НҮБ-ын энхийг сахиулах дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үг

ЕРӨНХИЙЛӨГЧ БАРАК ОБАМА: Өдрийн мэнд хүргэе, Ноён Ерөнхий нарийн бичгийн даргаа, төрийн болон засгийн газрын тэргүүнүүдээ, хүндэт төлөөлөгчдөө. “Энхийг сахиулах” гэдэг үг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд байдаггүй. Гэхдээ сүүлийн долоон жилийн туршид “олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах” гэсэн бидний хамтын чадавх ихэвчлэн дэлхийн өнцөг булан бүрт дайны хөлд нэрвэгдсэн халуун шугам дээр амь биеэ үл хайрлан зүтгэх зоригт НҮБ-ын энхийг сахиулагчдаас хамаарч ирсэн билээ.

Олон жилийн туршид Намиби Эл Сальвадороос Намиби, Либерээс Зүүн Тимор хүртэл цэнхэр малгай духдуулсан сая сая залуус хүчирхийллийг зогсоож амар амгаланг хадгалсаар иржээ. Тэд хүмүүсийн амь насыг аварч, хүний нийгэмд дахин бүтээх боломжийг өгсөөр байна. Босниа болон Руанда гэх мэт улс орнуудад үзэж туулсан гашуун туршлагаасаа суралцах замаар бид илүү ихийг хийж бүтээж байна. Яг одоо, биднийг ярьж байх энэ зуур 100 гаруй мянган цэрэг эрс, цагдаагийн бие бүрэлдэхүүн дэлхий даяар таран байршиж Гайтид цагдаа нарыг сургаж, Ливан улсад тогтвортой байдлыг хангахад туслалцаа үзүүлэх, Өмнөд Судан дахь энгийн номхон иргэдийг хамгаалахаар явж байна. Өнгөрсөн олон арван жилүүдэд 3300 гаруй энхийг сахиулагчид, цагдаагийн бие бүрэлдэхүүн, иргэний ажилтнууд амь насаа золиосолсон билээ. Тэдэнд бүгдэд нь НҮБ болон АНУ гүнээ хүндэтгэл үзүүлэн ёсолж байна.

Бид энх тайвны үйл ажиллагаа бүх асуудлын шийдэл биш гэдгийг мэдэж байгаа ч энэ нь зэвсэгт мөргөлдөөнийг шийдвэрлэх дэлхий дээрх хамгийн чухал хэрэгслүүдийн нэг хэвээр байна. Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд урьд өмнө байгаагүй хүндрэл учирч байгаа учраас би энэхүү дээд хэмжээний уулзалтыг хийхийг уриалсан юм. Одоог хүртэл маш цөөхөн улс үндэстнүүд цэрэг эрсээ дайны талбарт илгээх харьцангуй тэнцвэргүй хүнд ачааг үүрч байгаа хуучин цагийн асуудал байсаар байна.

Энэ асуудал дээр нэмээд терроризм, хэт даврагчдын хэрцгийлэл, олон тооны дүрвэгсдийн асуудлаас үүдэлтэй нэлээд их зэвсэгт мөргөлдөөн, тогтворгүй байдал зэрэг шинэ шинэ сорилт бэрхшээлүүдтэй тулгарах боллоо.  Үүний үр дагавраар энхийг сахиулагчид маань илүү хүнд хэцүү, үхлийн аюул бүхий зөрчилдөөнтэй газруудад очих боллоо. Тэд асар их хүч шаардсан тушаал авч, улам бүр аюултай, нарийн ээдрээтэй үүрэг даалгаврыг биелүүлж байна. Өчигдөр л гэхэд НҮБ-ын энхийг сахиулагч Дарфурд амиа алдсан байна, мөн Төв Африкийн Бүгд Найрамдах улсад гарсан эмгэнэлт явдлын тухай мэдээг өнөөдөр сонслоо. Яг үнэндээ асар ихээр өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг сайтар бэлтгэгдсэн, сайтар тоноглогдсон энхийг сахиулагчид хангаж чадахгүй байна.

Тиймээс бид энд өөрсдийн аюулгүй байдлын нийтлэг шаардлагын улмаас НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх, шинэчлэх зорилгоор өнөөдөр цуглаад байна. Үүнийг бид бусдын төлөө хийдэггүй; бидний хамтын аюулгүй байдал үүнээс шалтгаалж байгаа учраас бид үүнийг хамтдаа хийдэг зүйл юм.

НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн том санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байгаагийнхаа хувьд АНУ нь өөрийн хийх ажлыг үргэлжлүүлэхээр зорьж байна. Би өнөөдөр, хорь гаруй жилийн дараа анх удаа НҮБ-ын энхийн үйл ажиллагааг дэмжих дэмжлэгийг өргөжүүлэх ерөнхийлөгчийн шинэ удирдамжийг гаргаж байна. Өнөөдөр, оролцогч орнуудын нэгэн адил бид нэмэлт эх үүсвэрийг гаргах болно. Бид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа АНУ-ын цэргийн албан хаагчийн тоо хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно. Бид агаарын болон далайн өргөх сүлжээ гэх мэт материал, техник хангамжийн дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн байна. Яаралтай шаардлага тулгарахад бид нэн даруй туслахад бэлэн байна, бид шинэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд шаардагдах нисэх онгоцны буудал ба суурь баазыг бий болгох гэх мэт инженерийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно. Бид орчин үеийн өндөр технологийг тодорхойлохоос эхлээд сайжруулсан тэсрэх төхөөрөмжүүдээс (IEDs) хамгаалах сургалтыг санал болгох зэргээр НҮБ-ын чадавхыг бий болгоход туслах хүчин чармайлтаа эрчимжүүлэх болно.

Хамтдаа бидэнд хийх зүйл их байгаа юм. Тиймээс бидний анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа хэд хэдэн үндсэн чиглэлийг товчхон байдлаар санал болгож байна.

Нэгдүгээрт, илүү олон улс орнууд илүү их цэргийн хүчийг илгээх замаар хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Өнөөдөр бид дэлхийн бүх бүс нутгийн улс орнуудтай энд нэгдсэн байна. Би энд маш их зүйлийг хийдэг улс орнуудад баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Мөн энд ирээд их зүйл хийхээр бэлтгэсэн улс орнуудыг магтан сайшаамаар байна. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Бангладешаас Колумб, Финландаас БНХАУ хүртэл дэлхийн 50 гаруй улс орон нийтдээ 30000 гаруй шинэ цэргийн болон цагдаагийн хүчийг илгээхээр үүрэг амлалт авч байна. (Алга ташилт). Мөн тэд энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангаж, амжилтад хүрэхэд нь туслах сайжруулсан тэсрэх төхөөрөмжүүдээс (IEDs) сэргийлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн нэгж байгууллага, нисдэг тэргээр хангах зэргээр чухал хувь нэмрийг оруулахаар үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Энэ нь ихээхэн дэвшил гарч байгааг харуулж байгаа бөгөөд ирэх он жилүүдэд илүү олон улс орон нэлээдгүй их хувь нэмрийг оруулах болно гэдэгт би итгэж байна.

Хоёрдугаарт, бид энгийн иргэдийг хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. 20 жилийн өмнөхөөс ялгаатай нь өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагчид гэмгүй номхон иргэдийг хамгаалах тодорхой эрх мэдэлтэй. Гэвч энэ эрх мэдэл нь жигд бус хэрэглэгдэж байна. Тийм учраас Кигалид суурьшуулсан иргэдийг хамгаалах үндсэн зарчим, шилдэг арга туршлагууд маш чухал ач холбогдолтой байна. (Алга ташилт). Өмнөд Судан гэх мэт газруудад харилцан буудалцааны үеэр гэм зэмгүй хүмүүс алагдаж байгаа учраас НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь үхэл, амьдралын заагийг өөрчилж чадах болно.

Үүний зэрэгцээ, бид энхийг сахиулагчдын хүчирхийлэл эцэс болох ёстой гэдгийг илэн далангүй хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээжийн хэрэг асар олон цэрэг дайчид маш хүнд хэцүү нөхцөл байдалд өөрийн хүлээсэн албан үүрэг, ажил төрлөө нэр төртэй биелүүлж байгаа гэдгийг маш тодорхой хэлэхийг хүсэж байна. Гэхдээ зарим энхийг сахиулагчид энгийн номхон ард иргэдийг хүчиндэх, бэлгийн дарамт шахалт үзүүлэх зэргээр аймшигт хэргүүдийг үйлдэж байгаа бөгөөд ийм үйлдлийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол хүний ариун ёсноос гадуур үзэшгүй муухай хэрэг юм. Иймэрхүү асуудлаас болж олон нийтийн итгэл суларч, бидний үндсэн зорилгын үнэ цэнэ буурч байна. Энэ нь энхийг сахиулах үйлсэд дэлхийн итгэх итгэлийг алдагдуулах муу үр дагаврыг үзүүлж байна.

