ЕРӨНХИЙЛӨГЧ ОБАМА: Баярлалаа. (Алга ташилт). Маш их баярлалаа. Та бүхэн суудалдаа сууцгаана уу. Өглөөний мэнд!
ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД: Өглөөний мэнд!
ЕРӨНХИЙЛӨГЧ ОБАМА: Tanga жумбо.
Ерөнхийлөгч Кеняатта, таны цаг үеээ олсон зөв үгс, халуун дотно хүлээн авалт болоод энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад оруулсан асар их хүч хөдөлмөрт тань үнэхээр их талархаж байна. Кенид эргэн ирэхэд таатай байна. (Алга ташилт). Ниаже васий! (Алга ташилт). Хаваюуни! (Алга ташилт болон инээлдэв.) Би Кени улсад айлчилж байгаа АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байгаадаа бахархаж байна. (Алга ташилт). Харин Обама, миний хувьд энэ нь хувийн шинж чанартай хэрэг юм. Би яагаад Барак Хуссейн Обама гэдэг нэртэй байгаад нэг шалтгаан бий. (Алга ташилт). Миний эцэг энэ нутаг уснаас гаралтай, миний гэр бүл, хамаатан садан маань энд амьдардаг юм. Он жилүүдийн туршид энд айлчлахдаа, Найробигийн гудамжаар алхаж явахдаа Кенийн ард түмний халуун дулаан сэтгэл, түүний дотоод эрч хүчийг үргэлж мэдэрсээр ирсэн билээ.
Одоо Ерөнхийлөгч Keняатта болон миний бие энд хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүдтэй ярилцахыг үнэхээр их хүсч байна. Өнөөдөр энд Африкт төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхлэх итгэл найдварыг төрүүлж, төлөөлж чадах шилдэг залуучууд цугларсан байна. Гэхдээ би хурдхан шиг хэдэн зүйл хэлмээр байна.
Өнөөдөр бидэнтэй дэлхийн 120 гаруй улс үндэстний, түүний дотор Африкийн өнцөг булан бүрээс ирсэн олон зуун урамшуулан зоригжуулах чадвартай бизнес эрхлэгчид энд нэгдсэн байна.(Алга ташилт) Та бүхэн бидний дэлхийд тулгамдаад байгаа хамгийн том бэрхшээлүүдтэй тулж ажиллахад шаардлагатай бизнес эрхлэх дотоод сэтгэлийн эрч хүч, хүний хүсэл эрмэлзэлд орон зайн хязгаар гэж үгүй гэдэгт тулгуурласан итгэл үнэмшил, мэргэн ухаанаар ялалт байгуулж, улмаар хийж бүтээх боломжийг нээнэ гэсэн үзэл бодлыг өөрсдөдөө бүрэн цогцлоосон байдаг билээ.
Би Америк даяар, дэлхийн эргэн тойронд, ер нь хаа сайгүй аялж явахдаа хүмүүс, ялангуяа залуучууд бусад хүмүүсийн амьдралыг дээшлүүлж, хувь заяагаа тодорхойлох боломж олгох өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэхэд бэлэн байгаа тухай түүхүүдийг дандаа сонсдог билээ. Энэ бол бизнес эрхлэх гэсэн үг юм. Бизнес эрхэлснээр шинэ ажлын байр, шинэ бизнесүүдийг бий болгож, анхан шатны үйлдвэрлэл үйлчилгээг хүргэх, дэлхий ертөнцийг харах шинэ арга замыг нээнэ. Энэ бол хөгжил дэвшлийн оч бадарч байгаагийн тэмдэг билээ. Мөн энэ нь ард иргэд өөрсдийнхөө эрх, эрх чөлөөнийхөө төлөө баттай зогсож, хээл хахууль, авилгын эсрэг тэмцэхэд тусалдаг юм. Хувиараа бизнес эрхлэлт нь өөрсдийн ирээдүйд итгэлгүй байгаа залуу хүмүүст бий болсон хоосон орон зайг дүүргэх хүчирхийлэл, хуваагдмал байдлын үзэл санаанд илүү эерэг арга замыг нээж харуулдаг юм.
