ШУУРХАЙ
Хэвлэл мэдээллийн Зөвлөмж
2018 оны 4 дүгээр сарын 19
АНУ-ын бүжгийн хамтлаг Монгол улсад айлчилна
АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын асуудал эрхэлсэн товчоо, Бруклины хөгжмийн академи болон Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлдэг АНУ-ын Бүжгийн урлагийг дэмжих DanceMotion USA (DMUSA) хөтөлбөрийн хүрээнд Юта мужийн Солт Лейк хотын Рири-Вүүдбери бүжгийн хамтлаг нь 2018 оны 5 дугаар сарын 2-16-ны өдрүүдэд Монголд айлчлах бөгөөд энэ үеэр Улаанбаатар хотноо Монголын Урлагийн зөвлөлийн санаачлагаар зохион байгуулагдах Олон улсын Орчин үеийн бүжгийн наадамд (5 дугаар сарын 7-14) оролцох юм. Хамтран оролцогч, зохион байгуулагч талууд цуврал сургалт, мастер класс, арга зүйн сургалт болон үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрөөр Америк бүжгийн хамтлаг, уран бүтээлчид дэлхийн улс орнуудад зочилж, бүжгийн урлагаар дамжуулан тухайн улс орны олон нийт, оюутан сурагчид болон мэргэжлийн уран бүтээлчдэд Америк соёл, үнэт зүйлст суралцах боломж олгодгоороо онцлог юм.
Энэ үеэр Рири- Вүүдбери бүжгийн хамтлагийн зургаан бүжигчин, гурван мэргэжилтэн Монгол улсад ажиллах бөгөөд хэвлэл мэдээллийн төлөөлөгчид тус уран бүтээлчдийг Монголд ирэхээс нь өмнө цахим эсвэл утсаар холбогдон мэдээлэл, сурвалжлага авах боломжтой. Сонирхсон хэвлэл мэдээллий байгууллагууд 4 дүгээр сарын 24-ний дотор хүсэлтээ PasPress@usembassy.mn цахим хаягаар ирүүлэхийг хүсч байна. Тус бүжгийн хамт олонтой холбогдох ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 30-ны хооронд зохион байгуулж өгнө. Лавлах зүйл гарвал 7007-6045, 7007-6249 дугаарт холбогдоно уу.
РИРИ-ВҮҮДБЕРИ БҮЖГИЙН КОМПАНИЙН ТУХАЙ
Рири-Вүүдберигийн бүжгийн компани нь АНУ-ын Юта мужаас гаралтай, өнөөгийн орчин үеийн бүжгийн хамгийн нэр хүнд бүхий компаниудын нэг юм. Тус компанийг 1964 онд Ютагийн Их Сургуулийн бүжгийн урлагийн профессорууд асан Жоан Вүүдбери, Шерли Рири нар хамтран байгуулжээ. Үүсгэн байгуулсан цагаасаа хойш тэд бүжгийн компаниа бүрдүүлж буй бүхий л уран бүтээлч, бүжигчин жүжигчин, багш сургагч, судлаач шүүмжлэгч, мөн үзэгч олныг бүжгийн урлагтай ойр байж, бүжгийн урлагийн сайхныг хүн нэг бүрт мэдрүүлэн хүргэхийг зорин ажилласаар ирсэн. Тус компани нь АНУ-ын Урлагийн Үндэсний Сан дахь бүжгийн урлагийн хамгийн анхны ууган төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан бөгөөд эдүгээ хэзээний улс орондоо үнэлэгдэн таашаагдсан бүжгийн компани болж хөгжжээ. Рири-Вүүдбери компани улс үндэсний хэмжээнд соёл урлагийн салбарт томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Компанийн олонд танигдсан ‘Бүжгийн аялан тоглолт’ ба ‘Сургуулиуд дахь уран бүтээлчид’ хэмээх хоёр хөтөлбөр нь улсын хэмжээнд хэрэгжин өнөөг хүртэл АНУ-ын ерөнхий боловсролын сургуулиудад загвар хөтөлбөр болон орсоор байна. Рири-Вүүдбери балчир насны хүүхдээс, сургуулийн насны, насанд хүрэгчдийн, ахмад настан хүртэлх бүхий л насныханд зориулсан бүжгийн боловсролын баялаг програмтай бөгөөд зөвхөн ийнхүү нийгэм рүү чиглэсэн хөтөлбөр явуулахыг хариуцсан тусгай алба, баг, мэргэжилтэнтэй. Түүгээр ч барахгүй Рири-Вүүдбери бүжгийн компани АНУ төдийгүй дэлхий дахинаа аялан тоглолтоо хийж, өөрсдийн туршлагаа Өмнөд Африк, Зүүн Өмнөд Ази, Карибын арлууд, Их Британи/Нэгдсэн Вант Улс болон Европын улс орнуудтай хуваалцаж амжсан юм. Юта мужийн нийслэл Солт Лэйк хотын төвд байрладаг тус компани жил бүр 3 бүрэн хэмжээний шинэ бүтээл тайзнаа тавьдаг бөгөөд компанийн уран сайхны удирдаач Даниел Шэроны шинэ бүтээлүүд, залуу / нэр хүнд бүхий бусад дэглээчдийн бүтээлүүдийг толилуулдаг. Рири-Вүүдбери бүжгийн компанийг одоогоор Жена Вүүдбери гүйцэтгэн удирдаж, уран сайхны удирдаачаар Даниел Шэрон, боловсрол сургалтыг Ай Фужий Нелсон нар тус тус хариуцан ажиллаж байна.
СУРГАЛТ СЕМИНАР БОЛОН ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Байгуулагдсан цагаасаа эхлэн Рири-Вүүдбери бүжгийн компани нийгэмтэйгээ ойр байж олон нийттэй хамтран ажиллахыг эрхэмлэсээр ирсэн. Үүнд тэдний боловсрол, сургалтын хөтөлбөрүүд онцгой үүрэгтэй бөгөөд тус компани аялан тоглолтын үеэр боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийг өндөр түвшинд хийж гүйцэтгэдгээрээ бусдаас ялгардаг. “Бүжгийг бүх хүнд” хэмээх компанийн гол үзэл баримтлал нь тэдний тайлан тоглолтууд, хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн анги хичээлүүд, бүжгийн мэргэжлийн ангийн оюутан сурагчдад зориулсан арга зүй, техникийн сургалтууд, эмчилгээ сувилгаа, сэтгэл зүйг дэмжсэн бүжиг болон хөдөлгөөний хөтөлбөрүүд, ахмад настнуудад зориулсан бүжиг йогийн хичээлүүдээс нь илэрч байдаг. Рири-Вүүдбери ийнхүү нийгмийн олон янзын бүрэлдэхүүн хэсэгтэй бүжгийн урлагаар холбогдон ажилласнаар энэхүү урлагийг хүндлэн ойлгож биширдэг үзэгчдийг бий болгохоос гадна энэхүү урлагаа таниулж бусдад хүргэж байгаа бүжигчид уран бүтээлчдээ ч өөрсдийн хайртай урлагаа илүү өндөр түвшинд мэдэрч хөгжүүлэх боломжийг өгдөг.
УРАН САЙХНЫ УДИРДАAЧИЙН ТУХАЙ
Рири-Вүүдберид уран сайхны удирдаачаар 2013 оноос хойш ажиллаж байгаа Даниел Шэрон нь бүжигчин, бүжиг дэглээч, багшаар ажилласан 25 жилийн туршлагатай нэгэн билээ. Тэрээр Нью-Йорк хотоос гаралтай бөгөөд өмнө нь төсөлд суурилсан өөрийн гэсэн бүжгийн компанитай байсан байна. Тэрээр “Даг Вароун ба бүжигчид” болон “Лимон” бүжгийн компаниудтай тус тус хамтран ажиллаж байжээ. Мөн “Даг Элкинз болон түүний нөхөд” компанид бүжиглэж, Метрополитен дуурийн театр, Акила театр гэх мэт олон томоохон театруудын алтан тайзнаа гарч байв. Шэрон Хойд Каролинагийн Урлагийн сургуулиас урлагийн бакалавр, Калифорнийн Соёл урлагийн хүрээлэнгээс медиа технологитой хосолсон бүжиг дэглээчийн чиглэлээр мастерийн зэрэг тус тус хамгаалсан байна. Шэрон Рири-Вүүдберид уран сайхны удирдаачаар ажиллахдаа өөрийн гэсэн тайзны эх бүтээл, өөрийн болон бусад дэглээчдийн бүтээлд медиа дизайн, мөн галерейн инсталляц гэх мэт уран бүтээлүүдээ тууривсаар иржээ. Шэроны дэглэсэн бүтээлүүд нь “92-р гудамжны Y” соёл урлагийн төв, “Харкнесийн бүжгийн наадам”, “Жэйкобын дэр” бүжгийн наадам гэх мэт олон газар олны хүртээл болж байв. Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш Шэрон нь Метрополитен дуурийн театр, Бэйтс бүжгийн наадам, Солт бүжгийн наадам, Хойд Каролинагийн Урлагийн сургуулийн зуны хөтөлбөрт тус тус багшилж, Хантер коллежид мөн удирдлагын багт ажиллаж байв. Тэрээр Хозе Лимон, Жири Кайлиэн, Даг Вароун гэх мэт дэглээчдийн бүтээлүүдийг тайзнаа амилуулсан байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАХ ХАЯГ
https://ririewoodbury.com/
facebook.com/ririewoodbury
twitter.com/ririewoodbury
instagram.com/ririewoodbury
youtube.com/user/ririewoodbury
vimeo.com/rwdance