УЛААНБААТАР – Элчин сайд Ричард Буанган Монгол дахь Америкийн худалдааны танхимын 2023 оны нэгдүгээр сарын хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д. Цогтбаатар болон АмЧам Монголын Тэргүүн Гари Биондо нарын хамт оролцож Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон хөрөнгө оруулалтын орчны талаар үг хэллээ. Элчин сайд Буанган 2022 онд АНУ-ын Монгол Улстай харилцсан харилцааны талаар дурдаад хууль тогтоох үйл явц ил тод бус байгаад санаа зовж буйгаа хэлсэн бөгөөд, Монголын хөрөнгө оруулалтын орчныг “хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй, импортлогч, экспортлогчдын хувьд хүндрэлтэй” хэвээр байгааг шулуухан тэмдэглэв.
“Хөршүүдтэйгээ харьцаж сонголт хийх шийдвэртэй тулгарвал Монгол Улс сонголтоо хүчирхэг орны байр сууринаас хийх боломжтой байхыг бид хүсэж байна” гэж Элчин сайд хэлээд, “Энэ бол Монгол Улсын ардчилсан институцийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолыг бататгах, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн бидний сонирхлын үндсэн зорилго юм” хэмээжээ.
Элчин сайдын хэлэх үгийг бэлтгэсэн байдлаар хүлээн авна уу.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын 2023 оны 1-р сарын хуралдаан дээр Элчин сайд Ричард Буанганы хэлсэн үг
Улаанбаатар хот, Шангрила зочид буудал
2023 оны 1-р сарын 24, Мягмар гараг
(бэлтгэсэн байдлаар)
Эрхэм Тэргүүн Гари Биондо, УИХ-ын эрхэм гишүүн Цогтбаатар, АмЧамын гишүүд та бүхний амрыг эрэхийн ялдамд бид бүхний хувьд нэн чухал жил байхаар харагдаж буй энэ оны босгон дээр Монгол дахь Америкийн худалдааны танхимд хандан үг хэлэх боломж олгосонд талархаж байна. Миний бие Монголын Засгийн газрын хамтрагч нартаа сүүлийн үед хэлж байгаачлан энэ жилийг АНУ-Монгол Улсын харилцааны хувьд онцлог жил болгоё. Монгол Улсын ардчилсан түншүүдтэйгээ тогтоосон харилцааг гүнзгийрүүлэх замаар бат бэх ардчиллын уламжлал, нээлттэй зах зээлийн институцүүдэд нь хөрөнгө оруулах жил болгоё. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гуравдагч хөршийн нэг, стратегийн түнш, мөн анд нөхөр гэдгээрээ бахархдаг гэж би өмнө нь ч хэлж байсан, одоо ч дахин хэлмээр байна. Америк-Монголын харилцааны чухал цаг үед элчин сайдаар ирсэн гэдэгтээ би бат итгэдэг, тиймээс 2023 онд, дараа дараагийн он жилүүдэд ч энэ харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллая. Энэ талаар бодож буй хэдэн зүйл надад байна, тэрийгээ өнөө өглөө та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна.
Бүс нутаг болон дэлхий даяар Ковидын дараах үр нөлөө, Орос Украинд халдан түрэмгийлсэн, Монгол Улсын санхүү, хөрөнгө оруулалтын орчны хүндэлүүд энэ танхимд байгаа хүн бүрт нөлөөлж байна.
Украины эсрэг Орос улсын өдөөсөн ямар ч учир шалтгаангүй, харгис хэрцгий дайнаас бусад хүндрэл бэрхшээлүүдийн ихэнх нь 2021 оны 11-р сард миний өмнөх элчин сайд та бүхэнд хандан үг хэлж байх үед ч байжээ.
