2021 оны 3-р сарын 30 • Хэвлэлийн мэдэгдэл
“Гудамжаар алхаж буй олон тооны Ази гаралтай Америкчууд өнгөрсөн жил өглөө болгон өөрсдийн болон хайртай хүмүүсийнх нь аюулгүй байдал эрсдэлд орсныг мэдэрч, санаа нь зовсоор сэрдэг болсон. Тэд халдлагад өртөж, буруутгагдаж, хүчирхийлэлд өртсөөр байна. Тэднийг хэл амаар доромжилж, бие махбодийн хүчирхийлэлд оруулж, амь насыг нь хөнөөсөн… Өнөөдөр Ази гаралтай Америкчууд, Номхон далайн арлын уугуул оршин суугчид (АГАНДАУОС) иргэдийн удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр үзэн ядалт, хүчирхийлэл нь ихэвчлэн нүднээс далд, нуугдмал байдалд болдог талаар бид улс орон даяар сонслоо. Үүнийг бид ихэвчлэн чимээгүй дараад өнгөрдөг. Энэ бол бидний түүхийн туршид оршин байсан үнэн хэдий ч үүнийг өөрчлөх ёстой, яагаад гэвэл бид чимээгүй байснаараа хамсаатан нь болж байна. Бид хамсаатан болж болохгүй, чадахгүй. Бид үгээ хэлэх ёстой. Бид арга хэмжээ авах ёстой”.
– Ерөнхийлөгч Жо Байден, 2021 оны 3-р сарын 19
Манай үндэстэн даяар Ази гаралтай Америк хүмүүс, тэр дундаа Ази гаралтай Америк эмэгтэйчүүд, охидын эсрэг үйлдсэн аймшигт хүчирхийлэл, гадныхныг үзэн ядах үзэлтэй холбоотой уй гашуу, уур хилэн гарсаар байна. Ерөнхийлөгчийн хувьд Байден ард түмэндээ хандан анх удаа хэлсэн үгэндээ “Ази гаралтай хүмүүсийг хүчирхийлэн, гадныхныг үзэн ядах, гадуурхах нь байж боломгүй “Америк биш” үзэгдэл тул үүнийг заавал таслан зогсоох ёстой” гэжээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч Байден Ази гаралтай хүмүүсийн эсрэг хүчирхийлэл даамжирч байгаатай холбогдуулан бүх Ази гаралтай Америк, Уугуул Хавай, Номхон далайн арлын хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинээр хэрэгжүүлэх арга хэмжээг зарлалаа. Эдгээр арга хэмжээ нь ажлаа хүлээн авсан эхний долоо хоногт Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан АНУ-ын Ази гаралтай Америкчууд болон Номхон далайн арлын уугуул оршин суугчдын эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гадныхныг үзэн ядах, тэвчишгүй байдлыг буруушаах, түүнтэй тэмцэх тухай санамж бичигт үндэслэсэн болно. Ажлын эхний 65 хоногт Ерөнхийлөгч Ази гаралтай хүмүүсийн эсрэг байр суурь, хүчирхийллийг буруушаах нь түүний Засаг захиргааны албан ёсны бодлого байх болно хэмээн мэдэгдсэн; Атлантад дэд Ерөнхийлөгчийн хамт АГАНДАУОС иргэдийн удирдагчидтай уулзан Ази гаралтай хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийг буруушааж буйгаа илэрхийлсэн; сенатч Хироно, конгрессын гишүүн Мэн нарын танилцуулсан Ковид-19 болон үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх хууль батлахыг Конгресст уриалсан; бүх томилогдсон хүмүүсийн 15 хувь нь Ази гаралтай Америкчууд, Номхон далайн арлын оршин суугчдаас бүрдсэн түүхэнд байгаагүй Засаг захиргааг бий болгосон.
Өнөөдрийн зарласан арга хэмжээнд дараахь зүйлүүд багтсан байна. Үүнд:
Ази гаралтай хүмүүсийг гадуурхах болон хүчирхийлэхийн эсрэг тэмцэх үндсэн зорилго бүхий Цагаан ордны санаачлагыг дахин сэргээх Ази гаралтай Америк болон Номхон далайн арлын оршин суугчдын асуудалд анхаарал хандуулах хүрээнд: Ерөнхийлөгч уг санаачлагаа дахин эхлүүлэхийн зэрэгцээ Ази гаралтай хүмүүсийн эсрэг хүчирхийллийн асуудлыг жендэрт суурилсан хүчирхийллийн зангилаан дээр авч үзэн зохицуулахыг Ази гаралтай хүмүүсийн гадуурхал, хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүрэг бүхий холбооны агентлагуудын эрхлэх асуудалд нэмж оруулсан. Энэхүү санаачилга нь Ази гаралтай бүхий л Америкчууд, уугуул Хавай, Номхон далайн арлын оршин суугчдад хамаарахын зэрэгцээ тэдэнд боломж олгоход чиглэсэн.
