ЭЛЧИН САЙД ГАЛТ: Эрхэмсэг ноён Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, эрхэм зочид оо, АНУ болон Монголын анд нөхөд өө, АНУ-ын тусгаар тогтнолын 240 жилийн ойн баярт тавтай морилно уу.
Та бүхэн тавтай морилон саатна уу.
Хоёр зуун дөчин жилийн өмнө Америкийг үндэслэгчид Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурж, ард түмний өөрсдийгөө удирдах дархан эрхийг тунхаглан зарласан билээ.
Энэхүү тунхаглалаас хувь хүний нэр төрийг дээдлэх зарчимд суурилсан, эрх чөлөөний нийтлэг үйл хэргээр нэгдсэн, ирээдүйд хөгжин цэцэглэх хэтийн төлөвөөр зоригжсон Америкийн Нэгдсэн Улс мэндэлсэн юм.
Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэрхүү мөн чанарыг бид өнөөдөр тэмдэглэж байгаа юм.
Ерөнхийлөгч Обама “ардчиллын талаар Америкийн хийсэн итгэмээргүй туршилтыг” “илүү төгс холбоо” руу тэмүүлсэн тасралтгүй үйл явц хэмээн тодорхойлдог.
Америкчууд бид ардчиллыг эцсийн зогсоол биш харин аян зам гэж хардаг. Монгол болон дэлхий даяарх шинэ, хуучин бусад ардчилсан орнуудтай хамтдаа туулж яваагаараа бахархдаг тэр зам.
Ардчиллын төлөө тэмцэж, түүнийг хадгалж хамгаалах нь ялангуяа АНУ, Монголын хувьд энэ жил тохиож буй сонгуулийн дуулиан шуугиантай ийм үед нэн чухал гэдэгт бид итгэдэг.
Ардчиллын 26 жилийн хугацаанд 14 дэх удаагаа засгийн эрхийг тайван замаар шилжүүлж байгаа Монгол Улсын төр засаг, ард иргэдэд баяр хүргэж байна.
Мөн Монгол Улсын Их хуралд шинээр сонгогдсон бүх гишүүдэд баяр хүргэе.
Америкийн Нэгдсэн Улс шинээр сонгогдсон засгийн газартай хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Аливаа ардчиллын үндэс суурь нь ард түмний хүсэл зориг, үйл хэрэг гэдгийг сонгууль батлан харуулдаг.
Манай хоёр орны сая сая иргэдийн үйл хэрэг болсон сайн дурын ажиллагаа буюу эх орондоо эргүүлэн өгөхийн мөн чанарын тухай өнөө орой би цохон хэлэхийг хүсч байна.
Америкчууд бидний хувьд төр засаг маань бидний төлөө бүх зүйлийг хийнэ гэсэн хүлээлт байдаггүй. Харин өөрсөддөө болон бие биедээ, ялангуяа тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэндээ туслах ёстой гэсэн хүлээлттэй байдаг.
АНУ-д сайн дурын ажил бол өдөр тутмын үзэгдэл бөгөөд хүмүүс цаг заваа цэцэрлэгт хүрээлэн цэвэрлэх, орон гэргүй хүмүүст гэр орон барьж өгөх, гадаадаас солилцоогоор ирсэн оюутнуудыг хүлээж авах, өргөн хэмжээний нийгмийн үйлчилгээ үзүүлдэг шашны байгууллагуудад ажиллах зэрэгт зориулдаг нь Америкийг илүү хүчирхэг, “илүү төгс холбоо” болгохын төлөө гаргаж буй хүчин чармайлт юм.
Сайн дурын үйлс Монголд ч тод томруун байгаагийн нэгэн жишээ болж энэ сайхан орны өнцөг булан бүрт англи хэл заах, нийгмийн эрүүл мэндийн салбар болон залуучуудыг чадваржуулахад туслах чиглэлээр ажиллаж буй Энх тайвны корпусын 120 гаруй сайн дурын ажилтнуудаар би бахархдаг.
Энэ жил бид Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монголд анх ирж ажилласны 25 жилийн ойг тэмдэглэж байна.
Өнгөрсөн сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудтай энд уулзаж, “манай хоёр орны хооронд найрамдалт харилцааг” тогтооход “гарамгай үйл” бүтээсэнд нь талархал илэрхийлсэн.
Сайн дурын ажлын үзэл санаа Монгол даяар асч эхэлж байгааг харахад таатай байна.
Энэхүү галын нэгээхэн оч нь сайн үйлсийг амьдралд хэрэгжүүлж байгаа, АНУ-ын Засгийн газрын солилцооны хөтөлбөрүүдийн 1500 гаруй монгол төгсөгчдийн гайхалтай чадварлаг бөгөөд эрч хүчтэй холбоо юм.
Бичил тэтгэлэгт Англи хэлний Аксесс хөтөлбөрийн зөвлөх хийдэг төгсөгчид маань АНУ-д суралцах хүсэлтэй хүүхдүүдэд болон амьдралын боломж муутай залууст зөвлөгөө өгдөг.