Миний бие эдгээр хэлэлцүүлэгт Элчин сайд Клеческигээс арай өөр өнгө аяс, мэдээж бас өөр туршлага авчирч магадгүй ч эдийн засаг, зах зээлийн хүндрэлүүдийг шийдвэрлэх асуудалд тэрээр та бүхний хамт гол анхаарлаа хандуулж, зарим талаар олсон амжилтууд нь одоогоор миний хувьд зүг чигээ тодорхойлох баримжаа болж байна.
Тиймээс АНУ-ын зүгээс Монгол Улстай өрнүүлсэн хамтын ажиллагаа 2023 он болон цаашид биднийг аль зүгт хөтлөх ёстой вэ гэдэг утгаар өнгөрөгч оны хамтын ажиллагааг харцгаая.
Усны хангамжийг нэмэгдүүлж, хаягдал ус дахин боловсруулах Мянганы Сорилтын Корпорацын 462 сая ам.долларын өртөг бүхий компакт гэрээ, Олон Улсын Хөгжлийн Агентлагийн өргөжин тэлж буй хөтөлбөр, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны тухай хэлэлцүүлэг, мөн Украины эсрэг Оросын өдөөсөн дайны Монголд үзүүлэх үр дагавар зэрэг энд багтана.
Тулгамдсан асуудлаар өрнөж буй тодорхой хамтын ажиллагааны тухайд гэвэл, АНУ-Монголын засгийн газар хоорондын хамтын түншлэл болох 462 ам.долларын өртөг бүхий МСК-ын усны компакт гэрээ хэрэгжиж буйг тэмдэглэхэд таатай байна. Зарим материал хангамжийн асуудал тулгарсныг эс тооцвол хаягдал ус дахин цэвэршүүлэх хамгийн орчин үеийн үйлдвэрийн шавыг өнгөрсөн 8-р сард тавьсан, мөн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил явагдаж байгаа, Туул голын доод эх үүсвэр дээр шинээр 30 гүний худгийн өрөмдлөг хийгдэж байгаа зэргээр төслийн ажил маш ахицтай яваа бөгөөд үр дүнд нь Улаанбаатар хотын усны хангамжийг 80 орчим хувиар нэмэгдүүлэн, нүүрлэж болох байсан усны хомсдолыг зайлуулах юм. Усны хангамжийг нэмэгдүүлэхээс гадна энэхүү компакт гэрээнд ашиглаж буй усны технологиуд нь Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх бидний хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах юм.
АНУ нь өөрийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Монгол дахь багцаа дахин сэргээж, 2022 онд 2021 оны төсвийг гурав дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэ нэмэлт санхүүжилт нь эрчим хүчний салбарын шинэтгэл ба шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, жижиг бизнесийн санхүүжилт болон ардчиллын институцүүдийг бэхжүүлэх зэрэгт үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэн, улмаар Монгол Улсын эдийн засгийн бие даасан, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах юм. Түүнээс гадна ялангуяа энэ жил өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан миний бие Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тунхаглал гаргаж, зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж үзүүлэх, яаралтай хариу арга хэмжээ авах зорилгоор 100,000 ам.долларын нэмэлт санхүүжилт олгох хүсэлтийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагт хүргүүллээ. Энэ нь гамшгийн бэлэн байдлын чиглэлээр одоо хийгдэж буй ажилд хүч нэмэн, зудад хамгийн их нэрвэгдсэн газрын малчин өрхүүдэд яаралтай тусламж үзүүлэх боломжийг орон нутагт ажиллаж байгаа манай багийнханд олгох юм.
БНХАУ-ын Ковидын бодлогоос үүдэлтэй хүндрэлүүд болон Украины эсрэг ОХУ-ын учир утгагүй, түрэмгий дайныг эс тооцвол хоёр талын эдийн засгийн харилцаа бат бэх хэвээр байна. Монгол руу чиглэсэн АНУ-ын экспорт 2021 онд 148 сая ам.долларт хүрч өссөн бол 2022 оны үзүүлэлт үүнээс их байх төлөвтэй байна. Харин Монголоос АНУ руу чиглэсэн экспорт 20 сая ам.долларыг давснаар Ковидын өмнөх түвшиндээ эргэн очиж байна.
