ТНБД Керри МУ дахь ЭСЯ-ны ажилчид, тэдний гэр бүлийнхэнтэй уулзахдаа хэлсэн үг

ЭЛЧИН САЙД ГАЛТ: Та бүхнийг манайд хүрэлцэн ирсэнд би баяртай байна. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс би АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри таныг тавтай морилохыг хүсье. Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга та Монгол Улсад тавтай морилно уу. Ням гарагийн энэ сайхан өглөө таныг Улаанбаатар хотод, мөн өргөөнд маань тухлан морилохыг хүсье. Энд цаг агаар өдөр бүр ийм сайхан байгаад байдаггүйг та магадгүй дуулсан байх, тэгэхээр таны айлчлал билэгтэй сайхан эхэлж байна. Бид таныг АНУ-ын Засгийн газар, ард түмний төлөө үйлчлэн, дэлхийн бөмбөрцгийг тойрон агаарт сая гаруй милийг туулан аялж буйг мэднэ. Тэглээ ч та бас хэдэн милийг нэмээд, Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархаж байна. Манай элчин сайдын яам бол дэлхийн бөмбөрцгийн стратегийн нэгэн чухал цэг дээр ажиллаж буй дунд зэргийн бүтэц бүхий яам. Би танд ОХУ, БНХАУ гэсэн чангахан хоёр хөрш улсын хооронд оршин буй Монгол Улсад ардчилал тогтнон, хөгжиж байхыг баталгаажуулахын төлөө өдөр бүр тусалж дэмжин ажиллаж байдаг өөрийн баг хамт олныг танилцуулж байгаадаа сэтгэл маань хөдөлж байна. Өнөөдөр, энд бидэнтэй хамт манай элчин сайдын яаманд хамгийн удаан ажилласан, бараг Монгол Улсын ардчиллын 25 жилийн түүхийн турш бидэнтэй ажилласан Монгол ажилтнуудын маань зарим нь ирсэн байгаа. Мөн түүнчлэн Монгол Улс даяар ажиллаж буй манай 120 гаруй Энхтайваны корпусын сайн дурын ажилтнуудад маань тусалж дэмжин ажилладаг Энхтайваны корпусын Монгол ажилтнуудаас ч хүрэлцэн ирсэн байгаа билээ. Ноён. Төрийн нарийн бичгийн дарга аа, бид бүхэн таныг болон Нарийн бичгийн даргын туслах Дани Расселыг өнөөдөр энд хүлээн авч байгаадаа маш их бахархаж байна. Та бүхэнтэй өдрийг сайхан өнгөрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ноён. Нарийн бичгийн дарга аа. (Алга ташив.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: (Дуулдахгүй) энэ ажиллаж байна уу?

ОРОЛЦОГЧ: (дуулдахгүй.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: (дуулдахгүй.) Сайн байцгаана уу?

СОНСОГЧИД: Сайн.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: Та бүхэнтэй уулзаж байгаадаа би маш их баяртай байна. Та бүхэнтэй энд уулзах үнэхээр сайхан байна. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн уу? Та их сайхан инээмсэглэх юм. Тиймээ, та үзэсгэлэнтэй харагдаж байна шүү. Би та бүхэнтэй бүгдтэй чинь энд уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Баярлалаа. АНУ-ын Тэнгисийн цэргийнхнийг энд харах сайхан байна. Та бүхний хийж буй ажилд маш их талархаж байна. Бид та бүхний ажлыг үнэхээр үнэлж, бүгд талархаж байгаа. Маш их баярлалаа. (Алга ташив.)

Женифер Галт бол манай мэргэшсэн, шилдэг Элчин сайд нарын маань нэг. Миний таамаглаж буйгаар бол өнгөрсөн 9-р сараас эхлэн ажиллаж байгаа, тэгэхээр тэр ч гэсэн Монголын цаг улирлыг үзэж туулж л байгаа. Миний ойлгосноор Монголыг мөнх хөх тэнгэрийн орон гэж нэрлэдэг гэсэн, зөв үү?

СОНСОГЧИД: Зөв.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: Үнэхээр үнэн байна тийм үү. (Инээв.) Одоогоор тэнгэр цэлмэг биш байна, гэхдээ бид удахгүй харах байх аа.

Чоосон гэж хэн бэ? Чоосон энд байна уу?

СОНСОГЧИД: Байна, байна.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: Та Чоосон мөн үү? Та хамгийн удаан ажиллаж байгаа нь юм байна шүү дээ, тийм ээ? Хэдэн жил вэ?

ОРОЛЦОГЧ: Хорин дөрөв.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: Хорин дөрвөн жил, хүмүүс ээ. Бүгдээрээ түүнд маш их баярлалаа гэж хэлцгээе. – (алга ташив). Танд маш их, маш их баярлалаа.

Нийтдээ 170 орчим хүн ажилладаг тийм үү. Энд бүгдээрээ байхгүй байх шиг байна гэхдээ нийт 170 гаруй ажилтан. Та бүхэн байхгүй бол бид ажлаа хийж чадахгүй байх байсан гэдгийг та бүхнийг бүхнийг мэдээсэй гэж хүсэж байна, тэгэхээр энд ажиллахаар томилогдон ирсэн АНУ-ын иргэн бүх хүн та бүгдэд, биднийг энд ажиллахад тусалж байгаад тань, та бүхний хийж буй ажилд тань маш их талархаж байна.

