Залуу манлайлагчидтай хийсэн уулзалт ярилцлага

ЭЛЧИН САЙД ГАЛТ: (Үргэлжлэл) Өнөөдрийн уулзалт өмнөх уулзалтуудаас ялгаатай нь бидэнд цай, жигнэмэг алга (Инээлдэв.) Гэхдээ та бүхэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй нүүр тулан уулзах боломж олдож байгаа учраас энэ аз завшаан цай, жигнэмгийг орлох байх гэж найдаж байна. (Инээлдэв.)

Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг та бүхэнд танилцуулж байгаа нь нэрийн төрийн хэрэг юм, гэхдээ үүнээс өмнө та бүхнийг түүнд танилцуулах нь зүйтэй байх. Ноён Төрийн нарийн бичгийн даргаа, таны өмнө энэхүү залуу, ардчилсан улсын ирээдүйн манлайлагчдын зарим төлөөлөл хүрэлцэн ирээд байна. Эдгээр манлайлагчид улс төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм болон засгийн газарт идэвхтэй ажиллаж, эх орноо илүү сайн сайхан болгохын төлөө өдөр бүр хичээнгүйлэн зүтгэж яваа хүмүүс. Би сүүлийн хэдэн сарын хугацаанд эдгээр залуустай танилцаж, хамтран ажиллахад таатай байлаа. Өнөөдөр энд ЛГБТ эрхийн чиглэлээр ажиллаж буй төвийн захирал, Массачусетсийн Технологийн хүрээлэнг төгсөгч бөгөөд Шинжлэх ухаан, технологи, инженер болон математикийн боловсрол олгодог хувийн ахлах сургуулийг удирдагч, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг Гүнж төвийн захирал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөдөлгөөнт хэрэгслийг ханган нийлүүлдэг Монгол дахь цорын ганц компанийг үүсгэн байгуулагч болон Йосемити Үндэсний парк, Хөвсгөл нуурын БЦГ-ын хооронд эгч дүүсийн харилцааг тогтооход хувь нэмрээ оруулсан Монголын экологийн төвийн захирал нар ирсэн байна. Товчхон хэлбэл, эдгээр гайхалтай залуучууд Монгол улсыг гэгээлэг, илүү ардчилсан ирээдүй рүү хөтөлнө гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг та бүхэн цаг уурын өөрчлөлт, Ираны цөмийн зэвсгийн гэрээ, АНУ, Куб хоорондын дипломат харилцааг сэргээх болон Ирак, Левантын лалын улсын эсрэг тэмцэл зэрэг дэлхийн хамгийн эгзэгтэй асуудлуудыг шийдвэрлэхээр дэлхийн өнцөг булан бүрд эцэж цуцалтгүй ажиллаж байгаагаар нь мэдэж байгаа байх. Ноёд, хатагтай нараа, олон зүйл нуршилгүйгээр та бүхэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг танилцуулж байгааг хүлээн авна уу. Баярлалаа. (Алга ташив.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Туслаарай, туслаарай. (Инээлдэв.) Бүгдэд нь өглөөний мэнд хүргэе. Энд та бүхэнтэй уулзаж байгаадаа үнэхээр таатай байна. Манай элчин сайд Женифер Галт гайхалтай сайн ажиллаж байгаа, гэхдээ өнөөдөр миний урмыг хугаллаа. Би жигнэмэг үнэхээр идмээр байна шүү. (Инээлдэв.)

ОРОЛЦОГЧ: Тэгж хэлэх хэрэггүй л байсан юм.

 

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: За тэр ч яах вэ. Та бүхнийг энд урьж ирүүлсэндээ үнэхээр баяртай байна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэд нь маш их баярлалаа. Зак, чамд ч гэсэн баярлалаа. Чи удирдах үүрэгтэй байхаа, тийм үү?

БАТСАЙХАН: Тийм ээ. Би удирдана —

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Би хэдэн үг хэлж болох уу?

БАТСАЙХАН: Мэдээж, бололгүй яах вэ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тэгээд чи үргэлжлүүлэх үү?

БАТСАЙХАН: Тэгье.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Окей. Би та бүхний яриаг өнөөдөр сонсмоор байна, болж байна уу? Би шударга хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсэж байна, та нар надаас асуулт асууж болно, яаж ч хүнд байдалд оруулж болно, гэхдээ өөрсдөө юу хийдэг, юу хийхийг хүсэж байгаа тухай мэдээллээ бас хуваалцаарай.

Монгол бол үнэхээр сонирхолтой орон, та нар ч надтай адил тэгж бодож байгаа байх гэж найдаж байна. Та нарын хийж байгаа зүйл үнэхээр гайхалтай. Би юу гэх гээд байна гэвэл та бүхэн энэ шилжилтийн үйл явцыг даван туулах гэж үнэхээр шаргуу ажиллаж байна. Ардчиллын төлөөх 25 жилийн хүчин чармайлт бол урт хугацаа биш, гэхдээ цаашид хичээх хэрэгтэй ч энэ хугацаа нь юунд хүрэх боломжтой, хаашаа чиглээд явж байгааг ард түмэнд тодорхой ойлгуулахад хангалттай урт хугацаа. Дашрамд хэлэхэд, бид ч гэсэн ардчилалд хүрэх гэж өнөөдөр ч тэмцэж байна. Уинстон Чөрчил, “ардчилал бол бусад хувилбаруудтай харьцуулбал засаглалын хамгийн муу хэлбэр” гэж хэлсэн байдаг. Бодоод үзвэл энэ нь үнэний ортой юм. Төр засгийг удирдана гэдэг хүнд ажил. Засаг төрд ажиллаж буй хүнийг эсэргүүцэх хүмүүс үргэлж байсаар байх болно. Хэн ч хэзээ ч бүрэн дүүрэн сэтгэл ханана гэж байхгүй. Гэхдээ ардчилал хүмүүст наад зах нь дуу хоолойгоо илэрхийлэх шилдэг боломж олгодог. Хэрвээ ардчилал нь шударга ёсны тогтолцоо болон бизнесийн ертөнцөд хуулийн засаглалын зохих төвшинтэй зэрэгцэн оршиж чадаж байвал хүмүүс тоглоомын дүрэм байгааг мэдээд зогсохгүй үүнийг хэрхэн дагаж мөрдөн ингэснээр дүрмээс гадуур байсныхаа төлөө шийтгүүлэхгүй байх болно.

Тийм учраас бид танай орны сонгосон замыг ихээхэн хүндэтгэж үздэг. Бид та бүхнийг Орос, Хятад, эсвэл хэн нэгнийг сонгооч гээгүй. Танай улсыг тэгээсэй гэж хүсэж байгаа зүйл бол тэр биш. Энэ бол нэг нь ялж, нөгөө нь зайлшгүй ялагдах тоглоом биш. Улс орнууд хөршүүдтэйгээ харилцаатай байхын хажуугаар дэлхийн бусад улс орнуудтай ч бас харилцаатай байх хэрэгтэй болдог. Бидний хүсэж байгаа зүйл бол болж өгвөл төгс ардчиллын төлөөх энэ замаа цаашид ч үргэлжлүүлэх явдал юм. Танай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн юу хийж чадахаа бүрэн харуулж чадаж байгаа гэж би боддог. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл, ардчиллын анхны 13 л зөвхөн ардчиллын төлөөх клубийн гишүүд биш юм. Та бүхэн бүгдээрээ энэ хүчин чармайлтын нэгээхэн хэсэг нь. Бидний хийж чадах зүйл зөндөө бий. Эдийн засгийг нээлттэй болгохын тулд хийх ажил олон байна. Ил тод, хариуцлагатай байдлыг бий болгож, өнгөрсөн үеэс одоог хүртэл бугласаар байгаа авилгын дадал зуршлыг халах, орчин үетэй хөл нийлүүлэх, хувийн капиталыг татах арга замыг нээх дүрэм журмыг бий болгох чиглэлээр хийх маш олон ажил байна, учир нь мөнгө аюулгүй, тодорхой газар олж байрших хэрэгтэй, дүрэм журмаа мэдсэнээр зөвхөн ганц хоёр сайд, яамны хэн нэгний дур зоргоор бус бүхэл бүтэн дэг журмаар ажиллаж байнаа гэдгийг хүмүүс мэдрэх болно. Хариуцлагатай байдал болон процесс байх ёстой байрандаа байгаа эсэхийг тэд мэдмээр байгаа юм.

Элчин сайд сая хэллээ, та бүхэн, хүн нэг бүр өөрийн ажлаа урагшлуулахыг хүссэн бизнес эрхлэгчид, манлайлагчид, улс төрийн активистууд. Тийм учраас энд богино хугацаанд ч болов та бүхний үзэл бодлыг сонсоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг, АНУ энэ хүчин чармайлтад бүрэн дүүрэн өөрийгөө дайчилж байгаа гэдгийг та бүхнийг мэдэж аваасай гэж хүсэж байна. Сургуулиудад сурах бичгээр туслах, сурах бичиг биш ч ардчилалд хүрэх энэ замыг оюутан сурагчдад ойлгуулахад тустай сургалтын материалуудаар хангах зэрэг ардчиллын хүчин чармайлтыг дэмжих зорилготой 2.5 сая ам долларын АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийг бид өнөө өглөө бас мэдэгдлээ.

Тийм учраас бидэнд хамтдаа хийх ажил зөндөө их байна. Энд манай элчин сайдаар дамжуулан өдөр тутам, мөн АНУ-ын төр бүхэлдээ, Ерөнхийлөгч Обама, Монголд айлчилж байсан Дэд ерөнхийлөгч, би өөрөө, Туслах нарийн бичгийн дарга Дани Рассэлээр дамжуулан бид та бүхний энэ сонгосон замаар урагшаа хөгжин дэвшихэд байнга дэмжих болно гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Та бүхэнд амжилт хүсээд энд ирж та бүхэндээ үзэл бодлоо солилцох боломж ойлгосонд дахин талархал илэрхийлж байна.

Зак, одоо чи үргэлжлүүлж болноо.

БАТСАЙХАН: За, баярлалаа. Гайхалтай илтгэл байлаа. (Алга ташив.) Ингээд өнөөдөр ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Төрийн нарийн бичгийн дарга тантай биечлэн уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Эхний асуултыг би танд тавих болно, дараа нь Монголын залуу манлайлагчдаас асуулт авъя. Болж байна уу?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тэгэлгүй яах вэ.

БАТСАЙХАН: За тэгэхээр эхний асуулт бол, та Монголд ирэхээсээ өмнө Францад айлчлаад одоо Хятадыг зорих гэж байна. Таны аялал, Монгол улсад ирсэн анхны сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Үнэхээр үзэсгэлэнтэй. Тал хээр, хөдөө нутгаар дээгүүр нисэж байхад нүдэндээ ч итгэмээргүй үзэсгэлэнтэй сайхан газар, бид бас хулан давхиж явахыг харсан. Говь нутагт тэмээтэй гэж сонссон, үнэхээр биширмээр. Харамсалтай нь, Ерөнхийлөгч Обама ч байнга хэлдэг, бид энд ирэхдээ 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй маш шахуу хуваариар ирчхээд энэ сайхан газар нутгийг үзэх зав байдаггүй, өөр ажилд анхаарлаа хандуулсаар байгаад таардаг. Гэхдээ би цаашид дахин ирж энэ үзэсгэлэнт орноор аялахыг маш их хүсэж байна.

БАТСАЙХАН: Франц, Хятадаар аялсан тухайгаа яриач. Аялал тань ямар байв?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Франц уу?

БАТСАЙХАН: Тийм.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Франц үерт автаж байгаа.

БАТСАЙХАН: Өө, тийм үү? (Инээлдэв.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Та бүхэн мэдэж байгаа, Франц ч гэсэн үзэсгэлэнтэй сайхан орон, гэхдээ тэд бороо усны ноцтой асуудалтай тулгарч байна. Энгийн үед 6 долоо хоног ордог хур тунадас тавхан өдрийн дотор орсон. Тийм учраас Сена мөрөн тэр чигтээ эргээ халин урсаж байна. Гүүр доогуур завь явах боломжгүй, ямар ч зай завсар байхгүй. Үнэхээр хэцүү байгаа ч, Францын хүн ардын сэтгэл санаа өөдрөг, хоол унд элбэг, тэд энэ бэрхшээлийг даван туулаад гарах болно. Дэлхийн олон улс орны нэгэн адил тэдэнд ч давж гарах ёстой сорил зөндөө их бий.

БАТСАЙХАН: Аан за. Бидэнд 30 минутын хугацаа байна, тэгэхээр асуултаа авч эхэлье —

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тэгье.

БАТСАЙХАН: — За та бүхнээс —

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Хэнд асуулт байна? Тэр хойно гараа өргөж байгааг харж байна.

АСУУЛТ: Намайг Мядаг гэдэг. Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа – байсан – , гэхдээ би (Сонсогдсонгүй). Миний асуулт бол – Монгол улс Ази Номхон далайн эдийн засгийн интеграцын бүтцэд байхгүй байгаа нь саяхан тодорхой болсон. Энэ талаар таны бодол? Иймэрхүү бүтцэд нэгдэн орсноор Монгол улсад ямар ашигтай вэ? Учир нь эдийн засгийн интеграцын бүтцэд идэвхтэй оролцсоноор өнөөдрийн дэлхийн эдийн засгийн тогтолцоонд хүнд байдлыг даван туулах нэг арга зам гэж бодож байна. Баярлалаа.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Баярлалаа, Мядаг. Энэ бол хүнд байдлыг даван туулах тухай биш, харин цаашид өсөн дэвжих тухай асуудал. Зөвхөн … (Сонсогдсонгүй.). Бүрэн утгаар нь оролцох хэрэгтэй. Энэ бол нууц процесс биш. Маш тодорхой, нээлттэй процесс. ДХБ бол нээлттэй процесс. Транс-Номхон далайн түншлэлийн гэрээ бол нэгдэж орж болох хэм хэмжээний тодорхой багц юм.

Одоо бид бусад улс үндэстнийг Транс-Номхон далайн түншлэлийн гэрээнд нэгдэн орохыг хүсэж байгаа, ингэснээр тэд өөрсдийн бизнес хийх стандартыг дээшлүүлэх юм. Мөн ил тод байдлын тодорхой төвшинг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Одоо бид Монгол улстай Ил тод байдлын гэрээтэй боллоо. Хэрэгжих хүртлээ нэлээд сунжирсан ч саяхан Гадаад хэргийн сайдтай ярилцсанаар энэ 7 сард Ил тод байдлын гэрээ хэрэгжих төлөвлөгөөтэй байна. Энэ гэрээг хэрэгжүүлэхийг та бүхэн ч шаардах хэрэгтэй. Гэрээ хэрэгжиж эхэлснээр бизнесийн практик хэрхэн хэрэгжих талаар хувийн бизнесүүд баталгаатай мэдэх боломжтой болно.

Түрүүн хэлсэнчлэн дэлхийн зах зээл маш өрсөлдөөнтэй. Олон улс орон дэд бүтцээ хөгжүүлэхийг хүсэж байгаа. Олон улс орон иргэдээ шинэ технологийн компани, эсвэл эрчим хүчний компани, усан эмчилгээний байгууламж зэрэгт ажилтай болгож, капитал хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байр бий болгохыг хүсэж байгаа. Тэдгээр хөрөнгийг эзэмшиж буй хүмүүс мөнгөө хулгайд алдахыг хүсэхгүй, хэн нэгэн яамд, сайд нартай асуудалд орж, зөвшөөрөл авч чадахгүй, барилга барьж чадахгүй, ажилчид хөлсөлж чадахгүй, улмаар гэнэт хөрөнгө оруулалт нь ашиггүй болохыг хүсэхгүй нь лавтай.

Тэгэхээр аль болох хурдан шийдвэр гаргах тусмаа сайн, гэхдээ энэ бол зөвхөн Монголд ч болж байгаа асуудал биш. Энэ талаар би Америкт ч маргалддаг. Сенат-д би Массачусетс мужийг 28 жил төлөөлсөн бөгөөд тэнд гайхалтай компаниуд, технологийн бааз суурь бий. Харин татварыг хэт өндөр тогтоохгүй, дүрэм журмыг хэт хатуу байлгаснаар компаниудыг алдахгүйн тулд шаргуу ажиллах шаардлагатай болсон. Энэ нь бүх улс орнуудад адилхан. Бизнест нээлттэй байх хэрэгтэй. Хүмүүс бизнес хийхэд нь амар хялбар болгох хэрэгтэй.

Ингэлээ гээд дүрэм журамгүй болно гэсэн үг биш. Энэ нь тэд байгаль орчны стандарт эсвэл эрүүл мэндийн стандартыг хангахгүй болно гэсэн үг биш. Ингэснээр дүрэм журам нь тодорхой, долоо хоног бүр өөрчлөгддөггүй, нэг яамны нэг хүн ирээд ингэнэ гэхээр өөр яамны өөр хүн ирээд “Үгүй, үгүй, тэгэх ёстой” гэдэггүй л байх хэрэгтэй. Ийм учраас дүрэм журмыг тодорхой болгоно гэдэг маш чухал. Үүнийг хийж чадвал Транс-Номхон далайн түншлэлийн гэрээнд нэгдэн орох бэлтгэлээ эхэлж тухайн стандартыг хангахын тулд өөрчлөх ёстой ажлуудын жагсаалтыг гаргах нь тус дөхөмтэй. Энэ нь бусад бүх ажил, жишээ нь виз гаргах зэрэгт ч хамааралтай. Процессыг жигдэлж байгаа хэрэг юм.

Тэгэхээр хариуцлагын болон ил тод байдлын бүхий л арга хэмжээг бодит амьдралд нэвтрүүлж, ахиц дэвшил гаргахад яамд замд нь саад хийдэггүй байхыг шаардах хэрэгтэй. Энэ нь маш чухал.

БАТСАЙХАН: За, дараагийн асуулт.

АСУУЛТ: Сайн байна уу? Намайг Болорсайхан. Нэг асуулт байна. …-ийн хувьд (Сонсогдсонгүй.) хүн бүрд хүний эрхийг хангах нь…. Гэвч бид хүний эрхийн зөрчил, жендэрт суурилсан хүчирхийлэл, гадаадуудыг үзэн ядах болон гомофоби зэрэг хэл амаар үзэн ядах, үзэл ядалтаас үүдэлтэй түрэмгийлэл хүчирхийлэл гэх мэт саад бэрхшээлтэй тулгарч байна. Жишээ нь та эдгээр саад бэрхшээлийг даван туулж байсан хувь хүний туршлагаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Бололгүй яах вэ. Энэ олон жилийн туршид авсан гол сургамж гэвэл сайн хуулийн үр дүнтэй хэрэгжилтийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг, хамгийн чухал, зайлшгүй тавигдах шаардлага бол манлайлал гэдгийг ойлгосон. Хэрвээ муу удирдагч, манлайлагчтай, тэдгээр нь хүний эрх, иргэний эрх, хувь хүний эрхийг бүрэн дүүрэн дэмждэггүй бол иргэд тухайн нөхцөл байдалд шаардлагатай хамгаалалтыг эдлэхэд бэрхшээлтэй. Хэрвээ манлайлагчид нь үлгэр дууриал болж, зааг хязгаарыг тогтоосноор хүмүүс нь хууль хэрэгжинэ гэдгийг ойлгож, эрхээ хамгаалуулж, эрхээ эдэлснээр нийгэмд аюулгүй байдал тогтож, хууль сахиулах бүрэн боломжтой болно. Харин манлайлагчид зүсээ буруулан цагдаа, хууль сахиулагчид, улмаар цэрэг арми эрх мэдлийг урвуулан ашиглаж, хэн ч тэдэнтэй хариуцлага тооцохгүйд хүрвэл жинхэнэ асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, нийгэм бүхэлдээ эмх замбараагүй байдалд орно гэсэн үг.

Өөрийн улс орны нэгэн жишээг ярья. Намайг оюутан байхад, 1960-аад онд, ард түмний манлайлал голлосон Иргэний эрхийн хөдөлгөөн Америкт өрнөсөн юм. Тэр үед хар арьстнууд буюу Африк гаралтай Америкчууд ихэнх муж, хотуудад албан ёсоор бүртгүүлж сонгуульд оролцох эрхгүй, зарим хүмүүс, зарим зүйлийн эсрэг ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт нийтлэг байлаа. Дэлхийн хаана ч, одоо ч гэсэн хүмүүс тодорхой зүйлийн талаар өрөөсгөл ойлголттой байдаг. Тэр үед АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, түүний ах ерөнхий прокурор нар эдгээр хүмүүсийг их дээд сургуульд орж, сонгох эрхтэй холбоотой хууль сахиулах зорилгоор Америкийн үндэсний хамгаалалтын армийн цэргүүдийг их сургуулиуд руу илгээсэн юм. Тэгээд 1965 онд Ерөнхийлөгч Линдон Жонсоны хамтаар бид маш том хөдөлгөөн болж жагссан. Хүмүүс баривчлагдан шоронд хоригдсон боловч бид үргэлжлүүлэн тэмцэж, сонгох эрхийг шаардаж, эцэстээ Конгресс 1965 онд Сонгох эрхийн хууль болон Иргэний эрхийн хуулийг баталж байсан юм.

Тэгэхээр ийм төрлийн тэмцэлгүй улс орон гэж байхгүй. Шаардаж тэмцэх хэрэгтэй. Ийм жишээ хангалттай олон бий. Өнөөдөр Америк хүний эрхийн хувьд агуу том ахиц дэвшил гаргасан. Тэглээ гээд бид төгс биш, эрхийн зөрчил байсаар байна. Магадгүй телевизээр харсан байх, харамсалтай нь хэсэг залуучууд цагдаа нартай сөргөөцөлдөж амь насаа алдсан зэрэг тохиолдол гарна. Бид энэ талаар нууж даралгүй ярилцана. Нээлттэй, ил тодоор цацна, хүн бүр ярилцана, хэлэлцэнэ, цаашид нөхцөл байдлыг сайжруулах, дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хичээнгүйлэн ажиллана.

Тийм учраас та нар ч ингэх хэрэгтэй. Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх хэрэгтэй. Удирдагчид зоригтойгоор хуулийн засаглалын дагуу бид ажиллаж, хууль иргэдийн эрхийг зөрчих ёсгүй гэдгийг мэдэгдэж, хууль эрх зүйн тогтолцоо нь аливаа хүн баривчлагдахад тэд хуульч өмгөөлөгч авах эрхтэй, юунд буруутгагдаж байгаа мэддэг, өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй, тийм л системтэй байх ёстой. Энэ нь хамгийн гол асуудал.

Ийм тэмцэл өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд өрнөсөөр л байна. Эдгээр эрхээ эдэлж чадахгүй, шоронд орж байгаа хүмүүс, улс орон байна. Иймд хүний эрхийг сахиулахын чухал ач холбогдлыг удирдагч, манлайлагчдаасаа тодорхой шаардах нь чухал.

БАТСАЙХАН: Сайхан хариулт өглөө. Дараагийн асуултыг авъя.

АСУУЛТ: Сайн байна уу? Намайг Булгантуяа гэдэг. Шахуу хөтөлбөрийнхөө завсар зайгаар зав чөлөө гаргасанд баярлалаа. Миний асуулт бол —

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Энэ зав чөлөө биш. Энэ миний шахуу хөтөлбөр. (Инээлдэв.)

АСУУЛТ: (Сонсогдсонгүй.) Тэгж удаан таныг асуултаар булмааргүй байна.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Зүгээр зүгээр. Өөр бусад хийх ажил байгаа ч ингэж ярилцах нь надад илүү таалагдаж байна. (Инээлдэв.)

