ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: 2021 онд Фулбрайтын хөтөлбөрийн 75 жилийн ой тохиож байна 

Шуурхай
2021 оны 2 дугаар сарын 5 

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 

2021 онд Фулбрайтын хөтөлбөрийн 75 жилийн ой тохиож байна

2021 онд АНУ-ын Төрийн департаментын олон улсын солилцооны тэргүүлэх хөтөлбөр болох Фулбрайтын хөтөлбөрийн 75 жилийн ой тохиож, “Нөлөөлөл: дэлхий даяарх харилцаа, боломж ба үйл ажиллагаа 75 жилд” сэдвийн доор Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд хувь хүмүүс, институц болон улс орнуудад авчирсан эерэг үр нөлөөг виртуал болон бусад арга хэмжээнүүдээр онцлох болно. 

Фулбрайтын хөтөлбөр нь 1946 оноос эхлэлтэй ба одоогоор дэлхийн 160 оронд хэрэгжиж, 400 мянга гаруй орон орны залуу мэргэжилтэн, багш, судлаач, уран бүтээлч болон бусад мэргэжилтнүүдэд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, хүн ардын амьдралыг сайжруулах боломжоор хангаад байна. 

Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн анхны Монгол оюутан 1994 онд АНУ-ыг зорьсноор хойш Фулбрайтын хөтөлбөр нь Монгол Улсад тасралтгүй хэрэгжиж, нийт 500 орчим хоёр талт солилцоогоор дамжуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. 

Энэхүү ойн хүрээнд Элчин сайдын яамнаас амжилттай төгсөгчдийг онцлох бөгөөд сар бүр Фулбрайт хөтөлбөрийн танилцуулга яриа хийх болно.  Мөн хөтөлбөрийн хамтрагч, түншүүдийг хамруулсан виртуал болон бусад арга хэмжээг зохион байгуулж жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх юм. Бид нийт Фулбрайтууд болон хөтөлбөрийн хамтрагч нарыг нийгмийн мэдээллийн сүлжээнд #Fulbright75 хааштаг ашиглан Фулбрайтын түүхээ хуваалцах, хөтөлбөрийн ойн арга хэмжээнд идэвхтэй оролцох болон өөрсдийн арга хэмжээг зохион байгуулахыг урьж байна.

Ойн талаарх мэдээллийг www.fulbright75.org сайтаас авна уу.  Мөн АНУ-ын Боловсрол, соёлын товчооны твиттер дээрх @ECAatState хаяг болон фэйсбүүк хуудас, Элчин сайдын яамны твиттер дээрх @USEmbMongolia хаяг, инстаграм хуудас болон фэйсбүүк хуудасаас сүүлийн үеийн арга хэмжээний мэдээллийг авна уу.  

Фулбрайтууд мэдлэгээ тэлж, мэргэжлээ дээшлүүлэн нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулсаар байх дараагийн 75 жилийг бид тэсэн ядан хүлээж байна. 

# # #