
Гадаад харилцааны сайд Л. Пүрэвсүрэн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Энх Тайвны Корпус (ЭТК)-ын төв байгууллагын захирал Керри Хэслэр-Раделеттай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд хэлсэн үгэндээ Монгол Улсад ардчилсан шинэчлэлийг хөгжүүлэх болон ард түмний нийтлэг эрх ашгийг дээдлэн хүндэтгэх үйлст Америкийн сайн дурын ажилтнууд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэсэн юм. Мөн хоёр тал энэхүү хамтын ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсны 25-н жилийн ойг энэ жил, Монголд ЭТК-ын анхны сайн дурын ажилтнууд ирж ажилласны 25-н жилийн ойг ирэх жил тус тус тэмдэглэх талаар санал солилцлоо.
Анх 1990 онд Америк, Монголын Засгийн Газар ЭТК-ын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, удаах жил нь анхны сайн дурын ажилтнууд Монголд ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш Монголын орон даяар англи хэл, эрүүл мэнд, байгаль орчин болон бичил бизнесийн чиглэлээр нийт 1,149 сайн дурынхан ажилласан байна. Одоогоор Монгол Улсын 21 аймагт нийт 125 сайн дурынхан ажиллаж амьдарч байгаа билээ.
Сайд Л. Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ ЭТК-ын сайн дурынхан Монголын хүүхэд залуучуудад англи хэл зааж сургахаас гадна хоёр улсын хүмүүсийн онцлогийг таньж мэдэхэд гүүр болоод зогсохгүй хоёр орны ард түмний харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэлээ.
ЭТК-ын төв байгууллагын захирал Керри Хэслэр-Радлет Америкийн сайн дурынхан тус оронд ажиллаж амьдрахад Монголын Засгийн газраас ихээхэн туслалцаа дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр Монголд ажилласан сайн дурынхнаас ажлын хугацаагаа сунгах төдийгүй Монгол руу эргэж ирэх нь цөөнгүй байдаг нь тус оронд ажиллах таатай орчин бий болсны илрэл гэдгийг дурьдлаа.
Уулзалтын эцэст хоёр тал тодорхой төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаа тохиролцов.