
Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас (ЭСЯ) хөдөө орон нутагт соёл, боловсролын хөтөлбөрүүд танилцуулах, боловсрол, иргэний нийгэмийн байгууллагууд, аймгийн удирдлагуудтай уулзах аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил 5 сарын 17-23-нд ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны (ОНХА) ажилчид, Баянхонгор болон Говь-Алтай аймгуудад айлчлал хийгээд ирлээ. 2000 гаруй км аялж, орон нутгийн засаг захиргааны удирдлага болон мэргэжилтнүүд, уран бүтээлчид, дунд, их дээд сургуулийн оюутнууд, багш нар, түүнчлэн олон нийт гээд 1400 гаруй хөдөө орон нутгийн иргэдтэй уулзсан байна. Аялалын багт ЭСЯ-ны ажилтнуудаас гадна, Education USA-ын төлөөлөл, Фулбрайтын Англи хэлний туслах багш нар, Фулбрайтын судлаач болон АНУ-ын сайн дурын багш нар багтаж, хоёр багт хуваагдаж ажиллаад ирсэн.
ОНХА-ын ажилтан Шаннон Мур аймгуудын Засаг дарга, боловсрол, соёлын газрын ажилчидтай уулзаж АНУ-ын ЭСЯ болон аймгийн удирдлага хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ЭСЯ-аас санал болгож буй боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг танилцуулах ялдамдаа тэтгэлэгт хөтөлбөрүүддээ хөдөө орон нутгийн мэргэжилтнүүд, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх ЭСЯ-ны сонирхлыг онцлон тэмдэглэсэн. Орон нутгийн музей, номын сан, театруудаар орж орон нутгийн түүх, угсаатны соёлын талаар нь суралцахаас гадна соёлын болон түүхийн өвийг хадгалж хамгаалах АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн талаар мөн хэлэлцсэн байна. Мөн аймгуудын төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж ЭСЯ-аас санал болгодог төслийн хөтөлбөрүүдийг танилцуулж, төслийн санал бичих шилдэг туршлагын талаар семинар зохион байгуулсан. Орон нутгийн коллеж, мэргэжлийн сургалтын төв, их дээд сургуулиуд дээр ЭСЯ-ны ажилтнууд оюутан, багш нартай уулзаж, АНУ-ын Засгийн газраас санал болгож буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулсан ба олон нийтийн илтгэл зохион байгуулж, АНУ-ын Засгийн газраас санал болгодог төсөл, тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийн тухай яриа хийж, иргэдийн асуултад хариулт өгсөн байна.

Орон нутгийн 9 дунд сургуульд зочилсон хоёрдох багийг авьяаслаг сурагчид, багш нар халуун дотноор угтан авч, сургуулиудаа танилцуулсан байна. Тус баг нь Англи хэл, соёлын хичээл зохион байгуулж, АНУ-ын их дээд сургууль, тэтгэлэгт боломжийн талаар яриа хийсэн. Асрамжийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв, өндөр настны халамжийн төвүүдээр зочилж, Англи дуунууд заан хоёр орны соёлыг харьцуулан ярилцаж, тоглоом тоглож, ЭСЯ-ны ажилтнуудын илгээсэн хандивыг дамжуулсан байна. Фулбрайтын Англи хэлний туслах багш Сара Томлинсон аймаг бүрд орон нутгийн Англи хэлний багш нарт зориулсан багш нарын сургалтыг зохион байгуулсан. Багийнхан мөн аймгуудын телевиз, радиод ярилцлага өгсөн ба орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн аяллын үйл ажиллагаануудын ихэнхийг сурвалжилсан байна.
АНУ-ын ЭСЯ-ны боловсрол, соёлын ажилчид 2011 оноос эхэлсэн 7 удаагийн аялалаар Булган, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Архангай, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай гээд нийт 18 аймгаар айлчилсан байна.