МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН 

Graphics with text reads Human Rights Reports 2022 and the Department of State seal on the top.

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН 

АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ХӨДӨЛМӨРИЙН ТОВЧОО

 

НЭГДСЭН ХУРААНГУЙ ТЭМДЭГЛЭЛ:

Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2020 оны УИХ-ын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн.

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд холбогдсон гэх үндэслэлтэй.

Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад үг хэлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хууль болон бусад хуульд ашиглах; албан тушаалтнуудын авлигатай холбоотой ноцтой үйлдлүүд; лесбиян, гей, бисексуал, трансжендер, ижил хүйстэн, интерсекс иргэдийн эсрэг заналхийлэх; хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүдийн талаарх баттай мэдээллүүд багтаж байна.

Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн ба авлигатай холбогдсон албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.

 

Нэгдүгээр хэсэг. Хүний халдашгүй дархан эрхийг хүндэтгэх

А. ХҮНИЙ АМИЙГ БҮРЭЛГЭХ БОЛОН ХУУЛЬ БУС, УЛС ТӨРИЙН ШИНЖТЭЙ АЛЛАГА 

Өнгөрсөн онд төрийн байгууллага болон албан тушаалтнаас хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг бүртгэгдээгүй.

Б. СУРАГГҮЙ АЛБА БОЛОХ

Хүн сураггүй алга болсон талаар төрийн эрх бүхий байгууллагуудаас болон тэдний өмнөөс мэдээлсэн тохиолдол бүртгэгдээгүй.

В. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ БОЛОН ХЭРЦГИЙ, ХҮМҮҮНЛЭГ БУСААР ХАНДАЖ ХАРЬЦАХ, НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААН ДОРОМЖЛОХ, ШИЙТГЭХ

Хуулиар эдгээр үйлдлийг хориглосон. Гэсэн хэдий ч засгийн газрын Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон төрийн бус байгууллагуудын (ТББ) мэдээлснээр ял эдэлж буй зарим хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсийг ялангуяа хэрэг хүлээлгэх үүднээс шаардлагагүй хүч хэрэглэх, хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь гутаан доромжлох, шийтгэх явдал гарч байна.

Эрүүдэн шүүсэн, хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүдийг орон нутгийн цагдаагийн байгууллага буюу Авлигатай тэмцэх газар (АТГ) хариуцдаг бөгөөд АТГ нь ерөнхийдөө албан үүргээ гүйцэтгэж байх үедээ холбогдсон гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаануудад хяналт тавина.

ХЭҮК-ийн мэдээлснээр зарим эрх бүхий байгууллага, хүмүүс баривчлагдаж хоригдсон хүмүүсийг дарамтлах, айлган сүрдүүлэх зэргээр хууль эрх зүйн зөвлөгөө авахыг хэцүү төвөгтэй болгож байжээ. Хүний эрхийн ТББ-ууд, өмгөөлөгчид эрүүдэн шүүх, хүчирхийлэлтэй холбоотой нотлох баримт цуглуулахад хүндрэл бэрхшээлтэй байдгийг мэдээлсэн. Жишээлбэл, ихэнх хорих анги, цагдан хорих байранд хоригдогсдын байцаалтыг хянах камерууд байдаг ч хүчирхийлэл үйлдэгдэх үеэр тэдгээр тоног төхөөрөмж нь ажиллагаагүй болсон гэж эрх бүхий байгууллагууд ихэвчлэн тайлагнаж байжээ.

Эрүүгийн хуульд зааснаар төрийн бүх албан тушаалтан бусдыг бие махбодын болон сэтгэл санааны хувьд хүчирхийлэх зэргээр эрүү шүүлт тулгах, тарчилган зовоосон нь тогтоогдсон бол ял шийтгүүлдэг. Эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн ялын дээд хэмжээ нь таван жил хүртэл хугацаагаар хорих, хэрэв хохирогч эрүү шүүлтийн улмаас нас барсан бол бүх насаар нь хорих ял байдаг. Хэдийгээр албан тушаалтнууд санаатайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан тохиолдолд хариуцлага хүлээдэг боловч тухайн гэмт хэргээр яллах нь ховор. Хориглосон үйлдлүүд нь албан үүргээ гүйцэтгэх явцад дээд албан тушаалын алба хаагчийн өгсөн тушаалын дагуу буюу энэ үйлдэл нь хуулиар хориотой гэдгийг мэдэхгүйгээр үйлдэгдсэн бол гэмт хэрэгт тооцогдохгүй гэж дээрх хуульд заасан байдаг. Өгсөн тушаал нь хууль бус гэдгийг мэдсээр байж гүйцэтгэсэн бол гэмт хэргийн хамсаатан хэмээн үзнэ. Хууль бус тушаал өгсөн этгээд нь учруулсан гэм хохиролдоо эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж хуульд заасан боловч ийнхүү яллах нь мөн ховор байна.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр наймдугаар сарын байдлаар төрийн албан хаагчдын үйлдсэн 11 хүчингийн хэргийг мөрдөн шалгасан ба түүний дотор хоёр цагдаагийн албан хаагч байна. Төрийн албан хаагчдын зүгээс бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэх 22 хэргийг Цагдаагийн байгууллага мөрдөн шалгасан ба тэдгээрийн дунд гурван цагдаагийн алба хаагч, хорих ангийн хоёр алба хаагч байсан байна. Цагдаагийн байгууллага төрийн алба хаагчид гэмт хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүж, хүч хэрэглэсэн гэх 10 өргөдөл гомдол мөн хүлээн авсан ба түүний дотор таван цагдаагийн алба хаагч байсан байна.

Ял шийтгэлээс чөлөөлөгдөх явдал аюулгүй албадын хувьд ноцтой асуудал биш байв. ХЭҮК, өмгөөлөгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид болон ТББ-ынхан хууль сахиулах байгууллагынхны хариуцлагаас мултрах асуудалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн хэвээр байна. Тэдний мэдэгдэж байгаагаар аюулгүйн албад болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дотооддоо өөрсдөө явуулдаг бөгөөд шүүхээр эрүүгийн шийтгэл хүлээлгэхийн оронд хамгийн дээд шийтгэл нь ажлаас чөлөөлөх байдаг. ХЭҮК-ын эрүүдэн шүүх явдлаас урьдчилан сэргийлэх комиссарыг зургаадугаар сард томилсон ба уг комиссар нь хорих болон мөрдөн байцаах ажиллагаа явагдаж буй газруудад урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн шалгалт хийх эрхтэй байна.

ХОРИХ АНГИ БА УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВИЙН НӨХЦӨЛ

Хорих анги болон урьдчилан хорих төв дахь нөхцөлүүд нь хүний эрхийн асуудалтай байгаа тухай зарим нэгэн мэдээлэл байсан.

Доромжлон гутаасан биет нөхцөл байдал: НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгээс 10 дугаар сард гаргасан урьдчилсан тайлан илтгэлд бүх хорих газруудын хүнсний хангамж муу, бүх насаар хорих ялаар шийтгэгдсэн ялтнуудыг 15 жилээр ганцаарчлан хорьж, ялтнуудыг “их хатуу дэглэмд” байлгаж байгааг тэмдэглэжээ.

Захиргаа: Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ) хорих анги, баривчлан саатуулах төв, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдалд хяналт тавьдаг. УЕПГ болон ХЭҮК нь хорих анги, урьдчилан хорих төв, баривчлан саатуулах төв ба цагдаагийн харьяа эрүүлжүүлэх төвүүдэд төлөвлөгөөт, гэнэтийн болон өргөдөл гомдлын дагуу удаа дараа хяналт шалгалт хийсэн. ХЭҮК-оос хүний эрх зөрчсөн гэх үндэслэлтэй мэдээллийн дагуу шалгалтууд явуулсан байна.

Бие даасан мониторинг: Эрх бүхий байгууллагаас хараат бус төрийн бус байгууллагуудын болон ХЭҮК-ын ажиглагчидад мониторинг хийх боломж олгосон. ХЭҮК тухайн жилд 12 хорих анги болон баривчлан саатуулах төвүүдэд шалгалт явуулсан байна. НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийнхэн 21 хорих анги болон баривчлан саатуулах төвүүд саадгүй орж үзсэн тухайгаа мэдээлсэн байна.

Сайжралт: Эрх бүхий байгууллагаас Төв болон Хэнтий аймгийн баривчлан саатуулах төвүүдэд хоригдогсдын нөхцөлийг сайжруулах зорилгоор 1,8 тэрбум төгрөг ($550,000) зарцуулсан байна.

Г. ДУР МЭДЭН БАРИВЧЛАН СААТУУЛАХ 

Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох ба баривчлах, саатуулах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шүүхээр шийдүүлэх эрхтэй гэж хуульд заасан. Төрийн ихэнх байгууллагууд дээрх шаардлагуудыг ерөнхийдөө дагаж мөрдсөн. Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) зарим үед сэжигтнээс мэдүүлэг авахаар тогтоолгүйгээр баривчлан саатуулсан тохиолдол гарсан боловч Эрүүгийн хуульд прокурор баривчлан саатуулах бүх ажиллагаанд хяналт тавина гэж заасан байна.

БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА, ЦАГДАН ХОРИГДОГСОДТОЙ ХАРЬЦАХ

Сэжигтнийг эрүүгийн хэргийн үндэслэлээр баривчлахын тулд нотлох баримтад суурилсан, прокурорын гарын үсэг бүхий тогтоол байх ёстой. Баривчилснаас хойш 24 цагийн дотор прокурор сэжигтнийг баривчлах үндэслэл, шалтгааныг дурдсан тогтоол үйлдэж шүүгчид танилцуулах шаардлагатай бөгөөд шүүгч 48 цагийн дотор цагдан хорих хугацааг сунгах, эсвэл сэжигтнийг суллах эсэхийг шийддэг. Баривчлах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь сэжигтнийг баривчлагдсанаас хойш зургаан цагийн дотор ар гэрийнхэнд нь мэдэгдэх үүрэгтэй. Хуульд заасан дээрхэд үл хамаарах “хойшлуулшгүй нөхцөл байдал”-д цагдаа сэжигтнийг шууд баривчлахыг зөвшөөрдөг. Ийм үл хамаарах нөхцөл байдлын жишээнд хүн амины хэрэг, бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулах, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулах, сэжигтэн оргон зугтахыг завдсан, нотлох баримтыг устгах магадлал үүсэх зэрэг нөхцөлүүд орно. Ийм тохиолдолд прокурор баривчлах тогтоолыг 24 цагийн дотор баталж, шүүгч баривчлах захирамжийг 48 цагийн дотор батлах ёстой. Баривчлагдсанаас хойш 72 цаг өнгөрч, шүүгч шийдвэр гаргаагүй бол цагдаа сэжигтнийг суллана. Суллагдах үед эрх бүхий албан тушаалтан сэжигтэнд баривчлан, цагдан хорьсон шалтгаанаа мэдэгдэх ёстой. Үйлдэгдсэн гэмт хэргийн ноцтой байдал ба яллагдагчийн хувийн нөхцөл байдал зэргээс хамааран тогтоодог батлан даалтад гаргах тогтолцоо мөн байдаг.

Эрх бүхий байгууллагууд цагдан хоригдсон хүмүүст холбогдсон зүйл анги болон өмгөөлөгч авах эрхийнх нь талаар ерөнхийдөө даруй мэдэгдэж байв. Гэхдээ эрх бүхий байгууллагууд баривчлан саатуулснаас хойш 48 цагийн дотор шүүхийн хяналт явуулах ёстойг ямагт үл ойшоон орхигдуулсан болохыг НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгээс тэмдэглэсэн байна. Тухайлбал 48 цагийн тоолуурыг дахин эхлүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагууд эрүүлжүүлэх газар баривчлан саатуулсан хүнийг цагдаагийн хэсэг рүү шилжүүлэн байршлыг өөрчилдөг байна. Үүний сацуу цагдаагийн хэсэгт гэрчээр дуудагдсан иргэдийг бүтэн өдрөөр хүлээлгэж дараа нь мэдүүлэг авч эхэлдэг ба ингэснээр тэднийг сэжигтэн хэмээн үзэж байгаа нь тодорхой болдог.

Сэжигтнийг шүүгчийн захирамжаар урьдчилан саатуулж байцаах нийт хугацаа 18 сар байдаг. Цагдан хоригдогсод ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ шуурхай холбоо барих боломжтой байсан ч сэжигтнүүдийг байнга шилжүүлэх, алслагдмал, орон нутагт буй урьдчилан хорих төвүүдэд саатуулах байдлаар дээрх эрхийг хязгаарлаж байв.

Цагдан хоригдсон этгээд урьдчилан хоригдох үедээ, ял шийтгүүлсний дараах үе зэрэг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Шүүгдэгч өөрийгөө хамгаалах чадваргүй бие махбодын эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, монгол хэлээр ойлголцдоггүй бол шүүхээс уг этгээдэд өмгөөлөгч томилж өгөх ёстой. Хуулиар төлбөрийн чадваргүй яллагдагчид түүний хүсэлтээр төрөөс өмгөөлөгч гаргаж өгнө. Цагдан хоригдогсод өмгөөлөгч авах эрхээ ерөнхийдөө мэддэг ч буруу ташаа ойлголтын улмаас уг эрхээ тэр бүр эдэлж чаддаггүй. Тухайлбал, албадан саатуулагдсан этгээд хэрэг хянан шалгагдах ажиллагаа эхэлмэгц өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ тэр болгон мэддэггүйн улмаас шүүхийн шатанд хэрэг хэлэлцэх хүртэл эрхээ эдэлдэггүй. ХЭҮК-ийн мэдээлснээр эрх бүхий байгууллагууд өмгөөлөгч авах асуудлыг заримдаа хүндрүүлдэг байна. (1.в. хэсгийг үзнэ үү).

Хууль бус баривчилгаа: ХЭҮК нь аравдугаар сарын байдлаар хууль бусаар баривчилсан, дур мэдэн албадан саатуулсан, хугацаа хэтрүүлэн хорьсон гэх 14 гомдол хүлээн авсан бөгөөд эдгээр гомдлыг мөрдөн шалгуулахаар шилжүүлсэн байна. Тэдний мэдээлснээр мөрдөн байцаалт явуулах эрх бүхий газраас сэжигтнүүдийг мөрдөн шалгахдаа заримдаа шүүгчийн захирамжгүйгээр, зарим тохиолдолд нууцаар саатуулсан төдийгүй цагдаа сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа батлан даалтад өгөх, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад харгалзан хянуулах зэрэг өөр бусад боломжууд байсаар атал юун түрүүнд баривчлан саатуулахыг урьтал болгодог байна. Хувийн батлан даалтаар ар гэр, хамаатан садан нь сэжигтнээр тооцогдож буй хүнийг батлан даалтаар авч болдог.

 

Д. НЭЭЛТТЭЙ, ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХ ЗӨРЧИГДӨХ 

Үндсэн хууль болон холбогдох хуулиар шүүх эрх мэдэл хараат бус байна гэж заасан.  Мөрдөн байцаагчид, прокурор, шүүгчдийн хянан шалгах хэргийн тоо, ажлын ачаалал өндөр байгаагийн улмаас заасан цаг хугацааг тэр бүр баримтлах боломжгүй болох зэргээр шалгаж буй хэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. Шүүхийн авлига, гуравдагч этгээдийн нөлөөлөл хэвээр байна гэж зарим ТББ-ууд, хувийн хэвшлийнхэн мэдээлсэн байна.

ШҮҮХЭЭР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА 

Хуульд зааснаар хүн бүр шударга, нээлттэй шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд шүүх энэ эрхийг ерөнхийд нь хэрэгжүүлсэн.

Хуулиар төрийн нууц, насанд хүрээгүй яллагдагч, насанд хүрээгүй хохирогчтой хэргүүдээс бусад хэргүүдийг шүүхээр хэлэлцэхдээ олон нийт болон хэвлэл мэдээлэлд нээлттэй явуулна гэж заасан. Гэвч хэд хэдэн тохиолдолд шүүх ажиллагааг олон нийт болон хэвлэл мэдээлэлд нээлттэй явуулах яллагдагчдын хүсэлтэд шүүх хурлын байрны багтаамж бага эсвэл Ковид-19-тэй холбоотойгоор хүн хоорондын зай барих шаардлагыг хангах гэсэн хоёр шалтгаанаар татгалзсан хариу өгсөн. Ийм тохиолдолд шүүх тухайн хэргийн шүүн хэлэлцэх ажиллагааны нээлт болон хаалтын ажиллагаанд тодорхой тооны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцохыг ерөнхийдөө зөвшөөрч байсан.

Хуулиар сэжигтэн нь өмгөөлөгч авах эрхтэй боловч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө хэмээн амлах буюу өөрсдийгөө гэрч хэмээн итгэж өгсөн мэдүүлэг дээр нь үндэслэн тэднээр хэрэг хүлээлгүүлэхээр сэжигтэнд шахалт үзүүлдэх нь олонтой гэж НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгээс үзжээ. Ихэнх хэргүүдийг хууль зүйн туслалцаа авахаас өмнө хүлээлгэсэн байна. Жил бүр гарах 12,000-13,000 хэргүүдийн 40 хувьд сэжигтэн хэргээ хүлээсэн хэмээн мэдээлсэн байна.