Худалдаа аль аль талдаа өсөхийг бид хүсэж байна. Тиймээс бизнесийн орчны шинэчлэлийн төлөөх бидний хамтын хүчин чармайлт экспортлогч болон хөрөнгө оруулагчдыг Монголд буцааж авчрах шилдэг арга зам гэж бид итгэдэг.
Бизнесийн орчныг сайжруулах нь нэн чухал бөгөөд энэ нь АмЧамын гишүүдийн манлайллаас шалтгаална.
Юу нь болж байна, юу нь болохгүй байна, ямар шинэчлэл хүсэж байна гэдгийг та нараас сонсох хэрэгтэй байна.
Том ч бай, жижиг ч бай ялгаагүй, ямар ч асуудлаар бид бүхэнтэй, манай эдийн засгийн хэлтсийн дарга Жон Чен, эсвэл Майкл Ричмондтой ярилцаарай, эсвэл надад шууд хандаарай.
Сайтар бодож боловсруулан хамтдаа хийснээр, мөн бидэнтэй санаа нэг элчин сайдын яамд, худалдааны танхимуудыг оролцуулснаар бид тогтолцоонд хэрэгтэй байгаа шинэчлэл, өөрчлөлтийг хийж чадна.
Хөрөнгө оруулалтын орчны тухайд Элчин сайд Клечески, манай багийнхан болон та бүхэн надад хэлэхдээ, хэдийгээр Засгийн газар, Улсын Их Хурлын зүгээс олон нийтэд хандан мэдэгдлүүд хийсэн ч ихээхэн хэмжээний гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг Монгол руу татахуйц сайжруулалтыг өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй байна гэсэн.
Бидний гаргадаг Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлийн 2022 оны тайланд хууль тогтоомжийн хэрэгжилт хувирамтгай, ил тод бус, урьдчилан таамаглах боломжгүй, авилгатай байдаг нь Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татахуйц биш, импортлогч, экспортлогчдын хувьд хүндрэл бэрхшээлтэй болгодог гэж тэмдэглэсэн байна. Асуудлыг үүнээс илүү тодорхой хэлэх боломжгүй юм.
Биднийг нөхцөл байдлыг шударгаар үнэлсэн гэж Монгол Улсын албаны хүмүүс, хууль тогтоогчид санал нийлсэн төдийгүй өнөөгийн нөхцөлд илүү хурцаар шүүмжилсэн ч үндэслэлтэй байх байсан гэж хэлжээ.
2022 он Оюу Толгойн хувьд 2021 оны хэлэлцээр үр дүнтэй болсныг батлан харуулж, Рио Тинто болон Засгийн газар зөрүүтэй асуудлаа шийдвэрлэж чадна гэсэн дохиог тод томруун өглөө.
Бид энэ ололт амжилт дээрээ тулгуурлан урагшлах хэрэгтэй.
Бид аль нэг талд нь орохгүй. Бидний баримтлах тал бол төсөл өөрөө урагшилж байх нь бөгөөд энд хамгийн чухал нь хүлээлтийг бодитоор удирдах явдал юм.
Оюу Толгой төсөл хөгжүүлэлтээс тогтвортой үйл ажиллагаанд шилжихэд эрчим хүч, ус, ажиллах хүч, бүсийн хөгжлийн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна. Талууд урьдчилан таамаглаж болохуйц санал зөрөлдөөнийг хамтран шийдвэрлэхийг бид санал болгож байна.
Бидний гаргасан Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлийн 2022 оны тайланд Монгол Улс 2014 онд гарын үсэг зурсан боловч одоо хүртэл бүрэн хэрэгжихгүй байгаа АНУ-Монголын Ил тод байдлын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг шулуухан тэмдэглэсэн байдаг.
Бүрэн хэрэгжих хугацаа болох 2022 оны 3-р сар аль хэдийн өнгөрсөн болохоор бидний хувьд нэн тэргүүний асуудал бол Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэх бөгөөд Монголын засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзах үеэрээ үүнийг би биечлэн шахаж шаардаж байгаа.
Хууль тогтоох үйл явцад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар дорвитой алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа УИХ-ыг бид сайшааж байна. Харин Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомж болоод Ил тод байдлын хэлэлцээрт зааснаар нөгөө талдаа мэдэгдэх, санал авах, хянан шалгах тухай шаардлагуудыг хэрэгжүүлээгүй байна.
Хэрэгжилт гэдэг нь олон улсын худалдаа, бизнест нөлөөлөхүйц хууль тогтоомжийн бүх төслийг Монголын Засгийн газар LegalInfo.mn цахим хуудас дээр 60 хоногоос доошгүй хугацаагаар нийтэлж, гадаад, дотооодын бизнес эрхлэгчид тэдгээр төсөл дээр саналаа хэлэх боломжтой байлгахын зэрэгцээ саналыг нь нэг бол хууль тогтоомжид тусгах, эсвэл нийтэд нээлттэй байдлаар хариу өгөхийг хэлнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Энэ хэлэлцээрийг та бүхэн л тууштай, шаргуу, өргөн хүрээнд хэрэглэж байж, хэрэгцээ шаардлагыг нь Засгийн газар, Улсын Их Хуралд харуулах боломжтой.
Та бүхэн мөн бусад худалдааны танхимууд болон иргэний нийгмийн бүлгүүд дотроос ил тод байдлын холбоотноо хайгаарай гэж би зөвлөмөөр байна.
Нааштай зүйл гэвэл, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, өндөр албан тушаалтнууд бүх шатны шүүгч нарыг сонгох, томилохоос татгалзах, сахилгын арга хэмжээ авах боломжийг хязгаарлах бодитой арга хэмжээнүүд авсан байна.
Энэ өөрчлөлтийн үр нөлөө хэдэн жилийн дараа гарах боловч чухал ач холбогдолтой өөрчлөлт болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Бас нэг эерэг зүйл гэвэл шинээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, одоо байгаа хөрөнгө оруулагчдаа урамшуулахын тулд Хөрөнгө оруулалтын ба Ашигт малтмалын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тухай Засгийн газар болон Улсын Их хурлын зүгээс бидэнд хэлсэн.
Тэд хэд хэдэн удаа АмЧам болон санаа нэгт холбоодыг хэлэлцүүлэгт урьж, хуулинд ямар өөрчлөлт, ямар байдлаар хийх хэрэгтэй тухай ярилцсан байна.
Эдгээр нь бүгд зөв зүйтэй учир миний өмнөх элчин сайдын нэгэн адилаар би Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г. Занданшатар нарын эдгээр өөрчлөлтийг хийнэ гэснийг дэмжиж байна.
Харин АНУ болон бусад гуравдагч хөрш орнуудын засгийн газрууд төдийгүй бизнесийн салбарынхан эдгээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц ил тод бус замаар хийгддэг тухайд санаа зовниж буй.
АмЧам болон бусад байгууллагууд ч Засгийн газрын боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд санал өгөх нь бүү хэл барааг нь ч харах боломж сүүлийн жил гаруй хугацаанд олдоогүй тухай надад хэлсэн.
Дээрх эрхийг хууль тогтоох байгууллага дангаараа эдэлж, хуулийн төслөөр мэтгэлцэх боломж нь улам хязгаарлагдмал болж болзошгүй байгаад бизнесийн удирдлагууд санаа зовниж байна.
Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль юм. Монголд үг хэлэх эрхээ эдлэх тал дээр энэхүү хууль асуудлууд үүсгэж болзошгүй байгаа тухай дэлгэрэнгүй яриад яахав. Гэхдээ энэ хуулийн зарим заалтуудыг, ялангуяа хэдэн арван жилийн турш монголчуудын эдэлсээр ирсэн язгуур эрх, эрх чөлөөг ухрааж болзошгүй тэр хэсгүүдийг би нилээд уршигтай гэж харж байна. Ирэх долоо хоногуудад би Засгийн газар болон Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, энэ асуудлыг хөндөнө. Мөн өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсын ил тод, нээлттэй байдлыг дэмжсээр ирсэн бид бүхний тусын тулд санаа зовнилоо илэрхийлэхэд хүчин чармайлтаа нэгтгэх талаар дипломат түншүүдтэйгээ зөвлөлдөж ярилцах болно.
Дээрх хуулийн талаар олон нийт, хувийн хэвшлийн оролцогчдод мэдээлэл өгөлгүй гэнэт баталсан.
Үг хэлэх эрх чөлөө, та бүхний арилжаа бизнесийн үг хэлэнд ч хамаатай болох нь тодорхой.
Уг хууль гуравхан хоногийн дотор Их хурлын чуулганаар батлагдахад санал авах, зөвлөлдөх, дахин хянахын аль нь хийгдсэнгүй. Та бүхний харж байгаачлан энэ бол буруу зүгт хийж буй алхам юм.
Өөр нэг сэтгэл зовоож буй зүйл нь 2022 онд Төрийн Өмчит Үйлдвэрийн Газруудын (ТӨҮГ) тоо өссөөр байв.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ)-д сүүлийн үед үүсээд байгаа бэрхшээлүүд нь төр ба хувийн хэвшилд ТӨҮГ-уудын үзүүлж буй нөлөөг харуулж байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн эдийн засгийн чадамжийг тооцоолоогүй, эсвэл хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, Монгол Улсын төсвийн тогтвортой байдалд үзүүлэх үр нөлөөг харгалзан үздэггүй байна.
Аль ч засгийн газарт ТӨҮГ томоохон ашиг сонирхлын зөрчлийг бий болгодог.
Ийм ашиг сонирхлын зөрчил байгаагаас хувийн хэвшлийн заавал мөрдөх ёстой хууль дүрмийг ТӨҮГ дагахгүй байх боломжийг Засгийн газар нь олгоход хүргэдэг.
Ийм зөрчил байгаагаас ТӨҮГ-аар дамжуулан төлөвлөгдөөгүй төслүүдийг хэрэгжүүлж, Засгийн газрыг ямар нэг үүрэг хариуцлагаас чөлөөлж байгаа мэт боловч Монгол Улсыг санхүүгийн хувьд сулруулж, илүү их өрөнд оруулахад хүргэдэг.
Засгийн газар болон УИХ-ын зүгээс Монгол Улс ТӨҮГ-ын талаар баримтлах хандлагаа өөрчилж, тоог нь бууруулахаа нийтэд зарласан билээ.
Үүнийг бид талархан хүлээж авсан бөгөөд хэрэгжилтийг нь удахгүй харна гэдэгт найдаж байна.
АмЧам болон ижил үзэл санаа бүхий байгууллагуудыг энэ асуудлаар Засгийн газар, олон нийттэй хамтран ажиллахыг бид уриалж байна.
Засгийн газартай харилцах харилцааны хувьд бид Монгол Улсын бие даасан байдлыг нь бэхжүүлэх, эдийн засгийг нь төрөлжүүлэхийн төлөө тууштай түншлэх болно.
Бодит байдал дээр гуравдагч хөршүүдтэйгээ эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх Монгол Улсын бодлогыг бид дэмжих болно.
Макро эдийн засгийн хувьд цар тахлын нөлөөнөөс сэргэх нь 2022 онд ч голлох сорилт байсаар ирлээ.
Өнгөрөгч онд экспортод чиглэсэн эдийн засгийн тэсрэлт болно гэж найдаж байсан боловч цар тахлын эсрэг БНХАУ-ын бодлого уг найдварыг үгүй хийсэн бөгөөд энэ онд ч Хятад Улс хязгаарлалтаа хангалттай хэмжээнд сулруулах эсэхийг бид мэдэхгүй байна.
