Энхтайвны корпусын М28 бүлгийн сайн дурын ажилтнуудын тангараг өргөх ёслол дээр Элчин сайд Галтын хэлсэн үг

Peace Corps Swear-In Ceremony

Намайг танилцуулсан Жинд баярлалаа. Чадварлаг хоёр хөтлөгч Ариунаа, Магнай нартаа баярлалаа.

ИТХ-ын дарга Г. Эрдэнэбат, хүлээн авч буй гэр бүлийнхэн, ажилтнууд, эрхэм зочид, сайн дурын ажилтнууд болон сургалтанд оролцогсод та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.

Би өнөөдөр энэхүү онцгой тохиолдлоор Дарханд ирж, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын шинэхэн бүлгийг тангараг өргүүлж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн жил Энхтайвны корпусын захирал асан Хэсслэр Раделейн хамтаар Монгол дахь Энхтайвны корпусын 25 жилийн ойг тэмдэглэхийн хамт сайн дурын ажилтнуудаа тангараг өргүүлж байснаа сэтгэл догдлон санаж байна.

Энэ жил бид АНУ-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж байгаа. Тиймээс өнөөдрийн ёслол ч бас ноднингийнхтой эн тэнцүү учраас би та бүхэнтэй хамт байгаадаа маш их баяртай байна.

Ажлын өмнөх сургалтаа амжилттай хийж дууссан М28 бүлгийнхэнд баяр хүргэе.

Ирэх 2 жил Энхтайвны корпуст ажиллаж, энэ өргөн уудам, гайхалтай сайхан орны өнцөг булан бүрт монгол хамтрагч нартайгаа мөр зэрэгцэн сургуулиудад  англи хэл, эрүүл мэндийн боловсролын хичээл заахаар зориг шулуудсан та бүхэнд баярлалаа.

Мөн Энхтайвны корпусыг ийм ололт амжилтанд хүргэж байгаа олон хамтрагч нарт баярлалаа.

Төр засгийн төлөөлөл, сургуулийн захирлууд, багш нар, хүлээн авагч гэр бүлүүд өнөөдөр бидэнтэй хамт байна. Манай сайн дурын ажилтнуудыг орон нутагтаа найрсгаар хүлээн авч, Монголд тэдний ажил хөдөлмөрийг үр бүтээлтэй, амьдралыг нь аз жаргалтай, дүүрэн байлгахын төлөө хийж буй бүхэнд чинь баярлалаа.

Англи хэл зааж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж, залуу үеийг чадваржуулж, манай 2 орны хооронд найрамдал нөхөрлөлийн хэлхээ холбоог тогтооход тусалснаар ардчилсан Монгол орны хөгжил цэцэглэлтэнд Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын оруулж байгаа олон олон эерэг хувь нэмрээр би туйлын их бахархаж байна.

Та нар бол эх орондоо эргүүлэн өгдөг сайн дурын ажлын нугаршгүй үзэл санааг амьдралд хэрэгжүүлж байгаа онцгой хүмүүс, үүний чинь төлөө Энхтайвны корпусыг зүй ёсоор үнэлдэг.

Америкийн Нэгдсэн Улс Монгол Улстай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг. Энхтайвны корпусын сайн дурын ажилтны хувьд та бүхэн АНУ-ыг төлөөлөх онцгой чухал үүрэг бас хүлээж байна.

Сайн дурын ажилтан болж үүрэг хүлээхээр шийдсэн чинь л та бүхний зоримог зан чанарыг илэрхийлж байгаа бөгөөд Монгол дахь Энхтайвны корпусын уламжлал ёсоор та нар энд ажиллах бүхий л хугацаандаа ажлын байрандаа ч, хувийн амьдралдаа ч АНУ-ыг дээд зэргээр төлөөлж чадна гэж итгэж байна.

Энхтайвны корпусын ажил бол тийм амархан биш.

Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди 1961 онд Энхтайвны корпусыг анх байгуулахдаа сайн дурын ажилтнууд хал үзэж, хүнд хэцүү нөхцөлд ч ажил үүргээ гүйцэтгэнэ гэдгийг урьдчилан харж байсан юм.

1961 оны Энхтайвны корпусын дүрэмд зааснаар, Энхтайвны корпусын зорилго бол:

Энхтайвны корпусаар дамжуулан даян дэлхийн энх тайван, найрамдал нөхөрлөлийг хөхиүлэн дэмжихэд, мөн сонирхож буй улс орнуудын ард түмнүүдэд мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээ шаардлагаа хангахад нь тусалж, гадаадад ажиллах шаардлагыг хангасан, хэрэв шаардлагатай бол хүнд хэцүү нөхцөлд ч ажиллах хүсэлтэй эрэгтэй, эмэгтэй америкчуудыг тэдгээр оронд ажиллуулахад оршино” гэжээ. 

Монголд олонтаа тохиолддог хатуу ширүүн өвөл ч бай, хүнд бэрх ажлын нөхцөл ч бай, ганцаардаж, гэрээ санах тэр мэдрэмж ч бай, сайн дурын ажилтан бүр л энд ажиллах хугацаандаа тодорхой хүндрэл бэрхшээлтэй тулгарах болно.

Энхтайвны корпусын сайн дурын ажилтны хувьд эдгээр бэрхшээлийг даван туулах замаар та бүхэн хүч чадал, тэсвэр тэвчээрээ батлан харуулах болно.

Хүндрэл бэрхшээл тулгарахад тэвчээртэй байж, асуудлыг шийдэхдээ оршин суугаа газар орондоо энх тайван, найрамдал нөхөрлөлийг хөхиүлэн дэмжиж, эргэн тойрныхондоо тустай байдлаар бүтээлчээр шийдэхийг би та бүхэнд хандан уриалж байна.

Ажлаа эхэлж байгаа энэ мөчид та нарт амжилт хүсэн ерөөе.

Ирэх 2 жилд та бүхний адал явдал, амжилт ололтын талаар сонин сонсож, орон нутгаар аялахдаа та нартай уулзана гэдэгтээ итгэлтэй байна.

Одоо би шинэ сайн дурын ажилтнуудаа Энхтайвны корпусын тангараг өргүүлэх хүндтэй үүргийг гүйцэтгэх гэж байна.

Swear-In Ceremony

Та бүхэн босч зогсоод, баруун гараа өргөж, намайг дагаж хэлээрэй.

I, first and last name, promise to serve alongside the people of Mongolia.
I promise to share my culture with an open heart and open mind.
I promise to foster an understanding of the people of Mongolia, with creativity, cultural sensitivity, and respect.
I will face the challenges of service with patience, humility, and determination.
I will embrace the mission of world peace and friendship for as long as I serve – and beyond.
In the proud tradition of the Peace Corps’ legacy,
and in the spirit of the Peace Corps family past, present, and future,
I am a Peace Corps Volunteer.

Баяр хүргэе!