
Ноён тэргүүн, эрхэмсэг ноён ерөнхийлөгч, эрхэмсэг ноён ерөнхий сайд та бүхэнд маш их баярлалаа. Америк иргэдийн нэрийн өмнөөс Монгол улсын иргэдэд ардчиллын 25 жилийн ойн халуун баярыг хүргэе!
Монгол улс ардчиллыг сонгосон нь аливаа зүйлд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чин хүсэлтэй, тэсвэр хатуужилтай ард түмэн болохыг харуулсан шийдвэр байсан. Өнөөгөөс 25 жилийн өмнө Монгол улс ардчилсан сонгууль явуулах шийдвэр гаргаснаар өнөөдөр гурван сая монголчууд өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өөрсдийн засгийн газрыг бүрдүүлэх боломжтой болжээ.
Америкийн нэгдсэн улс Монгол Улсын үнэнч нөхөр бөгөөд “гурав дахь хөрш” -ийн хувьд бахархаж явдаг. Америкийн нэгдсэн улс болон Монгол Улс тусгаар тогтнол, иргэдийн эрх тэгш байдал, боломж, тусгаар улс орнуудын энхийг сахиулах ажиллагаа зэрэг ажлыг эрхэмлэн дээдэлдэг улсууд юм. Та бүхний тайван замаар хийсэн улс төрийн шилжилт, дэлхийн тавцан дахь эерэг бөгөөд идэвхтэй оролцоо нь бусдад чухал үлгэр жишээ үзүүлж байна. Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд Афганистан, Өмнөд Судан зэрэг орнуудад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог аюулгүй байдлын баттай түнш мөн.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Цахим эрх чөлөө эвсэл болон бусад томоохон байгууллагад Монгол улсын гаргаж буй манлайлал, түүнчлэн шилжилтийн бусад орнуудтай засаглалын туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзлийг бид дэмжин талархдаг. Бид Монгол улсын эдийн засгийн өөрчлөлт хөгжлийг сайшаан үздэг бөгөөд цаашид Мянганы Сорилтын Компакт гэрээ зэрэг манай засгийн газар хоорондын хамтын ажиллагаа болон Америкийн нэгдсэн улсын компаниудтай хамтран хөрөнгө оруулалт, түншлэлийн замаар эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Цаашид соёлын болон ард иргэд хоорондын харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ амралтын өдрүүдэд тохиох Монгол дахь Энх тайвны корпусын 25 жилийн ойн баяр нь өнгөрсөн он жилүүдэд, Монгол гэр бүлд уригдан ихэвчлэн хөдөө орон нутагт амьдарч, ажиллаж байсан 1000 гаруй залуу америк иргэд, тэдний үйл ажиллагааны үр дүн болон энэхүү солилцооны хөтөлбөрийн ач холбогдлыг өгүүлж байгаа билээ.
Манай хоёр орны хоорондын харилцааг улам бэхжүүлэх, Монгол улсын гэрэлт ирээдүйн төлөө хамтран ажиллахдаа бид таатай байх болно. Энд байгаа найз нөхдөдөө маш их баярлалаа. Би Америкийн нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга эрхэм ноён Жон Керригийн баярын мэндчилгээг танилцуулж байгаадаа таатай байна. Өнөөдөр та бүхэнтэй энд хамт байгаа нь нэр төрийн хэрэг байлаа, та бүхэнд маш их баярлалаа.