Энхийн төлөө “Хааны эрэлд”: Монгол Улс болон даян дэлхийн энхийн төлөө санаачилга

“Хааны эрэлд” бэлтгэл сургуулилтад оролцогчид тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох, энэ тухай мэдлэг мэдээлэл авах зэргээр энхийг сахиулах ажиллагаатай холбогдох олон чухал ур чадвараа дээшлүүллээ.
“Хааны эрэлд” бэлтгэл сургуулилтад оролцогчид тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох, энэ тухай мэдлэг мэдээлэл авах зэргээр энхийг сахиулах ажиллагаатай холбогдох олон чухал ур чадвараа дээшлүүллээ.

Олон хүн Монгол Улсын тухай бодохдоо хамгийн түрүүнд Евроазийн газар нутгийг байлдан дагуулсан домогт Чингис хааны тухай боддог. Гэвч өнөөдөр тус улс өөр шалтгаанаар дэлхийн дахины нэр хүндийг хүлээгээд байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин (МУЗХ) нь дэлхийн энх тайвны төлөөх ажиллагаа, Ази тивийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж байна. Арав гаруйхан жилийн өмнө АНУ-ын Төрийн департаментын Даян дэлхийн энх тайвны төлөө санаачилга (GPOI)-ын аюулгүй байдлын дэмжлэгтэйгээр Монгол Улс таван цэргийн ажиглагчаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байсан бол одоо жил бүр 1,000 гаруй цэргийн албан хаагч энхийн төлөөх ажиллагааг дэмжин оролцож байна.

Өнөөдөр Монгол Улс бусад улс орнуудын энхийг сахиулах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх суртгалт, дадлагыг хийж байна. Тус улс саяхан Ази-Номхон далайн бүс нутаг дахь энэ жилийн Даян дэлхийн энх тайвны төлөө санаачилгын “Хааны эрэлд” бэлтгэл, сургуулилтыг хамтран зохион байгууллаа. АНУ болон Монгол Улсын энэхүү түншлэл бол Даян дэлхийн энх тайвны төлөө санаачилга нь зөвхөн энхийг сахиулах чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй үр дүнтэй хөрөнгө оруулалт төдийгүй бүс нутгийн аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг дэмжиж байгаа юм.

Сурагчаас сургагч багш хүртэл

2005 онд Даян дэлхийн энх тайвны төлөө санаачилгын түнш болохоосоо өмнө Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд таван цэргийн албан хаагчийг л илгээж байсан бөгөөд бүгд ажиглагчаар оролцжээ. Харин өнөөдөр Даян дэлхийн энх тайвны төлөө санаачилгаас зохион байгуулсан сургалтууд, ханган нийлүүлсэн тоног төхөөрөмж зэргийн тусламжтайгаар Монгол Улс өөрийн үүрэг амлалтыг 936 тооны цэргийн албан хаагчаар нэмэгдүүлснээс гадна арван нэгэн цэргийн шинжээчээ НҮБ-ын энхийг сахиулах зургаан ажиллагаанд оролцуулжээ. Үүнээс гадна 233 цэргийн албан хаагч Афганистанд эвслийн ажиллагааг дэмжин үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын зэвсэгт хүчний томоохон бүрэлдэхүүн Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-ны хүнд хэцүү хойд хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэднийг хамгийн шилдэг нэгжүүдийн нэг гэдгийг UNMISS-ийн удирдлага, албан хаагчид болон тэнд үүрэг гүйцэтгэж буй олон орны цэргүүд байнга хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн Монгол Улсыг НҮБ-ын энхийн үйл ажиллагаанд оролцсон жендерийн хувьд хамгийн их тэнцвэртэй зэвсэгт хүчнүүдийн нэг гэж үздэг билээ.

Монгол Улс нь GPOI буюу Даян дэлхийн энх тайвны төлөө санаачилга бол хоёр орны зүгээс адилхан хөрөнгө оруулж буй түншлэл гэдгийн тод жишээ юм. Зөвхөн сүүлийн гурван жилд л гэхэд Монгол Улс дангаараа сургалтын төвийн дэд бүтцийг сайжруулахын тулд 10 гаруй сая ам.долларыг зарцуулаад байна. Энэхүү хөрөнгө оруулалт, мөн GPOI-ын санхүүжилтээр хийгдсэн үйл ажиллагааны үр дүнд Монгол Улс 2016 оны 2-р сард болох энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл, сургуулилтыг бие даан явуулах GPOI-ын хөтөлбөрийн шалгуурыг хангасан юм.

