АНУ-ын Конгрессын ажилтнуудын төлөөлөл Монгол улсад албан айлчлал хийлээ

Улаанбаатар хот, 2022 оны 7-р сарын 2 – АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын олонхийн бүлгийн дарга Стени Хойерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Марк Иоззи тэргүүтэй АНУ-ын Конгрессын ажилтнуудаас бүрдсэн төлөөлөгчид энэ оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголын төр засаг, Их хурлын төлөөлөгчидтэй уулзаж, ардчиллын үйл явц, цар тахлын нөлөө, бүс нутгийн нөлөөлөл болон Украин дахь Оросын түрэмгийллийн талаар ярилцав.

АНУ-ын Конгрессын ажилтнуудын төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, АНУ-Монголын парламентын бүлгийн дарга Ц. Мөнх-Оргил, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын дарга А.Ананд нар хүлээн авав.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Мянганы сорилтын корпорацийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайгаар, мөн ардчиллын түншлэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж, Монголын ард түмэнтэй нягт хамтран ажилласны 30 жилийн ойгоо тэмдэглэсэн Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээр (БНОУХ) зочиллоо. Түүнчлэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST төслөөс зээл авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон Монгол дахь америкт төгсөгчдийн холбооныхонтой уулзлаа.

Монгол Улсын ардчилсан шилжилтийг дэмжиж, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө АНУ ямагт тэргүүн эгнээнд явж ирсэн билээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ үед хийсэн энэхүү айлчлал нь Монгол Улсын ардчилал, бүрэн эрхт байдал, мөн бат бэх харилцааныхаа төлөөх хоёр орны хүчин чармайлтыг харуулж байна.

###