Усны чанар, Компакт гэрээний нөлөөллийн талаар цуврал видео гаргаж эхнийхийг нь Дэлхийн усны өдөр танилцуулав

Хэвлэлийн мэдээ
2021 оны 3 дугаар сарын 22
ШУУРХАЙ  

Усны чанар, Компакт гэрээний нөлөөллийн талаар цуврал видео гаргаж эхнийхийг нь Дэлхийн усны өдөр танилцуулав

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ) болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-иас Монголд хэрэгжих Усны Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны чанарт хэрхэн нөлөөлж, цаашлаад иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн тогтвортой өсөлтийг нэмэгдүүлэхийг харуулсан цуврал видео бүтээл гарган олны хүртээл болгож байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж Улаанбаатар хотын усан хангамжид дарамт учруулж байгаа бөгөөд хэрэв шийдвэрлэхгүй бол хот болон хотын ард иргэд усны хомсдолд орж болзошгүй юм.

Цувралын анхны видеог эндээс үзэх (YouTube), өндөр чанартайгаар татаж авах (Google Drive), эсвэл Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээний сувгуудаас үзэж болно. Улаанбаатар хотын цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх МСК-ийн Усны Компакт гэрээний зорилгын талаар олон нийтэд мэдээлэл өгөх энэхүү төслийг МСК болон АНУ-ын ЭСЯ санхүүжүүллээ. Цувралын видеонууд гуравдугаар сарын 22-ны Дэлхийн усны өдрөөс дөрөвдүгээр сарын 22-ны Эх дэлхийн өдрийн хооронд нийтийн хүртээл болно.

350 сая ам. долларын өртөгтэй Усны Компакт гэрээгээр Улаанбаатар хотын ирээдүйг тогтвортой усан хангамжтай болгохын тулд МСК, АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын Засгийн газар хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар уг хөрөнгө оруулалтыг дэмжин 111.8 сая ам. долларын хувь нэмэр оруулах бөгөөд энэ нь МСК-ийн түүхэн дэх түнш орны оруулах хамгийн том хувь нэмэр аж.

###