Улаанбаатараас шууд дамжуулж байна баримтат кино Монгол Улсад нээлтээ хийх гэж байна

banner

Дэлхийн 17 хотод гарч, 3 олон улсын кино наадмын шагнал хүртсэн, АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “Live from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь 2016 оны 8-р сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18:00 цагт Монгол дахь нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүйгээр явагдах ба суудлын тоо хязгаартай тул түрүүлж ирсэн дарааллаар оруулах болно. Тэнгис кино театрт нэг өдөр гарах боловч, үүний дараагаар СУИС, Хөгжим бүжгийн коллежид тусгайлан үзүүлэх өдөрлөгүүд мөн зохион байгуулагдах болно.

“Монгол рок-н-ролл” хэлэлцүүлэг

Кино нээлттэй холбогдуулан “Монгол рок н ролл” нэртэй хэлэлцүүлэг 2016 оны 8-р сарын 12-ны 19:00 цагаас Гэгээнтэн Энтертайнмент төвийн CUE+ кафед болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлаг, HiFi Records, Нисванис, The Colors хамтлагийн уран бүтээлч, продюсерууд энэхүү кинонд оролцсон тухайгаа, Монголын рок-н-ролл хөгжмийн урсгал дэлхийд цаашаа хэрхэн хөгжих боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлч, продюсерууд оролцох ба Моханик хамтлаг концерт тоглоно.

Хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй тул 8905-6627 утсаар холбогдон урилга авна уу.