ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын үеэр зохиогдох Америкийн Кино Өдөрлөг

АНУ-ын Элчин сайдын яамны
Олон нийттэй харилцах алба
ШУУРХАЙ
Хэвлэлийн мэдээ
2017 оны 10-р сарын 6

Улаанбаатар олон улсын IX кино наадмын үеэр зохиогдох Америкийн Кино Өдөрлөг

Онцгой элч зочид: Стейси Феррейра (Энтрепренер); Тони Гэрбер (Кино найруулагч); 

УБОУКН: 2017 оны 10-р сарын 10-15-ны өдрүүд

Улаанбаатар олон улсын IX кино наадмыг (УБОУКН) тэмдэглэн өнгөрүүлэх, АНУ-Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ) Америкийн Нэгдсэн Улс нь энэ жилийн наадмын Онцлох Орны хувьд  Америкийн Кино Өдөрлөгийг (АКӨ) гурав дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж, Америкийн орчин үеийн сор болсон кинонуудыг үзэгч олны хүртээл болгох гэж байгаадаа таатай байна.  

УБОУКН-ыг жил бүрийн 10-р сарын хоёр дахь 7 хоногт Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд УБОУКН нь Канн, Берлин, Торонто болон дэлхийн бусад томоохон кино наадмуудын шагналт, өвөрмөц, сэтгэлд хоногшихуйц, олон улсын үзэгчдийн таашаал хүртсэн кинонуудыг олны хүртээл болгосоор ирсэн билээ. Энэ жилийн наадам нь 12 улсын кино уран бүтээлийн эксперт, нийт 20 гаруй кино, шинэ кино уран бүтээл болон уран бүтээл туурвих шинэлэг техник технологийн талаар хийх сургалт, хэлэлцүүлэг бүхий Олон улсын Кино Форумаас бүрдэнэ.

АНУ-ын ЭСЯ нь наадмын онцлох орны хувьд хувийн бизнес эрхлэлт буюу энтрепренершипийг энэ удаагийн гол сэдвээ болгож байна. ЭСЯ нь АКӨ-тэй хамтран дараах тусгай хөтөлбөр, арга хэмжээг олон нийтэд зориулан явуулна:

  • Онцгой элч, зочин Тони Гэрбер кино уран бүтээл туурвих мэргэжлийн туршлагаасаа хуваалцан сургалт зохион байгуулна.

Эмми шагналын хоёр удаагийн эзэн, зохиолч, кино найруулагч Tони Гэрбер нь дэлхийн хамгийн алслагдмал хол, адал явдалт газруудаар зураг авалт хийж, “Нейшнл Жеографи” сувагт хэдэн арван баримтат киног бичиж, найруулсан. Хамгийн сүүлд тэрээр АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн охидын боловсролын чухал ач холбогдлын талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхийн тулд Африкт хийсэн аялалын тухай “Бид Босох Болно” киног (CNN Филмз) найруулсан бөгөөд кинонд Мерил Стрийп, Иша Сисей, Фрейда Пинто нар тогложээ. Түүнчлэн Гэрбер 2011 онд “Нейшнл Жеографи” сэтгүүлд “Чингис хааны онгон” нэртэй нийтлэл бичсэн байна. Тус кино нь 2017 оны Америкийн Телевизийн Академийн шагналыг хүртжээ. Мөн уулын горилла сармагчинг хамгаалах тэмцлийн тухай өгүүлэх “Судлаач: Вирунгагийн төлөөх тэмцэл” (Нейшнл Жеографи суваг) баримтат кино нь амьтан хамгааллын талаарх чухал асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсны төлөө Хүнлэг Нийгмийн дээд шагнал болох 2017 оны “Genesis” шагналыг хүртжээ. Жейн Гүүдалын тухай тусгай нийтлэл (“Жейн болсон нь”) нь энэ оны 10-р сарын “Нейшнл Жеографи” сэтгүүлийн онцлох түүх болно. Хамгийн сүүлд тэрээр “ЭНЭ БОЛ РЕДДИН” нэртэй АНУ-ын Пеннсилвани мужийн Рэддин дахь мультимедиа инсталляцийн кино уран бүтээлийг санаачлан хэрэгжүүлжээ. 2005 онд Пулицерийн хоёр удаагийн шагналт жүжгийн зохиолч Линн Ноттейжийн хамтаар Нью-Йоркт төвтэй уран бүтээлийн компани болох “Маркет Рөүдс Филмз”-ийг үүсгэн байгуулсан байна. Гэрбер нь Штайнер студийн Фейрштайн Кино урлагийн эрдмийн сургуулийн тэнхимийн гишүүн юм.

