Амчамын долоо дугаар сарын хурал дээр Элчин сайд Женифер Зимдал Галтын хэлсэн үг

Илтгэхэд бэлэн болгосон хуулбар

ЭЛЧИН САЙД ГАЛТ: Ноён Ойбэк болон Амчамын гишүүд ээ. Өглөөний мэнд.

УИХ-ын эрхэм гишүүн Цогтбаатарын хамт сонгуулийн дараа болж буй Амчамын анхны хуралд оролцож, үг хэлэх завшаан тохиосонд баяртай байна.

Сонгуулийн дараа болж буй анхны хурал гэдэг нь бид бүгдээрээ Монгол Улсын шинэ засгийн газартай харилцаагаа шинээр эхэлж буй гэдгийг онцолж байгаа үг юм.

Манай засгийн газар болон миний бие АНУ-Монголын хооронд нэгэнт тогтсон бат бэх харилцаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө шинэ хамтрагч нартайгаа ойр нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Хоёр талын эдийн засгийн харилцааг нэмэгдүүлж, Монголд хувийн хэвшлийн үндэс суурийг улам бэхжүүлэхээр ажиллаж байгаа энэ үед Амчам энэхүү харилцаанд голлох үүрэг гүйцэтгэх юм.

Амчам бол засгийн газраас хамааралгүй хувийн хэвшлийг төлөөлж байдаг бөгөөд худалдааны боломжуудыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгоход тусалдаг.

Мөн хувийн хэвшлийн зүгээс төр засаг болон иргэний нийгэмтэй харилцах асуудлыг дэмжиж, АНУ-ын төдийгүй бусад бизнес эрхлэгчдэд ч тулгардаг бэрхшээлүүдийг шийдвэрлэхийг зорьдог.

Монгол дахь Амчам байгуулагдаад удаагүй ч тав хүрэхгүй жилийн дотор олон амжилт ололтыг дагуулж чаджээ.

Ялангуяа бэрхшээлийг тодорхойлж, төр засаг, олон нийттэй хамтран гишүүдийнхээ бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах тал дээр гайхалтай үр дүнтэй ажилласан байна.

Манай элчин сайдын яам энэ байгууллагатай бат бэх харилцаатай байдгийг хэлэхэд таатай байна.

Жил бүр бид хамтдаа Америкийн өдрүүд үзэсгэлэнг зохион байгуулдаг, энэ жил дөрөв дэх удаагаа болно. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Монголын эдийн засгийг солонгоруулах үйл хэрэгт АНУ-ын экспорт, хөрөнгө оруулалтаар, түүний дотор хөдөө аж ахуйн салбараар дамжуулан хувь нэмэр оруулах боломж байгаа эсэхийг тодорхойлох, Монгол Улсын засгийн газартай хөдөлмөрийн хууль, оюуны өмчийн эрх болон бусад олон асуудлаар хамтран ажиллахад оршдог юм.

Саяхан Монголд болж өнгөрсөн парламентын болон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинэ засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ энэ засгийн газарт тулгарч буй бэрхшээлүүд шинэ биш юм.

Тэдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд өргөн хүрээний түншүүдтэй, түүний дотор Амчам, АНУ-ын хувийн хэвшлийн компаниуд болон АНУ-ын Засгийн газартай ойр нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй, туршлага чадвартай хүмүүс бодитой бөгөөд магадгүй заримдаа хүндхэн алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлага гарах байх.

Дөрвөн жилийн дараа бид өнөөдрийг шинэ засгийн газар Монгол дахь Амчамтай нягт хамтран чөлөөт аж ахуй эрхлэлтийг дэмжих анхны алхмаа хийсэн өдөр хэмээн онцлох байх гэж итгэж байна.

Баярлалаа.