм үзэн ядалтын мэдэгдлийг олон нийтэд түгээж байхад төрийн байгууллагуудын зүгээс түүний эсрэг ямарваа нэгэн арга хэмжээ аваагүй.

Долдугаар хэсэг. Ажилчдын эрх

А. ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ ЧӨЛӨӨ, ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЭРХ  

Хуульд зааснаар ажилчид урьдчилсан зөвшөөрөл буюу хэт өндөр шаардлага хангахгүйгээр өөрсдийн саналаар бие даасан үйлдвэрчний эвлэл, эсвэл мэргэжлийн байгууллага байгуулах, эвсэн нэгдэх эрхтэй. Хуулиар төрийн тусгай үйлчилгээ, онцгой албанд ажиллагсдаас бусад бүх хөдөлмөрчдийн хувьд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ялгаварлан гадуурхалтгүйгээр оролцох, ажил хаях, хамтын хэлэлцээ хийх эрхийг нь хамгаалсан байдаг. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан хүнийг ажилд нь буцааж авахыг хуульчилсан.

Улс орныг батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллага, тэр дундаа цагдаагийн алба хаагчид, цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, нийтийн тээвэр зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчид ажил хаях эрхгүй. Хамтын гэрээгээр зохицуулагдсан үйл хэрэгтэй холбогдолгүй асуудлаар ажил хаялт зохион байгуулахыг хуулиар хориглоно.

Хууль тогтоомжид хамтын хэлэлцээ хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалдаг ба эдгээр эрх ихэнхдээ хангагддаг. Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд ихэнхдээ торгууль ногдуулах замаар шийтгэх нь зөрчлийг арилгахад хангалттай бус байна. Ажилчид удирдлагуудын хооронд гарсан дийлэнх маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт комиссоор шийдвэрлэдэг. Уг комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн засаг захиргаа, ажил олгогч, ажилтан болон түүнтэй хамт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны төлөөлөгч ордог. МҮЭ-ийн мэдээлснээр шүүхээр шийдвэр гаргуулах үйл ажиллагаа маш их цаг хугацаа шаарддаг тул цаг, зардлаа хэмнэх үүднээс олон ажилтан маргаанаа зогсоодог.

МҮЭХ-ны мэдэгдсэнээр зарим ажилтнуудад үйлдвэрчний эвлэл байгуулах, нэгдэн эвсэх, эсвэл эвлэлийн үйл ажиллагаанд оролцвол цалинг нь бууруулна гэсэн сүрдүүлэгт өртөх явдал гарчээ. Зарим ажил олгогч ажилчдаа ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Мөн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчдыг тэр болгон буцааж ажилд нь авдаггүй. Зарим ажил олгогч хамтын хэлэлцээний гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан талаар МҮЭХ мөн мэдээлсэн байна.

Б. ХҮЧЭЭР БУЮУ АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ

Хуулийн дагуу оноосон ял шийтгэлээс бусад тохиолдолд хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэх бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хориглосон. Эрүүгийн хуульд албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд торгууль ногдуулах болон хорих ялаар шийтгэхээр заасан ч, энэ нь ижил төрлийн хүнд гэмт хэргийн ялтай дүйцэхүйц биш юм. Төр засгийн зүгээс хуулийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажилллаж чадахгүй байна. Хяналт шалгалтыг зохих хэмжээнд хийдэггүй ба хяналтын байцаагч нар гэнэтийн хяналт шалгалт хийдэггүйгээс гадна албан бус секторт хууль хэрэгждэггүй.

Албадан хөдөлмөр эрхлүүлсэн тухай, тэр дундаа хүчээр биеийг нь үнэлүүлэх, гүйлга хийлгэх зэрэг хүүхдийг албадан ажил хийлгэсэн талаар тусдаа мэдээ мэдээлэл гарч байсан.

АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланг https://www.state.gov/trafficking-in-persons-report/ хаягаар орж үзнэ үү.

В. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ХОРИГЛОХ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ НАСНЫ ДООД ХЯЗГААР 

Хуулиар хүүхдийн хөдөлмөрийн бүх тэвчишгүй хэлбэрийг хориглосон. Хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, боолчлох, хүүхдийг биеэ үнэлэхэд татан оролцуулах, хар тамхи санал болгох, хар тамхи үйлдвэрлэх, хууль бусаар наймаалахад ашиглавал хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Хуульд зааснаар 14 нас хүрээгүй хүн хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Албан бус сектор буюу өөрсдөө хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд энэхүү насны хязгаарлалт үйлчилдэггүй. Харин 14 нас хүрсэн хүүхэд гагцхүү мэргэжлийн баримжаатай болох, ажлын дадлага хийх зорилгоор эцэг эх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр долоо хоногт 30 хүртэлх цаг хөдөлмөр эрхэлж болно. Хүүхэд 15 нас хүрээд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн сургалтанд хамрагдах гэрээ байгуулж болно. ХНХЯ-ны сайдын тушаалаар 18 насанд хүрээгүй хүүхдийг уул уурхай, барилга байгууламж зэрэг аюултай мэргэжлээр ажиллуулах, хүнд хүчир ажил хийлгүүлэх, өвлийн улиралд хурдан морины уралдаанд унаач хүүхдээр (бусад улиралд 7 нас хүрсэн хүүхэд хурдан морины уралдаанд орж болно) ажиллуулах, шөнийн цагаар соёлын, циркийн болон уламжлалт урлаг соёлын арга хэмжээнд оролцуулах, согтууруулах ундаа зарах, бизнест ажиллах болон гудамжинд гар дээрээс наймаа эрхлэхийг тус тус хориглодог. Эдгээр хориг хязгаарлалтыг үл харгалзан хүүхдээр хурдан морь унуулах, гудамжинд гар дээрээс наймаа хийлгэх зэргээр хууль зөрчих явдал нийтлэг харагдаж байв.

Төр засгаас хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй байна. Эдгээр хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй бөгөөд шийтгэл нь адил төстэй ноцтой гэмт хэргийн шийтгэлтэй дүйцэхгүй болно. Эрх баригчдын мэдээлж буйгаар ихэнхдээ ажил олгогчид хууль тогтоомжийг зөрчиж, насанд хүрээгүй ажилтныг долоо хоногт 40-өөс дээш цаг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс өгдөг ажээ. Хүүхдийн хөдөлмөр, тэр дундаа хүүхдээр хүчээр ажил хийлгэх явдал олон салбарт, тухайлбал зочид буудал, зоогийн газар, машин засварын газар, үйлдвэр, гар дээрээс наймаа эрхлэх, хог ухах, хүчээр гуйлга гуйлгах, арга хэмжээн дээр болон гудамжинд уран нугаралтын (үндэсний урлагийн нэг төрөл) үзүүлбэр хийлгэх, хууль бусаар биеийг нь үнэлэх явдал гарч байна (“Хүүхэд” гэсэн 6-р хэсгээс үзнэ үү). ГБХЗХГ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) хамтран гар аргаар олборлодог бичил уурхай, зах, үйлчилгээний төв, хогийн цэг, барилга, зам тээврийн талбай болон мал аж ахуй дээр хүүхдийн хөдөлмөрийн хяналт шалгалт хийсэн. Хамгийн их хүүхэд ажилладаг албан бус секторт хууль үйлчилдэггүй байна.

Хурдан морины уралдаанд хүүхдүүд морь унаж байгаад санаа зовж байгаагаа олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна. Хүүхдүүд ихэвчлэн дөрвөөс таван насандаа морь унаж сурдаг ба бага насны хүүхдүүд үндэсний баяр наадмын үеэр хоёроос 20 орчим милийн зайд болдог морины уралдаанд хурдны морь унадаг уламжлалтай. Төр засгийн зүгээс ид хүйтний үе буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл бүх унаач, тэр дундаа хүүхдээр морь унуулж уралдуулахыг хориглосон.

Унаач хүүхдүүдийг даатгалд хамруулж, толгой, цээжний хамгаалалт заавал хэрэглүүлэх талаар хууль тогтоомж баталж, төр засаг, олон нийтийн зүгээс тэдний аюулгүй байдлыг илүүтэй анхаарах болсон ч хэрэгжилт нь тууштай бус байна. Тухайлбал, МХЕГ-ын мэдээлснээр тухайн жилийн долдугаар сард наадмаар улсын хэмжээнд 9785 хүүхэд морь унахаар бүртгүүлсэн байна. Эдгээр уралдаанд 197 хүүхэд мориноос унасан боловч ноцтой гэмтэж, амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй ажээ. Хэд хэдэн уралдаан зөвшөөрөлгүй явагдсан бөгөөд энэ статистик мэдээнд оруулаагүй болно.

ГБХЗХГ-аас арван мянга гаруй унаач хүүхдийг цахим мэдээллийн санд бүртгэж, унаач хүүхдүүдийн бүртгэлийг илүү сайн хянах, 7-оос доош насны хүүхдийг морь унахаас сэргийлэхийн тулд биометрийн мэдээлэл цуглуулсан байна. Түүнчлэн ХНХЯ-наас хурдан морь унаачдыг уралдааны явцад бэртэж гэмтэх, амь нас эрсдэх тохиолдолд унаачдад болон үлдсэн гэр бүлд нь 20 сая хүртэлх төгрөгийн ($7,300) нөхөн төлбөр олгох даатгал хийлгэхийг шаардсан удирдамж гаргажээ.

