“Номхон далайн элч 23” бэлтгэл сургуулилтад АНУ-ын Номхон далай дахь Агаарын цэргийн командлалын эмнэлгийн анги ажиллаж байна
2023 оны наймдугаар сарын 9
Энэ оны наймдугаар сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Номхон далайн элч 23” бэлтгэл сургуулилтын хүрээнд АНУ-ын Номхон далай дахь Агаарын цэргийн командлалаас хээрийн эмнэлгийн үйлчилгээ болон анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх багийг Монгол Улсад илгээсэн билээ.
Эдгээр ангиуд Монголд байршиж ажиллаж буй нь бүс нутгийн цэрэг, байгууллага хоорондын болон иргэний онцгой байдлын хариу арга хэмжээ, гамшгийн менежментийн мэргэжилтнүүд хоорондын харилцан хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
АНУ-ын Агаарын цэргийн командлал, АНУ-ын Тэнгисийн цэргийн командлал, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус, АНУ-ын хуурай замын цэргийн командлалын 60 гаруй албан хаагчид хүмүүнлэгийн тусламж болон гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, Эрүүл мэндийн яамтай хамтран эмнэлгийн тусламж үзүүлэх, барилга-инженерийн засварын ажил хийж байна.
“Номхон далайн элч-2023” бэлтгэл сургуулилтын зорилго нь АНУ болон хүлээн авагч улсын зэвсэгт хүчин, иргэний эмнэлэг, инженерийн ажилтнууд болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадварыг хөгжүүлэхэд оршино.
“Номхон далайн элч” гэх мэт онцгой нөхцөл байдалд бэлтгэл хангуулах, улмаар бүс нутгийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой бэлтгэл сургуулилтуудаараа дамжуулан АНУ-ын цэргийн хүчин Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн холбоотнууд болон түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлсээр байна.
“Номхон далайн элч-23” бэлтгэл сургуулилтыг 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ улиралд хоёр бүс нутагт ажиллах юм. “Номхон далайн элч 2023” бэлтгэл сургуулилтад эрэн хайх, аврах, ерөнхий болон шүдний эрүүл мэндийн үзлэг, яаралтай тусламжийн үзлэг, хохирогчдыг нүүлгэн шилжүүлэх, халдварт өвчний хяналт, инженер засварын хөтөлбөр, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, засвар зэрэг багтана.