Монгол Улс АНУ-аас хандивласан Файзер вакцины 899,730 тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авлаа

Монгол Улс АНУ-аас хандивласан Файзер вакцины 899,730 тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авлаа

Хэвлэлийн мэдээ 
2021 оны 10 дугаар сарын 06
ШУУРХАЙ 

Монгол Улс АНУ-аас хандивласан Файзер вакцины 899,730 тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авлаа

 

Улаанбаатар хот – Америкийн Нэгдсэн Улсаас хандивласан 899,730 тун Файзер вакцин Монгол Улсад орж ирснийг мэдэгдэхэд таатай байна. Эдгээр тун нь КОВАКС хөтөлбөрөөр дамжин Мичиган мужийн Каламазу хот дахь Файзерийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа болно. Уг хандив нь энэ оны есдүгээр сард хандивласан 188,370 тун Файзер вакцины үргэлжлэл юм. Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг билээ.

Коронавируст халдварын (КОВИД-19) цар тахал эхэлснээс хойш АНУ-аас Монгол Улсад 8 сая орчим ам. долларын дэмжлэг үзүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын эхээр КОВИД-19-н эсрэг яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр 3.7 сая ам. долларын санхүүжилт бүхий, иргэдэд нэн хэрэгцээт эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн дэм болон хувийн хамгаалах хэрэгсэл олгох тусламжийг үзүүлж байна. Мөн 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА буюу USAID) өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн. Түүнчлэн ОУХА нь эрсдлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж дэмжлэг үзүүлдэг.

Мөн АНУ-ын зүгээс Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12,700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, COVID-19-өөр өвчилсөн өвчтөнүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх болно.

АНУ нь КОВАКС хөтөлбөрт хамгийн их хувь нэмэр оруулдаг бие даасан хандивлагч орон билээ. АНУ-ын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан COVID-19 вакцины худалдан авалт, түгээлтийг хариуцан ажилладаг Гави Вакцины Холбоонд хоёр тэрбум ам. долларын хувь нэмэр оруулсан. Мөн оны долдугаар сард АНУ-ын Засгийн газар Гави Вакцины Холбоонд дахин хоёр тэрбум ам. долларын нэмэлт санхүүжилт олгож, КОВАКС хөтөлбөрийн вакцины нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна. Тус санхүүжилт нь АНУ-ын Засгийн газрын бусад санхүүжилтийн хамтаар Гави Вакцины Холбоонд нийт 500 сая гаруй Файзер вакцины тунг худалдан авахад зарцуулагдаж байгаа юм. Гави Вакцины Холбоо нь тэдгээр вакциныг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн бага болон дундажаас бага орлоготой 92 улсад, мөн Африкийн холбоонд түгээх юм.

АНУ нь дэлхий даяар нийт 90 гаруй улс оронд COVID-19-ийн эсрэг вакцины 130 сая тунг хандивласан байна. Бид цаашид эмийн нийлүүлэлт хүрэлцээтэй болох бүрийд вакцины нэмэлт тунг дэлхий даяар хандивласаар байх болно. АНУ нь энэхүү цар тахлыг даван туулахын тулд дотоодын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсад түгээх вакцины үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх, мөн түнш улсуудтайгаа хамтран дэлхий даяарх вакцин үйлдвэрлэлийг өргөтгөх, үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулахаар ажиллаж байна.

###

Монгол Улс АНУ-аас хандивласан Файзер вакцины 899,730 тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авлаа