ХЭВЛЭЛИЙН МЭДЭГДЭЛ
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭНТОНИ Ж. БЛИНКЕН
Ерөнхийлөгч Ж. Байден гадаадын улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Засгийн Газрын бүх хэлтэс, агентлагуудад АНУ-ын дипломат харилцаа, гадаад тусламжийн хүрээнд лесби, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр (ЛГБТКИ+) хүмүүсийн эрхийг хамгаалан, дэмжиж ажиллах чиглэлээр Ерөнхийлөгчийн санамж бичигт хоёрдугаар сард гарын үсэг зурсан байна.
ЛГБТКИ+ хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, гэмт хэрэг, гутаан доромжлолыг зогсоох тэмцэл нь дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал бөгөөд хүний эрх, бүх нийтийн суурь эрх чөлөөг дэмжих нь бидний ажил үүргийн төвд байсаар ирсэн юм. Байден-Харрисын засгийн газрын дор АНУ өөрийн үлгэр жишээгээрээ удирдан чиглүүлж, бэлгийн чиг баримжаа, хүйсийн онцлог, үзэл бодлоо илэрхийлэх байдал, хүйсийн шинж чанар зэргээр бусдыг ялгаварлан гадуурхахын эсрэг, хүчирхийллийг зогсоох бодлого баримтлан ажиллана. Ерөнхийлөгч Ж. Байдены тус шийдвэр нь АНУ-ын Засгийн Газраас энэхүү зорилтын хүрээнд тууштай ажиллахаар болсныг харуулж байна.
Төрийн Департамент нь Ерөнхийлөгч Ж. Байдены санамж бичгийн дагуу АНУ-ын Холбооны агентлагуудтай хамтран дипломат харилцаа, олон төрлийн арга хэрэгсэл, нөөцийг ашиглан эмзэг бүлэгт хамаарагдах ЛГБТКИ+ дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийг хамгаалах; ЛГБТКИ+ бүлэгт хамааралтайгаар нь тухайн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан буруутгахтай тэмцэх; АНУ-ын дипломат харилцаа болон гадаад тусламж дэмжлэгүүдээр дамжуулан ЛГБТКИ+ хүмүүсийн эрхийг сурталчлах, хамгаалах, ялгаварлан гадуурхлыг зогсоох ажилд ахиц дэвшил гаргах; хүний эрхийн зөрчил, ЛГБТКИ+ хүмүүсийн эсрэг хүчирхийлэл зэрэгт АНУ-аас шуурхай хариу арга хэмжээг авах боломжийг олгоход анхаарч ажиллах юм.
Төрийн Департамент нь 2021 оны санхүүгийн жилд Конгресстой хамтран Дэлхийн тэгш эрхийн санд (GEF) 10 сая ам.долларын санхүүжилт олгоход шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхийн тэгш эрхийн сан (GEF) нь ижил зорилготой олон улсын засгийн газрууд, бизнес эрхлэгчид, сангуудын дэмжлэгтэйгээр эерэг өөрчлөлтийг авч ирэхийг зорьж ажилладаг бөгөөд хүний эрхийг хамгаалагчдад яаралтай тусламж дэмжлэг, ЛГБТКИ+ байгууллагуудад хүний эрхийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байна.
АНУ нь Ерөнхийлөгч Байдены манлайлал дор бусад ижил зорилготой улс орнуудын засгийн газартай хамтран ЛГБТКИ+ хүмүүсийн эрхийг хамгаалах ажилд ахиц дэвшил гаргаж, иргэний нийгмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана. АНУ-ын гадаад бодлогын тэргүүн эгнээнд хүний эрхийг хамгаалах ажилд ахиц дэвшил гаргах явдал байдагт олон улсын түншүүд эргэлзэх зүйлгүй гэдгийг батлан илэрхийлж байна.