Хамтын үнэт зүйлс, сүурь эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг дэмжих АНУ-Монгол Улсын хүчин чармайлтыг Төрийн нарийн бичгийн даргын орлогч Зэяа онцлов

Улаанбаатар хот – АНУ-ын Төрийн департаментын Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Узра Зэяа Монгол улсад хоёрдугаар сарын 5-наас 8-ны хооронд айлчлан Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З. Дашдаваа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж. Энхбаяр, түүнчлэн төрөл төрлийн иргэний нийгмийн болон шашны тэргүүнүүдтэй уулзлаа.

Уулзалтуудаар АНУ нь Ардчиллын төлөөх амлалт зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгааг Төрийн нарийн бичгийн даргын орлогч Зэяа нотлов. Мөн тэрээр сайн засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг дэмжих чиглэлээр цаашид ахиц дэвшил гаргах шаардлагатайг тэмдэглэлээ. Монгол Улс бүс нутагтаа ардчилсан удирдагчийн үүргийг гүйцэтгэж байгааг АНУ өндрөөр үнэлдэгийг Төрийн нарийн бичгийн даргын орлогч энэ үеэр мөн онцолсон байна.

АНУ-Монгол Улсын ын бат бөх түншлэлд хүүхдийн наймаатай тэмцэх, хууль сахиулах болон иргэний нийгмийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, шашин шүтэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтууд багтдаг билээ. Хүүхэд худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд худалдаалсан этгээдийг шүүж яллах хүчин чармайлтыг бэхжүүлэх, хохирогч хүүхдүүдэд сэтгэл зүйн гэмтэлд суурилсан иж бүрэн тусламж үзүүлэх зорилгоор Хүүхэд хамгааллын компакт түншлэлийг АНУ, Монгол Улсын хооронд байгуулсан бөгөөд үүнд АНУ-ын зүгээс 5.5 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээ амласан билээ.

Үүнээс гадна 2018 оноос хойш АНУ-аас Монгол Улсын эрүүгийн эрх зүйн байгууллагуудад 13 сая ам.долларын техникийн туслалцаа, тоног төхөөрөмж, сургалт, солилцоо зэргийг Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын Дээд шүүх хүртэл шат шатны байгууллагуудад үзүүлсэний дотор Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран Авлигатай тэмцэх газар, прокурор, цагдаа, иргэний нийгэмийн түншлэл дор ил тод байдлыг сайжруулж, авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй нэг сая ам. долларын төсөл багтах юм.

###