ДАРЛИН ГРАНТ: Эрхэм Гадаад харилцааны сайдаа, танд их баярлалаа. Бид таны тусламж дэмжлэгт үргэлж талархаж байдаг. 1990 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкэр болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц. Гомбосүрэн нар Монгол Улс, Энхтайвны корпусын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
Ноён Бэйкэр хэлэлцээрт гарын үсэг зурах мөчид АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф. Кэннэдигийн хэлсэн “Ирээдүй бол бэлэг биш, харин ололт амжилт юм” гэсэн үгийг бодож байсан гэдэгт би итгэлтэй байна. Энхтайвны корпус бол Ерөнхийлөгч Кеннедигийн мөрөөдөл байсан юм.
Америкийн их, дээд сургуулийн шилдэг төгсөгчдийг Монгол Улсад илгээж, хоёр жилийн турш ард иргэдийнх нь нэгэн адил орчинд амьдарч, тэдний идэж уудагтай адилхан хоол унд идэж, адилхан унаа тэргээр зорчиж, хатуу ширүүн өвлийг даван туулахаар илгээх хүсэл мөрөөдөл нь одоо болтол амьд хэвээрээ гэдгийг хэлэхэд бахархалтай байна.
Ерөнхийлөгч Кэннэди “Түншлэл нь үйл явц юм Бид нар өсөж өндийх тусам, өөрсдийгөө нийтлэг зорилгодоо зориулах тусам түншлэл нь улам хөгжиж, бэхжиж байдаг үйл явц юм” гэж хэлсэн байдаг..
Монгол дахь Энхтайвны корпуст ажиллаж буй бид бүхэн, манай сайн дурынхан болон манайд дадлага хийж буй оюутнууд бид бүгдээрээ энэхүү түншлэл дахиад 25 жил, түүнээс ч олон жил үргэлжилж, хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэдэг.