АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэг баг Монголын тэргүүн шугамын ажилчдад хувийн хамгаалалтын хэрэгсэл хандивлалаа

Хэвлэлийн мэдээ
2021 оны 3 дугаар сарын 5
ШУУРХАЙ

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэг баг Монголын тэргүүн шугамын ажилчдад хувийн хамгаалалтын хэрэгсэл хандивлалаа

АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй болон Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэг багийнхан тэргүүн шугамын ажилчдад хандивлаж буй хувийн хамгаалалтын хэрэгсэл, мөн эсрэг урвалын түргэвчилсэн оношлуурыг Эрүүл мэндийн дэд сайд, доктор М. Баттүвшинд 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гардуулан өглөө. “Стратегийн түнш, ардчилсан гуравдагч хөрш, найз нөхдийн хувиар АНУ нь Монгол улсын тэргүүн шугамын ажилчдад коронавирусын эсрэг хариу арга хэмжээ авахад нь тусламж үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн Дэд тэргүүн Грегори Мэй энэ үеэр хэлэв. Мөн Иргэн цэргийн дэмжлэг баг нь Онцгой байдлын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэрэгслүүдээс хандивлажээ. Нийт тусламж болох 26,000 ширхэг хуванцар нүүрний хаалт, 75,000 ширхэг N95 маск, төрөл бүрийн хэмжээтэй 3,150 хайрцаг латекс бээлий, мөн 30,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг АНУ-ын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагийн нэг хэсэг болох Хилийн чанад дахь хүмүүнлэгийн, гамшгийн үеийн тусламж болон иргэний дэмжлэг (ХХГТИД) хөтөлбөрийн хөрөнгөөр худалдаж авсан.

АНУ-ын армийн иргэний хэргийн дөрвөн цэргээс бүрдсэн Иргэн цэргийн дэмжлэг баг нь гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх, тусламж үзүүлэх чиглэлээр Монгол Улсын засгийн газар, иргэний байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн Иргэн цэргийн дэмжлэг баг нь ХХГТИД хөтөлбөрийн санхүүжилтээр, Монгол Улсын Боловсролын Яам, АНУ-ын Армийн Инженерийн Корпусын Аляска мужийн хэлтэстэй хамтран цэцэрлэг барих зэрэг гамшгийн бус тусламжийг зохицуулдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хоёр, 2020 онд дөрвөн цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бөгөөд 2021 оны хавар хоёр цэцэрлэгийн барилгын ажил эхлэх болно.

Цартахлын үеэр Монголд оршин сууж байсан Иргэн цэргийн дэмжлэг баг болон АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд эрүүлийг хамгаалах, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ажилд талархаж байгаа бөгөөд удахгүй дипломат хамтын ажиллагаагаа биечлэн үргэлжлүүлэх цаг ирнэ гэдэгт итгэж байна.

###