“Хааны эрэлд” бэлтгэл сургуулилтад оролцогчид тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох, энэ тухай мэдлэг мэдээлэл авах зэргээр энхийг сахиулах ажиллагаатай холбогдох олон чухал ур чадвараа дээшлүүллээ. [Төрийн департаментын зураг]
“Хааны эрэлд” бэлтгэл сургуулилтад оролцогчид тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох, энэ тухай мэдлэг мэдээлэл авах зэргээр энхийг сахиулах ажиллагаатай холбогдох олон чухал ур чадвараа дээшлүүллээ. [Төрийн департаментын зураг]
“Хааны эрэлд 2016”

Энэ жилийн “Хааны эрэлд” бэлтгэл, сургуулилтын хэмжээ, цар хүрээ нь Монгол Улстай хөгжүүлсэн бидний хамтын ажиллагаа хэр хол хүрснийг олон талаар харуулж байна. Ази-Номхон далайн бүс нутаг дахь GPOI-ын томоохон бэлтгэл сургуулилт болох энэ удаагийн “Хааны эрэлд” сургалтад 40 гаруй орны 2,000 гаруй оролцогч, ажиглагчид Улаанбаатар хотоос гадагш байрлах Таван толгой дахь сургалтын төв бааз дээр цугларсан. Хоёр долоо хоногийн хугацаатай явагдсан уг сургалтад шалган нэвтрүүлэх цэг дээрх ажиллагаа, энгийн иргэдийг хамгаалах, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлэх, хэргийн газрыг хамгаалах, эргүүл хамгаалалт, тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох тухай мэдлэг, цувааны ажиллагаа зэрэг хээрийн дадлага, сургуулилтын олон төрлийн үйл ажиллагааг багтаасан. Энэ сургалтад хамрагдсан 500 гаруй оролцогч 18 сарын дараа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо эдгээр чухал ур чадваруудыг ашиглах болно.

“Хааны эрэлд” сургалт нь мөн GPOI-ийн “Сургагч багш бэлтгэх” сургалтын арга барилын  үр өгөөжийг маш тодорхой харуулж байна. Уг сургалт нь 38-н Монгол, 20-н олон улсын энхийг сахиулах ажиллагааны зааварлагч багш нарыг бэлтгэхэд тусалсан юм. Эдгээр шинэ зааварлагч багш нар маань энхийн төлөөх ажиллагааны бэлтгэлийн бие даасан байдлыг хангахад өөрсдийн улс орондоо дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Өмнөх GPOI-ийн дасгал, сургалтуудад бэлтгэгдсэн Монголын зааварлагчид нь штабын ажилтнуудын сургалт дээр шинжээч мэргэжилтнүүдийн ихэнхийг бүрдүүлж, энэ жилийн Хааны эрэлд гол үүрэг гүйцэтгэсэн.

“Хааны эрэлд” бэлтгэл сургуулилтад оролцогчид нь энхийг сахиулах ур чадваруудаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголын соёл, түүх, уламжлалаас суралцлаа.
“Хааны эрэлд” бэлтгэл сургуулилтад оролцогчид нь энхийг сахиулах ур чадваруудаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголын соёл, түүх, уламжлалаас суралцлаа.

Ази-Номхон далайн бүс нутаг дахь амжилтын нэгэн түүх

GPOI нь өөрийн түнш орнуудад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн албан хаагчдаа үүрэг гүйцэтгүүлэх боломжийг олгосноорооо олон улсын энх тайван, аюулгүй байдалд дэмжлэг үзүүлж, АНУ-ын зэвсэгт хүчин дээр ирж буй ачааг бууруулахын зэрэгцээ олон хүний амь насыг аварч, дайн тулаан болж буй улс орнуудыг тогтворжуулах, сэргээн байгуулахад нь тусалж байгаа юм. Түүнчлэн GPOI нь Монгол Улс шиг олон улс оронд бэлтгэл сургуулилтынхаа чадавхыг хөгжүүлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх замаар даян дэлхийн энхийг сахиулах үйлсийн бие даасан байдлыг хангахад тусалж байна. Гэвч Монгол Улстай  хөгжүүлсэн бидний хамтын ажиллагаанаас харж байхад АНУ-ын хувьд GPOI-ийн үр өгөөж энд хүрээд дуусгавар болохгүй. Ази тивийн чухал түнш оронтой хоёр талын батлан хамгаалах харилцааг бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжснээр GPOI нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь манай стратегийн ашиг сонирхолд хувь нэмэр оруулж байгаа билээ. Бид энэ бүс нутагт болон дэлхий дахинд энх тайвны үйл хэргийг хөгжүүлэхийн төлөө Монгол Улс шиг түншүүдтэйгээ хамтран ажиллаж байгаадаа бахархаж байна.

Зохиогчдын тухай: Matt Littlejohn болон David Bartley нар нь Улс төр-цэргийн хэрэг эрхлэх товчоо –нд Энхийн төлөөх ажиллагааны чадавхыг бэхжүүлэх багт ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл: