Энх тайвны корпусын 30 жилийн ойн арга хэмжээнд Ц. Гомбосүрэн оролцоно

УЛААНБААТАР ХОТ, 12 дугаар сарын 10 – Энэ онд АНУ-ын ЭТК-ын 60 жил, Монгол дахь Энх тайвны корпус (ЭТК)-ын 30 жилийн ой тус тус тохиож байна. Он дуусах дөхөж байгаа энэ үед Монгол дахь ЭТК хамтран ажилладаг түнш байгууллагуудаа хүлээж авах арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд үүндээ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон Монгол дахь ЭТК-ыг анх үүсгэн байгуулахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн нарыг хүндэтгэн урьж оролцуулах гэж байна. Тус арга хэмжээ 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагаас Монголын Уран зургийн галерейд эхэлнэ. 

Тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн нь Монгол улсад ЭТК-ын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкерийн хамт 1990 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурсан билээ. ЭТК-ын анхны ээлжийн сайн дурын ажилтнууд 1991 оны 7 дугаар сарын 3-нд Монголд ирж байжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл Монгол улсад ЭТК-ын 1,429 сайн дурын ажилтан ажиллаад байна. 

Доорх гурван зорилгыг хангаж, даян дэлхийд энх тайван тогтоож, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлнэ гэсэн ЭТК-ын эрхэм зорилго нь өнөөдөр 60 жилийн өмнөхтэйгээ адил утга учиртай хэвээр байгаа юм. Үүнд: 

  1. Ажиллаж буй орныхоо иргэдийн мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд туслах
  2. Ажиллаж буй орныхоо ард түмэнд Америк орон, америк хүмүүсийг танин мэдэхэд нь туслах
  3. Бусад орны ард иргэдийг танин мэдэхэд нь америкчуудад туслах зэрэг зорилготой. 

Энэ онд дээрх эрхэм зорилго болон зорилтуудын төлөө өнгөрсөн 30 жилийн хугацаанд  хамтран ажиллаж, хамтдаа мөр зэрэгцэн суралцаж байсан Америк, Монгол иргэдийн хувьд үнэхээр баярлаж, бахархмаар олон үйл явдал болж өнгөрлөө.

Энх тайвны корпусын тухай: Энх тайвны корпус нь дэлхийн улс орнуудын өмнө тулгараад буй нэн чухал асуудлуудыг нь шийдвэрлэхийн тулд шилдэг, ухаалаг Америкчуудыг сонгон, АНУ-ын нэрийн өмнөөс илгээж, ажиллуулдаг. Сайн дурын ажилтнууд нь боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин болон хүүхэд, залуусыг хөгжүүлэхэд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх тогтвортой хөгжлийн шийдлүүдийг бий болгохын тулд ихэнхдээ тэдгээр улс орнуудын орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь сайн дурын ажилтнуудыг өөр өөр өвөрмөц соёлуудын талаар ойлголт авах, үүний төлөө насан туршдаа зүтгэх чин эрмэлзэлтэй болгодог. Энх тайвны корпусыг Ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд байгуулснаас хойш янз бүрийн насны ангилалд багтах 240,000 орчим Америкийн сайн дурын ажилтнууд дэлхийн 140 оронд ажиллаад байгаа билээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг peacecorps.gov сайтаас, эсвэл Facebook болон Twitter дээр биднийг дагаж авах боломжтой.