Ямар ч тохиолдолд, Монгол Улс 2023 онд нөмрөн ирэх нь хэн бүхэнд тодорхой харагдаж байгаа өрийн болон санхүүгийн салбарын сул талуудаа засч залруулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчны асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй.
Украины эсрэг өдүүлсэн ОХУ-ын хэрцгий бөгөөд зөвтгөх боломжгүй дайн Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг хурцатгасныг бид мөн санах ёстой. Барааны нийлүүлэлт, төлбөрийн сувгууд саатаж, Монгол Улсын тогтвортой байдал, аюулгүй байдалд чухал нөлөө бүхийдэлхийн санхүүгийн болон түүхий эдийн зах зээл хямралтай хэвээр байна.
Эдгээр бодит байдлууд нь их хэмжээний гадаад өр үүсгэж, гадаад валютын нөөцийг нимгэлж, санхүүгийн салбарын сулралыг өдөөн, Монгол Улсыг гадаад шок болон гадны дарамтад эмзэг болгосон байна.
Эдгээр бодит байдлууд нь мөнгө санхүүгийн няхуур бодлого хэрэгжүүлэх, банкны салбарын шинэчлэл, улсын зээл, мөн ТӨҮГ-ын талаарх бодлогуудыг сайтар тоцоолж боловсруулан, дэс дараатай хэрэгжүүлэх хандлагыг баримталж чадвал Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдлыг хангах юм.
Эдгээр сорилтуудыг шийдвэрлэх хамтын хүчин чармайлт чухал байна.
2022 онд ийм байжээ, харин 2023 онд бүгдээрээ хамтдаа юу хийх вэ?
Хариулт нь бид өөрсдийн үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлж сайжруулахад оршино.
АмЧам нь бизнесийн салбарынхны хувьд Засгийн газар болон УИХ-тай хамтран ажиллах тал дээр загвар болж, салбараа тэргүүлж байгааг дурдах хэрэгтэй.
Хэдийгээр хийх, сайжруулах ажил их байгаа ч та бүхний дэмжлэг үр дүнтэй байдаг.
Та бүхний шаргуу чанар болон мэдлэг мэдээлийн ачаар хууль журам төрөн гарч, хэрэгжиж буй газар бүрт АмЧамд зориулсан орон зай хэзээд нээлттэй байдаг.
АНУ-ын Элчин сайдын яам та бүхний хүчин чармайлтыг нээлттэй ч, хөшигний ард ч дэмжсээр ирсэн бөгөөд цаашид дэмжлэгээ үргэлжлүүлэх болно.
Элчин сайдын яамны үзэж байгаагаар, бид ялангуяа АмЧамын гишүүдэд чухал үр нөлөө бүхий хуулиуд дээр хууль тогтоох үйл ажиллагаа, зохицуулалтын ил тод байдлыг нэмэгдүүлэх ёстой бөгөөд ингэснээр шинээр батлагдах эрдэс баялгийн болон хөрөнгө оруулалтын хуулиудад дэмжлэг болохоос гадна татвар тооцоолох болон маргаан шийдвэрлэх системийн шинэчлэлд ч хэрэгтэй.
Энэхүү хоёр хууль ихэнх үйл ажиллагааны тань үндэс суурь төдийгүй, үнэндээ Монгол Улсын ирээдүйн хөгжлийн үндэс суурь юм гэдгийг та бүхэн ч, бизнесийн бусад төлөөлөл ч надад хэлж байсан.
Энэ хоёр хууль болон бусад хууль тогтоомжийг хэлэлцэх явцад боломж гарсан үед нь бид санаа нэгт дипломат түншүүдийн хамтаар дэмжлэг үзүүлэн, та бүхний төлөө, та бүхэнтэй хамтран ажиллах болно.