АСУУЛТ: Та мэдэж байгаа байх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол улс төвийг сахих бодлогыг санаачилсан. Энэ удаагийн УИХ-ын хуралдаанаар энэ талаар хэлэлцэнэ ч гэж байгаа. Монголын улсын төвийг сахих бодлого, нэгдүгээр хөрш, хоёрдугаар хөрш болон гуравдагч хөршийн бодлогын талаар АНУ-ын байр суурийг илэрхийлэхгүй юу?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: За, энэ нь “төвийг сахих” гэдэг нь чухам ямар утгатайгаас шалтгаална. Ямар асуудлын талаар төвийг сахих гээд байгаагаас шалтгаална гэсэн үг. Жишээ нь, хүний эрхийн талаар Монгол улс төвийг сахидаг байхыг бид хүсэхгүй. Ардчиллын талаар бас. Харин бусад орнуудын хоорондын тодорхой асуудлын талаар төвийг сахих гэж байгаа бол үүрэг гүйцэтгэгч төлөөлөлчийн дүрд гэв гэнэт тоглож болохгүй, тэгэхээр юунаас гэдгээс шалтгаалаад төвийг сахих асуудлыг ярих болов уу.Тамын хамгийн халуун хэсгийг ёс суртахууны хямралд орсон үед төвийг сахидаг хүмүүст зориулсан байдаг гэж Данте бичсэн билүү? Тамд итгэдэггүй байж болно, диваажинд итгэдэггүй байж болно, юунд ч итгэдэггүй байж болно, харин ёс суртахууны асуудлын хувьд ёс суртахууны луужин хэрэгтэй гэдэг нь тодорхой. Хэрвээ тэр луужин, жанжин шугамаа алдах л юм бол эх орноо алдаж, эрхээ алдаж, эрх чөлөөгөө алдах эрсдэлд орно. Тийм учраас төвийг сахих гэдэг дээр яаж тодорхойлж байна гэдгээс шалтгаалаад болгоомжтой байх хэрэгтэй гэж би бодож байна.

БАТСАЙХАН: Дараагийн асуулт. За.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Бас нэг жишээ би товчхон дурдъя. Сирид Ассад ард түмнийхээ эсрэг юу хийж байгаа тал дээр дэлхийн ямар ч улс орон төвийг сахих учиргүй. Энэ нь нэг жишээ. Геноцидын талаар төвийг сахиж байж болохгүй. Хүүхэд цэргийн асуудал, хүний наймаа гээд төвийг сахиж болохгүй асуудлууд байна. Үүнийг би ёс суртахууны луужин гээд байгаа юм. Ёс суртахууны луужингаа хойш нь тавиад юу ч болоогүй юм шиг аливаа зүйл болоход мэдрэх мэдрэмж, хүн ёсны ухамсраар ухамсарлаж буй зүйлийнхээ хүрээнд юу ч дуугарахгүй, хөдлөхгүй байж таарахгүй.

АСУУЛТ: Баярлалаа, бидэнтэй, залуучуудтай уулзаж байгаад Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид талархаж байна. Би Монгол ТВ-ийн сэтгүүлч байна. Дэлхийн өнцөг булан бүрд өнөөдөр ардчиллыг дэмжигч, түгээн дэлгэрүүлэгч хүмүүс ч хүртэл ардчиллыг ухранги байдалд орлоо гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч, бид итгэл найдварын сүүлийн гэрэл гэгээ болсон цорын ганц улс болж байх шиг байна (Сонсогдсонгүй.). Таны бодлоор ардчилал эцэж цуцан туйлдаа хүрсэн гэж бодож байна уу? Засаглалын энэ хэлбэрийн дараагийн амин судас нь хаана байна, тэр нь хаанаас эхэлнэ гэж та боддог вэ?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Үгүй ээ, би энэ таамаглалтай санал нийлэхгүй байна. Ардчилал ухарч байна гэж бодохгүй байна. Харин ч эсрэгээрээ өсөн тэлж байна. Манай бөмбөрцөг дээр өнөөдөр түүхэндээ хэзээ ч байгаагүйгээр олон ардчилсан улс байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 33 шинэ ардчилсан улс төрөн гарч ардчилсан орнуудын эгнээнд нэгдсэн. Тэгэхээр ардчилал алдрах биш, өсөн тэлж байна.

Харин зарим улс орнуудын хувьд “ардчилсан” мөртлөө энэ замаасаа хазайж буй жишээ байна. Яг одоо хэд хэдэн Африкийн улс орнууд, тэр дундаа Зүүн Африкт сүүлийн 30, 40 жил сонгуульд ялагдсан удирдагч гэж байхгүй байна. 87 хувийн санал авч ялж байна гэвэл ямар нэгэн зүйл болохгүй байна гэсэн үг. Энэ нь бодит байдал дээр ардчилал жам ёсоороо ажиллахгүй байгаагийн илрэл. Тэгэхээр энэ утгаараа ардчилалд хүрэхэд зарим саад тотгор байна. Зүүн Европт ч гэсэн өнөөдөр хүмүүс захиргаадагч, авторитет болж байгаа зарим нэг саад бэрхшээлийг бид харж байна.

Энд надад нэг энгийн итгэл үнэмшил байдаг юм, залуучууд аа. Аливаа газар дарангуйлал оршиж байвал, улс орноо хөгжүүлье гэсэн бүтээлч байдал, эрч хүчээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ард иргэдийн эрх мэдэл жинхэнэ утгаараа цэцэглэж дэлгэрч чадахгүй. Хүмүүс ажилдаа явдаг уу? Тийм ээ. Шаргуу ажиллаж байна уу? Тийм ээ. Гэр бүлээ хамгаалах гэж хичээж байна уу? Тийм. Гэхдээ өдөр бүр үүндээ сэтгэл хангалуун байгаа юу? Өглөө болгон босохдоо надад сайхан санаа төрлөө, үүнийгээ хаана ч хэрэгжүүлэх боломжтой гэж тэд бодох уу? Үгүй л болов уу. Засгийн газрын юу хийж, эсвэл хэлж байгаагийн эсрэг үг хэлбэл тэд шоронд очиж магадгүй, тэд хэлмэгдэж болно. Хэрвээ ийм тогтолцоо оршин тогтнож байвал тэр улс бусад улс үндэстний хамтын нийгэмлэг дунд хэзээ ч жинхэнэ утгаараа тогтнож чадахгүй гэдгийг би баталгаатай хэлье. Ямар ч боломж байхгүй. Хөрөнгө оруулалтаа алдана, урт хугацааны туршид эдийн засгийн чадавхаа алдах болно. Хөрөнгө оруулах эрх чөлөөтэй, бүтээлч санаагаа хэрэгжүүлье гэсэн хүмүүс дарангуйлал, хэлмэгдэл байхгүй газар, хийе гэсэн зүйлээ ямар ч хорих хязгаарлалт, хүлээсгүй хэрэгжүүлэх боломжтой газар очихыг л тэд хүснэ.