Хувиараа бизнес эрхлэх гэдэг нь хэн нэгнээс хараат байж өөрийн ирээдүй, аж амьдралаа бусдын эрхшээлд оруулахаас ихээхэн ялгаатай ойлголт бөгөөд энэ нь бүхэлдээ өмчлөх эрх хийгээд өөрийгөө тодорхойлох үйл явц юм. Хувиараа бизнес эрхлэлт нь ард иргэдийн болон соёл иргэншлүүдийн дунд оршин байгаа зааг ялгааг арилгаж, тулгарч буй нийтлэг хүндрэл бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах зам гүүрийг бүтээдэг билээ. Учир нь бизнес эрхлэгчид шилдэг санаа олохын тулд тодорхой нэг овог нэр эсвэл итгэл үнэмшил, арга барилтай байх албагүй гэдгийг гүн гүнзгий ойлгодог юм. Бизнес эрхлэхэд тулгардаг хамгийн хүндрэлтэй асуудал бол үйл ажиллагааны эхний алхмуудыг авч хэрэгжүүлэх явдал гэдгийг та бүгдийн ихэнх нь мэдэж байгаа байх. Бизнес эрхлэх хөрөнгө мөнгө олж авахад хүнд байдаг. Мөн ийм их өрсөлдөөнтэй дэлхий ертөнцөд зайлшгүй шаардагдаж байгаа бизнесээ мэргэжлийн төвшинд удирдан залах мэдлэг чадвар, дадлага сургуулилтад хамрагдах боломж хязгаарлагдмал байдаг билээ. Түүнчлэн, эхэлж буй бизнесийг хөл дээр нь босгох боломжтой холбоо тогтоож, зөвлөх мэргэжилтнүүдийн тусламжийг авах туйлын хүнд байдаг.
Мөн эмэгтэйчүүд, залуучууд, тодорхой нэг бүлгийн хүмүүсийн хувьд боломж бололцоо хязгаарлагдмал, асуудлын гадна орхигдон үлдэж байгаа явдал бүр ч хэцүү юм. Та бүхэн заримдаа гарал үүсэл, гадна төрхөөсөө болж бизнесийг удирдан авч явах боломжгүй байдаг гэсэн хуучинсаг үгсийг сонсдог байх. Заримдаа үүнийг үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг. Та ямар нэг шинэ санал дэвшүүлээд авах хариу нь яг адилхан саналыг өөр хэн нэг танилцуулаад авах хариутай адилхан байх боломжгүй байж болно. Заримдаа бизнес эрхлэх түүхэн уламжлал байхгүй бүлгээс гаралтай эмэгтэйчүүд, залуучуудын хувьд зөвхөн зөв хүний өмнө очихын тулд эдгээр хаалгуудыг нээнэ гэсэн үг биш байж болох юм.
Мэдээжийн хэрэг, ийм сэтгэлгээнд өгөх хамгийн сайн хариулт бол та бүхний үлгэрлэн харуулж байгаа – таны амжилт билээ. Ийм учраас би бизнес эрхлэх урам зоригийг Америкийг дэлхий нийттэй холбох чухал түлхүүр болгосон юм. Би таван жилийн өмнө Вашингтонд энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтын эхлэлийг тавьж байлаа. Тэр цагаас хойш бид олон мянган бизнес эрхлэгчдийн олон мянган санал санаачлагыг эхлүүлэхэд туслаад байна. Энд Африкт, манай Африкийн залуу удирдагчид санаачлаг зөвхөн бизнесийн төдийгүй Засгийн газар, иргэний нийгмийн олон мянган эрч хүчтэй удирдагчдыг дэмжин ажиллаж байна.
