ШУУРХАЙ
2023 оны наймдугаар сарын 31
АНУ-аас дотоодын хүлэмжийн аж ахуйг дэмжих тусламжийн санхүүжилт олгохоор боллоо
Улаанбаатар хот – АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаар (ХХААБ) дамжуулан ойролцоогоор 7 тэрбум төгрөг буюу 2 сая ам. долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү санхүүжилт нь хүнсний ногоогоо бие даан хангах Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих хүрээнд Монгол Улс дахь дотоодын хүлэмжийн аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах болон түгээх зэрэг хүлэмжийн аж ахуйтай хамаарал бүхий салбарын хүчин чадавхыг өргөтгөн сайжруулах юм.
Монгол Улс одоогоор импортын хүнсний ногоог голчлон хэрэглэдэг. Сүүлийн үеийн олон улсын үйл явдлууд нь импортоос хамааралтай байхын эмзэг байдлыг онцоллоо: ОХУ-ын Украин дахь дайн хүнсний үнэ, хүртээмжид ихээхэн нөлөөлсөн бөгөөд Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хаасан нь цар тахлын үеэр томоохон хэмжээний хүнсний бүтээгдэхүүний хомсдолд хүргэсэн билээ. НҮБ-ын ХХААБ-ын мэдээлэлд сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч дотоодын аж ахуй нь шинэ, эрүүл бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломжгүй, мөн Монголын ихэнх хүлэмжүүд жилийн турш ажиллах чадваргүй байгааг тэмдэглэсэн байна.
АНУ-ын ОУХА-с олгох энэхүү 7 тэрбум төгрөгийн (2 сая ам. доллар) буцалтгүй тусламж нь хүлэмжийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад таатай орчныг бүрдүүлэх орон нутгийн болон засгийн газрын бодлогод шаардлагатай өөрчлөлтийг судалж тодорхойлох юм. Мөн энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд хүлэмжийн аж ахуйг орчин үеийн техник, бизнесийн арга барилыг ашиглан хөгжүүлэх, удирдах чиглэлээр сургалт явуулах юм.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: “Зөв туршлага, технологийг энэ салбарт илүү их хөрөнгө оруулалтыг дэмжих бодлоготой хослуулснаар жилийн турш үйлдвэрлэл, түгээлт хийх боломж илүү бодитой болох болно” гээд “АНУ-ын ОУХА-ийн энэхүү дэмжлэг нь хөрш зэргэлдээ орнуудаас үүдэлтэй ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, эсвэл хатуу ширүүн өвийн улирлаас үл хамааран эх орондоо тарьж ургуулсан бүтээгдэхүүний хүртээмжийг Монгол айлд нэмэгдүүлэх юм” гэж хэлэв.
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд ОУХА нь НҮБ-ын ХХААБ-д уг буцалтгүй тусламжийг олгон хамтарч ажиллаж буйдаа баяртай байгаагаа тус агентлагийн Монгол дахь Хөгжлийн ахлах зөвлөх Том Крехан энэ үеэр хэлж байв. Тэрээр мөн “Бид Монгол Улсын гуравдагч хөрш байгаагаараа бахархдаг бөгөөд шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүний тогтвортой хангамжтай байх Монголын ард иргэдийн хэрэгцээг хангахын тулд засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж буйдаа баяртай байна” хэмээжээ.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь ардчиллыг хөгжүүлэх, байгалийн гамшигт тэсвэртэй олон нийтийн оролцоог бэхжүүлэх, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 30 гаруй жилийн турш Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Засгийн газар нь Монгол Улсыг хөгжлийн зорилтдоо хүрэхэд нь туслах зорилгоор ОУХА-аараа дамжуулан хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 130 гаруй сая ам.доллар буюу 400 тэрбум төгрөгт хүрээд байна.
Тухай: АНУ-ын ОУХА нь хүний амь насыг аврах, ядуурлыг бууруулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, улс орнуудын хөгжил дэвшилд тусламж, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ олон улсын хөгжил, хүмүүнлэгийн хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ил тод, хариуцлагатай засаглал, зах зээлд илүү тулгуурласан, төрөлжсөн эдийн засгийг дэмжин ажиллаж байна. USAID болон хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.usaid.gov/Mongolia хаягаар зочилж, Facebook, Twitter хуудсаар биднийг дагаарай.