Шуурхай
Холбоо барих: +1-202-521-3880
И-мэйл: press@mcc.gov
МСК-ЫН МОНГОЛД ХЭРЭГЖИХ УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭНИЙ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦАА ЭХЭЛЛЭЭ
Вашингтон хот, 2021 оны дөрөвдүгээр сарын 5 – Өнөөдөр АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Мянганы Сорилтын Корпорац (МСК) болон Монгол Улсын Засгийн газар 350 сая ам. долларын өртөг бүхий Монголд хэрэгжих усны Компакт гэрээний нээлтийн ёслолыг 4-р сарын 5-ны өдөр тэмдэглэлээ. Нийслэл Улаанбаатар хотод нүүрлэж буй усны хямралыг зогсоох зорилго бүхий МСК болон Монгол Улсын Засгийн газрын энэхүү түншлэл нь усны тогтвортой хангамжийг өргөжүүлэх, усны салбарын урт хугацааны санхүүгийн, институцийн, байгаль орчны тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэн ажиллана. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтыг дэмжин 111.8 сая ам. доллар хүртэлх хувь нэмрийг мөн оруулж байна. Энэ нь МСК-ын түүхэн дэх түнш орны оруулсан хамгийн том хувь нэмрүүдийн нэг гэж тооцогдож буй юм. Тэргүүлэх ач холбогдол бүхий энэхүү Компакт гэрээнд Монгол Улсын Засгийн газрын тууштай зүтгэл, өмчлөлийг энэхүү дэмжлэг нь билэгдэж байгаа билээ.
“Усны хүртээмж нь хүний нэн чухал хэрэгцээ. Гуч хүрэхгүй жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин өссөн бөгөөд энэ тоо нь хотын усны эрэлт хэрэгцээ удахгүй нийлүүлэлтээс давах болно гэдгийг харуулж байна” хэмээн MCК-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Махмуд Ба тэмдэглэв. “Усны хүртээмжийг байгаль орчинд ээлтэй байдлаар нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ирэх таван жилийн хугацаанд хэрэгжиж монголчуудын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий Компакт гэрээ хүчин төгөлдөр болж буйг Монгол түнш байгууллагуудын хамтаар тэмдэглэхдээ МСК баяртай байна” гэж хэллээ.
МСК-ын Компакт нь шинээр газрын доорх худаг шинээр байгуулах, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах байгууламж барих замаар усны нөөцийг нэмэгдүүлэх болно. Мөн Компакт нь Улаанбаатар хотын усан хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, хууль эрх зүй, зохицуулалт болон институцийн шинэчлэлийг бий болгоно.
“Усан хангамжийн хөтөлбөрийн 350 сая ам, долларын буцалтгүй тусламж нь уг бүс нутагт АНУ-ын оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг юм” хэмээн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески хэлээд, “Таван жил хэрэгжих хугацаандаа шинэ ажлын байр бий болгон, Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлнэ” гэлээ.
“МСК-ын Монгол дахь усны Компакт гэрээний хэрэгжилт албан ёсоор эхэлснийг Америк түншүүдийн хамт тэмдэглэх болсондоо баяртай байна” гэж Мянганы Сорилтын Сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос нэмж хэллээ. “Тогтвортой бөгөөд эдийн
засгийн хувьд илүү хөгжингүй ирээдүйг Монголын ард түмэнд бий болгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд тулгарах аливаа бэрхшээлийг бидний түншлэл даван туулна гэдэгт бид итгэлтэй байна.”
МСК нь өөрийн үнэлгээний картаар хөгжиж буй орнуудыг авлигатай тэмцэхээс авахуулаад ардчилсан эрхүүдийг эрхэмлэн дээдлэх зэрэг сайн засаглалын дээд зэргийн стандарт, хэм хэмжээг хангасан эсэхийг дүгнэсний дагуу томоохон хэмжээний тэтгэлэг олгодог. МСК нь өгөгдөл, хариуцлага, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үндсэн үүргээ биелүүлж, ажил хэрэгч хандлагыг баримталдаг.
###