Энэ хугацаанд бидний ойлгож мэдсэн зүйлүүдийн нэг бол – ялангуяа Африкт хамааралтай – амжилтаар дүүрэн бизнес эрхлэгчдийг төрүүлж гаргахын тулд Засгийн газрууд нь ил тод байдал, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, бизнес эрхлэх нөхцөлийг хялбаршуулах, мөн хүмүүсийн амжилт гаргах үндэс суурь болсон авилгатай тэмцэх хөтөлбөр зэргийг бий болгох үүрэгтэй.
Тиймээс энэ чуулга уулзалт бол бидний Сахарын Африкт зохион байгуулж байгаа анхны Дэлхийн бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалт юм. Бид энд ирэхийг хүссэн юм. Би энд ирэхийг хүссэн юм, яагаад гэвэл Африк урагшилж байна.(Алга ташилт). Африк бол дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй бүс нутгуудын нэг юм. Хүмүүсийг ядуурлаас гаргаж байна. Орлого нэмэгдэж байна. Дунд давхаргынхан өсөж байна. Ерөнхийлөгч Кеняаттагийн дурдсанчлан та нар шиг залуу хүмүүс технологиор дамжуулан Африкийн бизнесийн арга барилыг өөрчилж байна. Энэ нь Африкчуудад төдийгүй дэлхийд гайхалтай боломжуудыг бий болгож байна. Энэ бол бидний бүх улс орнуудад ажлын байр бий болгох илүү их хөгжил цэцэглэлт, худалдаа арилжаа гэсэн үг юм. Энэ бүхэн бид бүгдийн хувьд маш сайн хэрэг билээ. Энэ тив нь Африкийн төдийгүй, дэлхийн хөгжлийн ирээдүйн төв байх хэрэгтэй байна (Алга ташилт).
Биднийг энд хүлээн авч байгаа улс чухал ач холбогдолтой үлгэр жишээ үзүүлж байна – Кени улс энэ үлгэр жишээг тэргүүлж байна (Алга ташилт). Өнөөдөр, Кени улс Зүүн Африк дахь хамгийн том эдийн засаг юм. Өндөр хурдтай интернетийн холболт, хөдөлгөөнт утасны хэрэглээ өсөж байгаа нь Кеничүүдийн бизнес эрхлэх сэтгэлгээг улам илүү хөгжөөж байна. Өдөр бүр дэлхий даяар сая сая хүн Эм –Пейса (M-Pesa)-д мөнгө илгээж, хэмнэж байна – энэ бол Кенид эхлүүлсэн сайхан санаачлагуудын нэг юм. (Алга ташилт).
Зимбабвегаас эхлээд Бангладеш хүртэл иргэд сонгуулийг аюулгүй байлгахын тулд Ушахиди сүлжээний тавцан ашиглан ажиллаж байна – энэ бол энд, Кенид эхэлсэн сайхан санаачлаг юм.(Алга ташилт) Энд, Найробид өдөр бүр эхлэлийн бизнесийн инкубаторууд, магадгүй та нарын заримынх нь байж болох бизнесүүдийг өсгөн хүмүүжүүлж байна. Эдгээр бизнесүүд Кенийн дараачийн гайхалтай шинэчлэл байх ёстой.
