“Говийн чоно 2022”-ын оролцогчид дэлхий дахины мэдлэг, туршлагаас суралцлаа

Шуурхай
2022 оны 9 дүгээр сарын 12
Викториа Гранадо
Аляскын үндэсний гвардын Олон нийттэй харилцах алба

“Говийн чоно 2022”-ын оролцогчид дэлхий дахины мэдлэг, туршлагаас суралцлаа

 

БАЯНХОНГОР, Монгол Улс – Монгол Улсын Баянхонгор аймагт зохиогдсон “Говийн чоно-2022” олон улсын дадлага сургуулийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цэргийн алба хаагчид болон анхан шатны тусламжийн ажилтнууд зургаан өдрийн турш гамшгийн үеийн аврах ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр сургуулилт хийлээ.

Дадлага сургууль 9 дүгээр сарын 5-нд олон тооны сэдвийг хамарсан сэдвийн шинжээчдийн хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүдийн нэг нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний Гэнэтийн үед хариу арга хэмжээ үзүүлэх 36-р багийн сургагч ахлах Марк Хүүвер байв.

Хүүвер нь карьерынхаа туршид Японд болсон 9.1 магнитудын газар хөдлөлт, Колорадо дахь Хар ойн 14,000 гаруй акр газрыг шатаасан түймэр зэрэг олон гамшгийн үед хариу үйлдэл үзүүлэн ажиллаж байсан туршлагатай нэгэн бөгөөд сэдвийн шинжээчийн хувьд сөрөг дүрслэл буюу муу зүйлийг зориудаар төсөөлүүлэн практик, үйл явцыг тууштай сайжруулахад чиглэсэн хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

Хүүвер хэлэхдээ “Говийн чоно дадлага сургууль нь өөрөө сөрөг дүрслэлийн дасгал юм. Энэ нь хүмүүсийг хамгийн муу үр дүнгийн талаар бодох шаардлагатай нөхцөл байдалд оруулдаг. Хэрэв тэрхүү нөхцөл байдлыг аль болох бодитойгоор даван туулж, хариу арга хэмжээ авах байдлаар бэлтгэхгүй бол бодит гамшгийн хор уршиг илүү хүндрэх магадлалтай байдаг” гэсэн юм.

Говийн чоно тэргүүтэй дадлага сургуулиуд нь оролцсон нийт хүмүүст үр өгөөжтэй болдог тухай мөн Хүүвер үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Тэрээр хэлэхдээ “Дэлхий даяар дагаж мөрдөгддөг арга барилууд, хэрэглэгддэг нөөц бололцоотой танилцсанаар бидний үйл ажиллагааны үр нөлөө хаана болж байгаагаас үл шалтгаалан сайжрах боломжтой” гэсэн юм.

Хэлэлцүүлгүүдийн дараагаар олон нийтийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөнөөлт бодис асгарсаны хор уршигийг арилгах дадлага, эрэл хайгуул, аврах ажиллагаатай холбоотой хээрийн сургуулилт бүхий гамшгийн цагийн байдал дээр ажиллалаа.

Балбын Зэвсэгт хүчний хурандаа Анжанкешар Хатри нь 2015 онд Балбад болсон 7.8 магнитудын газар хөдлөлтийн үед ажиллаж байсан туршлагатай нэгэн. Хатри тухайн үед батальоны командлагч байсан учраас гамшгийн үеийн хариу арга хэмжээг урьдчилан таамаглах аргагүй гэдгийг маш сайн ойлгодог. Хатри өөрийн туршлагаа ашиглан тэрхүү урьдчилан таамаглах аргагүй байдлыг хэрхэн зохицуулах талаар илүү их ойлголт авахын тулд хээрийн сургалт дадлагууд дээр сайтар ажиглалт хийсэн юм.

Хатри хэлэхдээ “Говийн чоно шиг дадлага сургуулиуд маш үр дүнтэй байдаг. Гамшгийн үед эмх замбараагүй байдал үүсдэг. Харин Говийн чоно таныг үр дүнтэй хариу арга хэмжээ авч, нөхцөл байдлын дагуу өөрчлөхөд сургадаг” гэв.

Хатри ялангуяа 1-р түвшний хээрийн эмнэлгийн майхнуудаас илүү сайжирч, эрчимт эмчилгээний тасгаар тоноглогдсон 2-р түвшний хээрийн эмнэлгийн майханд болсон эмнэлгийн дадлагыг сонирхож байлаа. Мөн хээрийн сургалтын үеэр хөнөөлт бодис асгарсаны хор уршигийг арилгах дадлагыг ажиглаж байхдаа Хатри халдваргүйжүүлэх үйл явцын талаар маш их зүйлийг сурч мэдсэнээ хуваалцсан юм.

Тэрээр “Эмнэлгийн майхны зохион байгуулалтыг харж, түүний бүх боломжийн талаар мэдэх нь маш тустай байлаа. Мөн хөнөөлт бодис асгарсаны хор уршигийг арилгах дадлагын үеэр ашигласан техник, арга барилууд сонирхолтой санагдсан” гэв.

Говийн чоно дадлага сургууль нь бүх үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдтэй мэдээлэл солилцохыг зорьж, шаардлагатай хүмүүст үнэ цэнэтэй мэдлэгийг түгээж чадлаа. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлэхдээ “Энэхүү дадлага сургуулилтын хүрээнд ОБЕГ-аас анх удаа нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үзүүлж, 2-р шатлалын хээрийн эмнэлэг байгууллаа. Монголын эмч нар уламжлалт анагаах ухааны мэдлэгээсээ хуваалцсан нь олон улсын оролцогчид ихээхэн талархалтайгаар хүлээж авлаа” гэсэн юм.

Мөн тэрээр “Бидний хоорондын мэдлэг солилцох үйл ажиллагаа ажил маш амжилттай боллоо. Бид дасгал сургуулилтаар бие биенээсээ суралцаж, ур чадвараа харилцан сайжруулсан. Бид маш их талархалтай байна” гэлээ.

###