Монгол дахь Энх тайвны корпусын 30 жилийн ойгоор Орон хариуцсан захирал Ким Мансарайг Алтан гадас одонгоор шагнав

Улаанбаатар хот, 2021 оны 6 дугаар сарын 24 – Гадаад харилцааны дэд сайд Батсүмбэрийн Мөнхжин гадаадын иргэнд олгодог Монгол Улсын төрийн дээд шагнал болох Алтан гадас одонг Монгол дахь Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Ким Мансарайд гардуулав. Хатагтай Мансарай нь Монгол дахь Энх тайвны корпусын гучин жилийн түүхэнд энэхүү шагналыг хүртсэн анхны Орон хариуцсан захирал юм.

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар АНУ, Монгол Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсных нь төлөө Монгол дахь Энх тайвны корпус, түүний удирдлага, үүний дотор Ким Мансарайг Алтан гадас одонгоор шагнажээ. Өмнө нь АНУ-ын цөөн хэдэн иргэд энэхүү хүндэтгэлийг хүртэж байжээ. 

Энэ жил мөн Монгол дахь Энх тайвны корпус 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Анхны сайн дурын ажилтнууд 1991 онд ирснээс хойш 1500 орчим сайн дурын ажилтан Монгол Улсын аймаг бүрт ажиллажээ. Тус агентлаг нь сайн дурын ажилтнуудыг аюулгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт буцаан хүргэх чиглэлээр ажиллаж байгаа энэ үед Монгол дахь Энх тайвны корпус нь олон нийтийн хөгжилд илүү цогц байдлаар хандах зорилгоор боловсролын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулаад байна.

“АНУ, Монголын түншлэл урьд урьдынхаас илүү бат бэх болж байна. Монгол Улсын төрийн дээд шагналыг гардан авч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам ихээр өргөжүүлэн хөгжүүлэх гэж буйдаа баяртай байгаагаа Монгол дахь Энх тайвны корпусын ажилтнуудын нэрийн өмнөөс илэрхийлье” гэж захирал Мансарай хэллээ.

Ким Мансарай Монгол дахь Энх тайвны корпусын Орон хариуцсан захирлаар ажиллаж эхэлснээсээ хойш Монгол орны өнцөг булан бүрт зочилж, сайн дурын ажилтнуудын үйл хэрэг нь Монголын ард түмний хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхэд мониторинг судалгаа хийж, сайн дурын ажилтнуудын гаргаж буй хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгохын төлөө өөрийн мэдлэг, арвин туршлагаа зориулж байна. Түүний удирдлага дор Монгол дахь Энх тайвны корпус нь Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, ТББ болон бусад олон байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. 

Энх тайвны корпусын тухай: Энх тайвны корпус нь олон нийт, ард иргэдтэй хамтран ажиллаж, тогтвортой өөрчлөлтийг бий болгохын тулд дэлхийн хөгжиж буй улс орнуудад АНУ-ыг төлөөлөн ажиллах хүсэл эрмэлзэл бүхий америкчуудыг илгээн ажиллуулдаг. Сайн дурын ажилтнууд боловсрол, эрүүл мэнд, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин, хүүхэд, залуусын хөгжил зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тогтвортой шийдлүүдийг боловсруулахад хувь нэмрээ оруулсаар байна. Энх тайвны корпуст сайн дурын ажилтнаар ажиллах явцдаа хуримтлуулсан туршлага нь тэдэнд улс орнуудын өвөрмөц соёлын тухай ойлголт авах, өнөөгийн даяаршиж буй дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд амжилттай оролцох боломж олгож, насан туршдаа бусдын төлөө зүтгэх эрмэлзлийг бий болгодог. Ерөнхийлөгч Жон Кеннедигийн санаачилгаар 1961 онд байгуулагдсан Энх тайвны корпусын шугамаар төрөл бүрийн насны ангилалд хамаарах 240,000 гаруй америкчууд дэлхийн 142 оронд ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг peacecorps.gov хаягаар орж авна уу.