Африкийн ирээдүйг ийнхүү харж байгаа нь зөвхөн би биш гэдэг бол туйлын сайхан мэдээ юм. Энэ аялалд манай засаг захиргааны зарим нэг удирдагчдаас гадна хоёр намын АНУ-ын Конгрессын 20 гишүүн нэгдсэн байна, яагаад гэвэл Америкчуудыг нэгтгэдэг нэг зүйл бол Африкийн хамтын ажиллагааг дэмжих явдал юм. (Алга ташилт). Бидэнтэй хамт АНУ-аас зарим нэг гайхалтай бизнес эрхлэгчид ирсэн байна. Тэд бас энэ ирээдүйг харж байгаа учраас хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
Тиймээс өнөөдөр бид та бүхэнтэй хамтран ажиллах дараагийн алхмаа ярилцахаар ирлээ. Нэгдүгээрт, бид бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа эхлүүлэх илүү их санхүүжилтийг санал болгож байна. Өнгөрсөн жилийн бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр бид дэлхийн эргэн тойронд шинээр бизнес эхлүүлж байгаа бизнес эрхлэгчдэд зориулж 1 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалтыг босгох зорилт тавьсан бөгөөд хөрөнгө оруулалтын талыг нь эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжихэд зориулж байгаа юм. (Алга ташилт). Хэдэн сарын өмнө би Засгийн газар, компани, байгууллага, хувь хүмүүст хандаж энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд туслахыг хүссэн юм. Өнөөдөр бид өөрсдийн тавьсан зорилтоо хэрэгжүүлээд зогсохгүй давуулан биелүүлснээ зарлан хэлэхэд таатай байна.(Алга ташилт). Бид банкууд, сангууд, ивээн тэтгэгчдээс та нар шиг бизнес эрхлэгчдийг дэмжих 1 тэрбум гаруй ам.долларын амлалтыг баталгаажуулж чадлаа.
Хоёрдугаарт, бид та бүхнийг дэлхийн шилдэг бизнесийн удирдагчид, шинийг санаачлагчид нартай холбож байна. Бид 200 гаруй хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг өөрсдийн гараар сонгон энэхүү дээд хэмжээний уулзалтад авчирсан юм. Тэр ч байтугай би ерөнхийлөгчийн бизнес эрхлэлт хариуцсан хэд хэдэн элчин сайдуудыг энд авчирлаа. Эдгээр хүмүүс бол АНУ-ын тэргүүлэх шинийг санаачлагч, бизнес эрхлэгчдийн нэгээхэн хэсэг юм. Та тэднийг харвал ичих хэрэггүй шүү.(Инээв.)Уулзаад тэднээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэдэнд өөрийн хийхээр бодож яваа зүйлээ танилцуулаарай. Бид ингэхийн тулд л энд байгаа шүү дээ. Хэрэв тэд таны санаа бүтэх эсэхэд эргэлзэж, хүнд хэцүү асуулт асуувал битгий урам хугараарай. Амжилт ололтоор дүүрэн бизнес эрхлэгчдийн та нарт захих нэг зүйл бол гайхалтай амжилтын хажуугаар бүтэлгүйтсэн ч алдаанаасаа сурч, бууж өгөхгүй байх чухал гэдэг нь ойлголт юм.
Гуравдугаарт, өмнө хэлсэнчлэн бид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихээр шаргуу ажиллаж байна. Эмэгтэйчүүд бол хүчирхэг бизнес эрхлэгчид байдаг.(Алга ташилт). Судалгаанаас үзэхэд эмэгтэй хүн бизнесээ амжилттай удирдаж чадвал тэд эдийн засгийг хөгжилд хөтөлж, гэр бүл, нийгэмдээ эргэн хөрөнгө оруулалт хийдэг нь тодорхой харагдаж байна. (Алга ташилт).
Бид Африк даяар 1600 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдийн сүлжээг бий болгоход туслаад байна. Бид гурван эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн төвүүдийг нээж байна. Нэг төв нь Замбид байна, мөн энэ жилийн сүүлээр, энд Найробид нээгдэнэ. (Алга ташилт). Гурав дахь төв Малид байгуулагдана гэдгийг бахархалтайгаар зарлах байна. (Алга ташилт). Энд Малигаас бас хүмүүс ирсэн байгаа.(Инээд алдав).
Миний өмнө дурдсан 1 тэрбум ам.долларын нэг хэсэг болгож АНУ-ын Гадаад хувийн хөрөнгө оруулалтын корпорац нь Голдман Сакс-иййн 10,000 Эмэгтэйчүүд санаачлагыг дэмжихээр 100 сая ам.долларыг хандивлаж байна. Энэ нь дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүгийн дэмжлэг бий болж байна гэсэн үг юм. Тэгэхээр, та бүхэнд баяр хүргэе.
Та бүхэн энэ танхимаас явахдаа би та нарт итгэж байгаа гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Та бүхэнд дэлхийг өөрчлөх итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн бидний өмнө тулгараад байгаа дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд шинэ шийдлүүдийг нээж олж чадна. Би итгэлтэй байна. Та бүхэн ийм шинэлэг санаануудыг олж нээснээр бид бүгдийн амьдралыг илүү сайхан болгож чадна гэдэгт итгэж байна. Би энэ үйл явцад оролцох түнш байхыг тэсэн ядан хүлээж байна.
Одоо тэгэхээр бид эдгээр залуу бизнес эрхлэгчдээс өөрсдөөс нь сонсох хэрэгтэй гэж бодож байна. Тэд өнөөдөр энд өөрийн хийж байгаа ажлынхаа талаар бага зэрэг ярьж өгнө, яагаад гэвэл тэд энд байгаа авьяаслаг хүмүүсийн гайхамшигтай жишээ гэж би бодож байна.
Маш их баярлалаа. (Алга ташилт)
* * *
ЕРӨНХИЙЛӨГЧ ОБАМА: Миний бодлоор энэ гурвыг сонсож байхад юу сонирхолтой байна гэхээр, мэдээжийн хэрэг энд сууж байгаа ихэнх бизнес эрхлэгчдийн хувьд ч үнэн байх, бидний туулан өнгөрүүлж байгаа технологийн хувьсгалын давуу талуудын нэг бол технологийг өөр улс орнуудад, өөр өөр орчин, өөр өөр нөхцөл байдалд тохируулан суурьшуулж болдогт оршиж байгаа юм. Зарим тохиолдолд улс орнуудыг хуучин технологио гүйцэж түрүүлэх, тодорхой зах зээлийн тодорхой хэрэглээнд зориулсан технологийг нарийвчлан бүтээж байна.
Мөн Жахиелийн ярьж байгаа зүйл бол эдийн засгийн ухагдахуунуудыг хуваалцах тухай юм. Энд бидний дунд Айрбиэнби (Airbnb)-ийн үүсгэн байгуулагч байгаа, тэгэхээр та түүнтэй энэ талаар бага зэрэг ярилцах боломж байна. Тэр нэлээд амжилттай явж байгаа шүү.(Инээв.) Эдгээр технологийн платформоор дамжуулан, магадгүй өмнө нь бизнес эрхлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай улмаас томоохон саад тотгортой тулгардаг байсан бол одоо зөв санаачлаг байвал бизнесээ шууд л эхлүүлж болно. Энэ яг л текстийг хэр хурдан бичдэгтэй адил хурдаар хүссэн газраа хүрэх боломжтой. Би бол текст хурдан бичиж чадахгүй л дээ, гэхдээ (инээв) – гэхдээ Maлиа, Саша хоёр чадна гэдгийг анзаарсан (. Инээв)
Ингээд харахаар дэлхийн эдийн засгийн төв байх түүхэн уламжлалтай гэж тооцогддоггүй Африк, эсвэл Хорват болон бусад улс орнууд дэлхийн тавцанд гэнэт гарч ирээд өрсөлдөх боломжтой болохыг харуулж байна гэж би бодож байна. Хэрэв та Загреб эсвэл Aбужaд, өөр хаана ч тэр бизнесийн сайхан санаа олсон бол одоо танд дэлхийн зах зээлд нэвтрэх урд өмнө байгаагүй өргөн боломж нээлттэй байна.
Ерөнхийлөгч Keняаттагийн хэлсэн туйлын зөв юм, бид Жудит шиг залуу хүмүүсийг, охидуудыг технологи дээр ажиллуулж сургахад саад тотгор үүсгэхгүй байх хөтөлбөрийн давуу талыг бүрэн ашиглахыг дэмжих нь хэрэгтэй. Танай багийн тэн хагас нь тоглож чадахгүй бол та асуудалтай байна гэсэн үг шүү дээ. Маш олон улс оронд багийн тэн хагас нь – манай эмэгтэйчүүд, охидууд, – энэ үйл явцад хангалттай хэмжээнд оролцож чадахгүй байна.
Тиймээс бид хувь хүнд хөрөнгө оруулалт хийж, хүн бүрд энэ мэдээллийг олж авах боломжийг олгох ёстой. Санхүүжилт олох тогтолцоо бий болгох, хууль тогтоомжоор тавигдах шаардлагуудыг бууруулах, бизнесээ үр дүнтэй эхлэх чадвартай болгох, бизнес эрхлэх хүчин зүтгэлийг шимэн сорохоос илүүтэйгээр дэмжиж туслах нь бидний ажил юм. (Алга ташилт).
Сайн мэдээ гэвэл дэлхийн өнцөг булан бүрт илүү олон засгийн газрууд энэ сэтгэлгээг хүлээн зөвшөөрч эхлээд байгааг бид харж байна. Мэдээж бүгд дагаад байхгүй ч гэсэн засгийн газрууд хүлээн зөвшөөрч эхэлж байгаа нь эхлэл юм. Жишээ нь НҮБ-ын тусламжтайгаар эхлүүлсэн Нээлттэй Засгийн газрын түншлэл гэх мэт санаачлагын үр дүнд хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлага болон хүнд оруулах хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа гэдгийг тэд мэдэрч эхэлж байна. Энэ нь бидэнд та бүхний болон та бүхний бизнесийн үйл ажиллагааны орчинг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх хөшүүргийг өгдөг юм.
Миний хэлэх хамгийн сүүлийн зүйл бол түрүүн Ерөнхийлөгч Кеняатта бас хэлсэн – энд байгаа бизнесийн удирдагчид, тогтвор сууршилаа олсон бизнесийн удирдагч нар энэ зах зээл бол орхигдсон зах зээл бөгөөд бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө мөнгөний асуудал ярвигтай хэвээрээ байгаа гэдгийг ойлгох нь чухал гэж би бодож байна. Үүнд бид тусалж чадна, мөн АНУ-ын Засгийн газрын бодлого тусалж чадна. Гэхдээ эдгээрийн зарим нь нөлөөлөл, мөн хүмүүс алсын хараатай амьдрах тухай асуудал юм.
Намайг 10 жилийн өмнө Найробид ирэхэд нөхцөл байдал өнөөдрийнхөөс огт өөр байсан. Гайхалтай дэвшил гарчээ.(алга ташилт) Манай дэлхийн бизнесийн удирдагчид нэгэн хэвшмэл таамаглалаар нүд чихээ боолгохын оронд нэг удаа ирж үзээд жинхэнэ яриа өрнүүлэхэд юу болохыг төсөөлж байна уу. Бүх зүйл илүү хурдан урагшлах болно.(Алга ташилт). Энэ бол тус дээд хэмжээний чуулга уулзалтын маш чухал шалтгааны нэг хэсэг юм.
Тиймээс, би та бүхнээр бахархаж байна. Мөн энд байгаа гурван бизнес эрхлэгчдээр бахархаж байна. Энэ хүмүүс энэ өрөөнд байгаа бүх авьяас чадваруудыг төлөөлж байна. Эндээс гараад ямар нэг зүйл эхлүүлээрэй. Бид үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Бид та бүхнээс маш их зүйлийг хүлээж байна. (Алга ташилт).
Маш их баярлалаа. (Алга ташилт).