2017 оны 1 сарын 27
Өглөөний мэнд.
АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэхээр Гадаад харилцааны сайд, эрхэмсэг ноён Мөнх-Оргил тантай хамт байгаадаа баяртай байна. Энэ гайхалтай цаг тооны бичгийг бэлэглэсэнд баярлалаа.
30 жилийн өмнө яг энэ өдөр АНУ-Монгол Улсын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар бидний албан ёсны дипломат харилцаа эхэлсэн билээ. Жил гаруйхны дараа АНУ анхны элчин сайдын яамаа Монголд нээж, суурин суух анхны Элчин сайд 1990 онд ирсэн байдаг.
Бидний түншлэлийн эхний хэдэн жилд Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлсэн томоохон үйл явдлууд өрнөсөн билээ. Удалгүй түүхэн айлчлалууд ч эхэлж, Монголд Энх тайвны корпусын үйл ажиллагааг эхлүүлсэн шиг томоохон гэрээ хэлэлцээрүүд хийгдэж эхэлсэн. Түүнээс хойш манай хоёр талт харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын асуудлуудыг хамарч, соёлын ба иргэд хоорондын гүн гүнзгий хэлхээ холбоог багтаасан бат бэх түншлэл болон цэцэглэлээ.
Өнөөдөр АНУ ба Монгол Улс хамтдаа НҮБ болон бусад олон улсын байгуулагуудын хүрээнд ардчиллын туйлын зорилгыг наашлуулахаар ажиллаж байна. Дөнгөж саяхан эцэслэгдэж, энэ оны 3-р сарын 20-ноос эхлэн хүчин төгөлдөр болох Ил тод байдлын хэлэлцээр зэргээрээ дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хоёр талын худалдааны харилцааг бэхжүүлэхээр чармайж байна. Өмнөд Судан, Афганистан зэрэг дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд энхийг дэмжих болон эвслийн ажиллагаанд хамтран хувь нэмрээ оруулж байна. Харилцан ашигтай солилцооны хөтөлбөрүүдээ улам өргөжүүлэхээр ажиллаж байна.
Энэ оноос эхлэн FLEX буюу “Ирээдүйн манлайлагчид” солилцооны хөтөлбөрт Монголын ахлах сургуулийн сурагчид оролцох болсныг өнөөдөр зарлахдаа би баяртай байна. Дэлхийн улс орнуудын шилдэг сурагчдыг АНУ-д нэг жилийн хугацаагаар аваачиж, ахлах сургуульд суралцах боломж олгох хөтөлбөр юм. 30 жилийн ойн жил Монгол Улс энэхүү хөтөлбөрт нэгдэн орж байгаад бид туйлын баяртай байна.
Бидний харилцааны туршид хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн хөдөлмөр, хүний наймааг зогсоох, эмэгтэйчүүд, охидыг чадваржуулах, эрүүл мэнд, боловсролыг сайжруулахад бүхий л санаачлагуудыг АНУ-ын зүээс дэмжсээр ирлээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлж, агаарын бохирдолтой тэмцэхэд бид туслахыг эрмэлзэж ирлээ. Батлан хамгаалах, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг сайжруулж, осол гамшгийн үеийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чадварыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирлээ. Мөн хоёр тийшээ чиглэсэн боловсрол, соёлын солилцоог өргөжүүллээ.
Эерэг бөгөөд нөхөрсөг харилцааны 30 жилийн хугацаанд болсон томоохон үйл явдлууд АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын ГХЯ-ны хамтран бэлтгэж, энэ танхимд дэлгэн үзүүлж байгаа гэрэл зургийн үзэсгэлэнд тусгалаа олжээ. Бусад олон олон үйл явдлууд мөн ГХЯ-тай бидний хамтран удахгүй гаргах гэж байгаа гэрэл зургийн цомогт багтаж байгаа. Эдгээр гэрэл зургууд өнгөрсөн 30 жилийн турш АНУ-Монголын харилцааг тодорхойлж ирсэн, ирэх олон олон он жилүүдийн хамтын ажиллагааны үндэс суурийг бүрдүүлж байгаа харилцан ойлголцол, хүндлэл, хамтын ажиллагаа хэр гүн гүнзгий байгааг тод томруун харуулж байна.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг, бүс нутгийн болон дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд тууштай байгааг бид үнэлдэг учраас Монгол Улстай хоёр талын харилцаагаа улам өргөжүүлэхэд АНУ тууштай хэвээр байна.
АНУ өнгөрсөн 30 жилийн турш Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархаж ирсэн. Бид газар зүйн хувьд бие бенээсээ алс хол байж болох ч үнэт зүйлс, зорьсон үйл хэргийн хувьд бид хамгийн ойрхон байдаг юм. Ирэх олон арван жилүүдэд бид улам ойртон нөхөрлөнө гэдэгт би итгэлтэй байна.
Баярлалаа.