Хэвлэлийн мэдээ
2021 оны 1 сарын 12
АНУ-ын Элчин сайдын яам
Эмзэг бүлгийнхнийг зуд болон бусад гамшгаас хамгаалахад чиглэсэн АНУ-ын шинэ тусламж
АНУ-ын засгийн газар ОУХА-ийн 3.7 тэрбум төгрөгийн (1.3 сая доллар) санхүүжилттэй гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий 2 жилийн хугацаатай хэрэгжих төслийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 01-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Дэлхийн зөн ОУБ тай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь Монгол улсын хот суурин болон хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийг даван туулах, гамшгийн эрсдэлээс амьжиргаагаа хэрхэн хамгаалах талаарх иргэдийн мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэх юм.
АНУ нь Монгол улстай хөгжлийн нийтлэг ашиг сонирхол болон ардчиллын нэгдмэл үнэт зүйлс бүхий урт хугацааны бат бөх түншлэлийн харилцаатай билээ.
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн энэхүү шинэ төсөл нь Монгол улсын хөгжилд саад учруулж буй байгалийн гамшгийн эсрэг даван туулах, бэлэн байдлаа хангах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын ОУХА-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн өмнөх төслүүдийн үр дүнг улам бататгаж байгаа юм” гэж АНУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Майкл С. Клечески хэлэв.
АНУ-ын ОУХА нь гэр бүл, эд хөрөнгө, амьжиргаа, мал аж ахуйгаа гамшгийн эрсдэлээс хэрхэн хамгаалах талаарх иргэдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хот, хөдөө орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллана. Төслийн хүрээнд иргэд, олон нийтийн гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх, гамшгийн төлөвлөлтийг үр дүнтэй хийх зэрэг сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
АНУ-ын ОУХА нь орон нутгийн мал эмнэлгийн салбар нэгжүүдийг чадаваржуулах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын тэжээлийн ургамал тариалах, гамшгийн үед мал аж ахуйг хамгаалах хашаа хороо барих, сургалт зохион байгуулах зэргээр байгалийн аюулт үзэгдэлд өртөмтгий орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлнэ.
АНУ-ын ОУХА нь 2010 оноос хойш Монгол улсад гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд ойролцоогоор 17 тэр бум төгрөгийн санхүүжилтийг өгсөн ба улмаар эмзэг бүлгийн иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг сайжруулахад хувь нэмрээ оруулсан ирсэн билээ.