Улсын өмгөөлөгчдийн тоо хангалттай байдаг боловч улсаас өмгөөлөгч гаргаж өгөх нөхцөл байдал хязгаарлагдмал. Гэхдээ эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд бус байдаг тул олон шүүгдэгч хууль зүйн туслалцаа авах эрхээ хангалттай эдэлж чадахгүй байв. Хуулиар өмгөөлөгчид хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцах эрхтэй боловч ихэнх тохиолдолд хэргийн материалтай танилцах цаг хугацаа хязгаарлагдмал, нотлох баримтын зургийг авах буюу хуулбарлах боломжгүй байдаг. Шүүгчид хэрэг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримт гэхээсээ хэргээ хүлээсэн эсэхэд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн албан хаагч, эрх мэдэлтнүүд, цагдаа, хууль сахиулах албаныхан гэрчийг сүрдүүлдэг, шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус байгааг ТББ-ууд мэдэгдсэн байна. ТББ-ууд, ажиглагчдын үзэж байгаагаар шүүгч, прокурор болон шинжээч, гэрчүүдэд авлига өгөх, танил тал харах замаар үндэслэлгүй ял оноох, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн ялын хэмжээг бууруулах тохиолдлууд гарчээ.

УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БА ЦАГДАН ХОРИГДОГЧ

Улс төрийн хэргээр хоригдсон хоригдол, цагдан хоригдогч бүртгэгдээгүй.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭЭР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА БА ХОХИРОЛ БАРАГДУУЛАЛТ

Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх арга замаар барагдуулдаг. Засгийн газраас хүний эрхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх тохиолдол заримдаа гардаг.

ӨМЧ ХӨРӨНГИЙГ ХУРААХ БА НӨХӨН ТӨЛБӨР 

ТББ-уудын мэдээлснээр дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын зорилгоор төр засгаас зарим иргэдийг амьдарч байсан газраас нь хүчээр нүүлгэх асуудал гарсан ба ингэхдээ зүй зохистой нөхөн олговрыг өгөөгүй байна.

Е. ХУВИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ, ОРОН БАЙРНЫ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, ЗАХИДАЛ ХАРИЛЦААНЫ НУУЦАД ХУУЛЬ БУСААР ХӨНДЛӨНГӨӨС ДУР МЭДЭН ОРОЛЦОХ

Хуулиар эдгээр үйлдлийг хориглодог бөгөөд төр засгийн зүгээс эдгээр хориог зөрчсөн гэх мэдээ гараагүй.

Хоёрдугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх

А. ХЭВЛЭЛ БА БУСАД МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН ИРГЭДИЙН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ

Хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар заасан. Төр засгийн зүгээс энэ эрхийг тэр болгон хангаагүй. Төр засгийн зүгээс “худал мэдээлэл тараах” гэдэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон ба сэтгүүлчдийг хавчин хяхсан тохиолдлууд мэдээлэгдсэн.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх:  ТББ-ууд болон сэтгүүлчдийн хэлснээр албан тушаалтнууд Ковид-19 цар тахлын үр нөлөөг багасгахад чиглэгдсэн хууль болон худал мэдээлэл тараах явдлыг зохицуулсан хуулийг засгийн газрыг шүүмжилсэн зарим тохиолдолд айлган сүрдүүлэхэд ашигласан.

Дөрөвдүгээр сард засгийн газраас эдийн засгийн бодлогыг сайжруулж, авлигатай тэмцэхийг шаардан ганцаараа тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн нэгэн иргэний эсэргүүцэл хоёр өдрийн дотор хэдэн мянган залуусыг хамарсан жагсаал болон хувирсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас есөн удаа дуудаж фейсбүүкт пост хийсэн, эсэргүүцэл илэрхийлэх замаар гүтгэлэг тараасан хэмээн бараг нэг сая төгрөгөөр ($320) торгосон байна.

Арван нэгдүгээр сард #NoWar хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаярыг худал мэдээлэл тарааж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхэд саад учруулсан гэж буруутган шүүхээс шийтгэл хүлээлгэсэн байна. Одбаярын хэлсэнээр ерөнхий сайдын ойрын хүн болчимгүй зан гарган согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд тавьсны дараагаар засгийн эрхийг барьж буй улс төрийн нам түүний эсрэг цагдаад гомдол гаргасан бөгөөд энэ нь эхний шийтгэл нь болжээ. Одбаяр нь бусад дөрвөн шүүгдэгчийн хамт Ковид-19-тэй холбоотой хязгаарлалтуудыг үл ойшоон Оросын Холбооны Улс Украйн Улс руу бүрэн хэмжээний довтолгоо хийснийг эсэргүүцсэний улмаас хоёр дахь удаагаа шийтгүүлсэн. Түүнд оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс 1,2 жилийн хугацаанд гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.  Бусад шүүгдэгчдэд мөн тус бүрийн оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Хүчирхийлэл ба дарамтлал: Глоб интернэшнл төвийн (ГИТ) мэдээлснээр цагдаа, улс төрчид, томоохон бизнесийн байгууллагуудын зүгээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамталсаар байна. Аюулгүй байдлын асуудлаар 233 сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаагаар 23 хувь нь шүүх, цагдаа, прокурорын байгууллагаас дуудагдсан, 19 хувь нь цахим шуудан, утсаар айлган сүрдүүлэлтэд өртсөн хэмээн мэдүүлсэн байна.

Зургаадугаар сард хотын захиргаа болон  амралтын газрын удирдлагуудын дунд үүссэн маргаантай нөхцөл байдлын үед шууд нэвтрүүлэг хийж байсан Parliament TV хувийн сувгийн нэгэн сурвалжлагчийг цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй хэмээн зургаан цагаар баривчлан саатуулсан байна. Сурвалжлагч эмэгтэйг цагдаагийн хэсэг дээр түр баривчлан саатуулахаасаа өмнө цагдаагийн алба хаагч түүний камер болон гар утсыг хүраан авч дүрс бичлэгүүдийг устгасан гэх. Мэргэжлийн ажил үүргээ биелүүлэхэд саад учруулсан, буруугаар хүч хэрэглэн, үндэслэлгүйгээр баривчлан саатуулсан гэдгээр гомдол гаргасан сэтгүүлч бүсгүйн хэрэг долоодугаар сарын байдлаар шийдэгдээгүй байсан.

Онлайн болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслийн төлөөлөгчдөд цензур тавих, нэвтрүүлгийн агуулгыг хязгаарлах: Хуулиар төр олон нийтийн мэдээлэлд хяналт, цензур тавихгүй гэсэн зарчмыг тогтоож өгсөн байдаг. Сэтгүүлчдийг төлөөлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ТББ-уудын мэдээлснээр нийтэлсэн мэдээллийнх нь төлөө зар сурталчилгааг нь хязгаарлах, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл авахад нь татгалзах зэргээр төрийн зүгээс шахалт дарамт үзүүлдэг байна. Мөн зарим сэтгүүлч цагдаа, шүүх, прокурорт дуудагдах эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага дахь менежерүүдийн намын харьяаллаас хамаараад ажлын байраа алдах зэргээс эмээн өөрсдийгөө хянан, цензурддэг гэж мэдэгдсэн байна.

Гүтгэх/доромжлох хууль: Гүтгэн доромжлохыг хуулиар зөрчил хэмээн үздэг бол сонгуулийн сурталчилгаа явагдах хугацаанд (ерөнхийдөө 18 хоног) гэмт хэрэг болдог байна. Гүтгэх, нэр төрийг гутаан доромжлох явдлыг зөрчил хэмээн үзвэл багавтар хэмжээний торгууль оногдуулдаг. Харин гэмт хэрэг хэмээн үзсэн тохиолдолд мэдэгдэхүйц өндөр торгууль оногдуулах буюу нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар  хорих ял оноодог байна. Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр гүтгэн доромжилсон гэм буруутай нь тогтоогдвол үйл ажиллагаа явуулах эрхийг нь зургаан сарын хугацаанд түдгэлзүүлнэ.

Хуулиар “илт хуурамч мэдээлэл тарааж хүний нэр хүнд, нэр төр, хуулийн этгээдийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах” (гүтгэх доромжлох гэсэн хэргээс ялгаатай)-ыг гэмт хэрэгт тооцож торгууль оногдуулах, 240-270 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг нэгээс гурван сараар хасах буюу дээрх шийтгэлийг хослуулан хэрэглэхээр заасан байна. Глоб интернэшнл төвийн мэдэгдсэнээр “илт хуурамч мэдээлэл” ба “хуурамч мэдээлэл тараах” гэдгийг нарийн тодорхойлж өгөөгүйн улмаас эрх мэдэлтнүүдийн зүгээс хуулийг дураараа хэрэглэх боломж олгож байна.

 

ИНТЕРНЭТИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

Хуульд зааснаар хувь хүмүүс болон бүлэг, хамт олон интернэтээр үзэл бодлоо тайван илэрхийлж болно. Төрийн эрх бүхий байгууллагаас хаагдсан вэбсайтуудын жагсаалтыг гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх сайтуудыг уг жагсаалтад нэмж бүртгэсний дотор оюуны өмчтэй холбоотой сайтууд багтсан.

