2017 оны 6-р сарын 9 өдөр, Улаанбаатар хот – Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сангийн хамтран хэрэгжүүлэх “Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг сайжруулах нь” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Батлагдаад удаагүй байгаа “Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих хүрээнд энэхүү төслийг Азийн Сан холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийг АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлж байгаа юм.
Төслийн нээлтийн ажиллагааг АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт, Монгол улсын ХЗДХЯ-ны дэд сайд Б.Энхбаяр, Азийн сан олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг нар нээж үг хэллээ.
Элчин сайд Галт хэлэхдээ “АНУ-ын Төрийн департаментийн ХХГХ-тэй тэмцэх, хянах газрын санхүүжилтээр энэхүү төслийг хэрэгжүүлэх болсонд би маш их бахархаж байна” гээд АНУ нь Монгол улсын ХХГХ-тэй тэмцэх үйлсийг байнга дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжиж ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Тус төслийн хүрээнд Монгол улсын хэмжээнд ажиллаж буй хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд ХХГХ-тэй тэмцэх хохирогч төвтэй мөрдөн байцаалт, хянан шалгах олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, энэ чиглэлээр алба хаагчдын ур чадвар, чадавхийг бэхжүүлэх юм. Тус төсөл нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь хууль сахиулах байгууллагууд, прокурор, шүүгчдийн дунд хохирогч төвтэй аргачлалын стратеги, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр дахь хэсэг нь хил хамгаалах болон гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчдын ХХГХ-ийн хохирогчийг таньж илрүүлэх, авах хариу арга хэмжээг сайжруулах юм. Эдгээр зорилгод хүрэхээр шаардлагатай судалгааг явуулж, судалгаан дээр тулгуурласан сургалтын хөтөлбөрүүд болосвруулан хууль сахиулах байгууллагууд, шүүгч, прокурорын дунд хамтарсан сургалт зохион байгуулах, хил хамгаалах болон гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчдад сургалт явуулах зэрэг хэд хэдэн уялдаа холбоо бүхий үйл ажиллагааг явуулах юм.
Төслийн баг хамтран ажиллах байгууллагуудын хамтаар улс даяар нийт 500 гаруй хууль сахиулагч, прокурор, шүүгч, хил хамгаалах алба хаагч, гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчдад хүрч сургалт зохион байгуулахаар зорьж байна. Түүнчлэн одоо суралцаж байгаа ирээдүйн хууль сахиулагчид буюу сонсогч нарт ХХГХ-ийн тухайн ерөнхий ойлголтыг өгөх сургалт семинар зохион байгуулах юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа сайжирч, хохирогч төвтэй аргачлалыг үр дүнтэйгээр ашиглаж, цаашид хүн худалдаалахтай холбоотой гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэлт нэмэгдэх болно гэж үзэж байна.