Ажиглагчдын мэдээлснээр үндэсний хэмжээний морин уралдаануудад аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрддөг боловч орон нутаг, бүсийн чанартай арга хэмжээнд хангалтгүй мөрдөж байна. Гэхдээ Засгийн газраас жилд нэг удаа хурдан морины уралдаануудад хүүхдийн хөдөлмөртэй холбогдуулан хяналт шалгалт хийдэг бөгөөд хяналт шалгалт явуулахаас 48 цагийн өмнө мэдэгдэх ёстой байдаг.

АНУ-ын Хөдөлмөрийн департаментаас гаргасан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тайланг https://www.dol.gov/agencies/ilab/resources/reports/child-labor/findings хаягаар, Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг https://www.dol.gov/agencies/ilab/reports/child- labor/list-of-goods хаягаар орж үзнэ үү.

Г. АЖИЛ ЭРХЛЭЛТ, МЭРГЭЖЛЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ 

Хүнийг ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмшихэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, бэлгийн ба хүйсийн баримжаа, хүйс, гэрлэлтийн байдал, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдалд нь үндэслэн ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглоно. Мөн “тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохоор эсхүл ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл эрүүл мэндэд нь харшлахаар” биш л бол ажил олгогч өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаас татгалзахыг хориглосон. Хуульд зааснаар эрүүл мэндийн байдал нь хүндэрч ажил үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй болсноос бусад тохиолдолд ажил олгогч ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг ажилд авахаас татгалзах, эсхүл ажлаас халахыг хориглодог. Эмэгтэйчүүдийг хүнд хүчир хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болохуйц химийн бодистой харьцдаг зарим ажлын байранд ажиллуулахыг хуулиар хориглосон.

Төрөөс дээрх хуулийг хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласан бөгөөд хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл, ХДХВ-ын халдвартай гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхсан явдал гарсан. Зөрчилд ноогдуулах торгуулийн хэмжээ хангалтгүй байна. Хуулиар ажил олгогчдыг ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод дүрэм журамдаа тусгаж, гомдлыг барагдуулах зэргээр арга хэмжээ авахыг зааж өгсөн ч, ял шийтгэл оноох тухай дурдаагүй. ХЭҮК-ын мэдээлснээр ажил олгогчид болон ажилтнуудын аль аль нь хуулинд заасан бэлгийн дарамтын талаар хангалттай мэдлэггүй байна. МҮЭХ долоо, наймдугаар сард ажлын байран дахь сүрдүүлэг, бэлгийн дарамтыг таслан зогсоох, түүнтэй тэмцэх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор бэлгийн дарамтын талаарх ойлголтыг дээшлүүлэх кампанит ажил зохион байгуулсан.

ХЭҮК-ын олж тогтоосноор эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодвол ажилд орох, албан тушаал дэвших, мэргэжлийн хувьд өсч дэвжих боломж бага байна. Үндэсний статистикийн хорооноос есдүгээр сард хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдийнхаас 20 хувь илүү байсан байна.

Хуулиар 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт орон тооныхоо дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулахыг шаардаж, хэрвээ авч ажиллуулаагүй бол торгууль төлөхөөр хуульчилсан ч, бодит байдал дээр компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулахад хойрго ханддаг байна. Тэдний мэдэгдэж байгаагаар төрийн байгууллагууд өөрсдөө дээрх квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн мэдээлснээр тэд ажилд орлоо ч тэр бүр нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломж байхгүй тул зарим үед ажлын байраа хадгалж чаддаггүй (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн 6 дугаар хэсгийг үзнэ үү).

ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бодлого, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Төрийн болон ТББ-уудын мэдээлснээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах тухайд ажил олгогчдын хандлага сайжраагүй ба ихэнх ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахын оронд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд торгууль төлөхийг илүүд үздэг.

ТББ-ууд, ХЭҮК, ЛГБТИ байгууллагын гишүүдийн мэдээлснээр компаниуд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа нээлттэй илэрхийлсэн ЛГБТИ хүмүүсийг ажилд ихэнхдээ аваагүй, ажил дээрээ өөрийн байдлаа мэдэгдсэн ЛГБТИ иргэдийг байнга ялгаварлан гадуурхаж байсны дотор ажлаас халах магадлал өндөр байжээ. Үүнээс гадна ЛГБТИ хүмүүс хууль бусаар ажлаас халагдахад хүрвэл ажил олгогч нь өөрийнх нь талаар цааш олон хүнд нууцыг нь задлах вий гэдгээс болгоомжилж тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлдэггүй нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Гадаад ажилчдын хувьд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчил дээр бусад хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй ижил түвшинд хамгаалалт авч чадаагүй.