Ямар агуулга буюу контентыг зохисгүй гэж үзэж хориглох талаар журамд нарийвчлан тодорхойлоогүйгээс зохисгүй контентын хязгаарлалтыг өргөн хүрээнд тавьсан байна. Уг журамд заасны дагуу ачаалал ихтэй вэбсайтуудыг шүүлтүүрийн программ хангамж ашиглахыг шаардаж байгаа нь сэтгэгдэл үлдээсэн, мэдээллийг хуваалцсан хүмүүсийн интернэт протокол хаягийг нийтэд дэлгэж байна. Тодорхой нэг тохиолдолд засгийн газрын сайд нар иргэдийг худал мэдээлэл онлайнаар тараасан тул мөрдөн шалгана хэмээн айлган сүрдүүлсэн  тохиолдол гарсан.

Нэгэн иргэн өөрийнхөө нийгмийн сүлжээний акаунтаар засгийн газрыг шүүмжилсэн гэдгээр түүний эсрэг 2021 оны 12 дугаар сарын байдлаар зургаан хэрэг үүсгэсэн байгааг мэдээлсэн. Тэрээр цагдаад байцаагдаж, гүтгэн доромжилсон гэдгээр торгууль төлсөн байна. Тэрээр шүүхэд гомдол гаргасан ба есдүгээр сарын байдлаар хэрэг шийдвэрлэгдээгүй байсан.

Б. ТАЙВАН ЗАМААР ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ, ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ ЧӨЛӨӨ 

Хуульд тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүн хоорондын зай барих журмыг баримтлах зорилгоор шаардлагатай зохицуулалтыг хийсэн.

Тайван замаар жагсаал цуглаан хийх: Хууль сахиулах байгууллагын шаардлагыг биелүүлээгүй хэмээн таван хүн Ковид-19-ийн хориг хязгаарлалтын үед эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсоны улмаас нэг жилийн хугацаанд оршин суугаа нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах шийтгэл хүлээсэн. (Хоёрдугаар хэсэг, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хэсгээс үзнэ үү). Хориг хязгаарлалтыг жигд хэрэгжүүлэн мөрдөөгүй хэмээн эсэргүүцэгчид мэдэгджээ.

 

В.ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨ

Холбогдох мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэлээс https://www.state.gov/religiousfreedomreport/ хаягаар орж үзнэ үү.

Г. ШИЛЖИН СУУРЬШИХ, УЛС ОРНООС ЯВАХ ЭРХ ЧӨЛӨӨ

Хуульд иргэд улсынхаа нутаг дэвсгэр дээр чөлөөтэй зорчих, гадаад улсад явах, цагаачлах, эх орондоо буцаж ирэх эрхтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.

Е. ДҮРВЭГСДИЙГ ХАМГААЛАХ

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас хүлээн зөвшөөрөгдсөн дүрвэгсэд, орогнол хүсэгчид болон бусад холбогдох иргэдийг хамгаалан туслалцаа үзүүлэхэд НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажилласан.

Орогнол олгох: Хуулиар орогнол олгохыг зөвшөөрдөг боловч түүнийг их ховор хэрэгжүүлж, уг процесс нь удаан байсан. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх хугацаанд Засгийн газар Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдэд хязгаарлагдмал хүрээнд хамгаалалт үзүүлсэн.

Хөдөлмөр эрхлэлт: Хуулиар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас хүлээн зөвшөөрсөн дүрвэгсэд болон орогнол хүсэгчдэд тухайлсан эрх зүйн статус олгодоггүй, дүрвэгсэд албадан гаргалтаас хамгаалагдсан байдаг боловч дүрвэгсэд болон орогнол хүсэгчдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодоггүй.

Үндсэн үйлчилгээ авах эрх:  Хуулиар дүрвэгсдийн статус олгодоггүй тул орогнол хүсэгчид ерөнхийдөө төрөөс үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол зэрэг суурь үйлчилгээг авах боломжгүй. Дүрвэгсэд, орогнол хүсэгчид нь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссариатын дэмжлэгтэйгээр хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.

Гуравдугаар хэсэг. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх

Хуулиар иргэд засгийн газраа сонгох ээлжит чөлөөт, шударга сонгуульд бүх нийтийн, тэгш эрхийн үндсэн дээр нууц санал хураалтаар оролцох эрхээ эдэлдэг.

СОНГУУЛЬ БА УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО 

Хамгийн сүүлд болж өнгөрсөн сонгууль: Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны зургаадугаар сард, хамгийн сүүлийн УИХ-ын сонгууль 2020 онд болсон. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ) Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах зорилгоор олон улсын цөөн тооны ажиглагчтай баг ирүүлсэн. Ажиглагчдын дүгнэснээр “Цар тахлын улмаас нэр дэвшигчид сонгогчидтойгоо нүүр тулан уулзах боломжгүй байсан ч сурталчилгааг чөлөөтэй явуулсан. Гэвч нэр дэвших, кампанит ажлаа явуулах, хэвлэн нийтлэх эрхтэй холбогдох хатуу чанга дүрэм журам нь олон улсын стандартад нийцэхгүй, сонгуулийн сурталчилгааны санхүүгийн ил тод байдал хангалтгүй зэрэг нь сэтгэл зовниулсан асуудал хэвээр байв” гэжээ. Сонгуулийг сайн удирдан зохион байгуулсан хэмээн ажиглагчид үзсэн боловч тэгш бус нөөц бололцоо, сонгуулийн сурталчилгааны ажилд төрийн алба хаагчид оролцсон нь засгийн эрхийг барьж буй намын давуу талыг өсгөсөн гэдгийг тэмдэглэсэн.

Гадаадад оршин суугаа иргэд 2020 оны Их хурлын сонгуульд санал өгөх боломжгүй байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчдийн газраар дамжуулан саналаа өгсөн.

Эмэгтэйчүүд болон цөөнхийн оролцоо: Улс төрийн үйл явцад эмэгтэйчүүд, түүхэнд гадуурхагдсан буюу цөөнхийн төлөөлөл оролцох оролцоог хязгаарласан хууль тогтоомж байхгүй бөгөөд эдгээр хүмүүс улс төрийн үйл ажиллагаанд оролцсон. Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслээс орон нутгийн болон үндэсний хэмжээний улс төрийн албанд томилогдох нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Улс төрийн намууд ерөнхийдөө энэ шаардлагыг биелүүлсэн. Жишээлбэл, 2020 оны УИХ-ын үед олон янзын улс төрийн намууд болон эвслүүдээс нэр дэмшигчдийн ойролцоогоор 25 хувь нь эмэгтэйчүүд байв. Наймдугаар сард тухайн улсад анхны удаа эмэгтэй Засаг дарга Ховд аймагт томилогдсон байна.

 

Дөрөвдүгээр хэсэг. Авлига ба төрийн үйл ажиллагаанд ил тод байдал дутагдах

Авлига төр засгийн бүх түвшинд өргөн хүрээг хамарсан хэвээр байна. Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг улс төржүүлж байгаа нь авлигатай үр дүнтэй тэмцэхэд саад тотгор учруулсаар байна (улс төрийн өрсөлдөгчөө зайлуулахын тулд урьдаад авлигад буруутгадаг хэмээн зарим ажиглагчид үздэг). Албан тушаалтан авлига авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан ч төр засгаас уг хуулийг тэр бүр үр дүнтэй хэрэгжүүлдэггүй. Авлигын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон зарим албан тушаалтан ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Эрүүгийн хуульд нийтийн албан хаагчид, төрийн эрх бүхий албан тушаалтнуудын авлига болон хээл хахуультай холбоотой хэргүүдэд хариуцлага хүлээлгэхээр заасан. Тухайлбал, тус хуулиар авлигын хэргээр шийтгүүлсэн этгээд цаашид нийтийн албанд тодорхой хугацаанд ажиллахгүй гэж заажээ.

Авлига:  2021 оны арванхоёрдугаар сард төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авч, хууль бус орлогоо нуун дарагдуулсан хэргээр эрүүгийн шүүхээс ял оноосон. Авлигатай тэмцэх газар түүний хувийн ажлын өрөөнөөс $900,000-той тэнцэх хэмжээний төгрөг болон гадаад валют хураан авсан. Түүнд 40 сая төгрөгийн ($12,800) торгууль оногдуулж, таван жилийн хугацаагаар хилийн хориг тавьж, нийтийн албанд ажиллах эрхийг нь найман жилээр хассан байна.

Есдүгээр сарын байдлаар хэд хэдэн УИХ-ын гишүүд Монгол Улсын Хөгжлийн банкнаас зүй бусаар зээл авсан, олгосон зээлийг буруугаар ашигласан гэхтэй холбогдох авлигын хэрэгт мөрдөн шалгагдаж байна.

Тавдугаар хэсэг. Хүний эрхийн зөрчлийг шалгадаг олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагуудад хандах төрийн хандлага  

Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон байгууллага ерөнхийдөө төр засгийн ямар нэг саад хязгаарлалтгүйгээр хүний эрхтэй холбоотой хэргүүдийг судлан, үр дүнг нь мэдээлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулсан. Эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнууд зарим тохиолдолд эдгээр байгууллагатай хамтран, үзэл санааг нь дэмжин ажиллажээ. Хуулиар хүний эрх хамгаалагчийг тодорхойлох, хөхиүлэн дэмжих, хамгаалах механизмыг бий болгосон байна. Засгийн газрыг дэмжигчдийн зүгээс заримдаа тэдгээр ТББ-ыг “зохисгүй этгээдүүд”, “будилаан таригчид”, “гадаадын тагнуул”, эсвэл “төрийг эсэргүүцэгчид” гэх мэтээр тодорхойлдог.

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд: ХЭҮК нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогод өөрчлөлт оруулахаар санал гаргах, хянах, хүний эрхийн ТББ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулах үүрэгтэй. ХЭҮК-ын зургаан гишүүн нь сонгон шалгаруулалтаар сонгогдож, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилогдоно. Албаны хүмүүсийн мэдээлснээр УИХ-аас ХЭҮК-т хуваарилсан төсөв хангалтгүй хэвээр байгаа бөгөөд хяналт шалгалт явуулах, сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа нь бүхэлдээ гадаад санхүүжилтийн эх үүсвэрээс хамааралтай. ХЭҮК-оос лесбиян, гей, бисексуал, трансжендер, ижил хүйстэн, интерсекс (ЛГБТИ+) хүмүүс, хүний эрх хамгаалагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнхийн эрх гэх мэт улс төрийн маргаантай хүний эрхийн асуудлуудыг байнга дэмжсээр иржээ.

Хүний эрхийн асуудлуудыг харилцан хэлэлцэх талаар төр засаг, иргэний нийгмийнхэн тодорхой хэмжээнд хамтран ажилласан.

Зургаадугаар хэсэг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус харьцаа 

ЭМЭГТЭЙЧҮҮД

Хүчин болон гэр бүлийн хүчирхийлэл: Эрүүгийн хуульд зааснаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эрх мэдлийн байр сууриа ашиглах (санхүүгийн болон албаны), хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг ашиглан хурьцал үйлдсэн бол нөхцөл байдлыг харгалзан нэгээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл насаар нь хорих ялаар шийтгэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулиар эхнэр/нөхрөө хүчирхийлэх хэргийг гэмт хэрэгт тооцдог. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд хүчирхийлэл үйлдэгчдийг захиргааны болон эрүүгийн хуулийн аль алиных нь дагуу шийтгэж, эрүүгийн хэрэгт хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял өгдөг. Төр засгаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээллийн нэгдсэн санг үндэсний хэмжээнд хөтөлж, хоёр дахь удаагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд автоматаар эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог. Засгийн газраас хүчин ба гэр бүлийн хүчирхийллийн хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлээгүй.

Анхаарал хандуулсаар байгаа хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл нь ноцтой бөгөөд өргөн хүрээтэй тархсан асуудал хэвээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг Хууль сахиулахын их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр болон цагдаагийн нийт алба хаагчдын ажил үүргийн хуваарьт тусгаж өгчээ.

ЦЕГ-ын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж ажилладаг. Цагдаагийн байгууллага, төрөл бүрийн ТББ, орон нутгийн захиргаа, эмнэлгүүдийн ажиллуулдаг гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдад зориулсан 20 хамгаалах байр, 17 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Эдгээр хамгаалах байрууд нь ХЭҮТ-өөс боловсруулсан үйл ажиллагааны стандарт журмыг мөрддөг. Гол төлөв эмнэлгүүдийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогчдыг 72 цаг хүртэл хугацаагаар байлгадаг. Хөдөө орон нутагт хамгаалах байрны тоо харьцангуй цөөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүсийн хувьд хүндрэл бэрхшээлтэй байна.

Бэлгийн дарамт: Зөрчлийн тухай хуулиар бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд торгууль оногдуулах, сургалтад хамруулах зэргээр зохицуулсан байна. Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох дотоод журам гаргаж, өргөдөл гомдлыг авч хэлэлцэн, шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авах үүрэгтэй байна. Төрөөс бэлгийн дарамтын талаарх хуулийг хэрэгжүүлж ирсэн боловч ТББ-ууд эрх зүйн зохицуулалтыг хангалтгүй хэмээн үзэж байгаа бөгөөд зүй бусаар биеэ авч явах гэж юуг хэлэх талаар мэдлэг, нэгдсэн ойлголт байхгүй учраас уг асуудлын зааг хязгаарыг тогтооход бэрхшээл үүсдэг гэжээ. Гомдол хүлээн авсны дараа ХЭҮК шалгалт явуулж, улмаар ажил олгогч руу нь тухайн хэрэгт буруутгагдаж буй этгээдэд захиргааны шийтгэл оногдуулахыг санал болгосон захидал илгээж болдог.

Телевизийн эрэн сурвалжлах нэгэн нэвтрүүлгээр Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нь өнгөрсөн 2017 онд бэлгийн дарамт үзүүлэх гэж оролддог байсан бөгөөд түүний эсрэг хэрэг үүсгэж чадаагүй тухай дэлгэрэнгүй  мэдээлэл есдүгээр сард гарсны дараа түүнийг ажлаас нь халсан байна. Энэ сурвалжилгын дараа тухайн үеийн хэд хэдэн тамирчид болон даван туулагчид гарч ирж түүнийг бэлгийн дарамт үзүүлж, хэлбэл өшөө хонзон авна хэмээн сүрдүүлж байсныг илчлэн буруутгажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар дээрх дасгалжуулагчийг ажлаас нь хөөж, боксын холбооноос уг асуудлыг мөрдөн шалгуулахаар цагдаа болон холбогдох байгууллагуудад хандсан тухай твиттер хуудаснаа бичсэн байна.

Нөхөн үржихүйн эрх: Үр хөндөлт, үргүйдлийг төрийн байгууллагуудаас албадсан тохиолдол гараагүй. Эцэг эх буюу асран хүмүүжүүлэгчээс зөвшөөрөл урьдчилан авалгүйгээр охидыг хичээлийн анги зэрэг эмнэлгийн бус орчинд эмэгтэйчүүдийн үзлэгт оруулахыг хориглосон заавар чиглэл  Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөөр байхад зарим нэгэн орон нутгийн сургуулиудад дээрх үйл ажиллагааг явуулсан тухай хоёр ч төрийн бус байгууллагаас батлан мэдээлсэн байна. Уг үзлэг нь бэлгийн дарамт, бэлгийн замын өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах зорилготой гэх боловч олон нийт онгон эсэхийг мэдэх шалгалт гэж ойлгодог байна.

Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг чөлөөтэй авах боломжтой боловч хөдөө орон нутгийн алслагдсан бүсүүдэд эмч, эрүүл мэндийн байгууллагад хандахад урт замыг туулахад хүрдэг нь элбэг тохиолддог байна. Бэлгийн хүчирхийллийг даван туулагчдад төрөөс бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Хүчингийн хэргийн хохирогчдод жирэмслэлтээс яаралтай хамгаалах эмийг тав хоногийн дотор олгодог байна.

Ялгаварлан гадуурхал: Хуулиар эмэгтэй, эрэгтэй хүмүүс хууль эрх зүйн хувьд ижил статус, ижил эрхтэй байхын зэрэгцээ ажил хөдөлмөрт ижил цалин хөлс авах, боловсрол эзэмшихэд ч тэгш эрхтэй байна гэж заасан. Эдгээр эрх нь ерөнхийдөө хангагддаг ч эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхалд өртдөг. Төр, засаг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэг.

Гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ асрамждаа авдаг бол, гэрлэлтээ цуцлуулсан нөхрүүд хүүхдийн тэтгэмж өгөхгүй байх явдал элбэг бөгөөд үүнийхээ төлөө торгууль төлдөггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр гэр бүлийн дундын хөрөнгө, бизнес голдуу өрхийн тэргүүний нэр дээр бүртгэлтэй байдаг тул гэр бүл салах үед өмчлөх эрх нь нөхөрт шууд хадгалагдан үлдэх явдал байсаар байна.

Ерөнхий сайдаар ахлуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (ХНХЯ) дэргэдэх Жендерийн үндэсний хороо нь яамд, ТББ болон аймаг, орон нутгийн жендерийн хорооны түвшинд эмэгтэйчүүдтэй холбоотой бодлогыг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг.

АРЬС ӨНГӨ БУЮУ ҮНДЭСТЭН ЯСТНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ БА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛ

Хуулиар арьс өнгө, үндэстний цөөнх, тэдний бүлгүүдийг хүчирхийлэл ба ялгаварлан гадуурхлаас хамгаалдаг. Төр засаг уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэг.

