Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулж хэлсэн үг

ХАТАГТАЙ ТРҮДО: Та бүхэнд баярлалаа. АНУ-ын Төрийн Департаментад тавтай морилно уу. Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хууль батлагдсаны 26 жилийн ойн баярыг тохиолдуулан АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаарх Тусгай зөвлөх Жүди Хьюманыг та бүхэнд танилцуулж байгаадаа таатай байна. Тусгай зөвлөх Хьюмен хүний эрхийн салбарт олон улсад нэр хүндтэй манлайлагч бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө бүх насаа зориулж буй тэмцэгч юм. Тусгай зөвлөх өмнө нь АНУ-ын Боловсролын Департаментын Туслах нарийн бичгийн дарга, Дэлхийн Банкны Хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн асуудлаарх Нэгдүгээр зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Калифорни мужийн Беркли дахь Бие даан амьдрах төв болон Хөгжлийн бэрхшээлийн дэлхийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

АНУ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай НҮБ-ын Конвенцод гарын үсэг зурснаар бий болгосон албан тушаал болох Төрийн Департаментын Тусгай зөвлөхийн үүрэгт ажлаа тэрээр 2010 оноос эхлүүлсэн байна. Энэхүү үүрэгт ажлын хүрээнд Тусгай зөвлөх гадаадын улс орнуудаар удаа дараа аялан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхтэй холбоотой асуудлаар манай элчин сайдын яамд, гадаадын засгийн газрууд болон иргэний нийгмийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн бусад улс орнууд АНУ-ын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль тогтоомж, практиктай болж, халагдсан ба шархадсан цэргүүд болон хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэд гадаадад албан үүргээ гүйцэтгэх, суралцах, ажиллах, улмаар аялахад тус дөхөм үзүүлэх олон улсын гэрээ болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцыг АНУ соёрхон батлах Засгийн газрын хүчин чармайлтад тэрээр манлайлах үүрэг гүйцэтгэсэн байна. Тусгай зөвлөх Хьюмен нь дэлхийн улс орнуудын гадаад хэргийн яамд дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан дипломат чиглэлээр ажиллаж буй цорын ганц ахлах зөвлөх юм.

Ингээд Тусгай зөвлөх таныг өнөөдөр энд урьж ирүүлсэндээ үнэхээр таатай байна.

ХАТАГТАЙ ХЬЮМЕН: Маш их баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө саяхан Япон улсад харамсалтайгаар алагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд АНУ-ын Цагаан ордон, Төрийн нарийн бичгийн дарга Керри, Япон улсад суугаа элчин сайд Кеннеди болон өөрийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Бид өнөөдөр тэдэнтэй хамт уй гашуу зарлаж байна.

Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хууль (Эй Ди Эй) батлагдсаны 26 жилийн ой тохиож байгаа билээ. Миний хувьд төдийгүй АНУ-ын 52 сая гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Эй Ди Эй бол Эрх чөлөөний тунхаг гэсэн үг. Эй Ди Эй ба бусад хууль тогтоомжууд нь манай улс болон дэлхийн улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд чухал үр нөлөө үзүүлсэн юм. Нью-Йоркийн Бруклин дүүрэгт өсөж улсын сургуульд элсэн орох гэсэн боловч тэд намайг галын аюул шиг үзэж суралцахыг минь зөвшөөрөөгүй. Гадаа булан тохойд налуу зам байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сууж болох автобус, галт тэрэг байдаггүй байсан бол энэ бүхэн өөрчлөгдөж байгааг би харж байна. Хэдэн арван жилийн өмнө төсөөлөхөд ч бэрх байсан бол өнөөдөр би ажилдаа автобус, галт тэргээр чөлөөтэй зорчдог боллоо. 70-аад оны эхэнд алхаж чадахгүй учраас багшийн ажилд авахгүй гэдэг байсан бол өнөөдөр ийм үйлдэл нь Эй Ди Эй-ийн дагуу ялгаварлан гадуурхалт болохоор боллоо.

Миний үеийнхэн зөвхөн мөрөөддөг, үүний төлөө тэмцдэг байсан бол, Эй Ди Эй батлагдсанаас хойш төрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өнөөдөр бусдын адил сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, тэгш хүртээмж эдлэх эрхүүд тэдэнд байгааг мэддэг боллоо. Олон асуудлын хүрээнд АНУ төгс төгөлдөр биш гэдгийг бид бүхэн мэднэ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэгш эрхийн төлөө тэмцэн ажилласнаар аугаа үр нөлөө үзүүлж, Эй Ди Эй-г батлах үүрэг хариуцлагаа ухамсарлахад нь АНУ-ын Конгрессыг ятгаж чадсан гэдэг утгаараа АНУ дэлхийд үлгэр дууриал үзүүлэх загвар улс юм. Тусгай зөвлөхийн хувьд бусдад үлгэр дууриал болж манлайлах нь миний үүрэг хариуцлага. Бид манай Элчин сайдын яамд болон консулын газруудаараа дамжуулан дэлхий ертөнцтэй өөрсдийн туршлагаа хуваалцсанаар иргэний нийгэм, хөгжлийн бэрхшээлтэй олон нийтийн бүлгүүд, Засгийн газар болон хэвлэл мэдээллийн хувьд бид ямар ололт амжилтыг хэрхэн өөрийн болгосон бэ гэдгийг олж харах давуу талтай.

