АНУ-ын санхүүжилт бүхий Чойжин ламын сүм музей дэх сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

АНУ-ын санхүүжилт бүхий Чойжин ламын сүм музей дэх сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

2023 оны аравдугаар сарын 13 – Чойжин Ламын Сүм Музейг хэсэгчлэн засварлах он дамжсан төслийн ажил амжилттай хэрэгжиж дууслаа. АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлсэн уг төслийг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сан Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Энэржин ХХК туслан гүйцэтгэснээр амжилттай хэрэгжүүллээ.

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган “Уг сүм нь Монгол Улсыг ардчилал, шашин шүтэх эрх чөлөө, тусгаар тогтнолын ач холбогдлыг чухалчлан авч үзэж буйн илэрхийлэл юм” гээд, үргэлжлүүлэн “Эдгээр чанарууд нь манай хоёр үндэстний эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс бөгөөд хадгалан хамгаалахын төлөө бид уйгагүй хөдөлмөрлөдөг билээ” хэмээн төслийн хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ онцолжээ. 

1908 онд баригдсан сүмийг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан “Чойжин Лам” нэрээр нэрлэжээ. Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн уг төсөл нь нэгэн цагт Чойжин Лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн бясалгалын гол өргөө нь байсан Ядам сүмийг сэргээн засварлахад чиглэсэн билээ. Чойжин ламын сүм бол Монголын шашны архитектурын хэв маягийн цаг хугацааг тэсэж үлдсэн ховор жишээ бөгөөд Монголын Буддын шашны түүхэнд чухал ач холбогдолтой учраас 2020 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн анхааран хамгаалах жагсаалтад оржээ. Сүм нь Монголд коммунистууд засгийн эрхийг гартаа авсны дараа хаагдах, сүйтгэгдэх аюулыг гэтэлсэн цөөн тооны шашны дурсгалт газруудын нэг гэсэн утгаараа онцгой ач холбогдолтой юм.

2001 оноос хойш Монголын соёлын өвийг хадгалан хамгаалахад зориулан АНУ-аас Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаараа дамжуулан 2.5 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ядам сүмээс гадна Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ирвэсийн арьсан гэр, Хануйн хөндий орчим дахь хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө зэрэг Монголын түүх, соёлын чухал бүтээлүүдийг сэргээн засварлах ажилд тус сангаас дэмжлэг үзүүлж иржээ.

Элчин сайд Буанган: “Бид чухал төслүүдийг дэмжих зорилгоор Сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх үүрэгтэй байдаг” гээд, “Хойч үе маань үүх түүх, үнэт зүйлээсээ суралцаж, тэдгээрээр холбогдсон байхын тулд Монголын өв соёлыг хамгаалахад манай хоёр улсын хамтын ажиллагаа чухал юм” хэмээсэн байна.