Тийм учраас ардчилал нь хүссэн ёсоор ажиллахгүй байна гээд автоматаар бусад улс орон илүү байна гэсэн үг биш. Харин зарим улс орнуудад юу нь болоод байна гэдгийг маш няхуур ажиглаж харж байх хэрэгтэй.

Жишээ нь, Орост эрчим хүч, шинэ технологийн салбарт маш их хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч Украйны асуудал, хориг арга хэмжээ зэргээс болж эдийн засаг нь удааширч байна. Тэгээд тэд хүчээ харуулж, зарим хүмүүсийг бөмбөгдөж, онгоцоо хөөргөн Каспийн тэнгист  пуужин хөөргөлөө гээд олон хүмүүс ажилтай болчихгүй. Эдийн засгийг урт хугацаанд эрчимжүүлэхэд энэ арга хэмжээ ямар нэгэн хүч болно гэж үгүй, орчин үеийн дэлхийн зах зээл дээр өрсөлдөхөд шаардлагатай ямар нэгэн хэрэгцээ ч болж чадахгүй.

Иймд би санал нийлэхгүй байна. Дэлхийн улс орон бүр сорилд ордог шиг өнөөдөр ардчилсан орнуудыг энэхүү сорил шалгаж байна гэж би бодож байна. Эцэст нь хэлэхэд, дарангуйлал, түрэмгийллээс ангид хүмүүсийг хязгаарладаггүй тийм засаглалын эрх чөлөөг илүү олон хүмүүс сонгосоор байх болно гэж би итгэдэг.

БАТСАЙХАН: Сайхан хариулт байлаа. Дараагийн асуултыг энэ хэсгээс авъя.

АСУУЛТ: Сайн байна уу, намайг Бат-Эрдэнэ гэдэг. Би Смарт хөгжил Монголия байгууллагын үүсгэн байгуулагч, захирал. Хот төлөвлөлтийн, ашгийн бус байгууллага.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Юуг үүсгэн байгуулсан гэнэ ээ?

АСУУЛТ: Смарт хөгжил Монголия.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Юу хийдэг байгууллага вэ?

АСУУЛТ: Бид илүү ухаалгаар хэрхэн өсч хөгжих тухай бодож ажилладаг. Энгийнээр хэлбэл тээврийн төлөвлөлт, хот төлөвлөлтийн уялдаа холбоог үр дүнтэй болгох гэсэн шийдэлд хүрэх зорилготой.

Америкт суралцаж төгсөөд хот төлөвлөлтийн талаар олсон мэдлэгээ хэрэгжүүлэхээр Монголд ирлээ, тэгээд би анзаарсан зүйл бол —

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Америкт хаана суралцсан бэ?

АСУУЛТ: Албани дахь Нью-Йорк мужийн их сургууль.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Аан.

АСУУЛТ: Тэгээд анзаарсан зүйл гэвэл манай хот төлөвлөлтийн үйл явц үеэ өнгөрөөсөн, иргэдийн оролцоог хангахгүй байгаа явдал юм. Тийм учраас иргэдийн оролцоон дээр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэйг ойлгосон. Иргэдийн амьдарч буй эргэн тойрны төлөө төлөвлөлт хийх хэрэгтэй. Тэгээд тэнд хүрээд би гацчихсан. Хууль, дүрэм журам баталдаг хүмүүс нь хоцрогдсон байдалд орсон энэ үед яах ёстой гэж та бодож байна вэ? —

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: За, та бол —

АСУУЛТ: — Энэ талаар таны бодол?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тийм ээ. Үнэнийг хэлэхэд чи бол энэ орны хувьд маш том хөрөнгө. Хэрэгжүүлэх санаатай ирлээ. Байгал орчны сайдтай сууж ярилцаж үзсэн үү? Байгал орчны сайд байдаг, тийм үү?

АСУУЛТ: Тийм.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Байгал орчны сайдтай уулзах хүсэлт тавьж байсан уу?

АСУУЛТ: Харамсалтай нь, үгүй.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Байгал орчны сайд тантай уулзах болов уу? Үгүй болов уу?

АСУУЛТ: Байгал орчны сайд дээд албан тушаалтнуудтай уулзана гэхээс биш, хүссэн хүнтэй нь уулзаад байхгүй болов уу (Сонсогдсонгүй.).

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Уулзахгүй…

АСУУЛТ: Уучлаарай, таны асуултыг сонссонгүй.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Танай бүлэг хамт олон байгаль орчны сайдтай уулзахыг хүсвэл цаг авч уулзах боломж бий юу?

АСУУЛТ: Мэдээж, байлгүй яах вэ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: За тэгээд байгаль орчны сайдтай уулзаад төлөвлөгөөгөө яриад, “Бид ийм ухаалаг аргаар хөгжих боломжтой, мөнгө  олохын хажуугаар байгаль орчноо хамгаалснаар танд ч сайдын хувьд илүү үр дүнтэй хүмүүст таны хийж буй зүйл таалагдана” гэж ойлгуулан хөндлөнгийн компанийн хувьд сайдтай хамтран ажиллах боломж байхгүй юм болов уу?

АСУУЛТ: Тэгэлгүй яах вэ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Энэ бол ардчилал, бид ингэж хийдэг.

АСУУЛТ: (Сонсогдсонгүй.) Гэхдээ бидэнд ийм процесс, тогтолцоо хараахан байхгүй.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Та нар л бий болгох хэрэгтэй.

АСУУЛТ: Яаж бий болгоно гэж?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Юу гэнээ?

АСУУЛТ: Яаж ийм тогтолцоог бий болгоно гэж?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Танай байгууллага хэдэн хүнтэй вэ?

АСУУЛТ: Таван хүнтэй.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Яаж тэднийг ажилд авсан бэ?

АСУУЛТ: Тэд бүгд хот төлөвлөгчид. Тэд бүгд энэ чиглэлээр ажиллаж байсан —

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тэдэнтэй анх яаж танилцав?