Ирэх долоо хоногуудад Засаг захиргааны зүгээс Ази гаралтай Америк, уугуул Хавай, Номхон далайн арлын оршин суугч иргэдийн удирдагчид, холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж энэхүү санаачлагын эрхэм зорилго, бүтэц, олон нийтийн оролцоотой холбоотой асуудлаар санал солилцон зөвлөлдөх юм. Мөн Ерөнхийлөгч энэхүү санаачлагыг Ази гаралтай Америк, уугуул Хавай, Номхон далайн арлын оршин суугчдад нөлөө үзүүлэх холбооны засгийн газрын бодлого, арга хэмжээтэй уялдуулан зохицуулж, удирдан чиглүүлэх байнгын захирлыг томилно.
Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллээс амьд үлдсэн АГАНДАУОС-дад чиглэсэн санхүүжилт: Эрүүл мэнд, иргэдийн үйлчилгээний газар нь АНУ-ын Аврах төлөвлөгөөний санхүүжилтээс нийт 49.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг хэлний болон бусад саад бэрхшээл зэрэг үйлчилгээ, аюулгүй байдлын хувьд нэмэлт бэрхшээл бүхий гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллээс амьд үлдэгсдэд зориулан нутгийн иргэдэд түшиглэсэн, соёлын онцлог үйлчилгээ, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хуваарилсан. Энэхүү хөтөлбөр нь Ази гаралтай Америк, уугуул Хавай, Номхон далайн арлын оршин суугчдын гэр бүлийн хүчирхийллээс амьд үлдсэн хүмүүст үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Ази гаралтай америкчуудын эсрэг гадуурхалтыг эцэс болгох асуудлаар КОВИД-19 Тэгш байдлын ажлын хэсгийг байгуулах: Ерөнхийлөгч Байден 2021 оны 1-р сарын 21-ний өдөр гаргасан Цар тахлын хариу арга хэмжээ авах, сэргээн босгох үед тэгш эрхийг хангах тухай захирамжаар КОВИД-19 Эрүүл мэндийн тэгш байдлын ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэг нь КОВИД-19 цар тахалд харьцангуй өндөр өртөх, өвчлөх, эмнэлэгт хэвтэх, нас барахад хүргэж буй эрүүл мэнд, нийгмийн ялгааг арилгах, ирээдүйд энэ мэт тэгш бус байдлаас урьдчилан сэргийлэх асуудлаар Ерөнхийлөгчид зөвлөмж өгөх үүрэг хүлээжээ.
Энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр Эрүүл мэнд, иргэдийн үйлчилгээний газраас Ажлын хэсгийн дор Эрүүл мэндийн тэгш бус байдал, гадныхныг үзэн ядах үзэлд хүргэж буй бүтцийн хүчин зүйлийг тодорхойлох Дэд хороо байгуулснаа зарлав. Энэхүү дэд хороо нь Ази гаралтай америк болон Номхон далайн арлын оршин суугч хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гадныхныг үзэн ядах, тэвчишгүй байдлын эсрэг тэмцэх, буруушаах тухай Ерөнхийлөгчийн санамж бичит үндэслэн КОВИД-19 цар тахалтай холбогдуулан Ази гаралтай хүмүүсийг гадуурхах, үзэн ядах хандлагыг зөөлрүүлэх чиглэлээр Холбооны Засгийн газраас авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлэх юм.
Ази гаралтай Америк иргэдийг үзэн ядах, гадуурхахын эсрэг асуудлаас гадна уг Дэд хороо нь КОВИД-19 халдвараар зохист бус харьцаа бүхий өвчилсөн, нас барсан Ази гаралтай Америк иргэд, номхон далайн арлын оршин суугчид, уугуул Хавай иргэд зэрэг тодорхой бүлэг хүмүүсийн эрүүл мэндийн тэгш байдлыг сайжруулах чиглэлээр ажиллах юм. Дэд хороо нь АНУ-д КОВИД-19 халдвар зогсч, цар тахлаас ангижирсаны дараа Ази гаралтай Америк, уугуул Хавай, Номхон далайн арлын оршин суугчдын соёлын өрсөлдөх байдал, хэлний хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны талаарх бодлого, зөвлөмж боловсруулах ажлыг удирдан чиглүүлэх юм.