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга, энэ асуудлыг тэргүүлж, хариуцлага шаардаж байгаа танд бид талархаж байна. Гэхдээ бид таныг ганцаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг мэдэж байна. Удирдагчид, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд бид хүчирхийллийг тэвчихгүй – ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй.

Гуравдугаарт, өнөөгийн ийм төвөгтэй нөхцөл байдал нь өөрөө энх тайвны үйл ажиллагааг шинэчилж, орчин үеийн болгож өөрчлөхийг биднээс шаардаж байна. Энэ бол өмнөө тавьсан зорилт бүрийнхээ төлөө хамгийн нэр хүндтэй, чадалтай удирдлагын багийг ажиллуулна гэсэн үг юм. Энэ нь маш чухал үүрэг хариуцлагыг эмэгтэй удирдагчдад илүү түлхүү олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Энэ нь үйл ажиллагааны дүрэм журмыг хурлын танхимд бус ажлын талбар дээр төлөвлөнө гэсэн үг юм.

Бидний зорилго бол энхийн үйл ажиллагаа бүрийг өмнөх үйл ажиллагаануудаас илүү үр дүнтэй болгоход оршиж байна. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэхээс гадна АНУ нь НҮБ болон Африкийн холбооны хооронд шинэ төвшний гүн гүнзгий хамтын ажиллагааг хөгжүүлж Африк болон НҮБ-ын энхийн үйл ажиллагаанд найдвартай дэмжлэгийг үзүүлж байна. Бид энэ ажлыг урагшлуулахын тулд Африкийн түншүүдээсээ тодорхой саналыг хүлээж авна гэдэгт найдаж байна.

Эцэст нь хэлэхэд, бид НҮБ-ын дипломат арга хэрэгслүүд болох эвлэрүүлэх, элч илгээх, тусгай улс төрийн үүрэг даалгаврууд зэрэг зөрчилдөөнөөс анхнаас нь сэргийлж чадах үйл ажиллагаануудад бүрэн хэмжээний дэмжлэгээ улам нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бид оролцогч талуудын бэлэн байдал, амар амгалан байдлын төлөөх тэдний хичээл зүтгэлгүйгээр энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилт олно гэж бодож болохгүй.

Хэрэв бид өнөөдөр миний дурдсан зүйлүүдийг бүгдийг нь хийж, шинэчлэлт өөрчлөлтийг дэмжиж чадвал бид ирэх хэдэн арван жилийн туршид энх тайвны үйл хэргийг найдвартай бэхжүүлж чадна гэдэгт би итгэж байна. Ирэх он жилүүдэд зөрчилдөөн сөргөлдөөн нэмэгдэх тусам энх тайван байдлыг тогтоох, хүмүүсийн амь насыг аврах дуудлагыг бид цэнхэр малгайтнууддаа хүргэсээр байх болно гэдгийг бид мэдэж байна, бас ингэх нь ч тодорхой байна. Тэднийг үүргээ гүйцэтгэхээр ийнхүү явахад тэдний амжилт, амь нас нь дадлага сургуулилт, хүч чадал болон үүргээ амжилттай биелүүлэхэд шаардагдах дэмжлэг туслалцааг дэлхий нийтийн зүгээс үзүүлж байгаа эсэхээс ихээхэн хамаарна. Өнөөдөр, бидний энд гаргаж буй шийдвэрүүд, үүрэг амлалтууд нь энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжийг бидэнд олгож байна.

Би та бүхэнд, мөн танай улс орнуудын энд үзүүлж байгаа найрамдал нөхөрлөл болон хүлээж буй үүрэг амлалтуудад тань талархал илэрхийлж байна. Бид хэд хэдэн улс орнуудын зүгээс зарим нэг онцгой үүрэг амлалтуудыг сонсох болно. Мөн бид олон улсын хамтын нийгэмлэг энэ уриалгыг чухалчлан авч үзсэнд үнэхээр бахархалтай байна. АНУ нь та бүхний хийж буй энэхүү чухал үйл хэрэгт хүчтэй түнш чинь байх болно гэдэгт итгэлтэй байж болно.

Маш их баярлалаа. (Алга ташилт)