Д. ХӨДӨЛМӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ

Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогчдын холбооноос бүрдсэн  Үндэсний гурван талт хороо нь жил тутам үндэсний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ядуурлын түвшнээс дээгүүр тогтоодог. Хуулиар долоон хоногт ажлын цагийг 40 цагаар тогтоож илүү цагийн мөнгийг олгоно гэсэн хэдий ч бодит амьдрал дээр илүү цагийн цалинг олгох нь нэн ховор. Тус хууль албан бус секторын ажилчдад хамаардаггүй болно.

Хөдөлмөр, хоршоо, компанийн тухай хуулиудад гадаад, дотоодын ажилчдад эрх тэгш үйлчлэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг хуульчилж өгсөн. МХЕГ-ын үзэж буйгаар ихэнх стандартууд үеэ өнгөрөөсөн.

МХЕГ-ын бүсийн болон орон нутгийн хөдөлмөрийн байцаагч нар хөдөлмөрийн нөхцөлийн асуудалтай холбоотой бүх зохицуулалтын хэрэгжилтийг хангах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомжийг чандлан дагаж мөрдөхийг шаардах эрхтэй. Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажлын цаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлсэнгүй. Зөрчил дутагдалд оногдуулах ял шийтгэл ч, байцаагчдын тоо ч хуулийг дагаж мөрдүүлэхэд хангалтгүй байна. МХЕГ-ын мэдэгдэж байгаагаар хяналт шалгалтын ажлын ачаалал их байгаагийн хажуугаар байцаагчдыг хяналт шалгалтын арга техник, баримт нотолгоо цуглуулах талаар сайтар сургаж бэлтгэх шаардлагатай. Хөдөлмөрийн байцаагчдын тоо улсын хэмжээнд ажиллаж буй ажиллах хүчтэй харьцуулахад хангалтгүй байна. Байцаагчид ерөнхийдөө албан бус секторт хяналт шалгалт явуулдаггүй.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн болон үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан компаниудад авч буй торгуулийн хэмжээ уг асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болж чадахгүй байгааг МХЕГ хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан аюулгүй ажиллагааны шинжээчид нь ихэнх тохиолдолд туршлагагүй, эсвэл зохих сургалтанд хамрагдаагүй байна. МХЕГ-т гэнэтийн хяналт шалгалт хийх эрх мэдэл дутагдаж байна.

Тэтгэврийн хуулиар гэр бүлийн бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсдад (малчид зэрэг) өндөр насны тэтгэвэр, нийгмийн хамгааллын бусад хөтөлбөрт хамрагдах боломж олгодог. Эдгээр хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн халамжид хамрагдах, мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломж байгаа.

Олон ажилчид, нэн ялангуяа орон нутгийн жижиг компанийн ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авчээ. Барилгын салбарт ажиллаж буй ажилчид өвлийн эрс хүйтэн нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа цөөн хэдэн сарын дотор дуусгахын тулд зарим үед удаан цагаар ажиллах шаардлагатай тулгардаг нь үйлдвэрлэлийн осол гаргах, гэмтэл бэртэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Хуучирч хоцрогдсон техник хэрэгсэлд найдах, засвар үйлчилгээ муу, менежментийн алдаа дутагдал зэргээс улбаалан үйлдвэрлэлийн осол аваар ялангуяа барилга, уул уурхай, эрчим хүчний салбарт удаа дараа гарахад хүргэж байна. ХЭҮК-ын мэдээлснээр барилгын салбарт хөдөлмөр хамгааллын асуудал, аюулгүй байдлыг хангах асуудал дутмаг байгаагаас тус салбарынхан осол аваарт өртөмтгий байна. МҮЭХ-ны тэмдэглэснээр ажилчид аюулгүй байдлыг хангаагүй орчин нөхцөлд ажиллахаас татгалзах эрхтэй хэдий ч энэ эрхийнхээ талаар ойлголт мэдлэг дутмаг байна.

МХЕГ-аас компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ажлын байрны аюулгүй байдлын сургалтад хамруулжээ. Тэдний мэдээлснээр тус сургалтын үр дүнд урьд өмнө нь осол их гардаг байсан салбаруудад үйлдвэрлэлийн осол буурчээ. Үйлдвэрлэлийн салбарт гарсан осол гэмтэл, хүний амь нас эрсэдсэн талаарх тоон мэдээлэл байхгүй байна. Есдүгээр сард нэгэн том нүүрсний уурхай болон Хятадын хил хооронд нүүрс зөөж байсан том оврын ачааны машины гурван жолооч амь насаа алдсан хэрэг гарсны дараа тээврийн жолоочид, тэдгээрийг дэмжигчид Өмнөговь аймагт жагсаал цуглаан хийсэн. Эсэргүүцэгчид замын аюултай нөхцөл, илүү цагаар ажилладаг байдал, жолооч нарын паспортыг хураан авдаг, тэдэнд үзүүлэх наад захын үйлчилгээ, дэмжлэг байдаггүй талаар дурдаж байв.