Засгийн газар, хувийн хэвшлийн хооронд зуучлах боломжоо ашиглан тулгарч буй хүндрэл бэрхшээлийг анхаарлын төвд аваачин, бусад орнуудад амжилттай, эсвэл амжилтгүй хэрэгжсэн арга замуудын талаар санал солилцохоос гадна Ил тод байдлын хэлэлцээр зэрэг хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн үүргээ Монгол Улс биелүүлэх ёстойг сануулж болох юм.
1990-ээд онд Гуравдагч хөрш гэсэн нэр томъёог хэрэглэж эхэлснээс хойш энэхүү үзэл баримтлалд дутагдсаар байсан бизнес, худалдааны тулгуур баганыг бий болгохын тулд бид голлох Гуравдагч хөрш орнуудтай хамтарч байна.
Сүүлийн гурван сарын хугацаанд АНУ-ын Элчин сайдын яам санаа нэгт нөхөд, түншүүдийн хамтаар эдийн засаг, худалдааны асуудлаар мэдээлэл солилцох, хамтын сонирхол бүхий салбаруудыг тодорхойлох, эдийн засаг, худалдааны ашиг сонирхолд нөлөөлж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тус тусын орны бизнесийн хүрээнийхэнтэй хүчээ нэгтгэн ажиллах хөтөлбөрийг эхлүүллээ.
Ийм хүчин чармайлтын нэг нь саяхан хөрөнгө оруулалтын орчны асуудлаар АмЧам болон санаа нэгт улс орнуудын төлөөлөлтэй хийсэн уулзалт байсан бөгөөд үүнд та бүхний зарим нь оролцсон.
Энэхүү туршилт эерэг үр дүн өгсний сацуу талууд бүгд бусад орны танхимуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна.
АмЧамын түнш танхимуудтайгаа хийсэн уулзалтууд, мөн Засгийн газар, Их Хуралтай хийсэн хэд хэдэн удаагийн уулзалтын үр дүнд энэхүү хүчин чармайлт нь өндөр хэмжээний цуврал арга хэмжээнүүдээр өндөрлөх бөгөөд энэ үеэр миний бие санаа нэгт элчин сайд нарын хамтаар бизнесийн салбарт тулгарч буй гол сорилтуудыг Монголын Засгийн газар, Их Хурлын анхаарлын төвд аваачна гэж найдаж байна.
Хэрэв энэхүү арга үр дүнд хүрвэл бид Монголын шийдвэр гаргагчдын өмнө бусад асуудлаар ил тод мэтгэлцээн өрнүүлэхдээ үүнийг хэрэглэх болно.
Зөвлөмж дэмжлэгийн талаар ийм байна. Харин хөрөнгө оруулалтын тал дээр хамтдаа юу хийж чадахаа харцгаая. Бид АНУ-ын Хөгжлийн санхүүжүүжилтийн корпорац буюу ХСК-ийн хамрах хүрээг эрчимтэй өргөжүүлж байна. Өнгөрсөн 10-р сард та бүхний дэмжлэгээр Монголд хийсэн айлчлал нь амжилттай болж, ирэх онд хэрэгжүүлэх хэд хэдэн төслийн санааг нь гаргасан байна.
ХСК нь өмнөх OPIC буюу Далайн чанад дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын корпорацын илүү том, илүү сайн хувилбар юм. ХСК ил тод, тогтвортой, хамгийн гол нь хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй төслүүдийг дэмжих бөгөөд төслүүд нь заавал Америктай холбоотой байх шаардлагагүй юм.
ХСК Монгол дахь багцаа нэлээд өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд та бүхэн шаардлагатай төслүүдээ санал болгох хэрэгтэй.
Бизнесийн орчинд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч АмЧам нь эдгээр нэгдмэл хүчин чармайлтад бусдыг оройлон нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.
АмЧам бол бол хүмүүс болоод нөөц бололцооны уулзах цэг бөгөөд төгс бус ч боломжийн хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж, Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд урт хугацаанд үгүйлэгдэж ирсэн, заримдаа хэцүү байдаг ч тууштай хүчин чармайлт юм.