Сайн дурын ажлын энэхүү үзэл санаа манай Элчин сайдын яаманд ч түгэн дэлгэрч байна. Манай ажилтнууд мод тарьж, Туул голын эргийг цэвэрлэж, манай Тэнгисийн цэргийн албан хаагчид өнчин ядуу хүүхдүүдэд зориулан хандивын тоглоом цуглуулдаг.
Ерөнхийлөгч Обама “Өөр хэн нэгнийг юмуу өөр цаг ирэхийг хүлээвэл өөрчлөлт ирэхгүй. Бидний хайгаад байгаа өөрчлөлт бол бид өөрсдөө юм” гэж хэлсэн.
Өөрийгөө бусдад зориулах буюу сайн дурын ажил бол бид бүгдийн хамтын хариуцлага юм.
Өнөө орой энд байгаа хүн бүр эргэн тойрондоо ямар байдлаар хувь нэмрээ оруулж чадах вэ гэдгээ бодоорой гэж уриалмаар байна.
Монголд ажилласан анхны жил миний хувьд цаг хугацаа нисэх мэт өнгөрч байна.
Манай хамт олон болон миний бие эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмжиж, эдийн засгаа солонгоруулахад нь Монгол Улсад туслах чиглэлээр шаргуу ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын бололцоо хэр байгааг судлахаар ирсэн АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн сард хүлээн авлаа.
Ил тод байдлын хэлэлцээрийг аль болох эрт хэрэгжүүлэх нь АНУ-ын болон гадаадын бусад хөрөнгө оруулалтыг татахад чухал алхам болох талаар Монгол Улсын Засгийн газарт бид уриалсаар байгаа.
Мянганы Сорилтын Корпорац Монголын Засгийн газартай байгуулах хоёр дахь компакт гэрээний төсөл дээрээ ажиллаж байна.
Манай хамт олон болон миний бие Монголын ардчиллын хөгжил, институцуудыг дэмжих талаар ажиллаж байна.
Бид Монгол Улстай НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нягт хамтран ажиллаж байгаа.
Бид харилцан ашигтай солилцооны хөтөлбөрүүдийг дэмжиж, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх чиглэлээр ажилласаар байна.
5-р сард бид АНУ-ын Конгрессын Ардчиллын түншлэл хөтөлбөрийн төлөөлөгчдийн 8 хүнтэй бүрэлдэхүүнийг хүлээн авсан бөгөөд тэд Монголын парламенттай цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга Керригийн Монголд хийсэн анхны айлчлалыг зохион байгууллаа. Тэрээр 2.5 сая ам.долларын шинэ хөтөлбөрийг энд зарласан нь Монголын залуусыг АНУ болон Ази тивийн зарим орнуудын үе тэнгийнхэнтэй нь холбох замаар ардчиллын манлайлагчдын шинэ залуу үеийг төлөвшүүлэхэд туслах юм.
Эцэст нь манай хамт олон болон миний бие манай хоёр орны хооронд нэгэнт тогтсон бат бэх батлан хамгаалахын харилцааг улам бэхжүүлэхээр ажиллаж байна.
5-р сард АНУ-ын Номхон далайн командлалын захирагч, Адмирал Харри Харрис энхийг дэмжих ажиллагааны олон талт сургалт дадлагын Хаан Күэст арга хэмжээний нээлтэд ирж оролцоход нь би байлцсан бөгөөд энэ арга хэмжээнд энэ жил хамгийн олон буюу 40 гаруй улс оролцогчоор болон ажиглагчаар оролцлоо.
Төгсгөлд нь би талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Эхлээд өнөө оройн баярын хүлээн авалтыг маань дэмжсэн өгөөмөр хандивлагч нартаа баярлалаа гэж хэлье.
Дараа нь, томилолтоо дуусгаад энэ зун буцах гэж байгаа ЭСЯ-ны нилээд хэдэн ажилтнууддаа баярлалаа гэж хэлье.
Тэд дор бүрнээ амжилт ололтоор дүүрэн байсан төдийгүй хамтдаа багаараа АНУ-Монголын харилцааг урагш ахиулахад асар их хувь нэмэр оруулсан билээ.
Илүү том, илүү сайн үйл хэргийг зорин явах тэдэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Өнөө оройн арга хэмжээг зохион байгуулахад оролцсон бүх ажилтнууддаа, манай авьяаслаг хөтлөгч Хенри Фанг нартаа онцгойлон талархал илэрхийлье.
Эцэст нь АНУ-ын 8-р армийн Алианс Брасс хамтлагт алга ташин баяр хүргэе.
Хүрэлцэн ирсэн бүх зочид доо баярлалаа. Тухлан саатаж таалан соёрхоно уу.
Америкийн төрсөн өдрийн мэнд хүргэе.
Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.