Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх АНУ-ын Засгийн газрын шинэ хөтөлбөр нээлтээ хийлээ

Хэвлэлийн мэдээ (шуурхай)
2020 оны 6-р сарын 3
БНОУХ-гийн Монгол дахь оффистой холбоо барих хүн: Б.Бөрт-Үжин
Утас: 9584-4152 | Имэйл: burtujin@iri.org

 

Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх АНУ-ын Засгийн газрын шинэ хөтөлбөр нээлтээ хийлээ

 

Улаанбаатар, Монгол Улс – АНУ-ын Засгийн газар нь иргэний нийгэм, улс төрийн үйл явц дахь залуучууд, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөр албан ёсоор нээгдсэнийг өнөөдөр мэдэгдлээ.

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ), Азийн сан болон Монголын өргөн хүрээний иргэний нийгмийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) ардчилал, засаглалыг хөгжүүлэх гурван жилийн хугацаат уг хөтөлбөр нь Монгол Улсад сонгуулийн өмнөх үед иргэдийн оролцоог идэвхжүүлж, улмаар сонгуулийн дараах иргэн төвтэй засаглал хийгээд улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх Монгол Улсын засгийн газрын хүчин чармайлтыг дэмжихэд чиглэнэ. Сонгогчдын боловсрол хийгээд оролцоог нэмэгдүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх мөн сэтгүүлч, активистуудыг дэмжих иргэний нийгмийн санаа санаачлага бүхий олон төрлийн үйл ажиллагаануудыг хөтөлбөрийн хүрээнд улс орон даяар зохион байгуулах юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл С. Клечески “Монгол Улс нь эрч хүчтэй залуучууд, хүчирхэг эмэгтэй манлайлагчдын эх орон болсон ардчилсан улс билээ. Монголд хийгээд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ардчиллыг хөгжүүлж, энхийг бататгаж, хөгжлийг дэмжих хамтын зорилгынхоо төлөө иргэдийн оролцоог дэмжин ажиллах нь бидний  хувьд нэр төрийн хэрэг юм” гэж нээлтийн үеэр онцлов.

БНОУХ болон Азийн сан нь найдвартай мэдээлэл бүхий сонгогчдын боловсролыг олон нийтэд олгох цуврал кампанит ажлыг Сонгогчдын боловсрол төв, Зориг сан болон Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бус байгууллагуудтай хамтарч зохион байгуулна. Түүнчлэн залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжин улс төрийн тулгамдсан асуудал хийгээд иргэдийн оролцоо, эгэх хариуцлагатай холбоотой саад бэрхшээлүүдийн талаар нам бус байдлаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх цуврал цахим үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар Либерал эмэгтэйчүүдийн оюуны сантай хамтран ажиллана.

Уг хөтөлбөрийн хүрээнд Бодлогод залуусын хяналт ТББ сонгогчдын оролцоог бэхжүүлж, залуучууд, эмэгтэйчүүдийн бодлогын тулгамдсан асуудлуудыг хөндсөн соён гэгээрүүлэх цуврал үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна.  Түүнчлэн нөлөөллийн чадавхыг бэхжүүлэх онлайн сургалтууд Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-тай хамтран хийж, Монгол Улсын чөлөөт хэвлэл болон сэтгүүлчдийг дэмжихээр Глоб Интернэшл төвтэй хамтран ажиллаж байна.

“Оролцоо, эргэх холбоо бүхий ардчилал л иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаг. БНОУХ нь АНУ-ын ОУХА, Азийн сан болон түнш байгууллагуудын хамтаар эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолойг хүргэж, өргөн хүрээг хамарсан иргэдийн оролцоог дэмжиж ажиллаж байгаадаа баяртай байна” хэмээн БНОУХ-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Крэйг Кастанья онцлов.

 

###