Би Монголын Засгийн газрын нөхөдтэйгээ сүүлийн хэдэн долоо хоногт ярьж буй өөр нэг зүйлээ та нартай хуваалцая. Энэ бүхэн АНУ-ын Засгийн газарт яагаад чухал болохыг үүгээр тайлбарлаж болох юм.
Захиргаадалтын дэглэм бүхий хоёр хөршийн дунд хавчуулагдсан геополитикийн сорилтуудыг авч үзвэл Монгол Улс ямар эмзэг нөхцөл байдалд байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Надад тайлбарласнаар, өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд түрэмгийлэл, дээрэлхэл, олон улсын дүрэм журамд суурилсан тогтолцоог өөрчлөх санаархал бүхий хортой ааш авирыг бид бүгд хамтдаа сөрөн зогсох үед олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тавьж буй олон сонголтод Монгол Улс төвийг сахисан байр сууринаас хандаж, өрсөлдөж, зөрөлдөж буй олон ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх ёстой болсон.
Бид та бүхнийг хөршүүдтэйгээ харилцаагаа тасал гэж ятгах зорилгогүй, харин ч эсрэгээрээ, өөрийн эрх ашиг, үнэт зүйлдээ нийцүүлэн сонголтоо хийж, шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж би монгол нөхөддөө хэлсэн. Монголд л ээлтэй байх шийдвэр гэсэн үг шүү дээ. Хөршүүдтэйгээ харьцаж байж шийдвэр гаргах нөхцөл байдалтай тулгарвал Монгол Улс сонголтоо хүчирхэг орны байр сууринаас хийх боломжтой байхыг бид хүсэж байна. Энэ бол Монгол Улсын ардчилсан институцийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолыг бататгах, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн бидний сонирхлын үндсэн зорилго юм.
Эцэст нь, та бүхний зарим нь өнгөрсөн 12-р сард Монголбанкинд зочлохдоо хэлсэн үгнээс минь сонссон байх. Өнөөг хүртэл биднийг нэгтгэж ирсэн нийтлэг язгуур үнэт зүйлс маань ирэх 35 жилд ч улам цэцэглэн хөгжөөсэй гэж бид хүсэж байна. Ардчилсан улсуудынхаа дунд итгэл төгс, толгой дээгүүр зогсож, бүс нутагтаа үлгэр жишээ болсон Монгол Улсыг, ард түмнийхээ язгуур эрхийг дээдлээд зогсохгүй дэлхийн тавцанд хүний эрхийн төлөө тууштай тэмцдэг Монгол Улсыг, хөрөнгө оруулагч нар итгэл дүүрэн ирдэг, залуу бизнес эрхлэгчид нь шинэлэг санаа, шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэдгээ мэддэг, хүчирхэг, олон талт эдийн засагтай Монгол Улсыг бид төсөөлж байна гэж энэ удаа ч давтан хэлмээр байна. Монголын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүлэл бүхэн биеллээ олох тийм ирээдүйг цогцлоон бүтээх аянд нь Америкийн Нэгдсэн Улс Монгол Улстай мөр зэрэгцэн зогсохдоо бахархалтай байна.
Миний ажиллах хугацаанд хамтын зорилгодоо хүрэхийн тулд та бүхнээс дутуугүй шаргуу зүтгэл гаргаж, АмЧамын өвөрмөц бөгөөд нэн чухал дуу хоолойг Засгийн газар, Их Хуралд итгэл үнэмшилтэйгээр хүргэсээр байхын төлөө бид ажиллах болно. Монгол Улсын итгэл найдвар, хүсэл тэмүүлэл бодит зүйл болоход нь Гуравдагч хөршүүдийн тус нэмрийг оруулахын төлөө ажиллана.
Та бүхэнд баярлалаа. 2023 оны мэнд хүргэж, ирэх он жилүүдэд амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!