Улс орны хүн амын 96 хувь нь монгол үндэстэн.  ТББ-уудын мэдээлсэнээр нутгийн баруун хязгаарт төвлөрөн амьдардаг казах үндэстний цөөнхөд ажил эрхлэлтийн  ялгаварлан гадуурхалтай заримдаа тулгардаг байна.

 

ХҮҮХЭД

Төрсний бүртгэл: Иргэний харьяаллыг эцэг эхийн аль нэгний харьяаллаар тогтоодог. Төрөлтийг тэр даруйд нь бүртгэж, бүртгэлийн дугаарыг Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтран боловсруулсан цахим системээр дамжуулан олгодог. Хүүхдийнхээ төрсөнийг бүртгүүлэхгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болох эрсдэлтэй.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах: Эрүүгийн хуульд хүүхдийг хараа хяналтгүй орхих, донтох байдалд татан оруулах, эрүүгийн хэрэгт уруу татах, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, гуйлга гуйлгах, хүүхэд ашиглан садар самууныг сурталчлах зэрэг хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг бүлэглэн хуульчилсан байна.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийлэх явдал ноцтой асуудал байсан бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны хэлбэрээр илэрч байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар дуудлага хүлээн авдаг хүүхдийн шууд утсыг тогтмол ажиллуулж, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан түр хамгаалах байр зэрэг шуурхай тусламжийн төвийг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажээ. Төрөөс ажиллуулж буй хамгаалах байрууд нь гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцаа, үл тоомсорлогдох, хараа хяналтгүй орхигдсон хохирогч хүүхдүүдэд үйлчилж ирсэн бөгөөд нэн эмзэг нөхцөлд байгаа хүүхдүүдэд зориулсан тусгай байр гаргах бололцоогүй байсан. ГБХЗХГ-аас хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нэмэлт хамгаалах байр ажиллуулах зорилгоор Улаанбаатар хотын нэгэн ТББ-д санхүүжилт өгсөн байна. ТББ-ын мэдээлснээр хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг урт хугацаагаар халамж асаргаанд байлгах байрны зай талбай хангалтгүй байсан байна.

Үл тоомсорлох болон эцэг эхийн зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд өнчирч, гэр орноосоо дайжих явдал гарч байна. Эцэг эх нь зүй бус харьцсан хүүхдүүдийг түр хамгаалах байр луу явуулдаг гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн хэдий ч олон хүүхдийг нөгөө л хүчирхийлэгч эцэг эхэд нь буцаасан тухай хөндлөнгийн ажиглагчид хэлж байна. Аймаг бүрт, мөн Улаанбаатар хотын бүх дүүргийн цагдаагийн нэгжүүдэд насанд хүрээгүйчүүдийн эсрэг буюу тэдний үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий мэргэшсэн цагдаагийн алба хаагч байдаг.

Хүүхэд насандаа болон хүчээр гэр бүл болох: Хуульд заасан гэр бүл болох хамгийн доод нас 18 бөгөөд шүүхээр зөвшөөрөгдсөн тусгай нөхцөл байдалд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр 16-18 нас байна гэж заажээ.

Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах: 18-аас доош насны хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглахыг хуулиар хориглосон хэдий ч ийм асуудал илэрсэн. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орох насны доод хязгаар 16 нас юм.

Насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэхгүй байх заалтыг зөрчсөн этгээдийг (16 хүрээгүй этгээдтэй хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүйгээр хурьцал үйлдсэн байхыг хэлнэ) таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн, эсвэл бэлгийн мөлжлөгт ашигласан этгээдэд 20 хүртэлх жилээр, эсвэл хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл бүх насаар нь шоронд хорих ял шийтгэл онооно.

Хүүхдийг садар самуунд уруу татахыг хуулиар хориглоно. Эрх бүхий байгууллагууд хуулиа хэрэгжүүлсэн болно. Эрүүгийн хуулиар хүүхдийг садар самуунд уруу татсан тохиолдолд оноох ялын дээд хэмжээ нь найман жилийн хорих ял байна.

 

АНТИ СЕМИТИЗМ 

Еврей хүн амын тоо маш цөөн, анти семитик үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээгүй.

 

ХҮНИЙ НАЙМАА

АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны талаарх илтгэлийг https://www.state.gov/trafficking-in-persons-report/ хаягаар орж үзнэ үү.

 

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА БА ХҮЙСИЙН БАРИМЖАА, ИЛЭРХИЙЛЭЛ, БЭЛГИЙН ОНЦЛОГТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭМТ ҮЙЛДЭЛ БОЛОН БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА 

 

Хууль бус хэмээн үзэх: Харилцан тохиролцоо дээр үндэслэсэн, ижил хүйсийн насанд хүрэгчдийн хоорондын бэлгийн харилцааг хууль бус хэмээн үзэх ямарваа нэгэн хууль байхгүй болно.

ЛГБТКИ+ хүмүүсийн эсрэг чиглэгдсэн хүчирхийлэл: ТББ болох ЛГБТ төв нь ЛГБТКИ+ хүмүүс хүчирхийлэл, заналхийлэлд өртсөн талаар мэдээлэл хүлээж авсан бөгөөд эдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэндээ өөрийгөө илчилсэн, эсвэл гэр бүлийнхэн нь ЛГБТКИ+ болохыг нь мэдсэн гэх хүүхэд, залуус байжээ. Хэт үндсэрхэг үзэлтэй нэгэн бүлгийнхэн ЛГБТКИ+ хүмүүсийг хүчирхийлнэ хэмээн айлган сүрдүүлж байгаа дүрс бичлэгээ гуравдугаар сард фейсбүүкээр шууд цацсан ба түүнийг 69000 удаа хүмүүс үзсэн байна.

Ялгаварлан гадуурхал: Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийллээс үүдэн ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглодог боловч холбогдох хэргүүд цагдаа болон прокурорын байгууллагад их ховор бүртгэгдсэн байна. Хуулиар ижил хүйстний холбоодыг хүлээн зөвшөөрдөггүй. ЛГБТКИ+ хүмүүс гэртээ болон олон нийтийн дунд ялгаварлан гадуурхалтай нүүр тулж, гэр оронгүй болох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс эмээдгээ мэдүүлдэг. Хөдөө орон нутагт ЛГБТКИ+ хүмүүсийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл хомс, цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах хүртээмж хязгаарлагдмал байдаг тул тэд нийслэл Улаанбаатар хотыг бодвол хөдөө орон нутагт ялгаварлан гадуурхалтад өртөх нь элбэг, айдас түгшүүртэй байдаг тухай мэдээлжээ. Улаанбаатар хотын засаг даргын орлогч 2021 онд фейсбүүк хуудсандаа ЛГБТКИ+ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан мэдэгдэл нийтэлж тэгш эрх, бахархлын өдрүүдийн сурталчилгааны хуудсыг буулгахыг тушаан ялгаварлан гадуурхсан тул ЛГБТИ төвөөс засаг даргын орлогчийн эсрэг гомдол гаргасан боловч прокурорын байгууллагаас түдгэлзүүлсэн. ЛГБТКИ+ иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.

ЛГБТКИ+ хүмүүсийн цуглуулсан баримтуудаас харахад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг албаныхны бэлгийн цөөнхийн талаарх ойлголт сул байгаагаас гадна дагалдан гарч болзошгүй ЛГБТКИ+ хүмүүсийн бие махбод, сэтгэл зүйн асуудлуудыг мэддэггүй. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй хүмүүст өөрсдийн бэлгийн чиг баримжааг мэдүүлэх нь тэднийг тохуурхах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, төрийн бусад байгууллагуудад тэдний чиг баримжааны талаар мэдээлэх вий гэсэн айдас дагуулдаг хэмээн ЛГБТКИ+ хүмүүс хэлж байв.

Хүйсээ батлан, хүлээн зөвшөөрүүлэх эрх зүйн зохицуулалт: Эрх зүйн үүднээс хүйсээ албажуулан батлан, хүлээн зөвшөөрүүлж болох боловч тухайн хүмүүст эмнэлгийн үзлэг хийсэн эмчээс олгосон бичиг баримт бүрдүүлэн авчрах шаардлагатай болдог байна.

Онцгойлон ЛГБТКИ+ иргэд рүү чиглэгдсэн сайн дурын бус, эрүүл мэнд буюу сэтгэл зүйл албадлагын практик ажиллагаанууд:  ЛГБТКИ+ ТББ-уудын мэдээлснээр насанд хүрээгүйчүүд болон залуучуудын бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа илэрхийллийг өөрчлөхийг оролдон сэтгэл зүйн эмчилгээ, шашны зан үйл албадан хийх зэрэг үзэл бодлыг өөрчлөх эмчилгээг хийсэн тохиолдлууд гарсан байна. ЛГБТКИ+ иргэдийг дэмжигчдийн мэдүүлснээр интерсекс хүүхдүүдэд бүр бага настай байхад нь гормоны эмчилгээ хийж, хүйсийг нь хэвийн болгох хагалгаа гэгчийг хийх явдал нь эмнэлгийн ердийн практик болсон байна.

Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрх чөлөөний хязгаарлалтууд: Тэгш эрх, бахархлын өдрүүдээр Улаанбаатар хотод тайван жагсаал хийх хүсэлтийг ЛГБТ төвөөс хоёр удаа гаргасан боловч зөвшөөрөл олгоогүй байна. Уг төв нь татгалзсан хариу өгсөнд гомдол гаргасанд шүүхээс төвийн талд шийдвэрлэсэн боловч уг хариу нь Бахархлын долоон хоног дууссаны дараа л гарсан байна.

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН

Хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэд боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах, нийтийн барилга байгууламжид нэвтрэх ижил тэгш эрхтэй боловч тэдэнд ийм боломж алга байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглодог. Төр, засгийн газрын ихэнх барилга байгууламж тэргэнцэртэй хүн ороход боломжгүй хэвээр, Улаанбаатар хотын цөөн хэдэн уулзвар л харааны бэрхшээлтэй явган зорчигчдод туслах дуут гарцаар тоноглогдсон байна.

Шинээр баригдах нийтийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангасан стандарттай байх хууль батлагдсан боловч ихэнх шинэ барилга уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй хэвээр байна. Улаанбаатар хотод үйлчилгээнд гарч байгаа мянга орчим нийтийн тээврийн автобусны зөвхөн 38 нь тэргэнцэртэй хүнд үйлчлэхээр тоноглогдсон болохыг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос мэдэгджээ. Яаралтай тусламжийн үйлчилгээний газруудад бэлтгэгдсэн ажилтан болон зохих технологи байхгүй тул харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд ихэнхдээ хүртээмжгүй байна.

Боловсрол эзэмшихэд ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой заалт байдаггүй ч, хуулиар хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдыг боловсрол эзэмших орчин нөхцөлөөр хангах үүргийг төр хүлээдэг. Хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн өмнөх шатны болон ерөнхий боловсролын сургуульд суралцах боломжтой хэдий ч бодит байдал дээр ихээхэн саад бэрхшээл тулгарч байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан 2021-2022 оны статистик мэдээгээр тухайн хичээлийн жилд 5,606 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд сурсан байна. Ихэнх сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэхүйц дэд бүтэц, сайтар бэлтгэгдсэн ажилтнаар гачигдаж байна.Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос 2021 онд явуулсан судалгаанд хамрагдсан 25 сургуулийн зөвхөн 18 хувь нь бие махбодийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэвтрэх боломжтой байсан байна.

Ерөнхий боловсролын энгийн сургуульд элсүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа боловч зарим нэгэн сургууль авахаас татгалзсан гэсэн мэдээлэл байна.

Монголын дауны холбооноос мэдээлснээр аэнгийн сургуулийн бага ангид суралцаж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дунд ангид дэвшин суралцахад хэцүү байсан тул зарим эцэг эх тусгай сургуульд шилжүүлэн суралцуулах болоходөмнө нь өөр сургуульд хамрагдаж байсан гэдэг шалтгаанаар бүртгүүлэхэд бэрхшээлтэй байдаг байна.

Долоодугаар хэсэг. Ажилчдын эрх

А. ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ ЧӨЛӨӨ, ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЭРХ

Хөдөлмөрийн шинэчилсэн хууль нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.  Хуульд зааснаар ажилчид урьдчилж зөвшөөрөл авах юм уу хэт өндөр шаардлага хангахгүйгээр өөрсдийн саналаар бие даасан үйлдвэрчний эвлэл, эсвэл мэргэжлийн байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Хуулиар төрийн тусгай үйлчилгээ, онцгой албанд ажиллагсдаас бусад бүх ажилтны хувьд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ялгаварлан гадуурхалгүйгээр оролцох, ажил хаях, хамтын хэлэлцээ хийх эрхийг нь хамгаалсан байдаг. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан хүнийг ажилд нь буцааж авахыг хуульчилсан.

Ажил хаях эрх нь хэд хэдэн хязгаарлалттай. Гуравдагч талуудаас ажил хаялт зохион байгуулахыг хуулиар хориглодог. Ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж буй өдөр, үргэлжлэх хугацаа, оролцогчдын тоог дурдсан мэдэгдлийг ажил хаялтын өдөр болохоос таваас доошгүй өдрийн өмнө удирдлагад мэдэгдэх ба үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн олонх нь ажил хаялтыг дэмжсэн байх ёстой байдаг. Хамтын гэрээнд тусгасан зохицуулалттай холбогдолгүй асуудлаар ажил хаялт зохион байгуулахыг хуулиар хориглоно.

Хамтын хэлэлцээ хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах хуулиудыг төр засгаас тууштай хэрэгжүүлээгүй. Шийтгэлийн арга хэмжээ ихэнхдээ торгуулийн хэлбэртэйбайгаа нь иргэний эрхийн ижил төстэй зөрчилд оногдуулж буй шийтгэлтэй дүйцэхээргүй байгаа бөгөөд зарим тохиолдол зөрчил гаргагсдыг шийтгэж байна. Ажилтан, удирдлагын хооронд гарсан дийлэнх маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт комиссоор шийдвэрлэдэг. Уг комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн засаг захиргаа, ажил олгогч, ажилтан болон түүнтэй хамт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны төлөөлөгч ордог. МҮЭХ-ны мэдээлснээр шүүхээр шийдвэр гаргуулах үйл ажиллагаа маш их цаг хугацаа шаарддаг тул цаг, зардлаа хэмнэх үүднээс олон ажилтан маргаанаа зогсоодог. МҮЭХ-ны мэдээлснээр зарим холбоодын зохион байгуулагчид хуулиар бүрэн хамгаалагдаж чадахгүй байна гэж үздэг ба зарим хүмүүс үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны төлөө ес хонзон, хариу авах явдалтай тулгарч байсан байна.

Гуравдугаар сард төрийн үйлчилгээний бага тушаалын албан хаагчид Улаанбаатар хотод тайван жагсаал зохион байгуулж, төрийн зарим үйлчилгээг хувийн компаниудад шилжүүлэх тухай засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн. Энэхүү шийдвэр нь зарим төрийн алба хаагчдын ангиллыг өөрчлөн гэрээт ажилтан болоход хүргэсэн байна. Жагсагчид МҮЭХ-ны дэмжлэгтэйгээр өөрсдийн бүтэн цалин, цалингийн нэмэлт, шагнал урамшуулал болон цаашид олгох цалингийн нэмэлт ба тэтгэврийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар мөн шилжүүлэхийг шаардсан.

Хуулиар гадаадын цагаач ажилчид монгол иргэдийн нэгэн адил бүх эрхийг эдэлдэг боловч хөдөлмөрийн хууль зөрчсөн асуудал дээр тэдэн шиг ижил түвшинд хамгаалалт авч чаддаггүй гэж мэдэгдсэн.

Б. ХҮЧЭЭР БУЮУ АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ

Хуулийн дагуу оноосон ял шийтгэлээс бусад тохиолдолд хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэх бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хориглосон. Эрүүгийн хуульд албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд торгууль оногдуулах болон хорих ялаар шийтгэхээр заасан. Төр засгийн зүгээс хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй. Хяналт шалгалтыг зохих хэмжээнд явуулдаггүй, хяналтын байцаагч нар гэнэтийн хяналт шалгалт хийдэггүй ба албан бус секторт хууль хэрэгждэггүй.

Хүүхдийг албадан гуйлга гуйлгаж, албадан ажил хийлгэсэн талаар зарим мэдээлэл гарч байсан боловч тухайн жилд хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн хэргээр ял шийтгэл оногдуулаагүй байна. 7.с. хэсгийг үзнэ үү. Насанд хүрсэн хүнээр албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх нэг хэргийг шийдвэрлэсэн байна.

АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланг https://www.state.gov/trafficking-in-persons-report/ хаягаар орж үзнэ үү.

В. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ХОРИГЛОХ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ НАСНЫ ДООД ХЯЗГААР 

АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тайланг https://www.dol.gov/agencies/ilab/resources/reports/child-labor/findings  хаягаар орж үзнэ үү.

Г. АЖИЛ ЭРХЛЭЛТ, МЭРГЭЖЛЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ 

Хүнийг ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмшихэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, бэлгийн ба хүйсийн баримжаа, хүйс, гэрлэлтийн байдал, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдалд нь үндэслэн ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглоно. Мөн “тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохоор эсхүл ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл эрүүл мэндэд нь харшлахаар” биш л бол ажил олгогч өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаас татгалзахыг хориглосон. Хуульд зааснаар эрүүл мэндийн байдал нь хүндэрч ажил үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй болсноос бусад тохиолдолд ажил олгогч ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг ажилд авахаас татгалзах, эсхүл ажлаас халахыг хориглодог. Эмэгтэйчүүдийг хүнд хүчир хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болохуйц химийн бодистой харьцдаг зарим ажлын байранд ажиллуулахыг хуулиар хориглосон.