Ноён Гэрбер 10-р сарын 12-нд Анкор Төвд (Теди төвийн урд) болох УБОУКН-ын хэлэлцүүлэгт зочноор оролцох бөгөөд 10-р сарын 12-ны 18:00 цагт Америкийн Соёл Мэдээллийн Төвд (Улаанбаатар хотын номын санд) нээлттэй ярилцага хийж, 10-р сарын 13-14-ны өдрүүдэд Монголын уран бүтээлчдэд зориулж сургалт хийнэ.

Ноён Гэрберийн Монгол дахь айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын Урлагийн Зөвлөлтэй 11-319015 утсаар, эсвэл assistant@artscouncil.mn цахим шуудангаар холбогдоно уу.

  • Стейси Феррейратай хийх энтрепренер, залуучууд, эмэгтэйчүүдийн чадавхи бэхжүүлэх, эрх мэдэлжүүлэлтийн сэдвээр хөтөлбөр, олон нийтийн оролцооны үйл ажиллагаа.

Аризона мужийн уугуул Стейси ахлах сургуулиа төгсөөд нууц үгийн агуулах, менежмэнтийн цахим шийдэл болох “MySocialCloud” нэртэй анхны компаниа бусадтай хамтран үүсгэн байгуулжээ. Твиттерээр дамжуулан тэрээр Ричард Брэнсон, Жерри Мүрдок, Алекс Уэлш зэрэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадсан юм. 18 настайдаа Стейси бизнестээ зориулж 1.2 сая ам доллар босгожээ. 2013 онд “MySocialCloud” компаниа Reputation.com-д зарж, улмаар “20 хүрээгүй 2 тэрбум залуус: Шинэ зууныхан хэрхэн насны хил хязгаарыг даван дэлхий дахиныг өөрчилж байгаа нь” нэртэй анхны бестселлер номоо хэвлүүлжээ. Өнөөдөр Стейси “Forge” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд уг компани жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг гэрээ эрхзүйн, менежмэнтийн болон хүний нөөцийн шаардлагатай арга хэрэгслээр хангадаг юм. 2016 онд Феррейра нь “30 нас хүрээгүй 30 топ” энтрепренерээр шалгарчээ. Хаффингтон Пост, Эмэгтэйчүүд 2.0, Бизнес Инсайдер, CNBC, ТехКранч болон Арвандолоо сэтгүүлийн нүүрэн дээр гарах зэргээр түүний талаар хэвлэл мэдээллүүд удаа дараа сурвалжлан бичсэн байна. Мөн “TEDxYouthСанДиего”, “TEDxNYU”, болон “ГРЭММИ Хэвлэл мэдээллийн 7 хоног” зэрэг нэр хүндтэй технологийн бага хурлуудад илтгэгчээр оролцож, “Эмэгтэйчүүд 2.0” ба “Форбс” сэтгүүлд зочин нийтлэгчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.

Хатагтай Феррейра нь 10-р сарын 11-ны өдрийн 17:00 цагт Тэнгис кино театрт олны хүртээл болох УБОУКН-ын Америкийн Кино Өдөрлөгийг нээх Нора Погги, Инсия Саийд нарын бүтээл “Охидын санаачлага” баримтат киноны 5 залуу эмэгтэй бизнес эрхлэгчдийн гол дүр бөгөөд тэрээр тус киног үзэгчдэд танилцуулан асуултанд хариулна. Уг киног НҮБ-ын Олон улсын охидын өдөр (10-р сарын 11) үзүүлж байгаа нь онцлог юм. Хатагтай Феррейра 10-р сарын 14-ны өдөр STEM буюу Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба математик/энтрепренер кэмпийн охидод киног үзүүлэн уулзалт хийнэ.  Мөн АНУ-д суралцан төгсөгч 4 Монгол залуу бизнес эрхлэгчтэй хамтран энтрепренер болон инновацийн талаар иргэдтэй хэлэлцүүлэг хийнэ (10-р сарын 13, 17:30 цагт Хөвсгөл Нуур зочид буудалд). Тэрээр Старт-ап Терминал дээр дотоодын өсөх ирээдүйтэй, шинэ бизнес эрхлэгчидтэй уулзаж (10-р сарын 13), Старт-Ап Монголия, JCI зэрэг залуу биенес эрхлэгчидтэй түншлэл тогтооно. Тус наадмын үеэр Хатагтай Феррейрагийн оролцоо нь “Энтрепренер дахь Эмэгтэйчүүд” сэдвээр ирэх 11-р сард АНУ-ын Төрийн Департаментын зохион байгуулах Дэлхийн Энтрепренер дээд хэмжээний уулзалтын гол сэдвийг онцлон хэлэлцүүлэх явдал юм.