АСУУЛТ: Яаж уулзсан бэ гэж үү? Иймэрхүү арга хэмжээгээр танилцсан.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тэгэхээр иймэрхүү арга хэмжээнд очоод, “Залуучуудаа, зохион байгуулалтад оръё” гээд хүмүүсийн утас хаягийг авна —

АСУУЛТ: Харамсалтай нь, сайдтай тэгж харьцах боломжгүй.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Байж байгаарай. Тэгээд хамтдаа төлөвлөгөөгөө нэгтгэн ярилцана.

АСУУЛТ: За.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тэгээд сайдад хандаж бичээд очиж уулзахдаа “Бид сайдтай уулзах гэсэн юм” гэж хэлнэ. Манай элчин сайд та нарыг байгаль орчны сайдтай уулзахад туслах болноо. (Инээлдэв.)

АСУУЛТ: Энэ чинь харин сайхан санаа байна шүү. (Инээлдэв.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тэгээд хамтдаа сууж, “Бидэнд ийм санаа байна, таны тусламж хэрэгтэй байна. Та санаа зовох хэрэггүй, бид таны ажилд бас тусална” гэх зэргээр саналаа танилцуулна.

АСУУЛТ: (Сонсогдсонгүй.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Тэгээд дараа нь, “Бид энэ саналаа ингэж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж тайлбарлана. Магадгүй байгаль орчны сайдын хот төлөвлөлтийн зөвлөх бүлэг ч болж болно шүү дээ.

АСУУЛТ: Сайхан санаа байна.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Болж байна уу?

АСУУЛТ: Тийм ээ, баярлалаа.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: За.

БАТСАЙХАН: Хамгийн сүүлчийн асуулт авах л цаг үлдлээ. Тэгэхээр —

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Сүүлчийн асуулт, окей.

БАТСАЙХАН: Сайн асуулт асуугаарай. (Инээлдэв.)

АСУУЛТ: Баярлалаа. Намайг Номингэрэл гэдэг. Иргэний нийгмийн төлөөлөл. Ардчиллын тухай асуулт руу эргээд оръё. Ардчилал ухранги байдалд ороогүй, өсөн дэвжиж байна гэдэгтэй би санал нийлж байна. Гэвч та хэлсэн, ардчилалд саад бэрхшээл бий гэж. Монгол улс, танай орны хувьд ардчилалд хүрэх саад бэрхшээлийг та юу гэж харж байна вэ?

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Ардчилал бол… тийм ээ, сайхан асуулт байна. Өөрийн эх орны ардчиллын тухай ярья. Бид улс төрөөсөө мөнгө босгох хэрэгтэй болдог. Америкийн улс төр мөнгөний асуудлаар дүүрэн, үүнийг би үзэн яддаг. Би сонгуульд өрсөлдөхдөө энэ мөнгөний асуудлыг холдуулахыг хичээсэн. Зарим шинэчлэл хийгдэх хүртэл хөрөнгө босгох мөнгөний хязгаарыг өөртөө тогтоосон. Гэхдээ энэ бол бүх газар нийтлэг үзэгдэл биш. Зарим улсад нэг их мөнгө шаардлагагүй. Их Британид сонгууль болоход Англид сонгуулийг болохоос нь 6 долоо хоногийн өмнө л зарладаг. Тэгэхээр тэр болтол хөрөнгө босгохыг зөвшөөрөхгүй. 6 долоо хоног болоод тэгээд л сонгууль болно. Телевиз нь үнэгүй байх жишээтэй. Тодорхой хэмжээ зааж өгнө, гэх мэт.

Тэгэхээр бид сонгуулиа сайжруулах хэрэгтэй. Үнэхээр тэгэх шаардлагатай. Хүмүүсийг хэрхэн бүртгэж, тэд хэрхэн сонгож, сонголтоо хийхэд хэдэн хоног тэдэнд байна гэх зэрэг, бид энэ бүхнийг хялбарчлах боломжтой. Гэвч энэ бүхнийг амар хялбар болгох дургүй хүмүүс байгаа нь асуудал. Тэгэхээр бусад хүмүүс аливаа асуудал дээр тэмцэлддэг биш бидэнд ч тэмцэлдэх асуудал байна, засаж залруулахын төлөө явж байна.

Ардчиллаа сайжруулахад хийх ёстой бусад зүйлс байгаа ч хүмүүст аливаа асуудалгүй, асар их хөрөнгө мөнгө босгох шаардлагагүйгээр сонгуульд оролцох шиг таатай зүйл гэж үгүй. Ингэж хугацаа алдаж байснаас тэр цаг хугацаагаа ажиллаж, асуудлыг шийдвэрлэхэд зориулах хэрэгтэй. Энэ нь бид ардчиллаа сайжруулах шилдэг хувилбар юм.

Бидний ардчилалд өөр бусад саад бэрхшээлүүд байна. Зарим газар чөлөөтэй гадаа гарч, үзэл бодлоо илэрхийлэх чадамж хязгаарлалттай байна. Энэ нөхцөлд их хэцүү, хаа сайгүй л тэмцэл бий. Хүн төрөлхтөн эх дэлхий дээр оршин тогтсоноос хойш энэ тэмцэл үргэлжилж байгаа. Тэгэхээр бид өөрсдийгөө хэрхэн зохион байгуулалтад оруулдаг вэ? Ямар бүтэц, зохион байгуулалтаар ажилладаг вэ? Засаглалын бүх хэлбэрийг бүх улс орнуудад туршиж үзсэн гэж хэлж болно: хаант засаг, дарангуйллын засаг, цэвэр парламентын ардчилал, цэвэр үндсэн хуулийн, эзэнт гүрэн, хаан, хатан хаан, холимог парламент, парламентын ардчилал, ерөнхийлөгчийн ардчилсан засаглал, гэмт хэргийн ажиллагаа гэх мэт.

