“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын нээлт дээр Элчин сайд Галтын хэлсэн үг

ЭЛЧИН САЙД ГАЛТ: Та бүхний энэ үдшийн амгаланг айлтгая.

“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын нээлтэнд оролцож байгаадаа баяртай байна.

Энэ жилийн киноны хамгийн том арга хэмжээ болох энэхүү наадмыг амжилттай зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл болон Монголын киноны зөвлөлд юуны өмнө талархал илэрхийлье.

2017 онд АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ жилийн наадмын онцлох орноор оролцож, “American Film Showcase”-ийн сонгосон кинонуудыг гуравдах жилдээ үзүүлэх гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

“American Film Showcase” бол Өмнөд Калифорниагийн их сургуулийн Кино урлагийн сургууль болон америкийн киноны уран бүтээлчид, мэргэжилтнүүдийг нэгтгэн, орчин үеийн америкийн шилдэг кинонуудыг дэлхий дахины үзэгчдэд хүргэдэг АНУ-ын Төрийн Департаментын кино солилцооны голлох хөтөлбөр юм.

Энэ жил бидний үзүүлэх кинонуудын сэдэв нь энтерпренёршип буюу бизнес эрхлэлт.

Энэ сэдвийг өөр өөр өнцгөөс тодруулан харуулах таван киног энд үзүүлэх болсныг зарлахдаа би баяртай байна.

Бидний сонгосон кинонууд маргааш “She Started It”/ Тэр үүнийг эхэлсэн гэдэг нэртэй баримтат киногоор эхэлнэ.

Бид уг киноны гол дүрийн нэг Стэйси Феррэйраг Монголд урьж авчирсандаа таатай байна. Энэ гайхалтай эрч хүчтэй бүсгүй маргааш киногоо танилцуулж, мөн ирэх долоо хоногийн турш Монголын залуу энтерпренёруудтай уулзалт, ярилцлагуудыг хийнэ.

 

Мөн Эммигийн 2 удаагийн шагналт, кино найруулагч Тони Гербер энэхүү наадамд оролцохоор Монголд ирснийг дуулгахад нэн таатай байна.

Ноён Гербер кино бүтээх америк арга туршлага болон энэ урлагийн талаарх үзэл бодлоо хуваалцах хэлэлцүүлэг, сургалтыг удирдан явуулна.

National Geographic-ийн арав гаруй баримтат кино, түүний дотор 2011 онд бүтээгдсэн “Чингис хааны хориотой онгон”-ы зохиогчийн хувиар ноён Гербер энд байх хугацаандаа  Олон улсын кино форумд оролцож, уран бүтээлийн гараагаа дөнгөж эхэлж буй оюутнаас эхлээд туршлагатай найруулагч, редакторуудтай хүртэл уулзаж ярилцах юм.

Кино урлаг, түүний дотор ялангуяа баримтат кино бол асуудлыг гүн гүнзгий судалж, шинэ үзэл бодлыг нээж, сонирхолтой түүх өгүүлж, нийгмийн эерэг өөрчлөлтийг өдөөх хүчирхэг арга хэрэгсэл байж чаддаг.

“American Film Showcase”-ийн болон наадмын хүрээнд толилуулж байгаа бүх кинонууд харилцан яриаг өрнүүлж, өөр өөрсдийн түүхээ өгүүлэхэд нь үзэгчдийг дэмжиж, ард түмэн хоорондын харилцааг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

“Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг нээж буй “Чингисийн хүүхдүүд” киног Америк, Монголын уран бүтээлчид хамтран бүтээсэн нь иргэд хоорондын хамтын ажиллагааны гайхалтай жишээ болжээ.

Энэ томоохон арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст баяр хүргэе.

Наадмаа таалан соёрхоно уу.

Баярлалаа.