Шуурхай
2021 оны 8-р сарын 20
Холбоо барих: 202-521-3880
Имэйл: press@mcc.gov
МСК болон Монгол Улс 93 сая ам. долларын өртөг бүхий дэд бүтцийн төслийн шав тавилаа
ВАШИНГТОН, ДиCи. (2021 оны 8-р сарын 20) – Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн хамтарсан 93 сая ам. долларын өртөг бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод боллоо.
350 сая ам.долларын өртгөөр Монгол Улсад Усны компакт гэрээний дэд бүтцийн эхний томоохон төсөл эхэлснийг тэмдэглэхээр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, МСК-ын дэд суурин төлөөлөгч Эрик Гүтшоф болон Монголын Мянганы сорилтын сан (ММСС), бусад албаны хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолд урьсан байв.
Ёслолын үеэр Элчин сайд Клечески “Өсөн дэвжиж буй ардчилсан орнууд нь хэт их өрийн дарамтанд оруулахааргүй хөтөлбөрүүдээс ашиг шим хүртдэг гэдэгт бид итгэдэг тул АНУ-ын Засгийн газар боломжтой үедээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг буцалтгүй тусламжаар дэмжиж байна” гэв.
Дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж нь жилд 50 сая куб метр хүртэл ус нийлүүлж, нийслэл хотын ус хангамжийн өнөөгийн хэмжээг оройлцоогоор 65 хувиар нэмэгдүүлэх юм. Тус байгууламж нь Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хүртэлх хувиар үе шаттай нэмэгдүүлэх, таван жил хэрэгжих компакт гэрээний нэг хэсэг юм.
“Өнөөдөр Америк болон Монголын ард түмний түншлэлийн түүхийн шинэ хуудас эхэлж байна” гэж МСК-ын Гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортю хэлээд “Энэхүү гүн цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноор Туул гол дагуух гүний усны давхаргын ачааллыг бууруулж, монголчуудын өдөр тутмын эрүүл мэнд болон эдийн засгийн өсөлтийг хангахад шаардлагатай усны нөөцийг нийлүүлэх болно” гэв.
Ус гүн цэвэршүүлэх байгууламжаас гадна ММСС нь Улаанбаатар хотын газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, мөн дамжуулах хоолой барьж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дахин боловсруулсан өндөр чанартай усаар хангах, шинэчлэл хийх, техникийн туслалцаа үзүүлэх замаар институцийн чадавхыг сайжруулж, Улаанбаатар хотын усны хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх болно.
Сүүлийн гуч хүрэхгүй жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин өссөн боловч усны хангамж хэвээр байгаа нь усны ноцтой хямралд орох нөхцлийг бүрдүүлж байна. МСК-Монголын усны компакт гэрээ нь энэхүү хязгаарлагдмал байгалийн нөөцийг хамгаалахад шаардлагатай чухал дэд бүтцийг бий болгож, Монгол Улсын хүн амын 55 гаруй хувьд эерэгээр нөлөөлнө.
Мянганы сорилтын корпорац нь олон улсын хөгжлийг дэмжих АНУ-ын Засгийн газрын агентлаг бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар дэлхийн ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг. 2004 онд байгуулагдсан МСК нь сайн засаглалыг хэрэгжүүлэх, авилгатай тэмцэх, ардчилсан эрхийг хүндэтгэх гэсэн хатуу стандартыг хангасан улс орнуудад тодорхой хугацаатай буцалтгүй тусламж болон туслалцаа үзүүлдэг.
###