Хэвлэлийн мэдээ
2021 оны 3 дугаар сарын 12
ШУУРХАЙ
АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй судалгаа Монгол дахь ноолуурын салбарын дэвшлийг шинжлэв
АНУ-ын Элчин сайдын яамнаас USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ийн санхүүжилттэй Монгол Улсын ноолуурын салбарын иж бүрэн судалгааны талаар хэлэлцээр өрнүүллээ.
Дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн 40 орчим хувийг Монгол Улс бүрдүүлдэг бөгөөд бараг бүгд (94 хувь нь) түүхийгээр нь болон анхан шатны боловсруулалт хийгдсэн хэлбэрээр экспортлогддог. Ноолуурыг экспортлохоос нь өмнө боловсруулаагүйгээс бусад улс орнууд самнаж, угааж, будаж, ээрч, оёж, эцсийн бүтээгдэхүүн болгон иргэддээ ажлын байр гаргаж нэмүү өртөг шингээн ашиг хүртэж байна. Мөн ноолуурыг бусад улс оронд боловсруулснаар монгол гэсэн шошго дор чанаргүй ноолуурыг өндөр чанарын монгол ноолууртай холих боломжтой болгож байна.
Энэхүү арга хэмжээнд оролцож буй АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: “ЭСЯ-ны тэргүүлэх зорилтуудын нэг нь эдийн засгаа төрөлжүүлэхэд нь Монгол Улсад туслах явдал бөгөөд ноолуурын салбарыг өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх нь энэхүү стратегийн чухал хэсэг юм. Энэ салбарыг цаашид хөгжүүлэх нь малчнаас экспортлогч хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүх оролцогчдыг учир утга бүхий, тогтвортой орлоготой болгох юм” гэж хэлжээ.
Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Монголын ноос, ноолуурын холбооны албаны хүмүүс болон салбарын 80 гаруй төлөөлөгчид оролцов.