Энхтайваны корпусын хэдэн гишүүн энд байна? Энхтайваны корпусын хэдэн нөхөд байна? Энхтайваны корпусаас хүн байна уу? Энхтайваны корпуст ураа гэж хэлье. Би та бүхэнд ч маш их талархаж байна. (Алга ташив.) Бид Энхтайваны корпусын 25 жилийн ойг тэмдэглэж байгаа. Энэ үнэхээр сонирхолтой юм. Энэ бол манай хамгийн залуу төлөөлөгчийн газруудын нэг. Энэ бол миний хувьд айлчлах боломж олдсон хамгийн залуу элчин сайдын яамдын маань нэг, учир нь бид энд 1988 он хүртэл элчин сайдын яамгүй байсан, харин дараа нь 1990 онд Монгол Улс ардчиллын төлөө шийдвэр гаргасан бөгөөд түүнээс хойш бид маш ойр дотно хамтран ажиллаж байна.

Бидний хийж, хэрэгжүүлж буй бүхий л онцгой төсөл хөтөлбөрүүдэд маань нэг хэсэг нь болон оролцож яваа та бүхэнд би онцгойлон баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Би та бүхнийг агаарын чанарын хяналтын системийг бий болгосон гэж дуулсан. Энэ бол байгаль орчны талаар бидний хийх хэрэгтэй зарим нэг зүйлсийн маань талаар хүмүүст мэдлэг боловсрол олгож эхлэх нэгэн гайхалтай сайхан арга зам юм. Бээжинд бас манай элчин сайдын яам ийм ажлыг хийсэн гэдгийг би мэднэ. Тэгээд энэ ажил нь тус улсын хүн амд гүн гүнзгий үр нөлөөг авчирсан. Тэр ч бүү хэл, хүмүүс агаарын чанар ямар байгааг мэдэх гэж Америкийн элчин сайдын яаманд байнга ханддаг болсон төдийгүй улмаар хүмүүс өөрсдийн хийх ёстой зүйлсээ хийж, зохицож эхлэнгүүт бодлого журам нь ч гэсэн өөрчлөгдөж эхэлсэн байдаг.

Мөн би та бүхэнд, Америкийн соёл мэдээллийн төвөөр дамжуулан хийж буй нөр их ажилд тань талархмаар байна. Энэ хоёр төвөөр дамжуулан та бүхэн зөвхөн дотоодын асуудлыг, цаг үеийн асуудлыг хүмүүсийн анхааралд авчрахаас гадна урлаг соёл, уран зохиол, боловсрол, үнэт зүйлсийн талаар тодорхой ойлголтыг авчирч, танилцуулж байна. Энэ бол бидний хувьд үнэхээр чухал юм, яагаад гэвэл бид хүмүүсийг өөрсдийн амьдралын гол утга учир, үнэ цэнийг ойлгон мэдэрч, мөн ардчиллыг хүмүүст түгээх болон ардчилал эцсийн дүндээ ямар байгаасай гэж үздэгээ хуваалцахыг хүсдэг билээ. Тиймээс энэ бүхнийг хэрэгжүүлэхэд бидэнд тусалж буй та бүхний бүхий л хүчин чармайлт, хичээл зүтгэлд гүнээ талархаж байна.

Түүнчлэн, би та бүхнийг байгаль орчны чиглэлээр залуучууд нэгдээд, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн бүтээлч арга замуудыг олохын төлөө хичээж чармайдаг “hackathon” арга хэмжээг хэрэгжүүлсэн талаар сонссон – энэ зөв үү?

Тэгэхээр миний хувьд… хөөе, залуу минь. Чамаар сонин юутай байна? Тэр наашаа энэ хол гарч ирэхээс жаахан зовоод байх шиг байна. (Инээв.) (Дуулдахгүй.) Наадах чинь ямар ном бэ? Юуны тухай ном юм бэ? (Инээв.) Сайхан ном байна. Тэрийг хараач ээ. Амьтны тухай ном юм уу? Чи амьтдад дуртай юу?

ОРОЛЦОГЧ: Тийм. (Инээв.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: Чиний хамгийн дуртай амьтан чинь ямар амьтан бэ?

ОРОЛЦОГЧ: Заан. (Инээв.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: Тэрийг хараач ээ. Энэ чинь, энэ чинь “Хүндэт амьтны хүрээлэнд” гэсэн нэртэй ном юм байна шүү дээ. “Хүндэт амьтны хүрээлэнд.” Тэгээд энэ чинь… гэхдээ энэ чиний ном л доо. Чи наад номоо сайн хадгалаарай, яагаад гэвэл чи бүх амьтныг цээжлэх ёстой шүү.

ОРОЛЦОГЧ: За. (Инээв.)

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: За, за, их сайн байна. Чамд маш их баярлалаа. Тэр их шулуухан зантай юм аа. (Инээв.) Надад ийм зан таалагддаг. Энэ чинь үнэхээр гайхалтай.

