ЭЛЧИН САЙД ГАЛТ: Өглөөний мэнд. Сайн байцгаана уу.
Энэ өглөө бидэнтэй хамт байгаа эрхэм Дэд сайд Батцэцэг, Захирал Хесслер-Раделет, Гадаад харилцааны сайд асан Гомбосүрэн нарт баярлалаа.
АНУ-Монгол Улсын хооронд нэгэнт тогтсон бат бэх харилцааг гүнзгийрүүлэн, нийгмийг бүтээн байгуулахад Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын оруулж буй онцгой хувь нэмэрт хоёр орны зүгээс ямар их ач холбогдол өгдгийг өнөөдөр та бүхний энд байгаа явдал харуулж байна.
Та бүхэнтэй өнөөдөр хамт байгаадаа би баяртай байна, энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш миний бие Монголд Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын эхний ээлж ирж ажилласны 25 жилийн ойг тэмдэглэх энэ өдрийг хүсэн хүлээж байлаа. Энэхүү түүхт ойн тухай өнгөрсөн 8 сарын турш би олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ болон аялж явахдаа байнга онцолж байсан бөгөөд энэ үйл явдлыг бидэнтэй хамт тэмдэглэхээр Энхтайвны корпусын захирал, хатагтай Хесслер-Раделет хүрэлцэн ирсэнд нэн баяртай байна.
Мөн энэ сайхан оронд ажиллахаар ирсэн Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын 27-р ээлжийн тангараг өргөх ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Эдгээр гайхалтай залуус одоо Монгол Улсын 21 аймагт ажиллаж байгаа сайн дурын 67 ажилтантай нийлээд өнгөрсөн 25 жилийн дотор англи хэлний боловсрол, эрүүл мэнд, залуучуудын хөгжлийг дэмжин ажилласан 1200 гаруй хүний нэгээхэн хэсэг болох юм.
55 жилийн турш Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд дэлхийн 140 гаруй улсад ажиллаж, тухайн нутаг орны манлайлагчидтай мөр зэрэгцэн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхээр ур ухаан, бүтээлч сэтгэлгээ, тэвчээр хатуужлаа дайчлан харуулсаар ирсэн билээ. Энхтайвны корпус байгуулагдсан түүх нь 56 жилийн өмнө тэр үед сенатч байсан Жон Ф. Кеннеди Мичиганы их сургууль дээр үг хэлж байхдаа тэдгээр оюутан залуусаас АНУ болон Энхтайвны үйл хэргийн төлөө дэлхий даяарх улс орнуудад ажиллаж, амьдарч чадах эсэхийг нь асууснаас үүдсэн гэдэг.
Жил хүрэхгүй хугацааны дараа буюу 1961 оны 3-р сарын 1-нд тангаргаа өргөөд удаагүй байсан Ерөнхийлөгч Кеннеди Энхтайвны корпусыг байгуулах зарлигт гарын үсэг зурснаар дэлхий даяар улс орнуудын иргэдтэй нь хамтран урт хугацааны өөрчлөлт шинэчлэлийг авчрах үйлсэд өөрсдийгөө зориулах авьяас чадвартай хүмүүсээс бүрдсэн байгууллагыг бий болгох санаагаа хэрэгжүүлсэн юм.
Америкчуудад хандаж Ерөнхийлөгч Кеннидигийн хэлсэн “эх орон минь миний төлөө юу хийж чадах вэ гэж бүү асуу, харин эх орныхоо төлөө би юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуу” гэсэн алдарт үг, мөн түүний дэлхий нийтэд хандаж хэлсэн “Америк бидний төлөө юу хийж чадах вэ гэж бүү асуу, харин хүний эрх, эрх чөлөөний төлөө бид хамтдаа юу хийж чадах вэ гэж асуу” хэмээх үгний хариу болгож 25 жилийн өмнө 7-р сард Энхтайвны корпусын анхны 12 сайн дурын ажилтан Монголд ажиллахаар ирснийг эргэн санахад бахархалтай байна.
Анхны тэр ажилтнууд маань АНУ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Бэйкэр, Монгол Улсыг төлөөлж өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа Гадаад хэргийн сайд Гомбосүрэн нар Монголд Энхтайвны корпусын хөтөлбөрийг эхлүүлэх тухай хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа ирсэн юм.
Тэрхүү түүхэн өдрөөс 25 жилийн дараа Төрийн нарийн бичгийн дарга Керри одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан сайн дурын ажилтнуудтай энд уулзаж, “манай хоёр орны хооронд найрамдалт харилцаа” тогтооход тэдний оруулсан “үнэтэй хувь нэмэрт” талархаж байгаагаа илэрхийлсэн билээ.
Өнөөдөр шинээр ирсэн сайн дурын 46 ажилтан энэхүү хэлхээ холбоог бэхжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллана гэдгийг хэлэхэд таатай байна. Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын голлох түншүүдийн нэг Монгол Улсад тэд энэхүү нэр хүндтэй буухиаг үргэлжлүүлэн ажиллана.
Эдгээр он жилүүдэд Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд үйл хэрэгтэй тууштай байж, хүлээн авч буй улс орноо хайрлан хүндэлдгээрээ нэгдмэл байдаг. Сайн дурын ажилтнуудтай уулзаж ярилцаж байхад Энхтайвны корпуст ажилласан туршлага нь өөр юутай ч зүйрлүүлэхийн аргагүй байдаг гэдэг. Тэдний хувьд энэ нь бүхий л амьдралынхаа туршид авч үлдэх зүйл байдаг.
Монгол орон даяар ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад англи хэлний багшаар, эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эмнэлэг, сургуулиудад ажиллахдаа та бүхэн хүүхдүүдэд амьдралынх нь туршид үргэлжлэх хичээлийг заах болно. Өмнө нь ажиллаж байсан нэгнийхээ ажлыг үргэлжлүүлж, араас чинь ирэх нэгнийхээ замыг засаж, сурагч, оюутан, эцэг эх, олон нийтийн хоорондох хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бэлтгэл сургалтаа амжилттай дуусгасан сайн дурын ажилтнууддаа баяр хүргэе. Та бүхэн Америкчуудын шилдэг төлөөлөл, өөрсдийн цаг хугацаа, авьяас чадвараа нутгаасаа хол газар зориулж байгаа хүмүүс, тийм болохоор та бүхэн олон жилийн турш олон хүний амьдралыг өөрчлөх тийм өвийг үлдээх болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Сайн дурын ажил хийж, эх орондоо болон Монгол Улсад өөрийгөө зориулах урам зориг дүүрэн байгааг чинь харахад сэтгэл хөдөлж байна. Та бүхэн Америкчуудыг ард түмнийх нь хувьд тодорхойлж байдаг сайн дурын ажлын үзэл санааны шилдэг жишээ болж байна.
Ажлаа эхэлж байгаа та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье. Өнөөдөр бидэнтэй хамт байгаа эрхэм Дэд сайд Батцэцэг болон захирал Хесслер-Раделет нарт дахин талархал илэрхийлье. Энхтайвны корпусын Монголд явуулж байгаа хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн, улам өргөжүүлэхийн төлөө цуцалтгүй ажиллаж байгаа Монгол дахь Энхтайвны корпусын захирал Жин Никсон болон түүний багийнханд талархал илэрхийлж байна.
Тангараг өргөсөн сайн дурын шинэ ажилтнууддаа, Энхтайвны корпусынхандаа дахин баяр хүргэе. 25 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Баярлалаа.