Ази гаралтай хүмүүсийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Хууль зүйн яам болон салбар хоорондын бусад санал санаачлагыг хэрэгжүүлэх: Ази гаралтай Америк, Номхон далайн арлын оршин суугчдыг ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх санамж бичгийг хэрэгжүүлж эхэлсэн эхний долоо хоногт Хууль зүйн яамнаас агентлаг даяар Ази гаралтай хүмүүсийг хүчирхийлж буйн эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний санаачлагыг эхлүүлэв. Энэхүү санаачлагын хүрээнд одоогоор дараах арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Үүнд:
- Манлайлал ба зохицуулалт: Хууль зүйн яамны Иргэний эрхийн хэлтэс нь тус яамны Үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дахин эхлүүлж Ази гаралтай Америк, Номхон далайн арлын оршин суугчдын эсрэг үзэн ядалтын гэмт хэргийн гаралтыг бууруулахад анхааран ажиллаж эхлэв. Энэхүү санаачилга нь олон нийтийг хамруулах, хүрч үйлчлэх хөтөлбөрүүдийг сэргээн хэрэгжүүлэх, үзэн ядалтын гэмт хэргийг мэдээлэхэд гардаг зөрчлийг арилгахад чиглэгджээ.
- Мэдээлэл ба ил тод байдал: Үндэсний хэмжээнд үзэн ядалтын гэмт хэргийн талаархи мэдээллийн ил тод байдлыг хангах, Ази гаралтай хүмүүст чиглэсэн хүчирхийллийн эсрэг олон нийтийн хүчин чармайлтыг дэмжих зорилгоор Холбооны Мөрдөх Товчоо (ХМТ) өөрийн Гэмт хэргийн мэдээлэл хайх цахим хуудаст үзэн ядалтын гэмт хэргийн талаархи шинэ хуудсыг нээн олон нийтэд эл гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх юм. Энэхүү цахим хэрэгсэл нь олон нийт, судлаачид, өмгөөлөгчдөд үзэн ядалтын гэмт хэргийн үндэсний статистикийг судлах, үнэлж дүгнэхэд туслах зорилготой. Ази гаралтай америкчуудын эсрэг үзэн ядалтын гэмт хэргийн талаар үнэн зөв мэдээлэх явцыг хөхиүлэн дэмжихийн тулд Холбооны Мөрдөх Товчоо нь өгөгдөл цуглуулах сургалтын гарын авлагад муж улсын болон орон нутгийн түншүүдэд зориулсан Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэмт хэргийн тухайлсан сценарид суурилсан сургалтыг нэмэлтээр оруулах юм. 2021 оны 1-р сард ХМТ-ны Эрүүгийн эрх зүйн мэдээллийн систем нь үйл явдалд суурилсан мэдээллийн үндэсний тогтолцоонд шилжсэн. Ингэснээр өмнөх мэдээллийн системийг гэмт хэрэг, хүн ам зүйн мэдээллийн 50 гаруй ангиллаар нэмэгдүүлэн сайжруулахын зэрэгцээ үзэн ядах гэмт хэрэг, түүнчлэн Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэмт хэрэгтэй холбоотой муж, орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.
- Үзэн ядах гэмт хэргийн мэдээлэх үеийн хэлний саадыг арилгах: Хууль зүйн яам нь хууль сахиулах байгууллагууд, судлаачид, хохирогчид, өмгөөллийн бүлгүүдэд зориулсан үзэн ядах гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийн төвлөрсөн портал бүхий вэбсайтаа шинэчлэв. Сайт дээрх мэдээллийг Ази гаралтай америк, номхон далайн арлын оршин суугч иргэдийн хамгийн түгээмэл харилцдаг таван хэл болох хятад, япон, солонгос, тагалог, вьетнам хэл дээр гаргадаг болсон.