Би бүр юу бодож байснаа мартаж орхилоо. (Инээв.).

Аан тийм, би Монгол Улстай тогтоосон онцгой харилцааны талаар ярих гэж байсан шүү дээ, бид үүнийг үнэхээр маш ихээр үнэлж үздэг. Би танай гадаад хэргийн сайдтай түрүүхэн уулзлаа, мөн танай засгийн газрын зарим нөхөдтэй ч ярилцах завшаан тохиосон. Энд, ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө ямар их чин сэтгэлийн зүтгэл, зориулалт байгааг би харсан. Удахгүй бас танайд 6-р сарын сүүлчээр сонгууль болох гэж буйг мэдлээ. Энэ бол амар хялбар ардчилал биш ээ. Бид үүнийг дэлхийн өнцөг булан бүрд харж байна. Уинстон Черчилль ардчилал бол бусад засаглалыг эс тооцвол засаглалын хамгийн муу хэлбэр гэж хэлсэн байдаг. Хэрвээ та түр азнаад энэ тухай бодоод үзвэл засаглаж удирдана гэдэг хэцүү гэдгийг ойлгоно. Хүмүүсийг татан оролцуулж, шийдвэр гаргана гэдэг хүнд ажил. Үүний нэг хэсэг нь болж, өөрсдийн хувь нэмрийг оруулан чухал ажлыг хийж буй та бүхэнд, хүн нэг бүрд би талархлаа илэрхийлж байна.

Монгол Улс нь бидэнтэй хамтран Бирм улстай болон Афганистан зэрэг бусад улс орнуудтай ажиллаж, маш том үлгэр дуурайлыг үзүүлж байгаа. Тэгэхээр Монгол Улс ч гэсэн дэлхийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаас гадна өөр бусад олон газар оронд амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, өөрийн сурсан мэдсэн зүйлсээс сургамж авч, тэрхүү сургамжаасаа бусад хүмүүсийг суралцахад туслахын төлөө чармайж явна.

Тиймээс энэ улс бол өөрийн 3 сая хүнийхээ тооноос ч хамаагүй ихийг хийж яваа, дэлхийн тавцанд 25 жилийн хугацаанд байснаасаа ч хамаагүй томыг хийж бүтээж яваа нэгэн улс юм. Энэ тал дээр Монгол улс нь маш чухал үр нөлөөг аль хэдийн үзүүлсэн билээ.

Тиймээс өнөөдөр миний энд ирсний шалтгаан бол та бүхэнд баярлалаа гэж хэлэх явдал юм. Би саяхан Ерөнхийлөгч Барак Обаматай Вьетнам улсад хамт байсан, бидэнд тэндхийн элчингийн нөхөдтэй уулзаж ярилцах завшаан тохиолдсон билээ. Ерөнхийлөгч бид хоёрт хоёуланд маань дэлхий даяар ийм онцгой сайхан нутгийн иргэд болон Америкийн иргэд хамтдаа нийлээд, дэлхий ертөнцөд өөрчлөлтийг бий болгохын төлөө чармайн ажилладаг ийм дипломат корпус, элчин сайдын яамтай байх нь үнэхээр онцгой давуу санагдаж байлаа.

Тиймээс та бүхэнд гүн талархал илэрхийлье. Та бүхэн өнгөрсөн 1-р сарыг бодвол энэ 6, 7-р сард их олон зочин хүлээн авна гэдгийг мэдэж байна. Яагаад гэдгийг нь төсөөлж чадахгүй байнаа. (Инээв.) Тэр үеэр та нар 16 цагийн турш харанхуй байна гэдгийг чинь мэднэ, гэхдээ та бүхэн агуу үлгэр жишээг үзүүлсэн. Танай нэг талд Хятад, нөгөө талд Орос Улс байдаг, тэгээд ч дарамт шахалт байнга л байдаг. Харин та бүхэн ардчиллын энэ баянбүрд дээрээ байж, өөрсдийн өвөрмөц мөн чанарынхаа төлөө тэмцэж, үүнийхээ зэрэгцээ агуу түүх уламжлалаа ч хадгалсаар яваа. Өнөөдөр үдээс хойш би буцахаасаа өмнө наадмын багахан хувилбарыг, нум сум, хурдан морь үзнэ гэж ойлгосон. Ядаж л хурдан морь үзнэ гэсэн, гэхдээ бөх барилдахыг үзэх эсэхээ мэдэхгүй байна. Бөхийн барилдаан болох уу?

ЭЛЧИН САЙД ГАЛТ: Болох байх аа, тийм байх.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕРРИ: Болох байх аа? За, за, залуус аа. Би л лав барилдахгүй шүү. (Инээв.) Зүгээр л та нарыг мэдээсэй гэж хүссэн юм.

Үнэхээр та бүхний хүн нэг бүрд энэ бүх үйл хэргийн нэг хэсэг нь болж яваад тань маш их, маш ихээр талархаж байна. Та бүхэнд бүгдээрэнд чинь гүнээ талархъя. Маш их баярлалаа. (Алга ташив.)