2017 оны 1 сарын 27
Өглөөний мэнд. Эрхэм Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, эрхэм зочид, Америк- Монголын анд нөхөд өө, АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан бага хурлыг нээж үг хэлж байгаадаа их баяртай байна. Хурал амжилттай болно гэдэгт итгэж байна.
30 жилийн өмнө энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц, Монгол Улсаас НҮБ-д сууж байсан Элчин сайд Г. Нямдоо нар хоёр орны хооронд албан ёсны харилцаа тогтоох тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Тэр үйл явдлын үеэр хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Шульц “АНУ, Монгол Улс хоёрт ижил төстэй зүйл олон байна. Хоёулаа өргөн уудам нутагтай, хоёулаа хил хязгаараа тэлж байсан түүхтэй. Дипломат харилцаа тогтоосноор тэдгээр ижил төстэй зүйлсээ нээж, харилцан ашигтай худалдаа наймааг өргөжүүлэн, боловсрол соёлын солилцоог хийх боломжтой болно” гэж хэлсэн байдаг.
Тэр санамж бичигт гарын үсэг зурснаас хойш бид ардчилсан хамтын үнэт зүйлстээ суурилж, эдийн засаг, худалдааны харилцаагаа бэхжүүлэн, цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэн тэр үед ярьж төсөөлж байснаас ч илүүг хийж хэрэгжүүлжээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд, ялангуяа 1990 онд ардчиллын замыг сонгох шийдвэр гаргаснаасаа хойш Монгол Улс Ази, Номхон далайн бүс дэх АНУ-ын голлох хамтрагчдын нэг болсоор ирлээ. АНУ-ын хувьд Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ үргэлж бахархаж ирсэн бөгөөд энэ үгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жэймс Бэйкэр 1990 онд Монголд хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр анх хэлж байжээ.
АНУ, Монгол Улс хоёр хамтдаа ардчиллын туйлын зорилгыг наашлуулж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалахын төлөө ажиллаж байна. Бид НҮБ, түүний Хүний эрхийн зөвлөл дээр, мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг болон “Онлайн эрх чөлөө эвсэл” зэрэг байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж байна.
Бирм, Бутан шиг шинэ тутам ардчилсан орнуудад Монгол Улс зааж зөвлөх явдлыг АНУ байнга дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улс бусадтай туршлагаа хуваалцах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэж байна. Монгол Улс бусад улсуудад үлгэр дууриал болсоор ирсэн, цаашид ч болох бөгөөд 2016 оны 6-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчлах үеэрээ хэлсэнчлэн өнөөдөр Монгол Улс энэ бэрх бүс нутагт ардчиллын “баян бүрд” болж байна.
АНУ, Монгол Улс хоёр хамтдаа эдийн засгийн өргөн хэмжээний түншлэлийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг сэргээн, ядуурлыг бууруулахаар хамтран ажилласны дотор АНУ Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан Монгол Улсын эдийн засгийн өсөлт, ардчиллын хөгжлийг дэмжихээр өнгөрсөн 30 жилийн дотор 240 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна.
Бид МСК-ын 285 сая ам.долларын өртөгтэй эхний компакт гэрээний хүрээнд хойд-өмнөд чиглэлийн шинэ авто зам барих, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах санаачлагууд, түүний дотор цэвэр шаталттай зуухаар иргэдийг хангах, Монголд анхны салхин цахилгаан станц барих, халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, оношлох, менежментийн асуудалд ахиц гаргах, хөрөнгийн бүртгэлийн систем болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлсэн. Бусад олон эерэг өөрчлөлтийг авчрах МСК-ын 2 дахь компакт гэрээг байгуулах асуудалд АНУ тууштай хэвээр байна.
Хоёр талын эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх нь Элчин сайдын хувиар миний тавьж буй нэн тэргүүний зорилт бөгөөд эдийн засгаа төрөлжүүлж, олон улсад өрсөлдөхүйц хөдөө аж ахуйн экспортын салбарыг бий болгож, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газраас тавьж буй зорилтуудыг дэмжихээр манай хамт олон болон миний бие хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэ жил бид хэд хэдэн чиглэлээр худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлахаар АНУ-ын компаниудыг Монголд авчирснаар бизнесийн шинэ түншлэлүүд төрнө байх гэж найдаж байна.
Энэ сарын 19-нд бид АНУ-Монголын Ил тод байдлын хэлэлцээрээ баталгаажуулснаар уг хэлэлцээр 3-р сарын 20-нд хүчин төгөлдөр болж байгаа нь манай хоёр талын эдийн засгийн харилцаанд чухал үйл явдал болсныг хэлэхэд маш таатай байна. Хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол Улсын зохицуулалтын болон хууль тогтоох үйл явцыг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад илүү тодорхой болгох замаар хоёр талын худалдааны харилцааг улам нэмэгдүүлэх үүд хаалгыг нээх юм.
Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа энэ цаг үед бидний ойр нягт хамтын ажиллагаа улам бүр чухал болж байна. Өнөөгийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад АНУ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин, ОУВС-гийн хөтөлбөрийн асуудлаар дэлхий дахины улс орнуудад хандаж, эдийн засаг удахгүй буцаад хэвийн байдалдаа орно гэсэн итгэлээр Монголд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Батлан хамгаалахын салбарт АНУ, Монгол Улс хоёр ойр нягт бөгөөд эерэг хамтын ажиллагааг бий болгож чадсан бөгөөд Монголын зэвсэгт хүчний энхийг дэмжих, осол гамшгийн үеийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэхээр хамтран ажилласаар ирлээ.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцож дэлхий даяар хүндлэл хүлээсэн Монгол цэргүүд Өмнөд Судан зэрэг хамгийн хүнд хэцүү цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна. Олон улсад томилогдон ажиллах боломж бүхий инженерийн баг бүрэлдхүүнийг байгуулах замаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэмэлт дэмжлэг үзүүлж чадахаа Монгол Улс амалсан, энэ чадавхийг бүрдүүлэхээр бид Монголын армитай хамтран ажиллаж байна.
Жил ирэх тусам улам өргөжин тэлж байгаа “Хаан Күэст” олон талт энхийг дэмжих ажиллагааны сургуулилт болон олон улсын жишигт хүрч хөгжиж байгаа Таван толгой дахь нэгдсэн сургалтын төв дээр бид хамтран ажиллаж ирлээ.
Бид мөн Афганистан, Иракт эвслийн үйл ажиллагаанд хамт оролцсоор ирсэн. Монгол цэргүүд манай цэргүүдтэй мөр зэрэгцэн Иракт 5 жил үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоо ч Афганистанд бидэнтэй хамт байгаад бид нэн талархалтай байдаг.
Үүний нэгэн адил гамшиг ослын үеийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлэр Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд бид бас хамтарч байна. Жил бүр явагддаг “Говийн чоно” сургуулилт бол энэхүү хүчин чармайлтын тулгуур багана нь болж байна.
Өнгөрсөн 30 жилийн хамгийн том нэг ололт бол иргэд хоорондын хэлхээ холбоо өргөжсөн явдал юм. АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Фулбрайт, Олон улсын зочин манлайллын хөтөлбөр зэрэг солилцооны хөтөлбөрүүдээр жил бүр Монголын төр, иргэний нийгмийн төлөөлөл болон эрдэмтэн судлаач нарын 45 хүн АНУ-д суралцаж байна.
Мөн жил бүр судалгаа шинжилгээ хийх болон бусад олон зорилгоор америкчууд Монголын сайхан оронд зочилж ирдэг. Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын эхний ээлж 1991 онд Монголд ирснээс хойш 1250 гаруй хүн Монголын 21 аймагт англи хэл заах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, залуусыг чадваржуулах чиглэлээр хот хөдөөгийн хамтрагч нартайгаа мөр зэрэгцэн ажиллажээ.
Энэ жил Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БСШУСЯ-тай хамтран Монгол дахь Энх тайвны корпус эрүүл, үр бүтээлтэй амьдралын хэвшлийг залуу үеийнхэнд төлөвшүүлэх замаар нийгмийн эрүүл мэндийг дэмжих шинэ төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү шинэ санаачлага манай хоёр орны хооронд найрамдал, нөхөрлөлийн хэлхээг тогтооход ЭТК-ын гүйцэтгэж ирсэн уламжлалт үүргийг улам тод томруун болгох юм.
Манай шинээр эхэлсэн LEAD хөтөлбөр ч тэр хэлхээ холбоог улам гүнзгийрүүлнэ. Уг хөтөлбөрийн эхний ээлжийн оролцогчид яг одоо АНУ-д манлайллын болон чадваржуулах үйл ажиллагаанд оролцож байгаа нь Монголд өнөөдөр тулгараад байгаа сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх “иргэний мөрийн хөтөлбөрөө” боловсруулахад нь тус нэмэр болох байхаа.
Өнгөрсөн 30 жилийн дотор Америк-Монголын харилцаа асар хурдацтай өргөжин хөгжлөө. Төрийн нарийн бичгийн дараг асан Шульц 1987 онд АНУ-Монголын дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээр амжилттай болсон нь “манай хоёр орны цаашдын харилцаанд сайн сайхныг зөгнөсөн зүйл боллоо” гэж хэлж байсан. Үнэхээр ч тийм байж. Монгол Улстай харилцах бидний харилцаа ирэх он жилүүдэд улам бат бэх болон хөгжинө гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
Баярлалаа.