Та бүхний энэ оройн амгаланг айлтгаж, АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан тоглолтонд тавтай морилон саатахыг урья.
Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга таныг хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Өнөө орой АНУ-аас зочлон ирсэн челло рок хамтлаг “Break of Reality” болон та бүхний сайн мэдэх Монгол Улсын Морин хуурын чуулгын нэгэн өвөрмөц хамтарсан тоглолтыг үзэх завшаан бидэнд тохиож байна.
“Break of Reality” хамтлаг энэ долоо хоногийн турш олон нийтэд зориулан тоглож, мэргэжлийн хөгжимчидтэй мастер хичээл хийжээ. Өнөө оройны тоглолт бол тэдний айлчлалын оргил хэсэг бөгөөд АНУ-Монголын хооронд тогтсон улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын харилцааны 30 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ өдрийн онцлох үйл явдал болж байна.
Өнөөдөр энд бид соёл урлагийн харилцаагаа онцолж байна. Баяр хөөр, уйтгар гуниг, хүний мэдрэмж, сэтгэлийн олон өнгө аясыг илэрхийлж чаддаг болохоор ижил хэлээр ярьдаггүй хүмүүст ч бие биенээ ойлгох боломжийг хөгжим олгодог билээ. Морин хуурын чавхдсаас ундрах хөнгөн бөгөөд эрчимт аялгуу уудам талд дураараа давхих морьдын төвөргөөнийг санагдуулах бол америк саксофоны гунигтай ч гэмээр эрдүү өнгийг сонссон хэн бүхний сэтгэл зүрхнээ блюз эгшиглэх буй заа.
Ийм л учраас ЭСЯ-ныхаа урлаг, соёлын солилцооны хөтөлбөрүүдийг дэмжих нь надад нэн тааламжтай байдаг юм. Эдгээрийн дотор “Соёлын элч” болон энэ “Break of Reality” хамтлагийг авчирсан “Америкийн хөгжим хилийн чанадад” хөтөлбөрүүд багтдаг юм. Энэхүү 30 жилийн ойн жилд дахиад хэд хэдэн хөгжим, бүжгийн хамтлагуудыг Монголд авчрахаар төлөвлөж байгаа бөгөөд 6-р сард бас нэг онцгой үйл явдал болох Филадельфийн симфони найрал хөгжим Монголд айлчлан тоглоно.
Энэхүү гайхалтай театрт өнөө оройн тоглолтыг хийх боломжийг олгосон ДБЭТ-ын захирал Мөнхзул болон түүний хамт олонд, мөн зөвхөн энэ концерт төдийгүй “Break of Reality” хамтлагийн бусад арга хэмжээг зохион байгуулж буй Монголын Урлагийн Зөвлөлд, түүнчлэн энэхүү маш онцгой хамтарсан концертыг тавихаар эцэлт цуцалтгүй хамтран ажилласан “Break of Reality” хамтлаг болон Монгол Улсын Морин хуурын чуулгад гүн талархал илэрхийлье.
Бидний баярыг хуваалцахаар ирсэн та бүхэнд баярлалаа. Тухлан сууж таалан соёрхоно уу.