Монгол дахь Хатагтай Феррейрагийн айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл АНУ-ын ЭСЯ-тай 7007-6045 утсаар, эсвэл grants@esembassy.mn цахим шуудангаар холбогдоно уу.

  • Тэнгис кино театрт олны хүртээл болох кино наадмуудын шагнал хүртсэн орчин үеийн 5 Америк кино: Нора Погги, Инсия Саийд нарын бүтээл “Охидын санаачлага”, Брэд Олгүүд, Грэхэм Таунсли нарын бүтээл “Хог булах цэгийн филармони”, Леа Мисиусын бүтээл “Тогооч”, Сафдий Бродерсийн бүтээл “Зугаатай мөч” болон Матт Россын бүтээл “Ахмад Гайхамшиг”.

Киноны цагийн хуваарийг 11-313105 (Тэнгис кино театр), 11-319017 (МУЗ) утсуудаар лавлах, эсвэл www.tengis.mn цахим хуудас, УБОУКН-ын Фейсбүүк хуудас болон MУЗ, АНУ-ын ЭСЯ-ны сошиал хуудаснуудаас авах боломжтой.

АМЕРИКИЙН КИНО ӨДӨРЛӨГИЙН ТУХАЙ

Америкийн Кино Өдөрлөг (АКӨ) нь бие даасан кино найруулагчдын нүдээр харсан Америк нийгэм, соёлыг дэлхийн олон оронд үзэгчдийн хүртээл болгохын тулд кино наадмуудын шагналт, орчин үеийн Америк баримтат кино болон бие даасан хүүрнэлт кино уран бүтээлүүдийг олон нийтэд толилуулдаг. АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, Соёлын асуудал хариуцсан Товчооны (БСТ) тэтгэлгээр санхүүжигдэн Өмнөд Калифорнийн их сургуулийн Кино урлагийн сургуулийн (КУС) удирдан зохион байгуулдаг АКӨ нь улс орон, ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг хөгжүүлэхэд кино уран бүтээлийн үнэ цэнийг чухалчлан тодотгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг www.americanfilmshowcase.com хуудсаар орж авна уу.

Онцлох орны хөтөлбөрийг Америкийн Кино Өдөрлөг (АКӨ), АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, Соёлын асуудал хариуцсан Товчооны (БСТ) кино уран бүтээлийн дипломат хөтөлбөр ба Өмнөд Калифорнийн их сургуулийн Кино урлагийн сургуулийн (КУС) дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна.

ӨМНӨД КАЛИФОРНИЙН КИНО УРЛАГИЙН СУРГУУЛИЙН ТУХАЙ

Өмнөд Калифорнийн их сургуулийн Кино урлагийн сургууль нь дэлхийн шилдэг кино урлагийн сургуулиудын нэг юм. 1929 онд Кино урлаг, шинжлэх ухааны Академийн хамтын ажиллагааны үр дүнд үүсгэн байгуулагдсан тус Кино урлагийн сургууль нь 85 жилийн туршид энтертейнментийн хөгжлийг бүхэл бүтэн салбар, урлагийн хэлбэрийн хувьд бие даан хөгжихөд хувь нэмрээ оруулсаар иржээ. Сургууль нь кино найруулах, бүтээх, зохиол бичих, шүүмжлэлт судлал, дүрс амилуулах ба дижитал урлаг, кино уран бүтээл, интерактив медиа ба тоглоом зэрэг цогц хөтөлбөрүүдийг өргөн хүрээ бүхий либераль урлагийн боловсролын түвшинд санал болгож, хөтөлбөрүүдийг салбартаа манлайлагч уран бүтээлч багш нар заадаг. Сургуулийн 11,000 гаруй төгсөгчид өнөөдөр дэлхийн шилдэг хүүхэлдэйн кино бүтээгч, багш, зохиолч, найруулагч, продюсер, зураглаач, эвлүүлэгч, дууны мастер болон салбарын гүйцэтгэх захирлууд болсон байдаг. 1973 оноос хойш төгсөгчид нь жил болгон алгасалгүй Академийн шагналд нэр дэвшдэг байна. https://cinema.usc.edu/  

ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨМЖ

Ярилцлага авах, эсвэл сурвалжлага хийхийг хүсвэл Хэвлэл мэдээллийн зөвлөмжийг энэ холбоосоор үзнэ үү.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах бүх агуулгын хувьд АКӨ-ийн албан ёсны “хаштаг” болох #AFSMongolia болон АКӨ-ийн аккаунтыг @FilmShowcase зайлшгүй дурдах ёстойг анхаарна уу.