Төрөөс дээрх хуулийг хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласан бөгөөд хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл, ХДХВ-ын халдвартай гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхсан явдал гарсан. Бусад төстэй зөрчлүүдтэй харьцуулбал тухайн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээ хангалтгүй бөгөөд тун цөөн тохиолдолд уг шийтгэлийг оногдуулсан. Ажилтан ялгаварлан гадуурхсан хэргээр шүүхэд хандах эрхтэй боловч шүүхийн процесс удаан бөгөөд үр дүнгүй байна. ХЭҮК-ын мэдээлснээр ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэх 13 гомдол хүлээн авч эдгээрээс нэг ажлын байранд хяналт шалгалт хийсэн байна.  ХЭҮК-оос нэг хэргийг мөрдөн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Үндэсний статистикийн хорооноос 2020 онд хийсэн сүүлийн хүн амын тооллогоор эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдийнхээс дунджаар 20 хувь илүү байна.

Хуулиар 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт орон тооныхоо дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахыг шаардаж, ажиллуулаагүй тохиолдолд торгууль төлөхөөр хуульчилсан ч, бодит байдал дээр ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахад хойрго хандсан хэвээр байгааг ТББ-ууд мэдээлсэн. Төрийн байгууллагууд өөрсдөө дээрх квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаггүй талаар тэд бас хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийн мэдээлснээр тэд ажилд орсон ч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломж байхгүй тул зарим үед ажлын байраа хадгалж чаддаггүй (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн 6 дугаар хэсгийг үзнэ үү).

ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бодлого, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Төрийн болон ТББ-уудын мэдээлснээр, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах тухайд ажил олгогчдын хандлага сайжраагүй ба ихэнх ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахын оронд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд торгууль төлөхийг илүүд үзсэн хэвээр байна.

ТББ-ууд, ХЭҮК, ЛГБТКИ+ хүмүүсийн мэдээлснээр компаниуд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа нээлттэй илэрхийлсэн ЛГБТКИ+ хүмүүсийг ажилд ихэнхдээ аваагүй, ажил дээрээ өөрийн статусаа мэдэгдсэн ЛГБТКИ+ иргэдийг байнга ялгаварлан гадуурхаж байсны дотор ажлаас халах магадлал өндөр байжээ. Үүнээс гадна ЛГБТКИ+  хүмүүс хууль бусаар ажлаас халагдсан тохиолдолд  өөрийнх статусыг задруулахаас болгоомжлоод тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлдэггүй нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Д. ХӨДӨЛМӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ

Цалин, хөдөлмөрийн цагийн хууль: Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогчдын холбооноос бүрдсэн  Үндэсний гурван талт хороо нь жил тутам үндэсний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ядуурлын түвшнээс дээгүүр тогтоодог. Хуулиар долоо хоногийн ажлын цагийг 40 цагаар тогтоож илүү цагийн мөнгийг олгоно гэсэн хэдий ч бодит амьдрал дээр илүү цагийн цалинг олгох нь нэн ховор. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн хуулиар албан бус секторын ажилчдыг мөн хамруулсан боловч тууштай хэрэгжүүлээгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд: Хөдөлмөр, хоршоо, компанийн тухай хуулиудад гадаад, дотоодын ажилчдад эрх тэгш үйлчлэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг хуульчилж өгсөн. МХЕГ-ын үзэж байгаагаар ихэнх стандарт үеэ өнгөрөөсөн. Бөгөөд улс орны голлох аж үйлдвэрийн шаардлагад нийцэхээргүй болжээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн зүгээс аюултай нөхцөл байдлыг шуурхай илрүүлсэн, ажилчдын гомдлыг шийдвэрлэсэн эсэх өгсөн хариу өгсөн зэрэг аюултай нөхцөл байдлыг шуурхай илрүүлсэн тухай мэдээлэл байхгүй байна.

Ажилтан ажлын байраа алдахгүйгээр аюулгүй байдалд халтай нөхцөл байдлаас өөрийгөө авч гарах эрхтэй. МҮЭХ Монгол-Хятадын хил дээр тавигдсан хязгаарлалтууд, байрлах байргүйн улмаас өөрсдийн ачааны машинд удаан хугацаагаар, заримдаа хэдэн сараар хүлээх зэрэг хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй тулгарч байгаа нүүрсний машины жолооч нарт сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн. Тухайн бүс нутагт нөхцөл байдлыг сайжруулахын төлөө арга хэмжээ үргэлжлүүлэн авч байгаа гэж засгийн газар мэдээлсэн.

Наймдугаар сарын байдлаар 232 хүн аж үйлдвэрийн осолд орж, тэдгээрээс 31 нь амь насаа алдсан байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулбал 88 ба 17-р тус тус өссөн байна.

Зургаадугаар сард нэг долоо хоногийн дотор барилгын таван ажилчин ажлын байран дээрээ амь насаа алдсан хэргийн дараа МҮЭХ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэргэжлийн аюулгүй байдлын ажиллагааг муу мөрдүүлж байгааг онцлон тэмдэглэж МХЕГ зэрэг төрийн байгууллагуудыг нэмэлт хяналт шалгалт хийхийг шаардсан.

Цалин, хөдөлмөрийн цаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын хэрэгжилт: Төр засгаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, илүү цаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой хуулиудыг хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласан. ХНХЯ хуулийг нийтийн албанд хэрэгжүүлдэг боловч хувийн секторт ажиллаж байгаа олон хүмүүс, ялангуяа орон нутгийн жижиг компанийн ажилчид ажил олгогчийн амласан цалингаас бага хэмжээний цалин авдаг талаар МҮЭХ мэдээлсэн. Барилгын салбарын ажилчид өвлийн эрс хүйтэн нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа цөөн хэдэн сарын дотор дуусгахын тулд зарим үед удаан цагаар ажиллах шаардлагатай тулгардаг нь осолд орох, гэмтэж бэртэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн болон үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан компаниудад авч буй торгуулийн хэмжээ уг асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болж чадахгүй байгааг МХЕГ хүлээн зөвшөөрсөн. Зөрчил гаргасан зарим хүнд шийтгэл оногдуулсан байна.

МХЕГ-ын хөдөлмөрийн байцаагчид хөдөлмөрийн бүхий л хууль тогтоомжийг бүсийн болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийг нэн даруй мөрдөхийг шаардах эрхтэй. Байцаагчид ерөнхийдөө албан бус секторт хяналт шалгалт явуулдаггүй. МХЕГ-ын мэдэгдэж байгаагаар байцаагчид ажлын ачаалал их байдаг ба тэднийг хяналт шалгалтын арга техник, баримт нотолгоо цуглуулах талаар сайтар сургах шаардлагатай. Хангалттай эрх мэдэл, удирдамж байгаагүйн улмаас зарим нэгэн төлөвлөгөөт шалгалт хугацаандаа хийгдээгүй гэдгийг МХЕГ хэлж байв.

Тавдугаар сард гарсан Шадар сайдынзахирамжын дагуу  МХЕГ ажлын байрны нөхцөл байдлыг судлан үнэлгээ өгч, зөвлөмж гаргадаг хөдөлмөрийн байцаагч нарын тоог нэмсэн. Наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 86 хөдөлмөрийн байцаагч байсан ба энэ нь журам зааврыг мөрдүүлэхэд хангалтгүй тоо юм.  МХЕГ-т гэнэтийн шалгалт хийх, хориг тавих эрх мэдэл байхгүй бөгөөд хуульд зааснаар хяналт шалгалт хийхэд ажил олгогчид 48 цагийн өмнө мэдэгдэх ёстой байдаг байна.

Наймдугаар сарын байдлаар МХЕГ-аас 1,378 компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 9,642 гаруй ажилчдад 321 удаагийн сургалт, форум, яриа таниулга хийжээ.

Албан бус сектор: Албан бус секторт ижил үйлчлэх ёстой хууль хэрэгжээгүйн улмаас ажилчид эрхээ баталгаатай эдэлсэнгүй. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр албан бус салбарт 480,000 хүн буюу нийт ажил эрхлэгчдийн 46 хувь ажиллаж байна. Амьжиргааны газар тариалан, мал аж ахуй, бичил уурхай зэрэг нь уг албан бус секторыг голчлон бүрдүүлж байна. Тэтгэврийн тухай хуулиар гэр бүлийн жижиг бизнес эрхлэгчид болон мал аж ахуй зэрэг албан бус эдийн засгийн салбарт ажиллагсдад тэтгэвэр, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломж олгодог. Эдгээр ажилчид эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ авч, сайн дурын нийгмийн даатгалд  хамрагдах боломжтой байв.