ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2023 оны зургаадугаар сарын 27
Улаанбаатар хотноо чухал ашигт малтмалын тухай АНУ, Монгол Улс, БНСУ-ын гурван талт анхдугаар уулзалтыг зохион байгууллаа
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Ли До Хун нар чухал ашигт малтмалын тухай АНУ, Монгол Улс, БНСУ-ын гурван талт анхдугаар уулзалтыг 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус уулзалт нь төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий уулзалт болон Засгийн газар хоорондын хуралдааны хэсгээс бүрдэв. Эхний хэсэгт Монголын эрдэс баялгийн салбарын өнөөгийн төлөв байдал, боломж бололцоо, мөн түүхий эдийн дэлхийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын талаар хувийн хэвшлийнхэн болон салбарын холбоодын төлөөлөл мэдээлэл солилцлоо. Засгийн газар хоорондын хуралдаанаар гурван тал дэлхийн чухал ашигт малтмалын эрэлтэд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг, ач холбогдлыг онцолсон юм. Талууд чухал ашигт малтмалтай холбоотой сорилт, боломжуудын талаар санал бодлоо илэрхийлж, харилцаа холбоогоо хялбарчлах, мэдээлэл солилцоог өргөжүүлэх болон хамтарсан санаачилга, төсөл хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Засгийн газар тус бүр мэргэжилтнүүд томилж, уулзалтын гол сэдвүүдийн дагуу стратегийн боломжуудыг эрэлхийлнэ гэдэг дээр гурван тал санал нэгдэв.
Энэхүү гурван талт уулзалт нь дэлхий дахинаа илүү найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход түнш орнуудынхаа оролцоог дэмжих зорилго бүхий АНУ-ын дипломат хүчин чармайлтын нэгэн жишээ юм. Эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, цэвэр эрчим хүчний чиглэлээрх хамтын зорилгынхоо хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бид нэгдэх нь зайлшгүй чухал. Цэвэр эрчим хүч болон бусад технологийг үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг чухал ашигт малтмалын эрэлт ойрын хэдэн арван жилд хурдацтай нэмэгдэх болно. БНСУ-ын тэргүүлэх гишүүнээр байдаг Эрдэс Баялгийн Аюулгүй Байдлын түншлэл (MSP) зэрэг санаачилгуудаараа дамжуулан АНУ нь улс орнуудад геологийн нөөц баялагт суурилсан эдийн засгийн хөгжлийн үр ашгийг бүрэн дүүрэн хүртэхэд дэмжлэг үзүүлж байна. Үүнийг чухал ашигт малтмалын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг хурдасгах замаар дэмждэг. Ингэхдээ Засгийн газар болон хувийн хэвшлээс нэмүү өртгийн сүлжээг бүхэлд нь хамарсан хүчин чармайлт гаргаж байгаль орчин, нийгэм, засаглалын хамгийн өндөр стандартыг дагаж мөрдөж буй стратегийн боломжуудыг олж тогтоож байна.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандезтай холбоотой шинэ мэдээллийг дараах хаягаар аваарай: Twitter: @State_E, Facebook: @StateDeptE, LinkedIn: @State-E
Хэвлэл мэдээллийн лавлагааг: E_Communications@state.gov хаягаар холбогдож авна уу.