- Олон нийтийн нөөц ба хүрч үйлчлэх боломж: Хууль зүйн яам нь Ази, Номхон Далайн Америк Хуульчдын Үндэсний Холбоо (АНДАХҮХ)-ны 50,000 гишүүдийн дунд Ази гаралтай хүмүүсийг үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтыг сайжруулахад чиглэсэн хэлэлцүүлгийг зохион байгуулахад хамтран ажиллаж байна. Хууль зүйн яамны Иргэний эрхийн хэлтэс, Олон нийттэй харилцах алба, Холбооны Мөрдөх Товчоо нь хэлэлцүүлэгт оролцож, нөөц боломжоо хуваалцан хамтран ажиллах юм. Мөн Хууль зүйн яам нь үзэн ядах гэмт хэргийг мэдээлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар олон нийтийн боловсрол, ойлголтыг өргөжүүлэх чиглэлээр олон нийтэд түшиглэсэн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
- Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлийн сургалт: Холбооны мөрдөх товчоо нь улсын болон орон нутгийн түвшинд үзэн ядах гэмт хэргийн талаархи хууль журмын хэрэгжилтийн мэдээллийг дэмжих зорилгоор иргэний эрхийн сургалтын арга хэмжээг орон даяар зохион байгуулж эхэлнэ. Иргэний эрхийн эдгээр шинэ сургалтад Ази гаралтай хүмүүсийг гадуурхах хандлагыг таних, мэдээлэхтэй холбоотой хэсгүүд багтсан болно. Яамны Олон нийтийн чиг баримжаатай цагдаагийн алба нь үзэн ядах гэмт хэргийн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилт, хариу арга хэмжээ авах, мөрдөн байцаах, тайлагнахад чиглэсэн сургалтын шинэ хөтөлбөрийг орон даяар туршиж байна. Энэхүү сургалт нь үзэн ядах гэмт хэрэг, түүний дотор Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэмт хэргийг мөрдөн шалгах, үнэн зөв мэдээлэх чадавхи, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Ази гаралтай Америкчуудын АНУ-ын хөгжилд оруулсан хувь нэмрийг судалж тогтоох, бахархан тэмдэглэдэг болохтой холбогдуулан шинэ виртуал номын тавиур гэх холбооны санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэх: Хүмүүнлэгийн үндэсний сан нь Ази гаралтай америкчуудын түүхийг судлах, АНУ дахь Ази гаралтай хүмүүсийг гадуурхах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой үүх түүх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд багш сурган хүмүүжүүлэгчид, иргэний нийгмийн удирдагчид, урлаг, хүмүүнлэгийн байгууллагууд, гэр бүлд зориулсан виртуал номын санг ажиллуулж эхлээд байна.
Ази гаралтай Америк хүмүүсийн эсрэг өрөөсгөл хандлага, ялгаварлан гадуурхах үзлээс урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нэн чухал судалгааны ажлыг санхүүжүүлэх: Үндэсний Шинжлэх Ухааны Сан нь АГАНДАУОС иргэдийг оролцуулан ялгаварлан гадуурхах үзлийг ухаж ойлгох, анхаарал хандуулах, арилгахад чиглэсэн судалгааны ажилд хөрөнгө оруулах замаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үндэсний Шинжлэх Ухааны Сан нь одоогоор улсын хэмжээнд 100 гаруй буцалтгүй тусламжийн төслүүдэд 33 сая гаруй ам. долларын санхүүжилтийг олгоод байна. Төлөөлөл багатай цөөнхийн туулсан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн давтамж, ноцтой байдлыг бууруулах, төлөөлөл багатай нийгмийн хэсэг бүлэг, хувь хүмүүс, тэр дундаа Ази гаралтай Америк хүмүүст чиглэсэн хүчирхийллийг бууруулах шинэ, илүү үр дүнтэй стратегийг тодорхойлохын тулд олон чиглэлийн судлаачдыг оролцуулан судалгааны шинэлэг арга зүйг хөгжүүлэхээр зорьж байна. Үндэсний Шинжлэх Ухааны Сан нь нэн чухал чиглэлийн суурь судалгааг ямагт дэмжин санхүүжүүлсээр ирсэн.
Өнөөдрийн зарласан арга хэмжээ нь Байдены засаг захиргаанаас Ази гаралтай Америк, Уугуул Хавай, Номхон далайн арлын оршин суугч хүмүүсийн тэгш байдлыг хангах, арьс өнгөар үл ялгаварлах шударга ёсыг тогтооход чиглэсэн засгийн газрын бүхий л тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлэх ажлууд дээр нэмэлтээр хийгдэх алхмууд юм. Ерөнхийлөгч Байден албан тушаалдаа орсон эхний өдрөө Холбооны засгийн газраар дамжуулан арьс өнгөний тэгш байдлыг сайжруулах, төлөөлөл багатай хэсэг бүлгийг дэмжих тухай Гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурав. Энэхүү захирамжийн хүрээнд Ерөнхийлөгч холбооны агентлагуудад АГАНДАОС иргэдийн тэгш байдлыг сайжруулах цогц арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Эдгээр арга хэмжээнд хэл нэвтрэлцэх саад бэрхшээлийг бууруулахаас эхлээд АГАНДАОС хувь хүмүүс, айл өрхүүдийн талаарх мэдээлэл цуглуулах, задлан шинжилгээ хийх ажлыг сайжруулах хүртэл өргөн хүрээтэй асуудлаар Байдены засаг захиргаа Ази гаралтай Америк иргэдийн удирдагчид, иргэний эрхийн байгууллагууд, олон нийт, иргэдтэй нягт хамтран ажиллаж шударга ёс, боломж, хүртээмжтэй байдлыг хангах чин эрмэлзэлтэй байгаа болно.