Энх тайвны корпусын сайн дурын шинэ ажилтнууд Монгол дахь ажлаа эхэллээ

Энх тайвны корпусын сайн дурын шинэ ажилтнууд Монгол дахь ажлаа эхэллээ

УЛААНБААТАР, 2023.8.17. Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын шинэ бүлгийн Тангаргийн баяр энэ оны наймдугаар сарын 17-нд болж өнгөрлөө. Энх тайвны корпусын шугамаар ирсэн 14 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол, орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажиллан Монгол орон даяарх байршлуудад хоёр жилийн хугацаатай амьдрах юм. Тангараг өргөсөн сайн дурын ажилтнууд нь АНУ-ын Энх тайвны корпусын хөтөлбөр анх Монгол Улсад хэрэгжиж эхэлсн 1991 оноос хойш ирж ажиллаж буй 32-р бүлэг бөгөөд цар тахлын дараа ажиллахаар ирж буй хоёр дахь нь юм. 1991 оноос хойш 1,450 орчим сайн дурын ажилтан Монголд орон нутгийн болон хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэндийн боловсрол, эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалалт, англи хэлний боловсрол зэрэг чиглэлээр ажиллаад байгаа билээ.

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал А. Ананд, Энх тайвны корпусын Европ, Газар дундын тэнгис, Азийн бүсийн захирал Ребекка Гон Шарп болон бусад хүндэт зочид Тангаргийн баярт оролцсон байна. Ёслолын үеэр Элчин сайд Буанган: “АНУ нь Монгол Улстай тогтоосон харилцаагаа гүнээ үнэлдэг бөгөөд Энх тайвны корпусын сайн дурынхан АНУ-ын шилдэг сайн бүхнийг төлөөлж үлгэрлэнэ гэсэн өндөр хүлээлттэй байна” хэмээжээ.

Энх тайвны корпусын тухай: Энх тайвны корпус нь дэлхийн улс орнуудын өмнө тулгараад буй нэн чухал асуудлуудыг нь шийдвэрлэхийн тулд мэдлэг, чадвар сайтай Америкчуудыг хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангахад нь туслуулахын тулд АНУ-ын нэрийн өмнөөс илгээж ажиллуулдаг. Сайн дурын ажилтнууд нь боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин болон хүүхэд, залуусыг хөгжүүлэхэд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх тогтвортой хөгжлийн шийдлүүдийг бий болгохын тулд ихэнхдээ тэдгээр улс орнуудын орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь сайн дурын ажилтнуудыг өөр өөр өвөрмөц соёлуудын талаар ойлголт авах, үүний төлөө насан туршдаа зүтгэх чин эрмэлзэлтэй болгодог. Энх тайвны корпусыг Ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд байгуулснаас хойш янз бүрийн насны ангилалд багтах 240,000 орчим Америкийн сайн дурын ажилтнууд дэлхийн 143 оронд ажиллаад байгаа билээ. Монгол дахь үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.peacecorps.gov сайтаас, эсвэл Facebook болон Twitter дээр биднийг дагаж авах боломжтой.