ЭЛЧИН САЙД ГАЛТ: Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга Батсайхан, эрхэм генералууд, Монголын Зэвсэгт хүчний эрхэм нөхөд та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Миний бие өнөөдөр энд та бүхэнтэй хамт Монголын Зэвсэгт хүчинд нэн хэрэгцээтэй байгаа эдгээр жийп машинуудыг АНУ-ын талаас хүлээлгэн өгөх энэхүү ёслолд оролцож байгаадаа таатай байна.
Америкийн Нэгдсэн Улс Монголын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэхээр олон жилийн турш хамтран ажиллаж ирснээрээ бахархдаг.
Бид дэлхийн жишигт нийцэхүйц Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг Таван толгойд хамтран байгуулсан.
Ирэх сард бид энэхүү сургалтын төв дээр дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох энхийг дэмжих ажиллагааны Хаан Куэст сургуулилтыг хамтран зохион байгуулах гэж байна.
Америкийн Нэгдсэн Улс олон жилийн турш Монголын энхийг сахиулагчдад сургалт болон тоног төхөөрөмж, түүний дотор машин техник, харилцаа холбооны хэрэгсэл, хувийн хамгаалалтын хэрэгсэл зэргээр тусалсаар ирсэн. Эдгээр тоног төхөөрөмжийг өнөөдөр Өмнөд Судан, Афганистан зэрэг газруудад бодитой үйл ажиллагаанд хэрэглэж байгааг харахад таатай байдаг.
Монголын энхийг сахиулагчид бол дэлхийд нэртэй, шилдэг дайчид байдаг. Тийм ч учраас тэд энхийг дэмжих ажиллагааны шуурхай байдлыг хангахуйц эдгээр машинууд шиг найдвартай техник хэрэгсэлтэй байх ёстой.
Өнөөдөр хандивлаж буй эдгээр машинууд дэлхий даяар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй Монголын энхийг сахиулагчдын үйл ажиллагаанд тус дэм болно хэмээн би итгэж байна.
АНУ-аас буцалтгүй тусламжаар өгч буй эдгээр тоног төхөөрөмж нь Монгол Улсын энхийг дэмжих чадавхыг улам нэмэгдүүлж, олон улсын аюулгүй байдлын ажиллагааг дэмжих болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Энэ завшааныг ашиглан Афганистан дахь Тууштай Дэмжлэг Ажиллагаа болон Африкт НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байгаад нь АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Бид АНУ-Монголын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.
Их баярлалаа.