Дэлхийн Банк болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн хүн амын наад зах нь 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг гэжээ. Нэг тэрбум хүмүүс буюу 80 хувь нь буурай хөгжилтэй улс орнуудад амьдарч байна. Бид энд над шиг халдварт саа өвчин туссан, эсвэл дүлий, хараагүй, оюуны хөгжлийн бэрхшээл, чихрийн шижин өвчин, сэтгэл гутрал, гэмтлийн дараах сэтгэцийн хямрал, ХДХВ, ДОХ зэрэг бодит ба далд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай ярьж байна.

Улс орон бүр өөр өөрийн онцлог нөхцөл байдалтай ч төрийн болон хувийн хэвшлийн салбарын аль алиныг нь хамрах ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц хууль тогтоомжуудыг батлах хэрэгцээ шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн тухай стандартуудыг батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага, холбогдох бүх түвшинд хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэн сахиулах хэрэгцээ шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг бусад оюутнуудын хамт чанартай боловсрол эзэмших тэгш хүртээмжээр хангах хэрэгцээ шаардлага болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хэрэгцээ шаардлага гэсэн нийтлэг сэдвүүд бид бүхний өмнө тулгарч байна.

Эдгээр сэдвүүдтэй нягт уялдаа холбоотой ерөнхий асуудал нь нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гутаан доромжлох, мэддэггүйгээс болж төрөх айдас, эсвэл хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсийн дийлэнх нь намайг болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараад амьдрал нь бусдаас эрс ондоо мэт ийм болчих бий гэсэн айдас зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эсрэг гутаан доромжлол юм. Гэвч бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг ханган хамгаалах зорилготой далайцтай хуулиудыг хэрэгжүүлэхээс өмнө хүмүүсийн хандлага өөрчлөгдөхийг хүлээж болохгүй. Өнгөрсөн хугацаанд бид тулгарч буй саад тотгорыг арилгаснаар хөгжлийн бэрхшээл гэдэг нь эмгэнэлт зүйл биш гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөхөд хүргэдгийг бэлхнээ харсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бид нийгэмд бодит хувь нэмэр оруулж чаддаг гэдгийг хүчтэй хууль тогтоомжуудаар дамжуулан бид хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж байна.

АНУ-ын Төрийн Департамент нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хөхүүлэн дэмжиж буй зарим жишээг би энд онцолмоор байна. Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дэмжих хоёр талт солилцооны хэлбэрээр газарзүйн бүх бүс нутгийг хамран дэлхийн 19 орны төлөөлөл бүхий 2013 онд амжилттай хэрэгжсэн ЭРХМЭДЭЛЖҮҮЛЭХ түншлэлийн хөтөлбөр зэрэг олон солилцооны хөтөлбөрийг зохион байгуулсан. Вашингтон болон Бээжин хотод тус тус маш үр бүтээлтэй зохион байгуулсан АНУ-Хятад хоорондын Хөгжлийн бэрхшээлийн талаарх Зохицуулах уулзалт зэрэг Хятад улстай урт хугацааны, хоёр талт хэлэлцүүлгийг дэмжин ажиллаж байна. Түүнчлэн бидний үүсгэн байгуулсан Нөхөрлөлийн Бүлгийн механизмаар дамжуулан Хятадын болон АПЕК-ийн бүс нутагтай нягт хамтран ажиллаж байна.

Дипломат харилцааг улам бат бөх хөгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс тэдний аж амьдралын талаар бодитоор суралцах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутам туулж буй саад бэрхшээлийн талаар мэдээлэлтэй байх үүднээс тэднийг элчин сайдын яамд болон консулын газартаа урьж санал бодлоо солилцон харилцан ярилцаж байхыг бид элчин сайдын яамд болон консулын газрууддаа уриалан энэ үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх болно.

Ардчилал, хүний эрх болон хөдөлмөрийн асуудал хариуцсан товчоо нь дэлхийн 6 улстай хамтран 2014 онд нээлтээ хийсэн Эрхийг яг одоо! Төслийг санхүүжүүлж байна. Энэ төслөөр тухайн улс орнуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхмэдэлжүүлж байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийн зөрчлийг бүрэн дүүрэн тусгасан Конгрессийн бүрэн эрхийн хүрээнд боловсруулдаг улс орнуудын Хүний эрхийн тайланг үргэлжлүүлэн сайжруулах болно.

Өнөөдөр дэлхийн 160 гаруй улс орон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцыг соёрхон баталсан бөгөөд энэ гэрээ нь Хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн тухай хуулийн гол зарчим, зорилгуудаар өдөөгдсөн онцлогтой. Энэ гэрээ нь өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрийн олон сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг сайжруулах боломж олгож байгааг бид цаг алдалгүй барьж авах нь юунаас ч илүү чухал билээ. Ингэхдээ бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгарч буй ялгаварлан гадуурхалт болон өөрчлөлтийн төлөөх боломжийг онцлох хэрэгтэй. Та бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай асуудлыг өөрсдийн ажилдаа хэрхэн утга учиртайгаар нэгтгэн оруулж болохыг бодолцож үзэхийг би уриалж байна.

Баярлалаа.

ХАТАГТАЙ ТРҮДО: Өнөөдөр бидэнтэй уулзах цаг зав гаргасан Тусгай зөвлөхөд талархал илэрхийлье. Тантай дахин уулзахыг бид тэсэн ядан хүлээх болно.