Эцэстээ хүмүүс эрх чөлөөтэй амьдрахыг л хүснэ. Дэлхий ертөнц улам өргөжиж байгаа энэ үед үүнийг зогсоох боломжгүй. Өсөж буй эдийн засаг, хөгжиж буй улс орон, хүмүүс нь сэтгэл хангалуун, итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө хөөж амьдрахад өнөөгийн орчин үеийн ертөнцөд бусад орнуудаас хол хөндий, хаалгаа хаах ямар ч боломжгүй. Хэн ч тэгэх боломжгүй. Ямар ч улс төрч интернет, технологийг 100 жилээр ухраах боломжгүй.

Тэгэхээр капитализмын, ардчиллын илүүдэл хэтэрсэн байдал, ардчиллын алдаа оноог хяналтандаа авахад суралцах хэрэгтэй. Үүнийг үргэлж засч, тохиргоог нь хийнэ гэсэн үг. Бид сайн дүрэм журамтай болтлоо 1800, 1900 онуудад дээрмийн буюу Роббер Бароны капитализмаар явж ирсэн. Олон жил үүний эсрэг тэмцсэн. Саяхан болтол бид Америкт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцсээр ирсэн. Би прокуророор ажиллаж байсан. 1970-80 онд зохион байгуулалттай гэмт хэрэг дээр ажиллаж байсан, Рюди Жиулиани бас Нью-Йорк хотын дарга байхдаа энэ асуудалтай тэмцсэн. Одоо бол цэвэрлэж чадсан гэж бодож байна. Үлдэгдэл нь байгаа боловч нийгмийг эмх замбараагүй болгох төвшинд биш байна, тийм учраас сөрөг нөлөөг нь байхгүй болтол арга хэмжээ авсан гэсэн үг.

Тэгэхээр хэрээс хэтэрсэн нөхцөл байдлыг ингэж хяналтандаа авна, гэхдээ энэ бол хүнд ажил, заримдаа аюултай. Засгийн газрын гэмт хэргийн талаар бичдэг сэтгүүлчид заримдаа алга болно, шоронд хоригдоно. Хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж буй хүмүүсийн эсрэг гарч буй хүчирхийллийн харамсалтай түүх ч байна. Гэхдээ хүн бүр өөрийн гэсэн замаа сонгодог. Хүний амьдрал ямар байх боломжтой талаарх дэлхий нийтийн ойлголт төсөөллөөс ухрах ямар ч боломжгүй. Ухаалаг гар утсаар өнөөдөр дэлхийн хаана ч, тэр байтугай хамгийн ядуу зүдүү газар ч нэг мөчид хүмүүсийг холбож чадаж байна. Өмнө нь илчлэх боломжгүй зүйлийг одоо илчилдэг боллоо. Өмнө нь төсөөлж байгаагүй арга замаар бид харилцаа холбоог нүд ирмэхийн зуур хийдэг боллоо. Нуух нуугдах ямар ч боломжгүй болсон үе. Дэлхийн нэг өнцөгт болсон зүйл нөгөө хэсэгт ил тод байна. Хоромхон зуур аялна. Ютүүб болон бусад сувгаар ороод л юу болж байгаад олоод мэдчихнэ.

Энэ их өөрчлөлт болж байгаа учраас өнөөдөр дэлхий үймээн самуун ихтэй байна. Өөрчлөлт болж байна. Ихэнх газар эерэг өөрчлөлтүүд, жишээ нь өвчин зовлонг эдгээдэг болж байна. Дундаж наслалт өнөөдөр уртсаж байна. Охин хүүхэд, эмэгтэй байлаа гээд өнөөдөр сургуульд суралцаад хүссэн мэргэжлээ сонгох боломжтой болж байна. Нярайн эндэгдэл, өлсгөлөн буурч байна. Түүхэндээ анх удаа ядуурлыг бууруулж чадлаа. Хүн төрөлхтний түүхэнд туйлын ядуурал 10 хувиас доош үзүүлэлттэй болсон. Хятад, Монгол, Энэтхэг, Орос болон бусад улс орнуудад хэдэн сая хүмүүс дундаж давхарга руу ахиж байна. 10, 15 жилийн өмнө эдийн засгийн тусламж хүртдэг байсан улс орнууд өнөөдөр бусад улс орнуудад эдийн засгийн тусламж өгдөг боллоо. Жишээ нь, Өмнөд Солонгос.

Тэгэхээр бид урагшилж байна. 20-р зуунд дэлхийн хоёр дайн болон бусад мөргөлдөөнд сая саяараа хүмүүс амь үрэгдсэн. Эдгээр мөргөлдөөний ихэнх нь нэг улс нөгөө улсын эсрэг байсан бол одоо гол асуудал нь Даеш буюу Ирак, Левантын лалын улс, Жаеш ал-Ислам, ал-Шабааб, Боко Харам зэрэг төрийн бус олон улсын харилцааны гол дүрүүд гарч ирж байна. Тэд хэзээ ч улс орны статустай болохгүй, бид ч тэгэхийг зөвшөөрөхгүй. Цаашид залуу хүмүүс тэдэнд хэрэгтэй байгаа ажилд орж, өөрсдөд хэрэгтэй боловсролыг хүртэхийн тулд бид тэмцэх ёстой, хүмүүсийг муу үйлдэл хийхэд хүргэж буй айдас, үл ойшоох байдалтай тэмцэж, ялах хэрэгтэй байна. Бидний харж байгаа Даеш буюу Ирак, Левантын лалын улс бол зарим нэгэн улсын муу засаглалын нэг тусгал юм. Тэгэхээр бид бүхний амьдралд тулгарах саад бэрхшээл бол хүмүүст илүү их боломж олгож, хүмүүсийн бүрэн оролцоог хангахын төлөөх хувьсан өөрчлөлтийг хэрхэн удирдан чиглүүлэх вэ гэдэг асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд улс хоорондын мөргөлдөөн бага байх болтугай гэж найдаж байна. Энэ түүхэн цаг мөч маш их сэтгэл хөдөлгөм гэж би бодож байна. Та бүхний өмнөх боломжуудыг хараад та нарын сэтгэл ч хөдөлж байх ёстой. Энд байгаа хот төлөвлөгчтэй нийлээд бүгдээрээ зохион байгуулалтад орж хамтарцгаая. (Инээлдэв.)

Маш их баярлалаа. (Алга ташив.)

БАТСАЙХАН: Маш их баярлалаа.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Маш их баярлалаа. (Алга ташив.)